Монгол Улсад уул уурхайн салбарын бизнес байж болохгүй, ашгийн төлөө бус улс орны эрх ашиг, арт түмний амьжиргааны төлөө тэгш хуваарилагдаж байх ёстой гэсэн “баялгийн үндсэрхэг үзэл” ихээхэн давамгайлж байна. Үүнийг ч төр засаг гайхамшигтай биелүүлэн “баялгийг төрийнжүүлэх” бодлого хэрэгжүүлж байна.
***
Сүүлийн үед эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт тасарсан, гадаадын хөрөнгө оруулагч нарт мэдээлэл муу хүрч байгаа гэх мэтээр манай цуврал хурлууд ярьж хэлэлцэж олон талаас нь ярилцаж байна. Энэ талаар голлох сэдвийг дурдвал:
- Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, татахын тулд мэдээллээ нээлттэй болгох,
- Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаагаас ирээдүйд нөөцийн дутагдалд орох аюултай байгаа,
- Орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэл,
- Төрийн зүгээс анхааран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд,
- Төсөвт оруулах хувь нэмэр
- Салбарын боловсон хүчний дутагдал
- Ногоон уул уурхай, шинэ технологи, геополитик гэх мэт
Геологи хайгуул-Уул уурхайн салбар дагалдах бүх бүтээн байгуулалт, үйлчилгээтэйгээ нийлээд, бүтэн бизнесийн тогтолцоог үүсгэдэг. Түүний шат дамжлага, салбар ширхэг бүр нь ашгийн төлөө тэмүүлж байж цаашид найдвартай оршин тогтнох, газрын баялаг нь жинхэнэ шударга хуваарилагдах боломжтой. Гэтэл манайд энэ салбарын бизнес байж болохгүй, ашгийн төлөө бус улс орны эрх ашиг, арт түмний амьжиргааны төлөө тэгш хуваарилагдаж байх ёстой гэсэн “баялгийн үндсэрхэг үзэл” ихээхэн давамгайлж байна. Үүнийг ч төр засаг гайхамшигтай биелүүлэн “баялгийг төрийнжүүлэх” бодлого хэрэгжүүлж байна.
Манай улсын үндсэн хуулийн 5.4 т заасны дагуу “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэдгийг хэтрүүлэн эдийн засгийн хамгийн том тоглогч болоод байна. Угтаа бол уг бизнесийн орчныг аль болох таатай байлгаж татварын болон эдийн засгийн бааз суурийг хөгжих бололцоог олгож байх үүрэгтэй.
Уул уурхай өндөр хөгжсөн болон хөгжүүлэхээр зорилт тавьж байгаа олон улсууд дээрх зарчмаар бизнесийн орчноо шинжлэн, цогцоор нь сайжруулах арга хэмжээ авч байгаа жишээг ашиглан Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бизнесийн орчныг PESTLE шинжилгээг хийсэн үр дүнг танилцуулж байна.
Эрдэс баялгийн салбар нь экспортын орлогын 94-96% буюу Монгол улсын хамгийн гол салбар гэж геологичид уурхайчид омогшин байгаа нь энэ хэрээрээ бусдын анхаарлыг татаж байна. Тухайлбал геологи-уул уурхайн салбарын эдийн засаг, эрүүл мэнд, хүний эрх, нийгэм, байгаль орчинд нөлөөлөх байдлыг судалж, салбарт байгаа авлигал, эрхийн зөрчил зэргийг судалсан судалгааны тайлан хэдэн зуугаараа тоологдож байна. Тухайлбал:
- Монгол дахь уул уурхайн салбарын хөгжил ба хүний эрхийн асуудлууд Ж.Бямбадорж, 2012 он
- Уул уурхайн салбарын зардал ба үр дүнгийн шинжилгээ, II үе шатын тайлан. 2012 НҮБХХ ба БОАЖЯ
- Монгол Улсын уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн стратегийн үнэлгээ, Састэйнабилити Ийст Эйжия. 2014
- Монгол улс дахь байгаль орчны менежментийн институцийн бүтэц. Тортелл П., Божигдхан болон Найдансүрэн, 2008.
- Монгол улсын байгалийн нөөцийн менежмент дэх авлига. Чени М. 2012. Transparency International.
- Латин Америк болон Азид (Монгол) алтны бичил уул уурхайг албан ёсны болгох, байгаль орчны хувьд хариуцлагатай практик нэвтрүүлэх талаарх Швейцарийн хөгжлийн агентлагийн туршлага. 2011.
Гэтэл Эрдэс баялгийн салбарт бусад салбарууд хэрхэн нөлөөлж байгаа, хэрхэн харилцан хамааралтай тухай судалсан судалгаа хараахан байхгүй байна. Цөөн тоотой байгаа судалгаа нь алсын Австрали, Канадтай харьцуулсан судалгаа байдаг юм байна.
Салбарын хөгжил сүүлийн 10 жилд нэг түвшинд зогссон бөгөөд энэ нь улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэл учрахад хүрч байна.
Иймд бизнесийн гадаад орчны судалгааг макро түвшинд хийж гүйцэтгэсэн зорилго нь:
- Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бизнесийн давуу болон сул талыг судлах
- Энэ салбарт хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргахад сөрөг нөлөө үзүүлэх бизнесийн орчныг тодорхойлон гаргаж ирэх,
Ашигт малтмалын газрын мэдээлэлд бүртгэлтэй 1707 ашиглалтын тусгай зөвшөөрлийг “айдгаа авдартаа хийсэн” ашиглахаа хүлээгээд сууж байгаа гэж үздэг боловч 2021 оны байдлаар 523 (30%) нь ашиглалтын ажлын тайлан ирүүлсэн байх буюу ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулахаар завдаж, 278 (16,2%) нь үйл ажиллагааны тайлан ирүүлсэн байна. Харин 1429 (83,7%) нь Ашигт малтмалын нөөцийг тооцсон боловч хөрөнгө оруулалт болон төрөл бүрийн зөвшөөрөл, технологийн шийдэл, дэд бүтцийн шийдэл, нийгмийн харилцаа, эдийн засгийн үр ашгийн байдал зэргээс хамааран төслийн үр ашиг буурдаг тодорхой үе (orphan period) шатанд гацчихаад байна. Энэ үе шат нь ямар ч том төсөлд байдаг боловч бид энэ үе шат нь Монголд олон улсын жишгээс 2-3 дахин урт байгаа нь Оюутолгой төслийн жишээнд дээрх харагдаж байна.
Эдгээрт хэр хэмжээний хөрөнгө оруулалт, хичээл зүтгэл царцчихаад байгаа, хэчнээн хөрөнгө оруулагч эргэлт, хөдөлгөөнгүй гацаад байгааг тооцож үзэх шаардлагатай байна.
Энд мөн л дээрх бизнесийн гадаад дотоод орчинд нийтлэг томоохон саад тотгор байгааг илтгэж байна.
“PESTLE-ийн шинжилгээ нь байгууллагад нөлөөлж буй макро орчны (гадаад маркетингийн орчин) хүчин зүйлсийг шинжлэх, хянах зорилгоор зах зээлд оролцогчдын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын чухал хэрэгсэл юм. “PEST гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд ихэвчлэн нөлөөлдөг улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн гадаад хүчин зүйлсийн товчлол юм (Харвардын профессор Фрэнсис Агилар 1967).
Аливаа эдийн засаг бизнесийн бэрхшээл, татвар хураамж, хууль тогтоомжийн өөрчлөлт, засгийн газрын бодлого, улс төрч нарын үзэл баримтлал зэрэг нь олон улсын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулах шийдвэрт нөлөөлж болох макро орчны хүчин зүйлүүд юм. Эдгээр өөрчлөлт, үр нөлөөг шинжлэхийн тулд бид PESTLЕ MODEL-ийг ашигладаг. Монголын эрдэс баялгийн салбар нь сайн судлагдаагүй, ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй, дэлхийн томоохон зах зээлд ойр орших нь хөрөнгө оруулагч нарт эерэг мэдээлэл болдог байна.
Улс төрийн орчин. (Political)
Тухайн улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад хамгийн чухал үзүүлэлт бол улс төрийн тогтвортой нээлттэй байдал байх чухал байх ба Монгол улсын хувьд улс төрийн эрх мэдэл тайван замаар тогтвортой шилжилт хийдэг, бодлогын хувьд төрийн социал-демократ үзэл баримтлал голлох боловч улс төрийн шийдвэрүүд нь тогтворгүй байдаг. Мөн эрдэс баялгийн салбарт чиглэсэн улс төрийн амлалт, бодлого гаргах ба байгалийн нөөцийн үндэсний үзэл нөлөөтэй байр суурь эзэлдэг, мөн авилгийн индекс, хүнд суртлын индекс, засаглалын үнэлгээгээр доогуур байр эзэлж байгаа юм.
Алсын хараа-2050 зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд нь олон талын дутагдалтай боловч улс төрийн манлайллын нэг хэлбэр бөгөөд үүнийг тасралтгүй үнэлж, сайжруулж байх шаардлагатай юм.
Эдийн засгийн орчин. (Economic)
Эдийн засгийн орчны хувьд ДНБ хэмжээ бага (43 их наяд төг), хөрөнгө оруулалтын бодлого оновчгүй, хайгуулын шатанд ямар нэг хөнгөлөлт байхгүй, АМНАТ тооцох аргачлал нь тодорхой бус, банкны систем жижиг, хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ хөгжөөгүй байгаа нь харьцангуй дутагдалтай.
Эдийн засаг нь бүхэлдээ нэг салбараас, түүн дотор хоёр түүхий эд буюу цөөн хэдэн компанийн нөлөө маш их байна. Зэс, болон нүүрсний татварын жишиг үнээс дээш үнээр зарсан тохиолдолд шатлан нэмэгдэх татвар нь жижиг дунд төслүүдийг эхлэхэд ихээхэн бэрхшээл учруулж байгаа.
Улсын төсөв нь уул уурхайн түүхий эдийн үнээс хараат байх ба төрийн өмчит уул уурхайн компаниуд дийлэнх орлогыг оруулж байгаа ба цаашид ч энэ тоо өсөхөөр байна. Шинэ сэргэлтийн бодлого, Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн, Эрдэнэс Таван Толгой ХХК 30 сая тн нүүр экспорт хийх төлөвлөгөө гэх мэт.
Хэдийгээр эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог хангана гэж байгаа ч засгийн газрын танилцуулж байгаа тоо, төлөвлөгөөнд тийм мэссэж байхгүй байна. Бид хийнэ, ингэж хийхээр төлөвлөж байна гэсэн утга бүхий илтгэлийг ямар ч хөрөнгө оруулагч сонирхох вэ дээ? Эдийн засагт төрийн оролцоо их байх тусам хөрөнгө оруулагч шинээр орж ирэх сонирхол бага байх нь ойлгомжтой.
Хэдий тийм ч дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээлийн ойр оршдог хамгийн том давуу тал нь эерэг нөлөөлөл үзүүлдэг байна.
Нийгэм, соёлын орчин. (Social)
Салбарын хөгжилд нийгмээс ирэх эсэргүүцэл их байх бөгөөд энэ нь иргэд шаардлагатай төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа, цалин хөлсний хэмжээ бага, үүнтэй холбоотой ажилд хандах хандлага суларсан. Мөн нүүдэлчдийн байгалийг хайрлах, хөндөхийг цээрлэх үзэл нь орчин үеийн хэт ногоон үзлийн үр дүнд туйлширч түүнийг зарим иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагууд ч идэвхтэй дэмжиж иржээ.
Мөн нийгэмд төрөл бүрийн худал мэдээлэл, зохион байгуулалтай сөрөг сурталчилгаа, урлаг соёлын бүтээлүүд нь ихэвчлэн геологи-уул уурхайн салбарыг хар бараан өнгөөр дүрсэлж, гадаадын хөрөнгө оруулалт зэргийг “тонуулчин” гэж тодорхойлон дүрсэлж байна.
Техник технологийн орчин. (Technology)
Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлд сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан, менежмент, зохион байгуулалтын дагуу үйлдвэрлэл явуулж бүтээмж эрс өссөн ч энэ нь харьцангуй цөөн тоотой байна. Мөн олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татахын тулд тэдний стандартын дагуу ажлыг гүйцэтгэж, тайлан мэдээлэл гаргах хэрэгтэй. Энэ ажлыг эхлүүлэн Олон Улсын нөөцийн комисст гишүүнээр элсэж MRC код, MonVal стандартыг баталсан ч хэрэглээнд нэвтрүүлээгүй, мэргэжилтнүүдийг олон улсын зэрэг олгох ажил ч орхигдож, дахин ОХУ-ын стандартаас орчуулан баяжуулсан зөвлөмж зэргийг ашиглаж байна.
Мөн судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн ажил нь нэлээд хоцрогдолтой байна. Цөөн тооны компани өөрийн судалгааны нэгжүүдтэй байгаа тэдгээрийн мэдлэг дамжуулалт харьцангуй сул байна. Мөн салбарын бизнес орчин, нийгмийн мэдлэг мэдээлэл харьцангуй сул байгаагаас бусад салбар, оролцогч нар бодлого, үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж байна.
Хууль эрхзүйн орчин (Legal)
Дээрх улс төр, нийгэм эдийн засгийн нөлөөллүүд нь салбарын хууль эрхзүйн орчинд хоорондоо холбоо уялдаагүй олон тооны өөрчлөлт оруулж, хуулийг жижиглэснээр ашигт малтмалын тухай хууль нь 2 удаа шинэчлэн найруулсан, 3 дахиа хүлээж байгаа, 44 удаа нэмэлт өөрчлөлтөөр 270 гаруй зүйл заалтыг өөрчилснөөс гадна, цөмийн энергийн тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиуд, бичил уурхайн журам гэх мэтийг төрүүлэн гаргаад байна. Удахгүй хийн тухай хууль ч мэндэлж мэдэхээр байна.
Мөн дээрх хуулиудыг дагалдан гарсан журам, стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэгч, хяналт тавих эрх бүхий субъектүүд нь хоорондоо уялдаа холбоо муутай, бизнес эрхлэгч нарыг тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарахад хүргэж байна.
Олон улсын сайн туршлага дээр суурилсан стандарт, журмууд нэвтэрч байгаа ч нэвтрүүлэлтийн зардал, үйл ажиллагааны тогтворгүй байдлаас шалтгаалан цөөн тооны томоохон компани нэвтрүүлж жижиг дунд компаниуд хуучин, эсвэл бүрэн бус хуулбарласан стандартыг хэрэглэж түүний улмаас өсөлт хийж чадахгүй байна.
Байгаль, хүрээлэн буй орчин (E)
Байгаль цаг уур, газар зүйн байрлалын хувьд хэдийгээр жилийн 4 улирлын температурын зөрөө их, харьцангуй өндөрлөг бүс боловч дэлхийн зарим нэг бүс нутагтай харьцуулбал таатай буюу дундаж нөхцөлтэй гэж үнэлж болох талтай.
Хог хаягдал, бохирдлын түвшин, нөхөн сэргээлтийн хувьд тухайн орчин орон нутагтаа зарим тохиолдолд механик болон химийн бохирдол үүсгэж байгаа ч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд экологид сүйрэл учруулахуйц нөлөөлөл гараагүй байна.
Байгаль орчны хамгааллын хувьд байгаль орчны багц 19 хууль үйлчилж байгаа бөгөөд эдгээрийн гол үзэл санаа нь байгаль орчныг “гар хүрэхгүй” хамгаалах философийг агуулж байдаг. Байгаль орчны яамны зорилтод улсын тусгай хамгаалалтай газрын хэмжээг 30% хүргэх зорилт агуулж байдаг.
Мөн нийт нутаг дэвсгэрийн 83% нь ямар нэг хамгаалалт, тусгай хэрэгцээний газар, хилийн зурвас гэх мэтээр эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг.
Иргэдийн байгаль орчин, байгалийн нөөц ашиглалтын талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас элдэв мэдээлэл зэрэгт итгэх нь их байдаг ба үүнийг далимдуулан элдэм сөрөг мэдээлэл, уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан “газар хөдлөлт” идэвхжиж байгаа талаар мэдээлэл газар авч байна.
Дүгнэлт
Эрдэс баялгийн салбар нь эрсдэл ихтэй байдаг онцлогтойн адил түүний хөрөнгө оруулалтаа нөхөх, компани, улсын эдийн засагт нөлөөлөх нөлөө нь 15-20 жилийн дараа байдаг, бид өнөөдөр 1997-2006 оны хооронд хийгдсэн ажлын үр дүнг сайлан муулан хүртэж байгаа шиг өнөөгийн бидний бэлдсэн нөөцийг 2050 онд шүүж хэлэлцэх болно.
Бид олон улсад өрсөлдөх чадвартай бизнесийн орчныг бий болгохын тулд дээрх судалгааг улам нарийвчлан гүйцэтгэж дэс дараалалтай, системтэй сайжруулалт хийж байж хөрөнгө оруулагч нарыг татаж дараагийн “Олон толгойг” олох ёстойг санаж бизнесийн цогц таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Энд салбарын мэргэжлийн дуу хоолой, эрхийг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан холбоод, зөвлөлүүдийн идэвхтэй манлайлал, бизнесийн байгууллагуудын оролцоо дэмжлэгээр хэрэгжих учиртай.
Мөн дээрх аргачлалыг нарийвчлан аливаа төсөл хэрэгжүүлэх орон нутаг, төслийн хэмжээнд судалж байж системтэй ажиллах нь зүйтэй юм.