– Business.MN сэтгүүлийн 2023 оны 03 сарын дугаар (№52) -т хэвлэгдсэн нийтлэл –
Дэлхий дахин тэр аяараа уламжлалт арга хэлбэрээс татгалзаж клауд үйлчилгээг сонгох болов. Маш товчоор, компаниуд сервер, тоног төхөөрөмжөө орхиж, үүлэн технологийн хөгжилд дэд бүтцийн асуудлаа даатгаж эхлээд байна. Тэгвэл дэлхийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн алхах боломжийг хэрэглэгчдэдээ олгосоор ирсэн “Могул Сервис” компани өнгөрсөн жил ашиглалтад оруулсан Могул дата центртээ тулгуурлан клауд буюу үүлэн технологид суурилсан хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тун удахгүй хүргэж эхлэхээр ажиллаж байна.
Клауд үйлчилгээний эрэлт хэрэгцээ хурдтай нэмэгдэж буй өнөө цагт дэлхийн томоохон технологийн компаниуд бизнесийн тодорхой хэсгээ энэ чиглэлд төвлөрүүлэх болсон билээ. Тухайлбал, Amazon -ийн AWS, Microsoft -ийн Azure, Google -ийн Google Cloud үйлчилгээг дурдаж болно. Эдгээр компанийн клауд үйлчилгээнээс олж буй ашиг орлого бизнесийнх нь дийлэнх хэсгийг эзэлж буй нь ирээдүйд мэдээлэл технологийн салбарын хөгжил үүлэн технологитой нягт уялдахыг харуулж буй. Олон улсын энэхүү чиг хандлагыг дагаж, Монголд ч мөн клауд үйлчилгээ нэвтэрч, хэрэглээ нь нэмэгдэж эхэлсэн. Нэг үгээр, технологийн хувьд хоцорно гэсэн ойлголт Монголд байхаа больж, олон улстай эн зэрэгцэн алхах болсон юм. Үүнд хувь нэмэр оруулж буй технологийн компаниудын нэг нь “Могул Сервис”. Тэд технологийн хөгжлийг бизнестээ нэвтрүүлж, үр өгөөжийг нь хүртэж, өрсөлдөөнд давуу байдлыг бүтээхийг хүссэн байгууллагуудад зориулан мэдээлэл технологийн үйлчилгээний цогц шийдлийг санал болгодгоороо онцлог.
“Могул” групп Зүүн Өмнөд Азийн зах зээл дэх технологийн салбарын томоохон тоглогчтой хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд клауд технологид суурилсан нийт 200 гаруй үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
10 жилийн өмнө “Могул Сервис” компани үүсгэн байгуулагдсанаар өдгөө мэдээлэл технологийн салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн охин компани бүхий “Могул” групп үүсгэн байгуулагдах эхлэл болжээ. Өөрөөр хэлбэл, “Могул” группынхэн Монголд мэдээлэл технологийн салбар төдийлөн сайн хөгжөөгүй байх үеэс эхлээд хөгжил эрчимжсэн өнөөдрийг хүртэлх олон жилийн хугацаанд нэг чиглэлээрээ тууштай дагнан ажиллаж, арвин туршлага хуримтлуулж чадсан хамт олон юм. Тэр дундаа, тус группын ууган компани болох “Могул Сервис” анх байгуулагдахдаа л “Мэдээлэл технологийн хөгжлөөр дэлхийн түвшний компани болно” хэмээн алсын хараагаа тодорхойлж, өнөөг хүртэл өөрчлөлгүй зорилго, зорилтдоо хүрч, амжилттай ажилласаар байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус компани 20 дахин өсөлт үзүүлжээ. Энэ талаар гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ “Эхний таван жил бид хөл дээрээ баттай зогсох гэж их зүтгэсэн. Тухайн үед монголчууд үйлчилгээг үнэгүй зүйл гэж хүлээн авдаг, бидний хүргэхийг зориод буй үйл ажиллагааг төдийлөн ойлгодоггүй байсан. Үүнийг өөрчлөх нь бидний гол зорилго байлаа. Тиймээс үйлчилгээ гэдэг тусдаа үнэтэй, мөнгө төлдөг зүйл гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулж, сургахын төлөө эхний таван жилээ зориулсан” хэмээн тайлбарлав. Жил ирэх тусам “Могул Сервис” -ийн үйл ажиллагааны онцлогийг хүмүүс ойлгож, уламжлалт аргаар буюу бүх тоног төхөөрөмжөө өөрсдөө хариуцаж, авч явдаг байгууллагуудын тоо ч буурах болсон юм. Энэ бүхний оронд хэрэглэгчид үндсэн бизнестээ анхаарч, мэдээлэл технологийн дэд бүтцийн асуудлаа бүхэлд нь “Могул Сервис” -т итгэн хариуцуулж эхэлжээ. Дэлхийн тэргүүн туршлагыг дотооддоо нэвтрүүлж, ITIL, ISO 20000 зэрэг мэдээлэл технологийн үйлчилгээний олон улсын тэргүүн туршлага, стандартыг баримталж, хариуцлагатай, нягт нямбай ажилласан нь хэрэглэгчдийн тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн байна.
“AWS, Azure, Google Cloud зэрэг дэлхийн томоохон public cloud үйлчилгээнүүдтэй адил үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт, шаардлагыг хангасан, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж ойлгож болно”.
Сүүлийн жилүүдэд технологийн салбарын хөгжил дэвшлийн хүчээр дэлхий даяар сервер, тоног төхөөрөмжөө өөрсдөө хариуцаж, авч явахаас илүү клауд үйлчилгээг сонгож, ийш шилжих хөдөлгөөн эрчимжээд буй. Дотоодод ч мөн ийм хэрэгцээ шаардлага үүсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон тул “Могул Сервис” компани ирээдүйг угтсан алхам хийж, өнгөрсөн жил олон улсын стандартад нийцсэн Могул дата центрийг Монголд анхлан байгуулсан юм. Дэлхийд тэргүүлэгч Schneider Electric брэндийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг, ногоон технологид суурилсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон уг дата төв олон улсын TIER 3 стандартыг бүрэн хангажээ (Олон улсад дата төвийг Uptime институтын TIER 1-4 хүртэлх стандартаар эрэмбэлдэг). Тиймээс уг дата төвд тулгуурлан private cloud, public cloud, hybrid cloud, multi-cloud зэрэг клауд технологид суурилсан цогц шийдэл бүхий цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд тэд зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна.
“AWS, Azure, Google Cloud зэрэг дэлхийн томоохон public cloud үйлчилгээнүүдтэй адил үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын стандарт, шаардлагыг хангасан, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж ойлгож болно” хэмээн “Могул Сервис” компанийн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ хэлж байна. “Могул” групп Зүүн Өмнөд Азийн зах зээл дэх технологийн салбарын томоохон тоглогчтой хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд клауд технологид суурилсан нийт 200 гаруй үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, kubernetes буюу маш олон тооны майкро үйлчилгээ, file storage, backup буюу тухайн байгууллага өөрийн датаны нөөц хэсгийг Могул дата центрт байршуулж, эрсдэл үүссэн үед эргэн сэргээх боломжтой үйлчилгээ, мөн multi-cloud буюу байгууллага серверээ гадаад, дотоодын дата төвд тараан байршуулсан тохиолдолд интеграц хийх, нэг цонхноос удирдах боломжтой үйлчилгээ, hybrid cloud буюу private болон public cloud үйлчилгээг хослуулан ашиглах, нэгдсэн удирдлагаар хангах үйлчилгээ, VM orchestration буюу виртуал машин түрээслэх, нэгдсэн байдлаар удирдах боломжит үйлчилгээ зэрэг олон бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхээр зэхэж байгаа юм. Энэ бүх үйлчилгээгээ нэгтгэн Могул клауд хэмээн нэрлэж буй бөгөөд гаднын ижил төрлийн үйлчилгээ ашигладаг хүмүүст ойлголтын ямар нэг зөрүү үүсэхгүй, хялбар байх болно гэдгийг онцолж байв.
“Клауд үйлчилгээг ашигласнаар хуучирсан тоног төхөөрөмжтэй үлдэхээс сэргийлж, урт хугацаандаа ихээхэн хэмнэлт үүснэ”.
“Монголдоо мэдээлэл технологийн олон улсын түвшний найдвартай үйлчилгээ авч чадвал бизнесийн салбарынханд маш том давуу тал үүснэ. Хэрэв ямар нэг байдлаар шилэн кабель тасарвал хилийн чанадаас үйлчилгээ авч чадахгүйд хүрнэ. Мөн мэдээллийн аюулгүй байдлын хувьд ч бид бүх шийдлийг цогц байдлаар нэвтрүүлсэн. Дээр нь сүлжээний хоцрогдол багасах тул илүү хурдтай ажиллах боломж бүрдэнэ” хэмээн С.Болор-Эрдэнэ тодотгож байна (Гадаадын ямар нэг клауд үйлчилгээг ашиглахад хандалтын хурд дунджаар 60-100 милсекундын хоцрогдолтой байдаг бол Могул клаудыг ашиглаж эхэлснээр энэ хугацаа 0-10 милсекунд болж багасах юм).
Клауд технологид суурилсан цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд албан ёсоор нэвтрүүлэхээсээ өмнө “Могул Сервис” компанийнхан хэдэн сарын турш туршилт явуулах бөгөөд энэ үеэр томоохон байгууллагуудад Могул клаудыг туршиж үзэх боломжийг олгож, эхнээсээ гэрээ байгуулан хамтран ажиллаж буй. Тэдний санал болгож буй олон төрлийн үйлчилгээнүүдээс хэрэглэгч зөвхөн өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгож, ашиглах боломжтой буюу хэрэглэсэн хэмжээгээрээ л төлбөрөө төлөх юм. Энэ нь гаднын ижил төстэй үйлчилгээ авахад тулгардаг асуудал болох нэг том багц худалдаж авсан ч доторх бүх үйлчилгээг бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй зардал гардаг бэрхшээлийг халж буйгаараа давуу талтай. Харин оронд нь аппликэйшны түвшинд шийдэл санал болгох хэмжээний жижиг үйлчилгээнүүдээс сонгож, уян хатан ашиглах боломжтой.
Мэдээлэл технологийн дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийдэж, авч явах бус мэргэжлийн компаниас үйлчилгээ хэлбэрээр авснаар тухайн байгууллагад зөвхөн үндсэн бизнестээ анхаарах боломж үүсдэг. Мөн зардал буурч, үр ашиг, бүтээмж нэмэгдэж, дэд бүтцийн хувьд илүү ойлгомжтой, цомхон болдогийг олон улсын жишгээс харж болно.
Мэдээлэл технологийн дэд бүтцийн асуудлаа өөрсдөө шийдэж, авч явах бус мэргэжлийн компаниас үйлчилгээ хэлбэрээр авснаар тухайн байгууллагад зөвхөн үндсэн бизнестээ анхаарах боломж үүсдэг. Мөн зардал буурч, үр ашиг, бүтээмж нэмэгдэж, дэд бүтцийн хувьд илүү ойлгомжтой, цомхон болдогийг олон улсын жишгээс харж болно. Мэдээлэл технологийн үйлчилгээний цогц шийдлийг хүргэгч “Могул Сервис” компанийн хамт олон ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон харилцагчдадаа үнэ цэн бүтээхэд тусалж, тогтвортой хамтран ажиллаж байгаа юм. Тиймээс тэд компанийнхаа 10 жилийн ойн хүрээнд харилцагчдадаа зориулан уулзалт, вөркшоп зохион байгуулахаас эхлээд маш олон урамшуулал, гэнэтийн бэлэг задлахаар төлөвлөжээ. Үүнээс гадна 10 жилийн турш тогтвортой хамтран ажиллаж буй байгууллагууддаа илүү ахисан түвшний үйлчилгээнүүд үзүүлэхээр бэлдэж буйгаа хуваалцсан юм.
“Хамгийн гол нь дата үнэ цэнтэй, амьд байх ёстой. Үүнд, дата төвийн гүйцэтгэх үүрэг маш их”.
Өнгөрсөн хугацаанд “Могул Сервис” компани дотоодын харилцагчидтайгаа тогтвортой хамтран ажиллахаас гадна Microsoft корпораци болон Kaspersky, Acronis, Canon зэрэг компанийн албан ёсны түншээр урт хугацаанд хамтран ажиллаж ирснээрээ зах зээлд ялгардаг. Ингэж олон жилийн турш амжилттай ажиллахад чадварлаг инженерүүдийнх нь туршлага, мэдлэг, ажлын ёс зүй голлон нөлөөлсөн гэдгийг “Могул Сервис” компанийн менежментийн баг онцолж байсан юм. “Бидний гол стратеги бол инженер, техникийн ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж, цэнэглэх. Ажилтнууд маань бараг л ажиллаад байна уу, сураад байна уу л гэмээр байдаг. Манай компани яг л их сургууль шиг байж чаддаг. Энэ бол бидний давуу тал” хэмээн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ хэлж байна.
Тус компани мэдээлэл технологийн үйлчилгээний цогц шийдлийг санал болгодог учраас стартапаас эхлээд томоохон групп компани хүртэлх төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудын хэрэгцээнд тохирох үйлчилгээг хүргэж чаддаг. Мөн борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч бүрэн дүүрэн ашиглах, үр өгөөж хүртэх, асуудлаа шийдвэрлүүлэх бололцоогоор хангахын зэрэгцээ технологийн салбар дахь өөрчлөлтийг соргог мэдэрч үйл ажиллагаандаа тусгадаг тул харилцагчид нь сэтгэл хангалуун, тогтвортой үйлчлүүлсээр ирсэн юм. “Могул Сервис” компани үүсгэн байгуулагдсанаас хойших эхний 10 жилдээ мэдээлэл технологийн үйлчилгээний онцлог, ач холбогдлыг таниулах, өөрийн гэсэн зах зээл, хэрэглэгчидтэй болохыг зорьж ажилласан бол дараагийн 10 жилээ бизнесээ өргөжүүлэх, дэлхийн түвшний бүтээгдэхүүн, үйлчилгээг үргэлжлүүлэн улам далайцтай хүргэх, илүү алсын хараатай “нүүдэл” хийхэд төвлөрөн урагшилж байна.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 03 сарын дугаар (№52) -т хэвлэгдсэн нийтлэл –