2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль буюу ломбардуудын үйл ажиллагааг зохицуулсан хууль хэрэгжиж эхэллээ. Хуулиар дараах харилцааг зохицуулжээ:
- Ломбард ажиллуулах иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10 сая төгрөгөөс багагүй байна.
- Гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдана.
- Ломбарддаа зориулсан банкны данстай байна.
- Татвар төлөгчөөр бүртгүүлж, кассын машинтай байна.
- Ломбардын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ аймагт 100 сая, нийслэлд 300 сая төгрөгөөс дээш байна. Үүнээс дээш дүнтэй бол Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
- Ломбардууд зээл өгөхдөө тусгай зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрэхгүйгээр хүү тооцно.
- Цахим мэдээллийн санд бүртгэлтэй алдагдсан эд зүйлсийг барьцаанд авах ёсгүй, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаад мэдэгдэх ёстой.
Ломбардыг тойрсон сонирхолтой тоонууд
ЦЕГ-ын мэдээллээр манай улсад 1000 орчим ломбард ажиллаж байгаагаас 872 нь Улаанбаатарт. Тэдгээрээс нэг эзэнтэй боловч 30-40 салбартай ломбардын сүлжээ ч цөөнгүй аж.
Харин Татварын Ерөнхий Газрын тоо баримтаар 2020 оны хоёрдугаар сарын байдлаар ломбард ажиллуулдаг 294 татвар төлөгч 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтаасаа 2.5 тэрбумын татвар төлжээ. Гэвч УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас харахад нэг ААН ломбарднаас гадна гурваас доошгүй өөр үйл ажиллагаа эрхэлдэг, мөн нэг ААН 10 гаруй үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь, ломбарднаас гадна амралтын газар, барилга болон барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг давхар үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс зөвхөн ломбарднаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй аж.
Ломбард ажиллуулах тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээд 91 980 орчим барьцааны гэрээ байгуулсан нь тун түгшүүртэй мэдээ юм.
Өөрөөр хэлбэл, ломбард ажиллуулагчдын тоо, нэгдсэн бүртгэл тодорхойгүй. ЦЕГ-ын мэдээлсэн 1000 орчим ААН-ийн 600 гаруй нь огт татвар төлөөгүй нь нийт зээлийн хэмжээ болон бичил санхүүгийн зах зээл дэх мөнгөн эргэлт, татвар төлөлтийг бодитой тогтоох боломжгүй болгож байна.
Үүнээс гадна ломбардууд зээлийн хүүг дураараа нэмэх, өндөр түвшинд барих, анз (алданги, торгууль) тооцох, цөөн хоногоор өндөр хүү, алдангитай зээл өгч мөнгө хүүлэх, барьцааны эд зүйлийн үнэлгээг багаар тооцох, барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцааж өгдөггүй зөрчлүүд их.
2017 оны гуравдугаар сард Нийслэл болон дүүргүүдийн цагдаагаас “Ломбард” нэртэй нэгдсэн арга хэмжээ явуулахад 2016 оноос эхлээд нэг жил гурван сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа 598 ломбард бүртгэжээ. Эдгээр ломбардад зах зээлийн хамгийн доод ханшаар үнэлэхэд 32.43 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө барьцаанд байсан аж. Ломбардууд алт, монет, гар утас, зурагт, мэргэжлийн камер, мөнгөн эдлэл гэх мэт барьцааны зүйлийг ангилан зарладаг нь хулгайчдын дунд барьцааны эдгээр зүйлс эрэлттэй болоход хүргэдэг гэж цагдаа нар ярьдаг.
2020 оны наймдугаар сард ШӨХТГ-аас 180 ломбардын үйл ажиллагааг шалгахад барьцааны эд зүйлийг зах зээлийн үнээс 50-80 доогуур үнэлдэг, хугацаа нь дуусмагц сануулах мэссэж явуулж дараагийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан ломбардын орлого болгодог нь тогтоогджээ. Мөн хугацаа дуусахаас өмнө эд зүйлээ эргүүлж авсан ч гэрээнд заасан хоногоор хүү тооцож авдаг зөрчил илэрчээ.
Улсын бүртгэлийн мэдээллээс харахад 2020 оны зургадугаар сарын байдлаар 56 990 гаруй үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Харин тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээд 91 980 орчим барьцааны гэрээ байгуулсан нь тун түгшүүртэй мэдээ юм. Учир нь үүний цаана санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компани болон иргэд байнга, ашиг олох зорилгоор үл хөдлөх барьцаалан өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж буйг харуулна.
Зээлийн гэрээтэй холбоотой маргаанууд нь шүүхийн ачааллыг ихэсгэдэг маргааны гол төрөл бөгөөд шүүхийн маргааны 39 хувийг эзэлдэг. Энэхүү 39 хувь дотроос бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй ч ашгийн төлөө байнга зээл олгодог компани, иргэнтэй холбогдох маргаан 20 гаруй хувийг эзэлдэг. 2019 оны байдлаар Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлийн дагуу хийгдсэн зээлийн гэрээний маргаанууд иргэний хэргийн шүүхийн нийт шийдсэн маргааны 25 хувийг эзэлжээ. Харин банк, ББСБ-тай холбоотой маргаан 14 хувийг эзэлж байна.