Сангийн яам яагаад хүлээн авч буй балансынхаа мэдээллийг нээлттэй тавьдаггүй вэ? Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Болормаа зөвлөгөөн дээр ярихдаа “Хамгийн хүнд зүрхний өвчин бол систем гацдаг. Сервер системийг ачааллыг нь хэтэртэл, үг хэлдэг бол дуу тавьж орилтол ачааллаж гацаадаг” гэж хэлж буй нь төдийлэн таатай санагдсангүй. Б.Болормаа дарга сервэр системдээ анхаарч байгаа болохоос хорь, гучин мянгаараа нэг өдөрт тэр системд хандаж байгаа цаад шалтгааныг олж харж чадахгүй байна. Энэ систем анх бий болсон цагаасаа л тайлангийн сүүлийн өдрүүдэд гацдаг байсан. Намайг татварт ажилд орсон 20 гаруй жилийн өмнөөс тайлангийн сүүлийн өдөр хүний хөлд дарагдаж дараалал, дугаар коридорт зай талбай үлдээдэггүй байсан. Одоогийнх шиг цахимжаагүй байсан. Тэрийг нь тулгаж, шалгаж авна гэдэг хэцүү ажил байж билээ. Татварын тайлангийн хувьд харьцангуй гайгүй байсан бол баланс ганцхан төрийн сангийн мэргэжилтэн, татварын 10 гаруй байцаагч дээр хянуулсан хүмүүс шавдаг байлаа. Гэтэл үнэндээ бизнес хийж ачаалал үүрч яваа хүнд өөрт нь чухал биш балансыг гаргахдаа татварт хянасан тоог тааруулаад л төрийн санд аваачиж өгнө.
Баланс өгөх нь аж ахуйн нэгжүүдэд ач холбогдол муутай. Хуулиар торгодог учраас л хамгийн сүүлийн өдөртэй уралдан системийг нь гацааж байгаа нь тэр. Энэ байдал цаг үедээ нийцсэн бодлогын шинэчлэл хийснээр л гайгүй болох байх. Зөвхөн хоёрдугаар сарын 10-ны өдөр баланс шивэх ёстой гэдэг тогтсон дэгээ өөрчилж, хуульд өөрчлөлт оруулахгүй юм бол хүн ам өсөхийн хэрээр энэ байдал үргэлжилсээр байх болно.
Татварын болон санхүүгийн тайлан гаргах хугацааны давхцал. Санхүүгийн тайлан гарч байж татварын тайлан гарах нь нягтлан бодох бүртгэлийн хувьд зөв байдаг. Гэвч зөрүүтэй тооцоолол үүсдэг. Түүнийгээ ч зохицуулдаг тайлан бий. Нягтлан бодох бүртгэл гэдэг нь аж ахуйн нэгжийн амин чухал тооцоолол. Гэвч бичил, жижиг аж ахуйн нэгжүүд төдийлэн хэрэг болгож ашиглахгүй хялбар аргаар хөтлөөд явахыг илүүд үздэг.
Олон улсад мөрдөгдөж буй бүртгэлийн стандартыг хэрэгжүүлж эхлээд 20 гаруй жил болж байгаа ч бичил, жижгүүдэд тэр нь төдийлэн нөлөөлөхгүй байна. Томорч чадсан нь тогтвор суурьшилтай сайн нягтлантай болоод явдаг ч тайлан балансаа ч гаргадаггүй олон аж ахуйн нэгж байсаар байна.
Б.Болормаа даргын хэлснээр “Энэ жил 160 мянган аж ахуйн нэгж баланс өгөх төлөвтэй байна” гэсэн. Улсад бүртгэлтэй 240 мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй хувиас баланс авахаар төлөвлөсөн гэсэн үг. Татварын тайлангаа өгдөг аж ахуйн нэгж өмнөх жилүүдээс буурсаар ирсэн ч чанарын хувьд бас ч тааруухан байдаг. Энэ жил “Төлбөрийн баримтын систем”-ийн тусламжтайгаар Татварын алба чанартай тайлан авч чадсан болов уу гэж найдаж сууна.
“Баланс гаргаж төлөх татварыг чинь бууруулдаг” гэсэн ойлголт их байх юм. Гэтэл татвар бол тухайн хуулиараа ногдуулж буй үйл явц учраас энэ үйл явцад балансаа тохируулж тайлагнах болдог. Тиймээс үйл ажиллагаа явуулж эхэлж буй болон хөлөө олох гэж жигдэрч ядаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээс татварын тайланг нь зөв гаргуулж сургах нь төрийн ач холбогдол өгөх ёстой чухал ажил санагддаг.
Татварын тайланг баланстай давхцуулснаар аль аль тайлан саармагжиж торгуульд эргэлдсэн, баялаг бүтээгчүй болох нь байна. Ядаж л бусад улсын туршлагыг нэг сайн хармаар юм. Балансыг төр нь аваад байна уу, хөндлөнгийн өөр байгууллага авдаг уу, авахдаа торгоод байна уу, гуйж байна уу гээд үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө чухам бусад улс орноос илүү юм хийх гээд буруудаад байгаагаа мэдэж авахаар хугацаа өнгөрлөө.
Төр татварын тайлангаа авах нь хэрэгтэй юу баланс авах нь хэрэгтэй юу. Энэ хоёр тайлан балансыг давхцуулж нэг өдөр авах гэж ачаалал үүсгэх гол ач холбогдол нь юу вэ?
ДНБ, улсын дотоод, гадаад өр гэх мэт макро эдийн засгийн тооцоолол хийхэд шаардлагатай байж болох юм. Тэгвэл баталгаажуулсан балансын чанар ямар байна. Улсын ямар тоон үзүүлэлтэд бичил, жижгүүдээс ирүүлж буй “зохиолгосон” балансын дүн хэрэг болж байна вэ?
Татвар бол тухайн улсын иргэдийн хуулиар хүлээсэн үүрэг. Төртэй байхын үндэс. Тиймээс татварын тайлан авах нь төрд төсвөө бүрдүүлэх чухал эх үүсвэр.
Системдээ гацалт үүсгэхгүй байя гэвэл олон арга л зэрэгцүүлж хэрэглэхэд орчин үед цахимаар бүх мэдээллээ авдаг болсон манайх шиг боловсрол сайтай иргэдтэй улсад тайлан гаргах хугацаа ялгаатай байхад хүндрэл тохиолдохгүй юм. Жишээ нь цалингийн орлогоос суутгасан татварын жилийн тайланг өмнөх оны 12 сарын цалингийн тооцоог бүрэн хийж дуусгаад нэгдүгээр сарын 25-нд авч болно. Тайлангийн онцлогоос хугацааг өөр тавьж болно.
Харин санхүүгийн тайланг нэлээн урт хугацаанд авч, үнэн байхыг шаарддаг байх хэрэгтэй. Том аж ахуйн нэгжүүдэд харьцангуй урт хугацаа тавьж өгдөг. Харин бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд зүгээр л кампанит ажил хэлбэрээр авч байна. Балансын тайлагналыг том, жижгээр ялгахаас гадна эдийн засгийн салбарын ангиллаар ялгаатай тайлагнуулж болно. Намар ажлаа дуусаад явсан гадаад захирлын араас өмнөх улирлын тайланг нь хуулж өгч явуулах хий ажил нэмэгддэг болохыг зохицуулмаар байгаа юм. Манай улс хөдөө аж ахуй, газар тариалангийн орон биз дээ. Төрийн бодлого уялдаатай байна гэдэг ийм зүйлүүдээс л хамаардаг юм.
Тайлан бүрд өөрийн онцлогт таарсан хугацааг өөрөөр тогтоож болно. Заавал нэг өдөр бүгдийг давхцуулах нь хэн хэндээ дарамттай болсоор ирлээ. Зөвлөгөөн дээр Б.Болормаа дарга “Тайлан илгээх сүүлийн өдөр 20-30 мянган хандалт ирдэг. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын эхэн хүртэл системд хандалд маш бага байдаг тухай хэлж байсан. Гэтэл санхүүгийн жил 12 дугаар сарын 31-нд дуусаад маргааш нь нэгдүгээр сарын 1-д шууд балансаа шивэх хүн байх уу. Баланс, тайлан хийдэг нягтлангуудад энэ үг таалагдаагүй л байх. Тэдэнд шат дараалсан ажиллагаа хийж 12 сарынхаа бүх тооцоог дуусгаж, нэгдүгээр сарын 10-нд НӨАТ-ын 12 сарын тайланг өгснөөр л баланс руугаа орох ажил нь жигдэрнэ. Ядаж байхад шинээр хөгжүүлж буй төлбөрийн баримтын систем нягтлан, захирлуудын ажилд бусдаас хамааралтай нэмэлт ажлууд гаргаж байгаа нь том аж ахуйн нэгж байтугай бичил, жижгүүдэд ачаалал нэмснийг хүндэтгэн үзэх хэрэгтэй юм.
Төрийн ямар ч албан хаагч “Тайлан баланс өгөх бүтэн нэг сар 10 хоног байхад хийхгүй яасан юм бэ” гэж ярих нь маш буруу үг. Төр татвар төлөгч, баялаг бүтээгчдээ бичил, жижиг, дунд, том гэж ялгахгүй хүндэтгэдэг болох хэрэгтэй. Төрийн тайлан баланс авч буй ажилтнууд нэгдүгээр сарын 1-нээс тайлангийн хугацаа нээгдсэн гэж тавлан ярих нь магадгүй “Х” тайлангаа авах гэж яардаг байж болох юм.
Бидний хувьд аль болох “Х” тайлан авахгүй байх бодлогыг төр барих ёстой гэж боддог тул төр төлөөлж буй дарга нар ч мэдлэгтэйгээр олон нийтэд хандаж ярьж сурах хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд ямар нэг байгууллагад харьяалуулж ажиллахгүй, бие даасан үйл ажиллагаа эрхлэн явуулах шинэ цаг үе ирснийг төрийн бодлого барьж буй дарга нар мэдэх болсон байх.
Тиймээс 20 жилийн өмнөх бодлогоо өөрчлөх шаардлага цаг үетэй хамт зэрэгцээд ирснийг хэрэгжүүлмээр байна. Шинэчлэл хийгээд л байдаг. Гэтэл бид яагаад сэтгэлгээндээ шинэчлэл хийхгүй байна вэ. Харин ингэж давхцуулж, ачаалал бий болгох нь хэнд “АШИГ”-тай вэ? Ямар ч бөөгнөрөл заримд нь ашиг хийх боломж олгодог юм. Гэхдээ бусдын стресс, хэрэггүй тооцоогоор ашиг хийх нь сайхан гэж үү.
Хяналт бус хэлбэр болсон аудит
Саяхан бас л нэг найз хамгийн сайн гэх санхүүгийн программ ашиглаж гаргасан балансаа төрд өгөхийн тулд аудит хийлгэсэн нэр зүүж, тамга даруулахын тулд доод тал нь 3.5 сая төгрөг төлөх хэрэгтэй болсон тухайгаа надад ярьсан юм.
Аудит гэдэг уг нь мэргэшсэн хяналт. Олон улсын жишгээр хөгжүүлбэл тайлантай давхцуулж, тамга дарах төдий үйлчилгээ биш юм. Тэд заавал тайлангийн энэ богинохон хугацаатай давхцуулан татвар төлөгчдийн нуруун дээр ачаалал нэмэн суух нь зохисгүй тогтолцоо. Монголд бас л тайлантай зэрэгцэж ирдэг нэг дарамт. Яг хэнд хэрэгтэй аудит хийгээд байгаа нь ойлгомжгүй. Аудит хийх үнэлгээ нь торгуулийн дүнтэй уялдаатай. Аудит хийлгэх ёстой аж ахуйн нэгжийн хөрөнгийн босго нь тоон дүнгээр хуульчилсан. Нэгэнт л тухайн үеийн тоон мэдээлэлд үндэслэж буй бол инфляцтайгаа уях хэрэгтэй. Одоо том гэлтгүй бичил, жижиг бүх аж ахуйн нэгж аудит хийлгэх болох нь.
Сайн ухвал эндээс олон дарамт аж ахуйн нэгжүүдэд ирдэг.
Эдийн засгийн мэдлэг, мэргэжилгүй захирлууд байнгын зөвлөгчтэй байхгүй л бол санхүүгийн одоо тогтсон системдээ “маллуулах” тохиолдол их гардаг. Тиймээс л итгэлцэл энэ системд хамгийн хэцүү ойлголт болсон байна.
Аудитын чиглэл бол компанийн хувьцаа эзэмшигч, захирлуудад нягтлан нь ажлаа зөв хийж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт өгдөг мэргэшсэн хүмүүс. Гэтэл манайд утга чиглэл нь өөрчлөгдсөн. Компаниуд санхүүгийн тайлангаа төрд өгөхийн тулд аудитын байгууллагад мөнгө төлж баталгаажуулсан балансыг төрийн сангийн мэргэжилтэн дахин баталгаажуулж авдаг шат дараалсан олон баталгаажилтын үр дүнгээр олон сая төгрөг зарцуулан байж САНХҮҮГИЙН ТАЙЛАН гацсаар улсын мэдээ болж нэгтгэгддэг сонин “аймаар” ачаалалтай системийг энэ 30 жилд бид бий болгожээ.
Эргээд сайн харвал энэ бүхэн аж ахуйн нэгж ажиллуулахаас залхааж, хөдөлмөрлөх чадвартай сайн иргэдээ гадагш дүрвээх шалтгаан болж байна. Иргэд нь ажил хийхгүй халамж авах гэж тэмүүлдэг болсон нь хэсэг нөхөд төртэйгээ нийлж бизнесээ хуульчлуулж аваад бичил, жижиг бизнесүүдээ үүсэх анхны мөчөөс нь эхлээд нуруун дээр нь гарч суудаг болсон гэхэд худал болохгүй.