Анх 2001 онд өмнийн говьд илэрч, сүүлийн арав гаран жилийн туршид эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь талуудын, улстөрчдийн маргааны гол эх үүсвэр болж ирсэн Оюутолгойн гүний уурхай өнөөдөр /2023.03.13/ нээлтээ хийж байна. Өнгөрсөн жил хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын төлбөрийг бүрэн тэглэж буйгаа мэдэгдэж, талуудын маргаан эцэслэсэн. Үүний үр дүнд алт, зэсийн нөөц, технологийн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд бичигдэх бүлэг ордын хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолт эхэлж байна.
Оюутолгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь 700 метрийн гүнээс эхэлж 1.3 км-ийн газрын гүнд хүртэл оршдог. Гүнд орших нөөцийг ил уурхайн ордтой харьцуулахад эрдсийн агуулга өндөртэй хэдий ч ижил аргаар олборлох боломжгүй учир “блокчлон олборлох” аргаар олборлолтыг хийх юм. Жилийн 365 хоногийн туршид зогсолтгүй олборлолт хийх гүний уурхай нь газрын гүнээс таван босоо амаар блокчлон олборлолт хийж, хүдрээ бутлан туузан дамжуулагчаар тээвэрлэж газрын гадаргад гаргах замаар ажиллана. Гүний уурхай нь ирэх таван жилд дунджаар 350,000 тн зэс олборлох бол 2028-2036 онд олборлолтын хэмжээг 500,000 тн-д хүргэхийг зорьж байгаа билээ.
Төсөлд хөрөнгө оруулагч талаас 15 тэрбум ам.долларыг зарцуулснаа мэдэгдэж гүний олборлолт эхэлснээр компанийн жилийн борлуулалт 5 тэрбум ам.доллар, Монгол Улсад төлөх АМНАТ-ийн хэмжээ гурав дахин нэмэгдэн 700 тэрбум төгрөгт хүрэхийг тайлагнасан. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зэсийн баяжмалын экспорт улсын нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын 22 хувийг бүрдүүллээ. Энэ нь 2.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 1.5 сая.тн зэсийн баяжмал бөгөөд өнөөдөр олборлолтоо эхлүүлэх гүний уурхай энэхүү хэмжээг гурав дахин нэмэгдүүлэх юм.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд уурхайн 34 хувийг эзэмшигч талыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох бол 66 хувийг эзэмшигч талыг “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлага, уурхайчид оролцоно.