– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -ын ковер нийтлэл –
Нэгэн цагт “Онч-Аудит” -аас Deloitte Onch болж, олон улсын томоохон тоглогчтой хамтран ажиллаж байсан компани өдгөө Onch & Company болон өөрчлөгдөж, рэбрэндинг хийж буйгаа зарлалаа. Зөвлөх үйлчилгээний салбарын хувьд энэ бол сайн мэдээ. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 30 гаруй жил болж байгаа бол Onch & Company -ийн хувьд түүний 20 -иод жилд нь үйл ажиллагаа явуулж, глобал компанид ажиллахын зэрэгцээ тив дамнан туршлага хуримтлуулсан үндэсний зөвлөхүүдийг бий болгож чаджээ.
“Ажилладаг салбар маань нэлээд өвөрмөц, тусгай ур чадвар хүнээс шаарддаг. Ийм чадварыг эзэмшихийн тулд дунджаар 15 жил хөдөлмөрлөх шаардлагатай. Миний хувьд мэргэжлийн үйлчилгээний салбартаа 30 орчим жил ажиллаж байна” хэмээн Дэндэвсамбуугийн Ончинсүрэн хэлж байна. Түүний албан өрөөний цонхоор Сүхбаатарын талбай, хүн зон, автомашины хөдөлгөөн алган дээр тавьсан мэт илхэн үзэгдэнэ. Мэргэшсэн нягтлан бодох бүртгэл, татвар, аудитын мэргэжилтнүүдийг монголчууд голдуу санхүүгийн салбарт хамаатуулан ярьдаг боловч яг ч тийм биш хэмээн тэр залруулж байна. Түүний эрхэлдэг ажил бол мэргэжлийн үйлчилгээ, тэр дундаа нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн үйлчилгээ бөгөөд яг энэ чиглэлээр тэрбээр салбартаа анхдагч, тэргүүлэгчдийн нэг юм. Түүнийг дээхэн үед “Онч-Аудит” компаниар нь, харин сүүлийн 10 гаруй жилийн турш санхүүгийн “Их дөрвөл” (Big 4) -ийн нэг Deloitte -ийн Монгол дахь салбар Deloitte Onch (Делоитт Онч) компаниар нь бизнесийн хүрээнийхэн андахгүй.
Гэхдээ энэ удаа тэр огт өөр төлөвлөгөө боловсруулж сууна. Бүх зүйл 2021 оны дөрөвдүгээр сард эхэлжээ. Ковид-19 цар тахал дэгдэж, дэлхий даяар ид шуугиж, бужигнаж байсан үе. АНУ -ын Нью-Йорк хот дахь Deloitte -ийн төв оффисоос бөмбөрцгийн нөгөө талд тэднийг төлөөлж буй Д.Ончинсүрэнтэй биечлэн холбогдож, Монголын зах зээлээс гарахаар болсон тухайгаа дуулгажээ. “Над руу залгахад нь л шууд ойлгосон. Би бусад хүний байр сууринд өөрийгөө автоматаар аваачиж, аливааг бодож эргэцүүлдэг зуршилтай хүн. Тиймдээ ч тэд Монголын зах зээлээс гарах бизнес, эдийн засгийн шалтгааныг маш сайн ойлгож байсан тул ‘Тийм ээ, би ойлгож байна’ гэж хариулсан” хэмээн тухайн үед өрнөсөн ярианаас тэр цухас дурдлаа. Эдийн засаг хумигдаж, бизнесийн орчин базаахгүй болоод байсан тэр үед дэлхийн 150 улсад 260 мянга гаруй ажилтантай аварга сүлжээ бүхий Deloitte Монголын жижиг зах зээлд “ахдаж” байв. Үүнд, Deloitte Onch -ийн гол харилцагчид болох олон улсын томоохон компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай улсаас нэг нэгээрээ гарсан нь ч голлон нөлөөлсөн байна. Ингээд хагас жил гаруй бэлтгэсний эцэст тэд 2022 оны нэгдүгээр сарын 31 -нд Монголоос албан ёсоор гарчээ.
“Deloitte -ийг төлөөлөх болсон нь салбартаа үзүүлж чадах миний хамгийн том амжилт байсан. Карьерын маань хувьд ч эргэлтийн цэг болсон”.
“Өөрсдөө бие даан компаниа авч явах уу?”, “Эсвэл гадаадын аль нэг компанитай хамтрах уу?” гэсэн сонголт Д.Ончинсүрэнгийн хамт олны өмнө тулгарлаа. Гэвч компанийн ерөнхий захирлын хувьд тэр дотроо хэдийнэ шийдвэрээ гаргачихаад байв. Энэ бол үндэсний компани болох шийдвэр байлаа. Бүр Deloitte -ийг гарахаас хэдэн сарын өмнө компанийнхаа ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох лого, дизайнаа бэлэн болгочихоод байж.
20 гаруйхан наснаасаа олон улсын компанид ажиллаж ирсний хувьд түүнд Монголын өв уламжлал, танин мэдэхүй, ардын ухааныг барууны соёл, мэдлэг, практиктай хослуулж, харьцуулж бодох дадал суусан байлаа. Энэ дадал нь олж авсан мэдлэгээ өөртөө гүн шингээж, дараа нь практикт ашиглахад дөхөм болгодог байв. Тиймээс компанийнхаа логог шинээр бүтээхдээ мөнхөд үргэлжлэх, тасралтгүй, тогтвортой чанарын бэлгэдэл болох өлзий хээг сонгож, илүү орчин үеийн, дижитал өнгө аяс оруулах үүднээс хээг задалж, тэндээсээ логонд ашиглах дүрсээ сонгожээ. Дизайны энэ шийдлээрээ Оюуны өмчийн газраас патент хүртэл аваад амжиж. Логог нь сайн харвал үзүүр нь дотогш чиглэсэн сумнууд мэт харагдах бөгөөд бүгд байгаа онож буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь дуудлагын хувьд компанийн нэрний нэг хэсэг болох Onch хэмээх үгийг санагдуулна. Харин логог бүхэлд нь ажиглавал сумнууд гадна талдаа задгай хэлбэртэй байгаа нь өргөжин тэлэх, өсөн дэвжих бэлгэдлийг агуулжээ.
Энэ бүхэн Д.Ончинсүрэн бүх зүйлд бэлтгэлтэй байсны сацуу алс хэтээ хэрхэн зураглаж буйн илэрхийлэл болсон юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр олон улсын стандарт, глобал туршлагыг Монголын хөрсөнд нутагшуулахын зэрэгцээ Австрали, Англи, Сингапур, Хонконгийн зах зээлд ажиллаж, тив дамнан туршлага хуримтлуулсан, чадварлаг залуусаар залгамж халаагаа бэлтгэжээ. Тэдний туршлагыг нэгтгэвэл нийт 300 жил болно гэдгийг Д.Ончинсүрэн тодотгоод энэ л мэдлэг, чадвараа бусадтай хуваалцаж, Монголын компаниудыг дараагийн шатанд гарч, өсөж хөгжих, өргөжин тэлэхэд нь хувь нэмэр оруулах цаг ирснийг онцлов.
Гэхдээ юуны түрүүнд олон жил хамт ажиллаж, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, мэргэжлийн хувьд өсгөж хөгжүүлсэн залуучуудтайгаа энэ талаар сайтар ярилцаж, ойлголцох нь чухал байв. Тиймээс хамт олондоо өөрийн алсын хараа, хүсэл зорилгоо сайтар ярьж тайлбарлаж, таниулахаас энэ бүхэн эхэлжээ. “Хэрэв та хөгжлийн ирээдүйн дүр зургийг олж харсан бол тэр зүгт хамт зүтгэх баг хамт олноо нэгдсэн ойлголт, зорилготой болгох нь чухал. Ингэж итгүүлнэ гэдэг манлайллын том ур чадвар гэж боддог. Ер нь ярьж зөвлөлдөж байж л шийдвэр гаргахыг хичээдэг. Гэвч бусдыг гэхээс илүү өөрийн дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах үеүд мэдээж бий” хэмээн тэр хэлж байна.
Ингээд нэгэн цагт “Онч-Аудит” -аас Deloitte Onch болж, олон улсын томоохон тоглогчтой хамтарсан эрс шийдэмгий нүүдэл хийж байсан тэд одоо Onch & Company болон өөрчлөгдөж, компанийнхаа түүхэнд цоо шинэ хуудас нээж буйгаа зарлалаа. “Глобал компанид ажилласан арвин туршлагатай үндэсний мэргэжилтнүүд таныг шинэ оргилд хөтөлнө” хэмээх уриатайгаар рэбрэндингээ эхлүүлсэн хамт олон харилцагчдадаа энэ талаар биечлэн дуулгаж, ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулж эхлэв. Тэдэнтэй үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа мэдэгдсэн хэсэг байсан бол зарим харилцагч нь татгалзаж буйгаа илэрхийллээ. Бүтэн жилийн турш ийм процесс өрнөж, зах зээлийг тандах хугацаандаа Д.Ончинсүрэн үнэхээр зөв шийдвэр гаргасан эсэхдээ эргэлзэх үе ч бишгүй тохиожээ. Энэ зуур Deloitte -д хүчин зүтгэдэг үе үеийн хамтрагчид, менторууд нь үндэсний компани болж, бие даан ажиллах шийдвэрийг нь дэмжиж, дэлхийн өнцөг булан бүрээс түүнд итгэл, урам зориг “илгээж” байв. Үүний хажуугаар гадаадын цөөнгүй компаниас хамтран ажиллах, нэгдэх, тэднийг түшиглэн салбараа Монголд байгуулах хүсэлтүүд ирсээр байлаа. Гэвч Д.Ончинсүрэн мэргэжлийн цогц үйлчилгээ буюу татвар, аудит, зөвлөх үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх, үндэсний, бие даасан компани болох шийдвэртээ үнэнч зогсов.
Өдгөө Onch & Company -ийн чадварлаг хамт олон компанийн засаглал, менежмент, дотоод хяналт, үйл ажиллагааны процессыг сайжруулах, цаашлаад олон улсын томоохон программ хангамжуудыг нэвтрүүлэхэд зөвлөх, орчин үеийн удирдлагын тайлан, удирдлагын гүйцэтгэлийг хэмжих хэмжүүрүүдийг томъёолсон мэдээллийн системийн загвар боловсруулах зэрэг нарийн мэдлэг, туршлага шаарддаг мэргэжлийн үйлчилгээнүүдийг үзүүлдэг. “Бид үндсэн үйл ажиллагаа болох аудит, татварын зөвлөх үйлчилгээнээс гадна олон улсын бизнесийн менежмент, засаглалын сайн арга туршлагыг бүхий л салбарын хөгжье, дэвшье, урагшилъя гэсэн компаниудад хүргэж ажиллах зорилготой. Тиймээс олон төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, энэ чиглэлээрээ үндэсний тэргүүлэх компани болохоор зорьж ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажил үндэсний мэргэжлийн үйлчилгээний салбарын өсөлт хөгжилд ч түлхэц болох болов уу” хэмээн Д.Ончинсүрэн ярьж байна.
Түүний үзэж буйгаар бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд гарахыг зорьж буй нь зөв ч гэлээ Монголд хийх ажил, сайжруулах зүйлс маш их бий. Onch & Company -ийн зорьж буй ажлууд ч ийш чиглэж, тодорхой хугацааны дараа үр дүн, өгөөжөө өгнө гэдэгт тэр итгэлтэй байна. Гол нь Монголын компаниудад сайн засаглал, байгууллагын чадамж (institutional capability) -ийн суурийг бий болгох, бэхжүүлэх, цааш хөгжүүлэх, улмаар ирээдүйн эдийн засгийн өсөлтөд бэлэн байх нөхцөл боломж, системийг бүрдүүлэхэд тэд анхаарлаа төвлөрүүлэх аж. Энэ утгаараа мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхээс гадна дараагийн түвшинд гарахаар зорьж буй харилцагчид болон салбарынхандаа мэдлэг, туршлагаа хуваалцаж, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор компанийнхаа дэргэд “Онч академи” -ийг үүсгэн байгуулаад удаагүй байна.
Мэргэжилдээ үнэнч 30 жил
30 орчим жил эзэмшсэн мэргэжилдээ үнэнч ажиллаж буй Д.Ончинсүрэнг салбарынхаа хөгжлийн түүхийг эхлүүлсэн анхдагч гэж хэлж болно. Тэрбээр Аудитын тухай хуулийн төслийг боловсруулж, 1997 онд батлуулахад, мөн Монголын нягтлан бодох бүртгэл, аудитын анхны гарын авлагыг боловсруулж Сангийн яаманд хүлээлгэн өгөхөд, цаашлаад улсын 10 гаруй үйлдвэрийг сонгон компьютероор хангаж, нягтлан бодох бүртгэлийн программ нэвтрүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэхэд тухайн төслийн багт ажиллаж байв. Гэсэн ч тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн үйлчилгээний салбарын хөгжил хангалттай түвшинд хүрээгүйд тэрбээр сэтгэл хангалуун бус явдгаа нуусангүй. Энэ талаар “Манай салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хөрөнгийн зах зээл. Уг зах зээл хөгжсөн үед л олон улсын болон санхүүгийн тайлангийн аудит жинхэнэ утгаараа хэрэг болдог. Мөн олон нийт хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж эхлэхэд бид эрх ашгийг нь хамгаалах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зэргээр оролцдог. Гэтэл Монголын хөрөнгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй нь манай салбарын хөгжилд шууд нөлөөлж байна. Саяхнаас л дотоодын хөрөнгийн зах зээл сэргэж, хөдөлгөөнд орж эхэллээ. Эндээс бидний хөгжил хурдасч, боломжууд ч нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” хэмээн тайлбарлав.
Аудитыг товч байдлаар тодорхойлбол хамгийн сайн газар очоод хамгийн сайн байгааг нь л хэлэх тухай юм.
1990 -ээд оны дунд үед ХААИС -ийг нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр төгсөж, улмаар сургуульдаа багшаар үлдээд удаагүй байхдаа Д.Ончинсүрэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сангийн яам болон Arthur Andersen компанийн хамтран хэрэгжүүлсэн томоохон төслийн багт орж ажиллах боломж тохиожээ. Уг төслийн гол зорилго нь Монголын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад шилжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх байв. Д.Ончинсүрэн төслийн хүрээнд зохион байгуулсан нэг сар орчмын сургалтад хамрагдсаны дараа багш нь түүнд хамтран ажиллах санал тавьснаар тухайн үеийн “Их тав” -ын нэг Arthur Andersen -д ажиллаж эхэлсэн түүхтэй. Ийнхүү багшийн ажлаас олон улсын компанийг сонгосноор 20 гаруйхан настайдаа цаашдын замналаа нэг мөр шийдсэн хэмээн тэр ярих дуртай. Arthur Andersen -д ажиллах хугацаандаа Д.Ончинсүрэн олон улсын байгууллагын соёл, стандарт, арга барилд суралцахаас гадна нягтлан бодох бүртгэл гэдэг хэчнээн өргөн мэдлэг шаардсан том салбар болохыг, мөн түүний төсөөлж байснаас ч олон зүйл хийх боломжтойг ухаарчээ.
Тэрбээр “Барууны орнуудад, тухайлбал, Америкт мэргэжил нэгтнүүдийг маань эндхийнх шиг аудитор биш public accountant, харин аудитын компанийг CPA firm (Certified public accounting firm) гэж нэрлэдэг. Тухайн үед буюу 1990 -ээд оны дундуур энэ бүхэн Монголд цоо шинэ ойлголт байсан учраас нэр томъёо, нэршлийг шинээр боловсруулах шаардлагатай болсон. Орчин үеийн буюу олон улсын стандартаар бол нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэл гэдэг нь энэ тухай дурдмагц хүмүүсийн ой тойнд буудаг ерөнхий ойлголтоос хамаагүй нарийн зүйл. Тиймээс социализмын үеэс эхтэй хүмүүсийн дунд нэгэнт тогтсон нягтлан бодогчийн тухай ойлголтоос ялгаж салгах үүднээс “аудитор” гэсэн нэршлийг зориуд оноож, Монгол Улсад аудитын компаниуд үүссэн түүхтэй” гэлээ.
“Тухайн үед гадаадын банкуудаас санхүүжилт авах хэрэгцээ үүссэн компаниудад бид олон улсын түвшний, чанартай үйлчилгээ үзүүлснээр амжилттай зээл авч, өдгөө үндэсний хэмжээний томоохон групп компаниуд болж өргөжөөд байна”.
2002 онд Arthur Andersen компани Ernst & Young -тай нэгдэхэд Д.Ончинсүрэн ОХУ -ын Москва хот дахь салбарт нь ажиллахаар явжээ. Хэдий олон улсын тэргүүлэх компанид үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч жилийн дараа тэр Монголдоо ирлээ. Тэнд том компанийн “эрэг шураг” болж явснаас эх орондоо ирж, сурсан мэдсэнээ хүмүүст хүргэж, илүү ач холбогдолтой ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшил түүнийг эргэн ирэхэд нөлөөлжээ. Тухайн үед дотоодын зах зээлд түүн шиг гадаад хэлтэй, олон улсын компанид ажиллаж, соёл, стандартад нь нэвтэрсэн, чадварлаг мэргэжилтэн ховор байлаа. Тэр хэд хэдэн томоохон компанитай ажилд орохоор уулзсан ч санаанд нь төдийлөн нийцээгүй тул өөрөө компани байгуулахаар шийджээ. Учир нь зах зээлд орон зай байгааг мэдэж байв. Ингээд 2004 онд “Онч-Аудит” компаниа үүсгэн байгуулж, аудитын үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Санхүүгийн тайлан өндөр хэрэгцээтэй биш байсан тэр үед компани нь бараг 100 хувь гадаадын, тэр дундаа, уул уурхайн хайгуулын компаниудын аудитыг олон улсын стандартын дагуу хийж байв. Гадаадын хөрөнгө оруулалттай компани олноор байгуулагдаж байсан үе ч таарч. Харин монгол компаниуд тэдний үйлчилгээг авах хэрэгцээ бага, ач холбогдлыг нь ч төдийлөн ойлгохгүй байв. Дээр нь 2000 оны эхээр санхүүгийн тайлангийн аудит зөвхөн хуулийн хэрэгжилтийг хангах, тамга дарах төдийхнөөр л хэрэгждэг байжээ. Д.Ончинсүрэн мэргэжлийн ёс зүйгээ хадгалж, ийм ажил хүлээн авахаас эрс татгалзаж, оронд нь илүү бүтээлч арга замыг эрэлхийлэв. Үр дүнд нь, “Онч-Аудит” -ынхан “Худалдан авалтын аудит” хэмээх үйлчилгээг боловсруулж, зах зээлд нэвтрүүллээ. Энэ үйлчилгээ нь амжилтад хүрч, бизнесийн салбарынхан дунд богино хугацаанд танигдаж, амнаас ам дамжин борлогдох болов. Гол шийдэл нь тухайн байгууллага тодорхой бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит үнээр авч чадаж байгаа эсэхийг судалж, худалдан авалтын процесст нь ямар нэг асуудал үүссэн бол зөвлөх үйлчилгээ үзүүлж хэвийн горимд оруулах, зардлуудыг хэр үр дүнтэй зарцуулж байгааг олж тогтоох байв. Өөрөөр хэлбэл, уг үйлчилгээний амжилтын гол нууц нь компаниудын хамгийн том зардал болох худалдан авалтын процессыг сайжруулах, асуудлыг илрүүлэх ажлыг онилсонд оршино.
Харин 2008 оноос Монголын үндэсний томоохон компаниуд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, тэлэх зорилгоор хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага бий болмогц “Онч-Аудит” -ын үндсэн үйлчилгээ эрэлттэй болж иржээ. “Тухайн үедээ асар завгүй ажилладаг байсан болохоор анзаараагүй өнгөрсөн ч сүүлд эргээд харахад маш бахархалтай ажил хийснээ ойлгосон” хэмээн Д.Ончинсүрэн хэллээ. Энэ талаар Onch & Company -ийн аудитын партнер Б.Анхтайван “19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай компани энэ хугацаанд Монголын нягтлан бодох бүртгэлийн салбарын нэлээд хүнд ажлуудыг гардаж хийсэн байна. Тэр дундаа, Монголын томоохон групп компаниудын олон улсын стандартын дагуу бэлтгэсэн анхны нэгтгэсэн санхүүгийн тайлангуудыг гаргахад нь тусалсан. Мөн монгол компаниуд гадаадын банкуудаас санхүүжилт авах хэрэгцээ үүсэхэд бид аудитын ажлыг олон улсын стандартын түвшинд цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсан тул бага хүүтэй гадаадын зээлүүдээ авч, өнөөдөр үндэсний хэмжээний томоохон групп компани болж өргөжөөд байна” хэмээв. Товчхондоо, тэд дотооддоо тэргүүлэгч, өсөн дэвжих потенциальтай, шилдэг компаниудтай хамтран ажилласаар ирсэн юм.
Onch & Company -ийн бий болгосон мэргэжлийн чадавх
Д.Ончинсүрэн өөрийн хийж бүтээсэн, эсвэл зах зээлд дутагдсан орон зайг нөхөж мэргэжлийн, чанартай үйлчилгээ үзүүлэгч компанийг анх үүсгэн байгуулсан, глобал компанийг Монголд оруулж ирсэн зэргээсээ илүү 20 жилийн хугацаанд бий болгосон мэргэжилтнүүдийн чадавх (capability) -аараа бахархдаг. Нийт 300 гаруй жилийн нийлбэр туршлагатай эдгээр мэргэжилтний чадавхыг бий болгож, хөгжүүлэхэд Deloitte маш их хөрөнгө оруулсныг тэрбээр онцолж байна. Энэ тухай “Бор зүрхээрээ зүтгэж, зөвхөн бизнесийн өөрийн үйл ажиллагаа, орлогод суурилсан бол манайх шиг өрсөлдөөнтэй, жижиг зах зээлд оюуны мэргэжилтнүүдийн чадавх бий болгоно гэдэг амаргүй даваа. Монголын олонх бизнесийн адил “хоосон хонохгүй, хоёр идэхгүй” тийм л нөхцөл байдалтай байх байсан болов уу” гэлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Deloitte олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, гадаадын туршлагатай мэргэжилтнүүд, партнеруудыг Монголд ирүүлж, Deloitte Onch -ийн мэргэжилтнүүдийг олон улсад ажиллуулах, цаашлаад зах зээлд өндөр өрсөлдөхүйц түвшний цалин хангамжийг олгож ажилласан юм. “Үндэсний чадавхыг бүрдүүлэхэд ямар их хөрөнгө оруулалт, хөлс хүч ордгийг бид биеэр мэдэрч, туулж, үр шимийг нь хүртэж, хамтарч бүтээлцсэн нь манай хамгийн том бахархал” хэмээн Д.Ончинсүрэн тэмдэглэлээ.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа л тэд олон цагаар асар шаргуу ажиллаж иржээ. Өдөрт 15, 16 цаг ажиллах нь энүүхэнд байв. Хийж буй ажилдаа эцсийн цэг тавьж, гарын үсэг зурахын тулд шөнийн гурав, дөрвөн цаг хүргэсэн өдрүүд ч олон. Д.Ончинсүрэн “Аудитын ажлыг санхүүгийн тайлангийн хэдэн тоог нэмж хасаад, баримтыг нь үзээд л дуусгадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэтэл уул уурхай, банк санхүү, худалдааны байгууллага гээд эдийн засгийн салбар бүрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан санхүүгийн тайлан бүр өөр хоорондоо ялгаатай. Энэ ч утгаараа бид тухайн бизнесийн бүх процессыг маш нарийн судалж, санхүүгийн тоонууд тайлан дээр ирж “зогсох” хүртэл туулсан зам, дамжсан бүх процесс, эрсдэл хийгээд эрсдэлийг бууруулах хяналттай нь хамт судалж, судалснаа нотолж, шалгаж, баримтжуулж байж аудитаа дуусгадаг. Тиймээс аудиторууд ажил мэргэжлийн оргилдоо хүрч чадвал бизнесийн дотоод процессын асуудлыг эрсдэлийн болон хяналтын үүднээс шинжилж чаддаг хамгийн нарийн мэргэжилтэн, зөвлөх болох ур чадварыг эзэмшдэг. Ер нь олон улсын стандартын дагуу гүйцэтгэх аудитыг товч байдлаар тодорхойлбол хамгийн сайн газар очоод хамгийн сайн байгааг нь л хэлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, бүх процесс нь олон улсын стандартын дагуу ажиллаж байгаа байгууллагад очиж, түүнийг нь баталгаажуулна гэсэн үг. Түүнээс биш стандартад хүрч ажиллахгүй байхад нь очиж сайжруулах тухай биш юм” хэмээн мэргэжлийн хүний үгээ хэлж байна.
Д.Ончинсүрэн глобал туршлагыг Монголын хөрсөнд нутагшуулахын зэрэгцээ Австрали, Англи, Сингапур, Хонконгийн зах зээлд ажиллаж, тив дамнан туршлага хуримтлуулсан, чадварлаг залуусаар залгамж халаагаа бэлтгэжээ.
Тэрбээр компанийнхаа 3.0 үе болох Onch & Company -д өдгөө ажиллаж буй залуучуудын хувьд карьерын оргил нь хувьцаа эзэмшигч буюу салбарын нэршлээр партнер болох хэмээн онцолсон бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанид ойрын үед хувьцаа эзэмшигч болох потенциальтай зургаан мэргэжилтэн ажиллаж байгааг тодотголоо. Тэдний ард дараа дараагийн чадварлаг залуус ч мөн хүч түрж байгаа юм. Өдгөө Д.Ончинсүрэн компанидаа дээд тал нь 15 хүртэлх жил тогтвортой, он удаан ажилласан эдгээр мэргэжилтэндээ мэргэжлийн үйлчилгээний гол ажлууд, удирдлагын өдөр тутмын ажлуудаа даатгаж, өөрөө компанийн өсөлтийн стратеги, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргах судалгааны ажлуудыг удирдан чиглүүлэх болжээ. Нэг ёсондоо, Onch & Company -ийн үйл ажиллагааг найдвартай, тогтвортой үргэлжлүүлэх залгамж халаа, шинэ удирдлагын багийг тэр өнгөрсөн 10 -аад жилийн хугацаанд бэлтгэж чадсан юм. Тухайлбал, Аудитын үйлчилгээний партнераар Б.Анхтайван, Татварын зөвлөх үйлчилгээний захирлаар Ж.Түвшин, Бизнесийн зөвлөх үйлчилгээний захирлаар Б.Цэрэннадмид нар тус тус ажиллаж, хариуцсан салбаруудынхаа үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, харилцагчдынхаа итгэлийг хүлээгээд буй. Харин цаашид Onch & Company улам өсөж хөгжиж, мэргэжлийн үйлчилгээний хамгийн том байгууллага болохын тулд одоогийн багаа гурав дахин тэлэх шаардлагатай байгаагаа онцолж байв.
Энтрепренерээс мэргэжлийн удирдагч
Монголын бизнесийн салбарт “Онч-Аудит” -ын нэр танигдаж эхэлсэн ч Д.Ончинсүрэн компаниа анх байгуулж байхдаа л “Их дөрвөл” -ийн аль нэгийг эх орондоо авчирна гэх алсын хараагаа ямар ч цаг үед мартаагүй билээ. Түүнийг компаниа байгуулснаас долоон жилийн дараа буюу 2011 оны сүүлчээр Deloitte -ийнхон Монголд салбараа нээхээр судалж байхдаа ирж уулзжээ. Энэ хүртэл “Онч-Аудит” компани Deloitte -оос бусад “Их дөрвөл” -ийн компаниудтай туслан гүйцэтгэгчийн хувиар хамтран ажиллаад байв. Хэд хэдэн харилцагч нь санал болгосон учраас Deloitte компани тэднийг зорин уулзсан бөгөөд хийсэн ажлууд, гаргасан үр дүн, явуулж буй үйл ажиллагаа, мэргэжлийн байдал нь таалагдсан тул Монгол дахь салбар болох асуудал хурдан шийдэгджээ. Ийнхүү 2012 онд “Онч-Аудит” компани Deloitte -ийн салбар болон өөрчлөгдөж, Deloitte Onch хэмээх хөгжлийн 2.0 үе эхэлжээ. “Энэ бол салбартаа үзүүлж чадах миний хамгийн том амжилт байсан. Карьерын маань хувьд ч эргэлтийн цэг болсон” хэмээн Д.Ончинсүрэн онцолж байна. Тухайн үед түүнд өмнө нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Их дөрвөл” -д багтдаг өөр нэг компанийн Монгол дахь салбар болох, эсвэл Deloitte -ийг сонгох гэсэн хоёр сонголт байсан юм. Deloitte -ийг сонговол маш олон давуу тал бий болох нь тодорхой байсан учраас тэр бидний нэгэнт мэдэх шийдвэрийг гаргажээ. 2004 онд компаниа дөнгөж байгуулаад байхдаа анхны хоёр ажилтнаа суулгаад ирээдүйд “Их дөрвөл” -ийн нэг болно гэж хэлж байхдаа тэр юуг, яаж хийхээ мэдэж байлаа. Тэгээд эцэст нь хэлсэндээ хүрч чадсан билээ. Ингээд Deloitte Onch компанийн хүрээнд мэргэжлийн ёс зүй, олон улсын стандартыг чанд баримтлан ажиллаж, хийсэн ажил, хүрсэн үр дүнгээрээ нийгэмд эерэгээр нөлөөлж эхэлсэн байна.
Тэдний хувьд 2012-2014 он глобал компани болох шилжилтийн хоёр жил байлаа. Deloitte -ийн олон улсын стандарт, үйл ажиллагааны өндөр шаардлагад нийцэж ажиллахын тулд Д.Ончинсүрэн багийн хамтаар урьд өмнөхөөсөө ч илүү шаргуу, ачаалалтай ажиллах шаардлагатай болсон юм. Ингээд 2014 оноос Deloitte -ийн удирдлагуудын зөвлөснөөр тэрбээр managing partner буюу менежментийн ажилдаа илүү төвлөрч эндээс менежмент, манлайллын чиглэлээр илүү туршлага хуримтлуулах, бизнес болон зах зээлээ том дүр зургаар харах боломж бүрдсэн аж. Мөн онд татварын зөвлөх үйлчилгээгээ тусгайлан хөгжүүлж, хариуцах болжээ. Энэ бүхэнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол тэрбээр ажилтнуудаа мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд нь чиглүүлж, алдаж, онох боломжийг олгож ирсэн нь түүний оролцоогүйгээр өөрсдөө бие даан томоохон ажлуудыг нугалах хэмжээнд бэлтгэж, чадавхжуулж чадсан нь юм. Өөрөөр хэлбэл, тэр ямар ч үед өөрийн механизмаар ажиллах чадвартай, тов тодорхой системийг компанидаа бий болгож чаджээ. Уг өөрчлөлтийн үр дүнд тэр гэртээ эрт харьдаг болж, нэг удаа нар жаргаагүй, гэгээтэй байхад гэртээ очиход хүүхдүүд нь ингэж эрт ирсэнд нь ихэд гайхсан гэдэг. Д.Ончинсүрэн гурван хүүхдийн ээж бөгөөд тэдэндээ илүү их цаг гаргаж, сурлага, хүмүүжилд нь анхаарах боломж ийнхүү гарчээ.
“Үндэсний чадавхыг бүрдүүлэхэд ямар их хөрөнгө оруулалт, хөлс хүч ордгийг бид биеэр мэдэрч, туулж, үр шимийг нь хүртэж, хамтарч бүтээлцсэн нь манай хамгийн том бахархал”.
Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн үйлчилгээний салбарт эрэгтэйчүүд давамгайлж, илүү оролцоотой явж ирсэн билээ. Учир нь энэ салбар маш хатуу, хүнд бөгөөд эмэгтэйчүүд гэр бүлээ авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд илүү ачаа үүрэх хандлага давамгайлдаг тул салбарын онцлогоос шалтгаалсан ажлын их ачааллыг даахад хүндрэлтэй байдгийг Д.Ончинсүрэн тайлбарласан юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ бүхэн өөрчлөгдөж, дэлхий даяар мэргэжлийн үйлчилгээний салбарт эзлэх эмэгтэй партнеруудын тоо нэмэгдсээр байгааг дурдлаа. Монголд ч ялгаагүй аудит, нягтлан бодох бүртгэлээс гадна банк, санхүүгийн салбарынхныг оролцуулбал эмэгтэйчүүдийн манлайлал нэлээд эрчимжсэн түүхэн үе тохиож байна гэж тэр үздэг. “Эмэгтэйчүүдийн яг таг, зарчимч чанарыг давуу тал гэж үзээд тухайн компанийг илүү өргөжүүлж хөгжүүлж чадна гэдэг үүднээс удирдлагын албанд томилж байна. Гэхдээ ингээд л болох биш эмэгтэйчүүд маань дараагийн манлайлах эмэгтэйчүүдээ бэлдэх хэрэгтэй юм билээ. Гэвч дэмжье, хөгжүүлье гэхээр эмэгтэйчүүд ихэнхдээ өөрийн ур чадвар, туршлагад байнга эргэлзэж, зориг муутай байдаг нь дараагийн түвшинд гарахад саад болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд алдсан ч, оносон ч хамаагүй хариуцлага, сорилтыг шууд хүлээн авч, өөрөө өөртөө бас туслах хэрэгтэй байгаа юм” хэмээлээ.
Шинэ зах зээлд олон улсын компанийн гүйцэтгэх удирдлагад ажиллана гэдэг олон ур чадвар шаардахын зэрэгцээ тэр хэмжээний үүрэг хариуцлагыг ч хүлээлгэдэг. Тухайлбал, Deloitte брэндийг сурталчлах, зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн салбарынхантай бизнес харилцаа үүсгэх, өргөжүүлэх гэх мэтээр өргөн хүрээнд ажиллах шаардлагатай болдог. Тиймээс эдийн засаг, бизнесийн орчинд ч тэр анхаарал хандуулж, нийслэл хотод бизнесийн танхим байх ёстой гэж үзээд Улаанбаатар хотын худалдааны танхимыг үүсгэн байгуулалцаж, Удирдах зөвлөлд нь орж, бодлогын хувьд чиглүүлж, гардан ажиллав. Харин дараа нь Америкийн худалдааны танхим (AmCham) -ын Удирдах зөвлөлд ажиллаж, мөн хувь нэмрээ оруулжээ. Энэ хүрээнд уулзалт, хэлэлцүүлэгт оролцох зэргээр нийгмийн оролцоогоо бэхжүүлж, компанийнхаа үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд таниулахад анхаарч байв. Мөн өөрийн мэдлэг, туршлагаа залуу үеийнхэнд хуваалцаж, манлайлал, тэр дундаа эмэгтэйчүүдийн манлайллын сэдвийг түлхүү хөндөн ярьж, ирээдүй үедээ цагаа зориулахаа ч мартсангүй. Үүнтэй холбоотой Д.Ончинсүрэн “Эмэгтэй захирлуудын клуб” буюу Women Corporate Directors хэмээх олон улсын клубийн Монгол дахь салбарын хоёр тэргүүний нэгээр энэ жилээс сонгогдон ажиллаж эхэлжээ. Олон улсын хэмжээнд ТУЗ -ийн захирлуудаар гишүүдээ бүрдүүлдэг тус клубийн манай улс дахь салбарыг УИХ -ын гишүүн асан С.Оюун, А.Ундраа нар долоон жилийн өмнө байгуулж байв. Энэхүү клубийн үйл ажиллагаагаар дамжуулан ирээдүйн эмэгтэй ТУЗ -ийн гишүүдийг бэлдэх ажлыг тэд эхлүүлээд байгаа нь энэ юм. Үүнээс гадна тэрбээр олон жилийн турш уран бүтээлчдийг дэмжиж, урлагийн тоглолт, арга хэмжээг ивээн тэтгэх зэргээр Урлагийн зөвлөлтэй хамтран ажилласаар байна.
“Бид үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд барихын хажуугаар улам шаргуу ажиллах шаардлагатай болж байгаа. Өмнөхөөсөө хэд дахин илүү ажиллах хэрэгтэй байна”.
Энэ бүхний хажуугаар олон улсын томоохон байгууллагыг төлөөлж буй гэдэг утгаараа төрийн байгууллагууд, тэдгээрийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцох ажлыг ч чухалчлан авч үзэж иржээ. Deloitte брэндийг Монголд нутагшуулах гол зорилгоор ингэж ихээхэн цаг зарцуулж байсан бөгөөд үр дүнд нь санхүүгийн салбарын “Их дөрвөл” -өөс Deloitte -ийг монголчууд хамгийн сайн мэддэг болсон юм. Харин одоо тэрбээр Onch & Company –ийн үйл ажиллагааг зах зээлд таниулахад түлхүү анхаарч байна.
Социализмын үед хүүхэд насаа өнгөрүүлсэн Д.Ончинсүрэн 1987 онд дунд сургуулийн сурагч байхдаа ахынхаа өгсөн “Англи хэл өөрөө сурах бичиг” хэмээх номыг өвөртлөн шинэ хэл сурах аялалдаа гарч байв. Угаас сурлага сайтай, аливаад оролдлоготой охин байсан болохоор сумын сургуулийнхаа нөгөө ангийн орос хэлний багшийг Лондонд бага насаа өнгөрөөсөн, англи хэлтэй гэдгийг сонсоод шавь орж, анхны A үсгээ заалгаж, англи хэлийг цааш бие даан судалжээ (Тухайн үед тэднийх төрөлх Завхан аймгаас Төв аймгийн Угтаалцайдам суманд ирж суурьшаад удаагүй байв). Энэ бүхэнд хэн ч түүнийг шахаж шаардаагүй юм. Зөвхөн өөрийн сониуч зан, шинэ зүйл суралцах хүсэл эрмэлзэл нь ийн хөтөлжээ. Ингэж англи хэлний суурь мэдлэгтэй болсон нь түүнд дараа дараагийн олон хаалга нээгдэх боломжийг ирээдүйд бүрдүүлсэн юм. Харин үүнээс цааших нь бидний мэдэх түүх билээ.
Энэ хүртэл Д.Ончинсүрэнг зоримог шийдвэрүүд гаргаж, асар шаргуу ажиллаж ирсэн талаар бичсэн болохоор танд мэргэжлийн үйлчилгээний салбарын ажил хэрэгч, чанд хатуу нэгний дүрээр төсөөлөгдөж байж магадгүй. Гэхдээ олон нийтэд танигдсан дүрээс нь түүнд нэг алхам ойртвол тэрбээр хошин шогийн мэдрэмжтэй, аливаад уян хатан хандаж чаддаг, мөн ямар нэг зүйлийг тогтсон өнцгөөс арай өөрөөр хардаг, харснаа хэрэгжүүлж чаддаг стратегич нэгэн болохыг нь анзаарах болно. Тэрбээр “Нягтлан бодох бүртгэлийн салбарт өндөр технологи, автоматжуулалт, дижиталчлал хамгийн ихээр өрнөж байна. Үүнийг дагаад аудитын үйлчилгээний аргачлал мөн шинэчлэгдэж, технологийг өргөн хүрээнд ашиглах боллоо. Одоо бид үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд барихын хажуугаар технологи, хиймэл оюуны эрин үетэй хөл нийлүүлэхийн тулд улам шаргуу ажиллах шаардлагатай болж байгаа. Өмнөхөөсөө хэд дахин илүү ажиллах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн билээ.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -ын ковер нийтлэл –
Сэтгүүлийг онлайнаар унших бол энд дарна уу.