ХААН Банк Монголын зах зээлд анх удаа нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэг төрөл болох Факторинг үйлчилгээг нэвтрүүллээ. Үйлчилгээний нээлтийг олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн, салбар салбартаа тэргүүлэгч, бэлтгэн нийлүүлэлтийн томоохон экосистем бүрдүүлсэн харилцагчдынхаа хамт хийхээр ХААН Банк цамхагтаа урьж, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Үйл ажиллагааг нээж ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа үг хэлж, Жижиг дунд бизнесийн газрын захирал С.Энх-Ирээдүй шинэхэн бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлээ. Түүнчлэн ХААН Банктай хамтран ажилладаг Корпорейт болон ЖДБ харилцагчдын төлөөлөл факторингийн үйлчилгээний талаар санал сэтгэгдлээ нээлттэй хуваалцлаа.
Факторингийн үйлчилгээ Монголын бизнесийн орчинд ямар ач холбогдолтой вэ?
Жижиг дунд бизнес эрхлэгч, бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг дараа нь авах нөхцөлтэйгөөр худалдан авагч талд нийлүүлдэг, тухайн барааг эдийн засгийн эргэлтэд оруулан, зарж борлуулах хүртэл хүлээдэг жишиг бий. Жишээлбэл, үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгч байгууллагууд нийт борлуулах бараа бүтээгдэхүүнийхээ 75 хүртэлх хувийг, хөдөө аж ахуйн салбарынхан 79 хүртэлх хувийг дараа төлбөрт нөхцөлтэйгөөр худалдан борлуулж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, бизнесийн урсгал саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл ХААН Банкнаас нэвтрүүлж байгаа Факторинг үйлчилгээ нь эдгээр сөрөг нөлөөг бууруулах шийдлийг эрэлхийлж, бизнес эрхлэгчдэд шуурхай санхүүжилтийн томоохон боломж олгоод байгаа юм.
Энэ талаар ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банк 32 жилийн өмнө үүсэн байгуулагдсан. Бид энэ онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд Монголын нийт хүн амын нэг хувь нь манай банкны хувьцаа эзэмшигч болсон байна. Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ТОП 100 ААН-ийн жагсаалтад манай банк хоёрдугаар байранд эрэмбэлэгдсэнтэй зэрэгцэн Факторингийн үйлчилгээг эхлүүлж байгаадаа таатай байна.
Бид хамтран ажиллаж байгаа түншүүд, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгохыг зорьж ажилладаг. Үүний нэг нь Факторингийн бизнесийн үйлчилгээ юм” гэж хэллээ. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран ХААН Банк жил гаруйн хугацаанд олон улсын туршлага болоод Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбарыг сонгон судалсныг тэрээр арга хэмжээний эхэнд онцоллоо.
Хөдөө аж ахуйн бизнесийн 79 хувь нь дараа төлбөрт тооцоон дээр суурилдаг байна. “Тийм ч учраас түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын 70-95 хувийг нь урьдчилан санхүүжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд гурван тал гурвуулаа ямар ч алдагдалгүй ажиллана” гэдгийг ч нэмж онцоллоо.
Факторинг үйлчилгээг авахад барьцаа шаардахгүй
Факторингийн үйлчилгээ нь харилцагчийн бизнесийн мөнгөн урсгалын зогсолтгүй эргэлтийг тэтгэх, нийлүүлэлтийн сүлжээ сааталгүй үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Гол давуу талуудаас дурдвал барьцаа хөрөнгө шаардахгүй, бэлэн мөнгөний урсгалыг сайжруулдаг, авлага цуглуулах хялбар хэрэгсэл болдог, худалдан авагч талын шаардлагыг биелүүлэх чадамжийг дээшлүүлдгээс гадна шуурхай хялбар цахим үйлчилгээ гэдгээрээ онцлог юм.
Мөн худалдан авагч талын хувьд нийлүүлэлтийн сүлжээ тогтворжиж, төлбөрийн уян хатан нөхцөл бүрдэж, найдвартай бэлтгэн нийлүүлэгчийг тогтоон барьж, бэлэн мөнгөний урсгал зохистой хуваарилагдахаас гадна төлбөр шуурхай хийгдэнэ.
Дүгнээд хэлбэл, энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлснээр аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлагад оролцогч талуудыг эко системээр нь дэмжиж, шуурхай санхүүжилт олгох боломжийг бүрдүүлж байна.
Факторингийн үйлчилгээний танилцуулгын үеэр ХААН Банктай хамтран ажилладаг түнш байгууллагын төлөөллүүд Факторинг үйлчилгээг нэвтрүүлж байгааг олзуурхан хүлээн авч буйгаа ярьж байлаа.
С.Энх-Ирээдүй: Үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, худалдааны салбарт факторинг үйлчилгээ нэн шаардлагатай
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн газрын захирал С.Энх-Ирээдүйгээ тодрууллаа.
Бизнесийн бэлэн мөнгөний хурдасгуур буюу факторинг үйлчилгээний ач холбогдлын талаар товчхон яривал?
Хамгийн чухал нь бизнес эрхлэгч өөрт шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгийг шуурхай бий болгож чадах давуу чанартай юм. Тэр дундаа түүхий эд, бараа материалуудыг томоохон байгууллагуудад нийлүүлдэг жижиг дунд бизнес эрхлэгчид үр шимийг нь илүү хүртэх юм.
Хамгийн том давуу тал нь санхүүжилт маш хурдан, мөн барьцаа хөрөнгө шаардахгүй. Уламжлалт зээлээр бол барьцаа хөрөнгө, хэрэгцээ, гэрээ, өргөдөл зэргийг шалгасны эцэст зээл олгодог. Энэ байдал арай энгийн болж байгаа гэсэн үг. Гэвч урт хугацаа шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтууд дээр энэ үйлчилгээг ашигладаггүй. Нэг үгээр эргэлтийн хөрөнгө суурьтай гэсэн үг. Жишээлбэл, тухайн хүн оффисынхоо байшинг томруулъя гэсэн тохиолдолд энэ үйлчилгээг авах боломжгүй. Факторинг үйлчилгээ нь богино хугацаатай буюу 1-90 хоногтой санхүүгийн хэрэгцээг хангахад чиглэнэ.
Факторингийн үйлчилгээ нь Хойд Америкт маш сайн хөгжсөн. Харин Азид бол Хонконг, Сингапурт сайн хөгжсөн нь үндэстэн дамнасан банкууд, санхүүгийн институт их байдаг учраас тэр юм. Түүнчлэн факторингийн үйлчилгээ хөгжсөн газар “Нэхэмжлэхийг хэн, хэдээр авах вэ” гэсэн байдлаар арилжаа хийх боломжтой байдаг бол манайд тэгэх боломжгүй.
Байгууллагууд энэ үйлчилгээг ямар шат дарааллаар авах вэ?
Банк өөрсдийн харилцдаг Корпорейт байгууллагууддаа болон тэдгээрийн эргэн тойронд байгаа жижиг дунд бизнес эрхлэгч болон түүхий эд, бараа, материал нийлүүлэгч нарт энэ үйлчилгээг санал болгоно. Товчоор бол байгууллага хоорондын бараа материал авсан өгсөн талаарх нэхэмжлэх дээр суурилна.
Бидний мэдэхээр нэхэмжлэх хугацаатай байдаг. Гэхдээ бүтээгдэхүүн нийлүүлсэн талд нэхэмжлэхэд заасан хугацааг хүлээмээргүй, яг өнөөдөр мөнгө нь хэрэг болж болно. Энэ тохиолдолд факторинг үйлчилгээ “аминд орно” л гэсэн үг. Энгийнээр бол надад ийм авлага байна миний авлагыг худалдаж аваач гэж байгаа хэрэг.
Уламжлал ёсоор бол банкнаас барьцаатай зээл авч эргэлтийн хөрөнгөө нэмдэг байсан. Харин одоо үүнээс арай хурдацтай байдлаар өөрсдийн эргэлтийн хөрөнгийг суллаж аваад дараагийн бизнес рүү оруулах боломжийг гаргаж өгч байна.
Цаашид Монголд Факторинг үйлчилгээ хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ?
Манай төслийн багийн харж байгаагаар эхний ээлжид Монголд нийлүүлэлтийн сүлжээ талдаа факторинг болон урвуу факторингийн үйлчилгээг хөгжүүлж болно. Хөгжлийн дараагийн шат нь түгээлтийн сүлжээний санхүүжилт байх ёстой. Эдгээр нь цогцоороо байж гэмээнэ бэлтгэн нийлүүлэлт нь эцсийн бүтээгдэхүүн болоод борлогдож дуусах хүртэл бүтэн цикл санхүүжүүлэх боломж бүрдэж, илүү төгс болох юм.
Байгууллагад тавьж байгаа хамгийн гол шалгуурууд нь юу вэ?
Олон жилийн турш бидэнтэй ажиллаж байгаа Корпорейт харилцагч байгууллагууддаа энэ үйлчилгээг санал болгож, урилга хүргүүлнэ. Тухайн байгууллага “Энэ үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй байна. Бидний зүгээс эдгээр бэлтгэн нийлүүлэгч нараа сүлжээндээ хамруулмаар байна” гээд жагсаалт ирүүлнэ. Үүн дээр үндэслээд тухайн байгууллагуудтай гэрээ байгуулж хамтран ажиллах юм.
Зах зээлийн судалгаа хийсэн байх. Монголд факторингийн үйлчилгээ хамгийн хэрэгтэй ямар салбарууд байна вэ?
Бидний судалснаар гурван секторт мөнгөний эргэлт түгжрэлтэй байна. Нэгдүгээрт үйлдвэрлэл үйлчилгээ. Учир нь маш их түүхий эд авдаг ч үүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулаад мөнгөө олж авах гэж уддаг. Хоёрдугаарт, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар. Энэ салбар нь худалдан авалтын хувьд хугацаа шаарддаг, цикл урттай юм. Гуравдугаарт, худалдаа үйлчилгээний салбар. Энэ нь хугацаа богино ч хэмжээ болоод давтамж ихтэй бизнес. Бидний судалснаар энэ гурван сектор дээр түүхий эд авч байгаа болон зарж байгаа талдаа ч нийт үнийн дүнгийн ойролцоогоор 70 орчим хувьд факторингийн хэрэгцээ байна гэж харсан. Тийм ч учраас эдгээр секторыг сонгон авч эхний ээлжинд хамтран ажиллана.
Банк санхүүгийн салбарт шинээр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн талаар дүгнээд хэлбэл?
Монголын банк санхүүгийн салбар маш хурдацтай хөгжсөөр байна. Хамгийн сайн хөгжсөн цөөхөн секторын нэг шүү дээ. Мэдээж бид уламжлалт барьцаа суурьтай зээлийн бүтээгдэхүүнүүдээ цаашдаа хөгжүүлнэ. Гэхдээ зарим нөхцөлд уламжлалт байдлаар банкнаас зээл авч байж эргэлтээ томруулдаг нь хоцрогдсон арга боллоо.
Үүний дараагийн шат болох авлагыг санхүүжүүлэх урвуу факторинг үйлчилгээг Монголд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Хэрэв бид амжилттай нэвтрүүлж чадвал манай улсын бизнесийн орчин дахь цусны эргэлт илүү хурдсаж далайцтай болж, үр өгөөж нь дээшилнэ. ХААН Банк энэ мэт шинэлэг үйлчилгээнүүд нэвтрүүлснээр байгаа бөгөөд Монголын эдийн засгийн хөгжилд бас нэгэн хурдасгуур болж чадна гэж үзэж байна.