– Business.MN сэтгүүлийн 2023 оны 02 сарын дугаар (№51) -ын ковер нийтлэл –
Энэ удаагийн коверын зочдыг та нэг ангийнхан гэж эндүүрч магадгүй. Гэвч эдгээр энтрепренер бол нэгэн арваны турш нэг зорилгын төлөө нэгдэж, алдаа оноогоо хамт хуваалцаж ирсэн бизнесийн хамтрагчид, бас анд нөхөд юм. Иймдээ ч өнгөрсөн хугацаанд нэгэн сургууль дүүргэсний дайтай мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Сурагчийн дүрэмт хувцас, Converse -оор “гоёсон” технологийн дөрвөлийн хөгжүүлсэн UBCab аппликэйшн монголчуудын дунд хэзээний “танил” болж, олон хүний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч чадсан билээ. Технологи, менежментийн багийн онцгой хоршил, оновчтой бодлогын үр дүнд хурдтай өсөлт үзүүлж буй UBCab компанийн амжилтын түүх, бизнесийн ялгарал, ирээдүйд хэрэгжүүлэх инновацлаг төслүүдийн талаар онцолж байна.
Нийслэл хот шинэ жилийг угтсан баярын цэнгүүн, ёслолын үйл ажиллагаанд дарагдах тэр л үеэр Н.Отгонбаяр саарал пиджак, жинсэн өмдтэйгөө хослуулан өнгө дагуу зангиа зүүж аваад гэрээсээ гарчээ. Үүнээс хэдхэн цагийн дараа тэрбээр “Next Stop 2022” ёслолын ажиллагааны “Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг залуу” -гаар нэрлэгдэн тайзнаа зогсож байлаа. Аавынх нь түрхэж асан үнэртэй ус зангианаас нь үл ялиг сэнгэнэнэ (Хэдэн жилийн өмнө хувцасны шүүгээгээ цэгцлэх зуураа аавынхаа зангиаг санаандгүй байдлаар олсон нь түүний хувьд чухал мөч тохиох бүрт гаргаж зүүдэг нандин гоёл нь болжээ). Шагналаа гардан авах үеэрээ тэр “Өнөөдөр би UBCab -ийн Отгонбаяр гэж компаниараа овоглож, энэ нэр хүндтэй шагналыг гардан авч буй нь нэр төрийн хэрэг. Хүч тэнцвэргүй бизнесийн тулаанд үнэнч нөхөрлөл, технологийн хүчирхэг инженерүүд маань бидний гол зэвсэг байсаар ирлээ” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн билээ.
Өдгөө 23 мянган жолооч, 700 мянган хэрэглэгчийг нэгтгэж чадсан такси дуудлагын UBCab платформыг хөгжүүлсэн баг сүүлийн гурван жилийн дотор бизнесээ 1000 дахин өсгөжээ.
Өдгөө 23 мянган жолооч, 700 мянган хэрэглэгчийг нэгтгэж чадсан такси дуудлагын UBCab платформыг хөгжүүлсэн технологи, менежментийн онцгой хоршил бүхий баг сүүлийн гурван жилийн дотор бизнесээ 1000 дахин өсгөжээ. Өөрөөр хэлбэл, цөөнгүй бизнес дампуурч, хаалгаа барьж байх Ковид-19 цар тахлын хүнд үеэр тэд өсөлттэй ажиллаж, жилээс жилд бизнесийн далайц, ашиг орлогоо нэмэгдүүлсээр байгаа юм. “Технологийн бизнес өөрөө ингэж өсөлт үзүүлдэг юм байна. Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагаагаа хэрэглэгчдэд таниулж, аппликэйшндээ жолооч нэмж бүртгэхийн тулд байж болох бүхий л аргаар зүтгэж, чадлаараа хичээж ажилласан. Хөгжүүлсэн платформоо хүмүүст ойлгуулна гэдэг амаргүй ажил юм билээ. Гэхдээ бидний амжилтад нөлөөлсөн өөр нэг чухал хүчин зүйл бий нь монголчуудын технологийн хэрэглээний огцом өсөлт” хэмээн UBCab компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр хэлж байна.
Өнөөдөр улаанбаатарчуудад дуудлагын таксины хэрэгцээ үүсэхэд “UBCab дуудъя” гэж торох зүйлгүй хэлдэг болсон нь тэд хэрэглэгчдийн ой тоонд сайтар хоногшиж чадсаных. Дотоодын lifestyle төрлийн аппуудыг эрэмбэлэхэд тогтмол тэргүүлдгээс нь ч энэ бүхэн харагддаг. Хэрэглэгчдэд аюулгүй байдал, найдвартай, шуурхай үйлчилгээ, төлбөр тооцооны хялбар шийдлийг санал болгодог UBCab аппын өсөлтийг дагаад такси барихаар замын хажууд гар өргөн зогсох үзэгдэл аажим аажмаар буурч, технологид суурилсан үйлчилгээний шинэ соёл хурдтай нутагших болсон. Энэ бүхэн хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлөөд зогсохгүй нийслэлчүүдийн “толгойны өвчин” болсон замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд бодитой дэмжлэг болно гэж тэд үзэж байна. Үүнд, такси дуудлагын үйлчилгээнээс гадна тун удахгүй зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй шинэ үйлчилгээ болох UBCab Shuttle ихээхэн нөлөөлнө гэж тэд харж буй.
UBCab такси дуудлагын платформын тухайд өдөрт дунджаар 50-100 жолооч бүртгүүлдэг бөгөөд компанийн цаашдын зорилго нийт жолоочийнхоо тоог 40 мянгад хүргэхэд чиглэж байна.
UBCab компанийн технологи хариуцсан захирал төдийгүй UBCab аппыг хөгжүүлэгч “Мизорн технологи” компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэм “Бид хөгжүүлэлтийн багтаа программистуудаас гадна мэргэжлийн математикчдыг урьж, илүү оновчтой алгоритмууд хөгжүүлж, үндсэн системдээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. UBCab Shuttle үйлчилгээний тухайд хэрэглэгчид аппаасаа дуудлага өгөхөд машин аль болох хурдан ирэх, нөгөө талаар тухайн чиглэлд зорчиж буй машинуудыг аль болох дүүргэлт сайтай байлгах зорилготой алгоритмыг оновчлох ажлыг ид хийж байна” хэмээн онцоллоо. Shuttle буюу нэг маршрутаар зорчих хүмүүсийг дундын унаагаар хангах үйлчилгээний хэлбэр олон улсад хурдтай хөгжиж буй. Хуваалцаж хэрэглэх ийм төрлийн үйлчилгээ манай улсад амжилттай нэвтэрвэл хүмүүс хувьдаа машинтай байх хэрэгцээ багасч, замын хөдөлгөөний ачаалал буурна. Мөн Монгол Улсын хилээр орж ирж буй импортын машины тоо буурч, тэр хэрээр гадагшаа чиглэх валютын урсгал багасах тул эдийн засагт ч зохих хувь нэмэр оруулж чадна гэж UBCab -ийнхан үзэж байна.
Харин хамт олон нь өндөр Оогий хэмээн дотночлон дуудах, 193 см өндөр Н.Отгонбаяр энэ талаар “Монголын дундаж гэр бүл өрхийн орлогынхоо талаас илүү хувийг автомашины лизингд зарцуулж байна. А цэгээс Б цэгт хүрэх, ажилдаа явах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх хэрэгцээгээ хангахын тулд л машин худалдаж авах нь түгээмэл. Хэрэв автомашингүй байсан бол тухайн өрх тэр мөнгөө хүнс авах, эмнэлэгт үзүүлэх, хүүхдийнхээ боловсролд анхаарахад зарцуулах байсан ч юм билүү” хэмээн тайлбарлав. Үүнийгээ бодитоор хэрэгжүүлж, машин унахаа болиод долоон жил болж буй тэрбээр “Хамгийн стрессгүй, амар тайван амьдралын хэв маяг” хэмээн товчхон тодорхойлоод “Ер нь хүн аливааг заавал хувьдаа эзэмших бус бусадтай хуваалцаж хэрэглэх боломжтой шүү дээ” гэлээ.
UBCab -д бүртгэлтэй жолооч нар өдөрт дунджаар 20-30 мянган аялал гүйцэтгэдэг бөгөөд энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
UBCab такси дуудлагын платформын тухайд өдөрт дунджаар 50-100 жолооч бүртгүүлдэг бөгөөд компанийн цаашдын зорилго нийт жолоочийнхоо тоог 40 мянгад хүргэхэд чиглэж буй. Бүртгүүлсэн жолооч нарын хувьд орлогоо 40-50 хувь өсгөхийн зэрэгцээ үйлчлүүлэгч хайж нааш цааш сул зорчих нь хоёр дахин багасч буйг компанийн зүгээс хуваалцсан юм. Үүнээс гадна тун саяхан аяллын хугацааны төлбөрийг тооцдог болж, төлбөрийн шинэчлэл хийсэн нь аль аль талыг бодолцсон зохицуулалт байв. Өмнө нь зорчих маршрутын зайнаас үл хамааран замын хөдөлгөөний түгжрэл, удаашралаас шалтгаалан аяллын хугацаа уртсахад төлбөр тооцдоггүй, мөн оргил ачааллын үед хэрэглэгчид дуудлагын такси олдохгүй байх зэрэг асуудал үүсдэг байсныг энэхүү шинэчлэл шийдэж, бодит үр дүн гаргана гэж UBCab -ийнхан онцолсон билээ. Тэдний өгсөн мэдээллээр бүртгэлтэй жолооч нар өдөрт дунджаар 20-30 мянган аялал гүйцэтгэдэг бөгөөд энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
“UBCab -ийн амжилтын гол хөшүүрэг бол судалгаа, хөгжүүлэлт. Үүнд манай баг ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацааг зарцуулдаг”.
UBCab компани жолооч нартаа зориулан UBCab Credit ХЗХ -г байгуулж, хуримтлал үүсгэх, зээл авах бололцоог мөн үүсгээд байна. “Таксины жолооч нар өдрөөр орлогождог, хувиараа бизнес эрхлэгч учраас нийгмийн даатгал, татварын харилцаанд маш бага ордог. Тиймээс зээл, лизинг гэх мэт санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Харин бид ХЗХ байгуулснаар эдгээр асуудал шийдэгдэж байгаа” хэмээн UBCab -ийн үүсгэн байгуулагчдын нэг, “Мизорн технологи” компанийн ТУЗ -ийн дарга Б.Манлай хэлж байна.
Тус хамт олон такси дуудлагаас гадна хүргэлтийн төрөлжсөн үйлчилгээг хөгжүүлж буйгаараа онцлог. Тухайлбал, оны өмнөхөн тэд такси, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан UBCab Care үйлчилгээг танилцуулсан бол удахгүй бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан UBCab Family, гэрийн тэжээвэр амьтдад зориулсан UBCab Pet зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Технологийн салбарын “мөс хагалагчид”
2017 онд “Мизорн технологи” компанийн үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэм, О.Золбаяр, Б.Манлай нар тухайн үед дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг “Морин жолооч” компанийг байгуулан ажиллаж байсан Н.Отгонбаярын өгсөн ярилцлагыг олж уншаад санал тавьж, хамтдаа шийдэлд хүрснээр UBCab компани үүсгэн байгуулагдсан түүхтэй. Н.Отгонбаяр яваандаа такси дуудлагын үйлчилгээ рүү орж ажиллана гэж ярилцлагадаа дурдсан байсныг тэд үзээд нэг зорилгын төлөө хоёр талд ажиллаж буйгаа мэдэж, холбогдсон нь тэр аж. Мөн “Мизорн технологи” -ийн үүсгэн байгуулагчдын нэг нь хуучин танил байж таарчээ. Харин энэ талаар Н.Отгонбаяр “Мизорн технологи” бол UBCab -ийн эх баригч компани” гэж онцолсон бол О.Золбаяр “Хоёр талаас хамтарснаар UBCab компанийн хувьд шинэ хуудас бичигдэж эхэлсэн” хэмээн тодотгов. Технологийн дэмжлэг хэрэгтэй байсан Н.Отгонбаярын дутууг “Мизорн технологи” -ийнхан нөхсөн бол тэдний дутууг буюу компанийн үйл ажиллагааг сурталчлах, өргөжүүлэх ажлыг Н.Отгонбаяр хариуцсанаар технологи, менежментийн сонирхолтой баг үүсчээ.
“Киргизстан, Казахстан болон Африкийн хэд хэдэн улсаас бидэнд хамтран ажиллах санал тавьсан нь эхнээсээ ажил хэрэг болж, гэрээ хэлэлцээрийн түвшинд ирээд байна”.
Гол нь тэдний хөгжүүлж буй апп Монголд цоо шинэ байсан учраас залуус бүгдийг өөрсдөө хийж, судалж, суралцаж, алдаж, онож явсаар өдийг хүрчээ. “Store дээр байгаа бүх хувилбараа тоолж үзвэл бараг 100 гарч мэднэ. Үндсэн хувилбарын хувьд “UBCab 3” гэж нэрлэгдэж байгаа ч жижиг шинэчлэлүүдээ тооцвол тэр хэмжээнд хүрсэн гэсэн үг” хэмээн Б.Эрдэм онцоллоо. Тэд такси дуудлагын UBCab аппыг хөгжүүлэх явцдаа олон инновацлаг ажил хийж, асуудал бүрт шинэлэг шийдлээр хариу барьж байв. Байгуулагдсан цагаас нь тэдний өмнө босож ирсэн том асуудал бол энэ төрлийн аппд хамгийн чухалд тооцогддог хаягжилт, дэд бүтцийн систем байлаа.
“Мизорн технологи” -ийнхон 2013 оноос хойш такси дуудлагын апп хөгжүүлж, хаягжилтын асуудалтай нүүр тулж ирсэн тул энэ удаад илүү шинэлэг шийдлийг эрэлхийлж байв. Өмнө нь тэд тухайн үедээ олон улсад идэвхтэй ашиглагдаж байсан Foursquare зэрэг хаягжилтын системийг дотооддоо датагаар баяжуулан туршиж үзэх, шаардлага хангахаа больмогц хэрэглэгч хаягаа аппд гараараа бичиж оруулдаг хувилбар ч хөгжүүлж үзжээ. Ингэж явсаар UBCab байгуулагдсанаасаа хойш жилийн дараа буюу 2018 онд хөрөнгө оруулалт авч чадсан нь өөрсдийн үйлчилгээнд ашиглахад илүү тохиромжтой бие даасан хаягжилтын систем, дэд бүтцийг хөгжүүлэх эхлэл болсон байна. Үүний үр дүнд өнөөдөр тэд Улаанбаатар хотын хэмжээнд 30 мянга гаруй хаягжилтын цэгийг бүртгэж, улам бүр нарийвчлалтай болгон шинэчилсээр байгаа юм. Энэхүү хаягжилтын санг өдгөө онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээний Emonos, PickPack, FreshPack зэрэг компани ашиглаж буй.
Хөрөнгө оруулалт:
2018 он. BTF компанийн үүсгэн байгуулагч Л.Огторгуй болон Intelmind компанийн гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, “Улаанбаатар такси” компанийн захирал Б.Болд нар хамтран UBCab компанид хөрөнгө оруулав (анжел хөрөнгө оруулагч). Тэр дундаа онлайн худалдааны платформ Shoppy.mn -ээ эхлүүлээд удаагүй байсан Ц.Мэндбаяр хөрөнгө оруулсан нь стартап стартапдаа хөрөнгө оруулсан сонирхолтой тохиолдол болсон аж. “Бид захиалгын систем хөгжүүлж байгаа учраас хүргэлтийн платформ давхар хөгжүүлэх хүндрэлтэй. UBCab нэгэнт А цэгээс Б цэгт зорчигч хүргэж байгаа бол бараа бүтээгдэхүүн ч хүргэж болно” хэмээн тэрбээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ тайлбарласан удаатай. Өөрөөр хэлбэл, UBCab -ийг ирээдүйн хүргэлт, онлайн худалдааны экосистемтэй хамаатай гэж тэр үзжээ.
2020 он. UBCab -ийн хамт олон Ковид-19 цар тахлын үеэр өсөлттэй ажиллаж чадсан нь тэдний зогсолтгүй үйл ажиллагаанаас гадна дотоодоос хөрөнгө оруулалт авсантай холбоотой. Хөдөлгөөнт бизнес эрхэлдэг онцлогтой UBCab -ийнхан хөл хорионы үеэр байж болох бүхий л аргыг хэрэглэж, холбогдох төрийн байгууллагууд руу албан бичиг удаа дараа илгээх, жолооч нараараа гарын үсэг зуруулж хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч байв. Үүний хүчинд зөвхөн ганц удаагийн хөл хорионы үеэр л хөдөлгөөнд оролцох эрх авч, тухайн үедээ маш өндөр ашигтай ажиллаж чадсан байдаг. Мөн энэ үеэр технологийн хөгжүүлэлтээ зайнаас тасралтгүй үргэлжлүүлж чадсан нь тэдэнд давуу тал болжээ. Түүнчлэн MCS Investment компаниас хөрөнгө оруулалт авсан нь цаг үеэ олж, бизнесээ урагшлуулах түлш болж чадсан юм. “Бид Ковид-19 цар тахлын өмнөхөн хөрөнгө оруулалтаа шийдсэн нь маш азтай. Хэрэв энэ хөрөнгө оруулалтыг аваагүй байсан бол маш хүнд байдалд орох байсан болов уу. Нэг талаар, бид хөрөнгө оруулагчаа сольсон ч гэж ойлгож болно” гэж UBCab -ийн үүсгэн байгуулагчид хэлж байв. Бизнес ид өсөх үеэр анжел хөрөнгө оруулагчид нь гарсан ховорхон тохиолдол энэ бөгөөд UBCab дараагийн шатанд гарахад стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй. Тэглээ ч хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдвэл үүсгэн байгуулагчид мажоритар хувь эзэмшихээ болино гэж үзээд дээрх шийдвэрийг анжел хөрөнгө оруулагчдынхаа хамт гаргасан аж.
Монголд такси үйлчилгээ эрхлэхэд хүндрэлтэй байдаг өөр нэг томоохон асуудал бол зохицуулалт. Үүнээс болж UBCab -ийнхан дөнгөж байгуулагдаад байхдаа хөрөнгө оруулалт татахаар олон компанитай уулзсан ч татгалзсан хариу сонссон байдаг. Гэсэн ч манай улсад мөрддөг MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартыг тэдний саналаар шинэчилж, хөдөлгөөнт төхөөрөмжөөс дуудлага өгөх боломж бүрдэж байв. “Бидний хувьд такси үйлчилгээний стандартыг төрийн стандартаас давуулан бий болгож, мөрдөж байна” хэмээн Н.Отгонбаяр хэлж байна. Энэ утгаараа “Акума-Эрин” компанитай хамтран нийслэлд 24 цагийн үзлэг оношлогоо, засвар үйлчилгээг хүргэх гурван ч төвийг байгуулжээ. Эдгээр төвөөр UBCab -ийн жолооч нар тогтмол хугацаанд үйлчлүүлэх боломж бүрдсэн нь стандартыг мөрдөх, хэвшүүлэх гол хөшүүрэг болж байна. Үүний зэрэгцээ хэрэглэгч бүр үйлчилгээний стандартыг тогтооход давхар хувь нэмэр оруулж, таксинаас буухдаа жолоочийн үйлчилгээний ур чадварыг аппаараа дамжуулан үнэлэх боломж бий. Асуудал үүсгэсэн жолоочийн дуудлага хүлээн авах эрхийг хааж, оронд нь сургалтад суух эрхээр “шагнадаг”. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч, UBCab -ийн үйлчилгээ тасралтгүй сайжирсаар байна.
Мөн bluetooth чиптэй, маш өндөр нарийвчлалтай такси метр буюу “UBCab 1” загварын дижитал тоолуурыг Монголд анх удаа үйлдвэрлэж, ашиглах тусгай зөвшөөрлөө авсан нь тэдний нэг амжилт. Машины дугуйны эргэлтийг жолоочийн апп руу мэдээлэх зарчмаар ажилладаг энэхүү такси метр нь хэрэглэгчид илүү мөнгө төлөх, жолооч машины тоолуураа хөдөлгөх зэрэг энэ төрлийн үйлчилгээнд үүсдэг асуудлыг шийдэж чадсанаараа онцлог. Ийм үр дүнд хүрэхийн тулд программ хангамжийн инженерүүдээс гадна электроникийн инженерүүд бүхий баг хамтран ажиллажээ.
“Дотоодод Uber, Kakao T -г дуурайдаг гэж олон хүн биднийг ёжилдог. Гэхдээ наргиа болгон хэлэхэд манай компани Какао T -ээс өмнө байгуулагдсан” гэж Б.Манлай хэлээд “Бид бизнес моделийн хувьд ч бусдаас онцлог” хэмээн нэмж өгүүллээ. Тодруулбал, тэд Монголтой хөгжил ойролцоо, хаягжилт, газрын зураг, төлбөрийн хэрэгслийн хувьд шийдэх асуудал ихтэй, интернэтийн хүртээмж бага буюу дэд бүтцийн хувьд сул хөгжсөн улс орнуудад ашиглахад тохиромжтой системийг хөгжүүлжээ. Үүгээрээ дэлхий дахинд дэд бүтэц өндөр хөгжсөн улс, хотуудад идэвхтэй хэрэглэгдэж буй томоохон компаниудын системээс онцлог болж чадсан юм. Өөрөөр хэлбэл, бусад тоглогч тухайн бүс нутагт өөрийн бизнес моделийг нутагшуулахын тулд их хүч, хөрөнгө хаядаг бол UBCab тухайн улс оронд хэрэглэж хэвшсэн бизнес модельд өөрсдийн системээ шууд интеграцичлах боломжтойгоороо давуу талтай.
Bluetooth чиптэй, маш өндөр нарийвчлалтай такси метр буюу дижитал тоолуурыг Монголд анх удаа үйлдвэрлэж, ашиглах тусгай зөвшөөрлөө авсан нь UBCab -ийн нэг амжилт.
Энэ талаар технологи хариуцсан захирал Б.Эрдэм “Улаанбаатар хотод таксины асуудал байгааг бид анзаарч, аппаа дөнгөж хөгжүүлж эхлээд байх үед хүмүүсийн интернэтийн хэрэглээ төдийлэн өндөр биш, апп хэрэглэж дадаагүй байсан. Таксины төлбөрөө ч бэлэн мөнгөөр хийх хандлага давамгайлдаг байлаа. Тиймээс бид апп дээрээ бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийх шийдэл нэвтрүүлсэн нь гаднын ижил төстэй платформуудад байхгүй технологийн шийдэл болж чадсан. Энэ ажлыг хийж чадсан багаараа ямагт бахархдаг” хэмээн ярилаа. Харин Б.Манлай бизнес моделийн онцлогоо үргэлжлүүлэн тайлбарлаж, “Бидний амжилтын гол хөшүүрэг бол судалгаа, хөгжүүлэлт. Үүнд манай баг ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацааг зарцуулдаг. Үүнийхээ ачаар бид өдий хүртэл явж, олон улсын зах зээлд гарч чадах юм байна гэх итгэлийг олж авсан. Киргизстан, Казахстан болон Африкийн хэд хэдэн улсаас бидэнд хамтран ажиллах санал тавиад байна. Эхнээсээ ажил хэрэг болж, гэрээ хэлэлцээрийн шатанд яваа төслүүд ч бий” гэлээ.
Өсөлт дагуулсан инновац
UBCab -ийн менежментийн багийн төлөвлөгөөг сонсож суухад тэд А цэгээс Б цэгт бараг л бүхнийг хүргэхээр төлөвлөжээ. Манай улсад дэд бүтэц сул хөгжсөн нь аливаа компанийн хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэгчид ихэнхдээ сэтгэл дундуур үлдэх шалтгаан болдог. Харин UBCab -ийнхан энэ орон зайд Улаанбаатарыг хэрсэн дэд бүтцийн систем, нийслэлийн өнцөг булан бүрт сүнгэнэн давхих 23 мянган жолоочийнхоо тусламжтай давуу тал үүсгэх боломжтой гэж харж байна. Олон улсын жишиг ч ийм бөгөөд ухаалаг хөдөлгөөнт (smart mobility) бизнесүүд тухайн улс орныхоо технологийн хөгжилд түшиглэсэн олон шийдэл нэвтрүүлж, өргөн боломжийг бий болгосоор ирсэн. Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “UBCab бол зөвхөн такси дуудлагын апп биш, өөр олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн супер апп болох бүрэн боломжтой. Ер нь бидний ирээдүй супер апп болоход чиглэнэ” хэмээн өгүүлсэн билээ.
UBCab компанийн дараагийн томоохон төлөвлөгөө бол ирэх онд IPO хийж, нээлттэй компани болох.
Тэд такси дуудлагын аппаас гадна олон төрлийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа учраас чиглэл, онцлогоосоо хамаарч, UBCab Express, UBEats, UBCall зэрэг гурван ч салбар компани байгуулж, өргөжин тэлж буй. Тиймээс эдгээр компанийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор UBCab Holding хэмээх толгой компанийг байгуулж, охин компаниудаа дэд бүтэц, технологийн нэгдсэн шийдлээр зангидаж явах үйл ажиллагааны бүтцэд шилжсэн аж. Тухайлбал, UBCab Express буюу ачаа тээврийн хүргэлтийн үйлчилгээ нь тодорхой бүсэд байгуулсан жижиг агуулахуудаар дамжин бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, өртөг багатайгаар хүргэх шийдлийг нэвтрүүлсэн байна. Энэ нь таксины жолооч нар өөрт хамгийн ойр байрлах агуулахаас тухайн ачаа барааг аваад мөн ойролцоо тойрогтоо гараас гарт хүргэх үйлчилгээ юм. 2023 онд UBCab -ийнхан орон нутагт үйл ажиллагаагаа идэвхжүүлэх стратеги баримталж, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн үйлчилгээг хүргэж эхлэхээр төлөвлөжээ. Одоогоор Эрдэнэт, Дархан, Ховд, Дорнодод салбараа байгуулж, такси дуудлагын үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд 21 аймагт төлөөлөгчөө сонгоод байгаа юм. Цаашид орон нутаг дахь салбарын тоогоо нэмэхийн зэрэгцээ зорчигч, ачаа тээврийн дэд бүтцийг цэгцэлж, бүртгэлжүүлэхийг зорьж байна.
Харин сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаад буй UBEats үйлчилгээ нь хоол хүргэлтэд тулгардаг гол асуудлуудыг шийдэх зорилгоор бий болжээ. UBCab компани зах зээлийн судалгаа хийж үзээд хоол үйлдвэрлэл, нийлүүлэлтийн процессыг өөрчлөхгүйгээр хэрэглэгчдийг сэтгэл хангалуун байлгах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Захиалгын хоолыг ресторанаас очиж авах, зөвхөн хоол хүргэхийн тулд тусдаа жолооч ажиллах зэрэг нь хүргэлтийн үйлчилгээг удаашруулж буй гол хүчин зүйлс аж. Тиймээс энэ удаа мөн л өөрсдийн давуу тал болох дэд бүтцийн сүлжээнд тулгуурлан хүргэлтийн асуудлыг төдий л “толгой өвтгөхгүйгээр” шийднэ гэж тэд үзэж байна. Ингээд анхаарлаа төвлөрүүлэх ёстой ганц л асуудал үлдэж байгаа нь хоол үйлдвэрлэлийн процессыг хялбарчлах. Тэд судалж үзээд Uber -ийн үүсгэн байгуулагч Трэвис Каланикийн хөрөнгө оруулж, амжилтад хүргэсэн шинэ бизнес моделиос санаа авч, UBEats төслийг эхлүүлжээ.
UBCab -ийнхан такси дуудлагын аппаас гадна олон төрлийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа учраас чиглэл, онцлогоосоо хамаарч, UBCab Express, UBEats, UBCall зэрэг компани байгуулж, өргөжин тэлж буй.
Cloud kitchen буюу үүлэн гал тогоо нь хоолны материал цуглуулах, бэлтгэх, үйлдвэрлэх процессыг дундын гал тогооноос нэгдсэн байдлаар шийдэж, тэндээсээ захиалгын дагуу шууд хүргэх үйлчилгээ юм. Ковид-19 цар тахлын үед хүмүүс ресторан, хоолны газруудад биеэр очиж үйлчлүүлэх нь эрс багасч, хүргэлтийн хоолны үйлчилгээ эрчимжих үед cloud kitchen тэсрэлт хийж, олон улсад трэнд бизнес болж чаджээ. Нэгдсэн cloud kitchen -ий талбай бүрийг байгууллага, хувь хүнд түрээсэлж, гарсан захиалга бүрээс тодорхой хувь авах энэхүү бизнес моделийн дагуу UBEats -ийн залуус анхны ресторанаа гурван сарын өмнө байгуулж, эхний ээлжинд өдрийн хоолны багц гаргаж эхэлжээ. Улаанбаатарт яг ийм таван cloud kitchen байгуулж, тэдгээрээс бүсчилсэн байдлаар хүргэлт хийнэ гэж тэд төлөвлөж байна. Ингэхдээ cloud kitchen тус бүр 8-10 гал тогоотой байхаар тооцжээ. Шинэ төрлийн бизнес модель учраас тэд алдаа гаргахгүйг хичээж, маш нягт нямбай ажиллаж буй. Энэ төслийн хүрээнд нэгэн хамтралыг бий болгосон нь шинэ тутам бизнес болох EasyCook -д хөрөнгө оруулах шийдвэр байв. Хүргэлтийн хоолны захиалгыг хурдан гаргахын тулд хоол бэлдэх процесс ч хурдан байх ёстой. Тиймээс UBEats компани хувь хэрэглэгч, байгууллагуудад зориулсан олон төрлийн хоолны бэлдэц үйлдвэрлэдэг EasyCook -ийг төслийн хамтрагчаараа сонгожээ. Ложистикийн зардлыг бууруулах үүднээс EasyCook болон cloud kitchen -ийг нэг дор байхаар шийдсэн байна.
“UBCab -ийн амжилтын гол хөшүүрэг бол судалгаа, хөгжүүлэлт. Үүнд манай баг ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацааг зарцуулдаг.
Ингэж ажиллах явцдаа тэд хоолны үнийг тодорхойлогч хамгийн том хүчин зүйл бол мах гэдгийг ойлгосон аж. Энэ талаар UBCab -ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Махны үнэ бол ам.долларын ханшаас ч тодорхойгүй эд” гэж хэлээд инээж байлаа. Нийлүүлэгч тал, гарал үүсэл гэх мэт олон зүйл тодорхойгүй, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангаагүй, дээр нь нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгчийн гарт очих процесс маш эмх цэгцгүй, олон шат дамжлагатай. Ийм байдал тэднийг энэ зах зээл рүү татагдан орохоос өөр сонголтгүй болгосон юм. “Хөдөө аж ахуйн салбарт маш том орон зай бий. Бид малчин, таксины жолооч хоёрыг яг адил гэж харж байгаа. Бүртгэлгүй байсан таксичдыг нэгтгэж, бүртгэлжүүлж, 23 мянган жолоочтой сүлжээ үүсгэж чадлаа. Харин одоо бид 10 мянган малчныг нэгтгэж, Nomadic Hub хоршоолол байгуулж ажиллана. Үүнийхээ дараа малаа вакцинжуулах, ээмэгжүүлэх, угаах, өвөл тэжээл өгөх зэрэг стандартыг хангуулж ажиллана гэж төлөвлөсөн. Ингэснээр махны нийлүүлэлт нэмэгдэж, яваандаа экспортлох ч боломжтой” хэмээн Н.Отгонбаяр ярьж байна.
“Бид хөгжүүлэлтийн багтаа программ хангамжийн инженерүүдээс гадна мэргэжлийн математикчдыг урьж, үндсэн системдээ нэвтрүүлэх илүү оновчтой алгоритмууд хөгжүүлж байна”.
UBCab Holding -ийн өөр нэг охин компани болох UBCall харин дуудлагын олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд эхний ээлжинд Bubbles Cleaning Mongolia компанид хөрөнгө оруулсан бөгөөд үндэсний хэмжээнд 6000 үйлчлэгчтэй цэвэрлэгээний компани байгуулна гэдгээ мэдэгдсэн билээ. Цаашлаад цахилгаанчин, слесарь гээд дуудлагаар авч болох нэн шаардлагатай үйлчилгээнүүдийг UBCall системд нэгтгэхээр зорьж байна.
Хүчирхэг дөрвөлийн дараагийн төлөвлөгөө
UBCab компанийн дараагийн томоохон төлөвлөгөө бол ирэх онд IPO хийж, нээлттэй компани болох. “Өнөөдрийн зэрэгт биднийг хүргэсэн гол хүч бол манай жолооч нар. Тиймээс жолооч, хэрэглэгчидтэйгээ амжилтаа хуваалцаж, хувь эзэмшүүлэхийг зорьж байна. Нээлттэй компани болох нь бүгд нэг зүгт харж, алсын хараа, зорилгоо нэгтгэхэд ч тустай. Компанийн хувьд энэ бүхэн эргээд тогтвортой өсөлтийн гол дархлаа болох юм. Хоёрт, бид олон нийтээс хөрөнгө татаж, одоо төлөвлөж байгаа ажлуудаа илүү хурдтай хийж, дараагийн шатанд гарахын тулд ийм шийдвэр гаргасан” хэмээн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр онцолж байна. Харин UBCab -ийн үүсгэн байгуулагчдын нэг, “Мизорн технологи” компанийн гүйцэтгэх захирал О.Золбаяр “Бид удахгүй IPO хийх гэж байгаа учраас засаглалын хувьд хүссэн хүсээгүй стартапаас корпорейт компанийн соёлд шилжих шаардлага үүсэж байна. Гэхдээ стартапын онцлогоо хадгалж, өсөлтийн хурдаа энэ хэвээр хадгалахыг хүсэж байгаа учраас өөрсдийн онцлогт тохирсон менежментийн тогтолцоог бий болгож, засаглалаа сайжруулан ажиллаж байна” гэлээ.
Дөрвөн үүсгэн байгуулагчтай ч атгасан гар шиг нэгэн цул болж, бие биеэ нөхөж ажиллаж чаддаг нь тэдний хувьд өсөлт, амжилт дагуулах гол хөшүүрэг болжээ. Энэ талаар Б.Манлай “UBCab -ийн технологийн баг олон жил тогтвортой ажилласан гэдгээрээ дотоодын зах зээлд давуу” гэсэн бол араас нь Б.Эрдэм “Анх гурван хүнтэй эхэлж байсан инженерийн баг маань өнөөдөр 50 орчим хүнтэй өнөр өтгөн баг болж өргөжсөнийг, стартап төсөл эхлүүлж байсан маань олон нийтэд хүрсэн бүтээгдэхүүнтэй бие даасан компани болсныг эргээд харахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг” хэмээн өгүүлсэн билээ. Харин О.Золбаяр “Чаддаг чаддагаараа нийлбэл тэр баг амжилт үнэхээр гаргах юм билээ. Хариуцсан ажилдаа тодорхой хэмжээний туршлагатай, хүнээр хэлүүлэлтгүй өөр өөрсдийн чаддагаа хийгээд явчихдаг учраас 110 хувь ажиллах боломж бүрдэж байгаа юм. Бид бие биеэсээ хамаарахгүй, илүү дэмжих чиглэлээр, аль аль талаа нөхөж ажилладаг” гээд үргэлжлүүлэн “Юуны түрүүнд зорилго, зорилт, алсын хараагаа нэгтгэх хэрэгтэй. Тэгж байж л урагшилна. Тэр цагт зам зуурын асуудал, ажлын хүндрэл бэрхшээлд түүртэхгүй, заавал ард нь гарна гэсэн хандлагатай болдог” хэмээн хуваалцаж байна.
Хариуцсан ажилдаа туршлагатай, хүнээр хэлүүлэлтгүй өөр өөрсдийн чаддагаа хийгээд явчихдаг учраас 110 хувь ажиллах боломж бүрддэг.
Өнгөрсөн хугацаанд “Мизорн технологи” компани UBCab платформоос гадна төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран олон арван бүтээгдэхүүнийг амжилттай хөгжүүлсэн нь нийт 500 мянга орчим хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болж, одоо ч ашиглагдсаар байгаа юм. Тухайлбал, статистикийн мэдээллийг хялбархан олж үзэх EZStat, хуулийн талаар мэдлэг, мэдээллээ бататгах LawsMN, татварын мэдээллийг нэгтгэсэн TaxStat, УИХ -ын гишүүдийн санал хураалт, бүртгэлийг хялбаршуулсан MyParliament (10 гаруй жил амжилттай ажиллаж буй), цаашлаад Монголбанк, НИТХ, МИГ даатгалын платформ гэх зэргээр нэрлэвэл олон бүтээгдэхүүн бий. Харин Н.Отгонбаяр дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэхээсээ өмнө хэд хэдэн хөгжүүлэгч бүхий Digital Eyes технологийн компанийг байгуулж, “Боловсрол суваг” телевиз, “Үндэсний тойм” сэтгүүлээс эхлээд 200 гаруй байгууллагын вэб хийж гүйцэтгэж байв. Дараа нь дуудлагын жолоочийн “Морин жолооч” компанийг байгуулан ажиллуулж эхлээд удаагүй байхдаа өрөнд орж, бизнес эрхлэгч нэгэн танил ахдаа учирлахад “Тавин тэрбумын бизнес ч бай, таван төгрөгийн бизнес ч бай чамаас яг адилхан хичээл зүтгэл шаардана. Тиймээс аливааг хийхдээ томоор сэтгэ. Том зорилго тавь” гэж хэлсэн нь алгадаад авах шиг л болж. Үүнээс нэг их удалгүй тэрбээр UBCab компанийг хамтран байгуулсан билээ.
Өдгөө компаниа гүйцэтгэх удирдлагаар хангаж буй Н.Отгонбаяр “Би бол органикаар гүйцэтгэх захирал болсон хүн. Анх таван хүн удирдаж сурсан бол яваа яваандаа компани өргөжин тэлсээр одоо 100 гаруй ажилтнаа удирдан чиглүүлж байна. Цаашлаад EasyCook, Bubble Cleaning Mongolia, “Бригада” хоршоо гээд ярьвал 200 -аад хүн болно байх. Гүйцэтгэх захирал хүн ачааны хүндийг нуруундаа үүрдэг. Гэхдээ зөвхөн тоотой ажилладаг гүйцэтгэх захирал байж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн бизнесийг биеэрээ мэдрэхгүй байж болохгүй. Жижиг алдагдлыг ч мэдрэх ёстой. Тиймээс өөртэйгөө адил органикаар ахиж дэвшиж ирсэн хүнийг удирдлагын багтаа авахыг зорьдог” хэмээсэн юм.
Тэрбээр удирдагч хүнд ачаалал өгч, ядраадаг гэж үзээд босоо удирдлагын тогтолцооноос аль болох зайлсхийдэг бөгөөд тухайн ажилтандаа итгэл хүлээлгэж, шийдвэр гаргах эрх мэдлийг өөрт нь үлдээх, эсвэл шийдвэр гаргахад оролцуулах зарчмаар ажилладаг. “Хүмүүс ‘Оогий чи ёстой гялалзуулах юм. Ямар их ажил амжуулдаг юм бэ?’ гэдэг. Яг үнэндээ би ажилтнууддаа шийдвэр гаргах эрхийг өгч, өөртөө ачаалал бага авах, зөв зохион байгуулах гэж л хичээдэг” хэмээн тэр хуваалцав. Тийм болоод ч тэр үү, өнгөрсөн хугацаанд UBCab -аас гарын таван хуруунд багтахаар цөөн хүн ажлаас гарчээ. Ер нь UBCab Holding -ийн хэмжээнд ажлын байр сэлгэх хөдөлгөөн тун бага. Энэ талаар О.Золбаяр “Манайх хүн төвтэй компани. Тиймдээ ч хүнийг нөөц бус, хүн гэдэг үүднээс авч үздэг. Хүний нөөцийн удирдлагаа ч хүний нөөц биш, харин хүний менежер (Chief people officer) гэж нэрлэдэг. Учир нь хүний бүтээмжээр л бидний хийж бүтээж буй бүхэн бий болж байгаа шүү дээ” хэмээн онцолсон юм.
Компанитайгаа хамт өсөж, хөгжиж, туршлагажсан UBCab -ийн үүсгэн байгуулагчид олон төслийг зэрэг хэрэгжүүлж, эхнээс нь зах зээлд нэвтрүүлсээр байгаа билээ. Ирэх жил хөрөнгийн зах зээлийн тоглогч болсноор тэд хөдөлгүүрийн хурдаа улам нэмж, үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, өөр өнгө төрхтэйгөөр хүргэж эхлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэж байна. Ярилцлагын төгсгөлд Н.Отгонбаяр “Энэ бизнесийг хийж байхад шантрах үе байсан уу? гэж асуувал шантармаар зүйл өдөр бүр л тохиолдож байсан гэж хэлнэ. Гэхдээ шантармаар санагдах хамгийн том шалтгаан төрийн дарамт л байсан. Миний хэлэхийг хүсэж байгаа гол зүйл бол Монголд улстөрч нь улс төрөө, бизнесмэн нь бизнесээ хийх ёстой. Ийм цаг үе ч ирсэн. Ингэж байж л бид хөгжинө” хэмээн итгэлтэй өгүүлсэн юм.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 02 сарын дугаар (№51) -ын ковер нийтлэл –
Манай Цоомоо мундагаа