Гадаадын иргэд Сингапурт ямар ч салбарын ХХК-ийг 100% эзэмших эрхтэйгээс гадна банк, санхүүгийн байгууллагууд ч энэ хэлбэрийг сонгон үйл ажиллагаа явуулдаг.
***
Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд Сингапурт компани бүртгүүлэх нь дараах хэд хэдэн шалтгаантай.
- Зүүн Азийн эдийн засгийн интеграцид нэгдээгүй улсуудын болон өөрийн орны бизнес дэх төрийн дарамт, хөрш орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хориг саадыг давах,
- Эх орныхоо газарзүйн тааламжгүй байршлын сул талыг гэтлэх,
- Үйл ажиллагаагаа тэлэх гэх мэт.
Ингэснээр Сингапураас АСЕАН-ы бусад есөн улсад нэвтрэх, АСЕАН-аас эх газрын Хятад, Хонконг, Тайвань болон Энэтхэг гэсэн бүс нутгийн 4 тэрбум хүн амтай зах зээлд байршихад тусалж чадах хууль шударгаар засагладаг, хүнд сурталгүй бизнесийн хүрээлэлд нэгддэг. Гадаадын хөрөнгө оруулагчид Сингапурт хөрөнгө оруулалт хийхдээ төрөл бүрийн бизнесийн бүтцийг байгуулж болно. Гэхдээ Сингапурт компаниа бүртгүүлдэг гадаадын хөрөнгө оруулагчдын дийлэнх нь дотоодын зах зээл дээр нь үйл ажиллагаа явуулахаас илүү АСЕАН дотроо болон холбоогоороо бусад улсуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр, давхар татвараас чөлөөлөгдөх гэрээний хөнгөлөлтийг эдлэхээр Сингапур дахь компанийн нэрийн хуудсаа гуравдагч зах зээл рүү нэвтрэх түлхүүр болгон ашигладаг.
Сингапурт ААН-үүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай дараах байгууллагууд өдөр тутамдаа хамтран ажилладаг:
- Компани бүртгэх үйл ажиллагааг хариуцдаг Нягтлан бодох бүртгэл, корпорацын зохицуулах газар (ACRA & цаашид НББКГ),
- Татварын алба болох Сингапурын Дотоодын Орлогын Газар (IRAS буюу цаашид СДОГ),
- Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудал эрхэлсэн Ажиллах хүчний яам (MoM буюу цаашид АХЯ),
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих Контакт Сингапур төрийн байгууллага (CSA),
Хувийн хэвшлийн аж нэгжүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, салбарын тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг бүхий засгийн газрын байгууллагууд болох
- Эдийн засгийн хөгжлийн зөвлөл (EDC),
- Стандарт, Бүтээмж, Инновацын Зөвлөл (SPIC),
- Казиногийн Зохицуулах Газар (CRA),
- Худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяа Олон Улсын Энтерпрайз Сингапур Агентлаг (ES).
Эдгээр байгууллагуудын ажлын 90-ээс дээш хувь нь бүрэн цахимжсан учир бизнес эрхлэгчид компани бүртгүүлэх, татвар төлөх, тусгай зөвшөөрөл хүсэх, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагчийн виз мэдүүлэх, төрийн лавлагаа авахдаа дийлэнх тохиолдолд цахимаар мэдүүлдэг.
- Компани байгуулахад хүнд сурталгүй
Монголчууд Хятад ба АСЕАН-ы зах зээлд нэвтрэхийн тулд Сингапурт компани байгуулах таван шалтааны эхнийх нь “Сингапурт компани байгуулахад ямар ч хүнд сурталгүй” явдал юм. Сингапур улсад бизнестэй холбоотой бүх мэдээлэл цахим орчинд ил байхаас гадна гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хүртэл төрийн байгууллагууд нь татварын хөнгөлөлт, мөнгөн тэтгэлэг санал болгодог.
Дотоодын иргэд, гадаадын хөрөнгө оруулагчид Сингапурт аж ахуйн нэгж бүртгүүлэхдээ хувийн бизнес (ХБ), хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН), Сингапур дахь гадаадын компани (СГК), хувьсах хөрөнгөтэй компани (ХуХК), тусгай зориулалтын худалдан авалтын компани гэсэн үндсэн зургаан аж ахуйн нэгжийн бүтцийн хэлбэрээс сонгон байгуулдаг.
Тухайн цаг үед Сингапурт аль хэлбэрийн компаниуд, ямар салбарт орвол ашиг, өгөөж нь өндөр байгаа, янз бүрийн ашигтай байрлалын мэдээллийг харуулсан судалгаа, нээлттэй зөвлөмж, статистикийн дүн шинжилгээг Эдийн засгийн зөвлөлөөс улирал бүрээр гарган цахим хуудсандаа байршуулдаг. Мөн СДОГ-аас хүсэлт гаргагчийн иргэний харьяаллаас үл шалтгаалан Сингапурын нутагт шинээр байгуулагдаж байгаа компани, ЖДҮ эрхлэгч нарт зориулсан татварын хөнгөлөлт, урамшууллын талаарх мэдээлэл, хамрагдах зааврыг НББКГ руу хандсан хувь хүн, албан тушаалтны цахим хаягаар илгээдэг.
Олон Улсын Энтерпрайз Сингапур Агентлаг, Стандарт Бүтээмж Инновацийн Зөвлөлүүдээс гарааны компаниудыг дэмжих олон төрлийн мөнгөн тэтгэлэг өгдөг бөгөөд гадаад эзэдтэй жижиг бизнесүүд ч тэрхүү тэтгэлгүүдээс хүртэх боломжтой. АХЯ-наас гадаадын хөрөнгө оруулагчдын үүсгэн байгуулж буй компаниудад тус улсын шударга хөдөлмөрийн үзэл баримтлалын гэрээг дагаж мөрдөхийг сануулдаг. Тэрхүү гэрээний гол агуулга нь Сингапур улс таны нэр төрийг хүндэтгэн, хувийн өмчийг чинь хамгаалж, хууль ёсны эрх ашгийг дээдэлсний хариуд дотоодын иргэдийг түлхүү ажиллуулж, цалин хөлсөө шударгаар олгон, хөдөлмөрийн мөлжлөг үйлдэхгүй байхыг сануулсан утгатай байна.
2. Байгуулсан компаниа 100 хувь эзэмшинэ
Зүүн Өмнөд Азийн орнуудад төдийлөн түгээмэл бус байдаг “гадаадын хөрөнгө оруулагч байгуулсан компаниа 100 хувь эзэмших эрх” -ийг Сингапурын засгийн газраас өргөн хүрээнд олгодог нь тус хот улсад компани байгуулах хоёр дахь гол шалтгаан билээ. Хятад ба АСЕАН-ы дийлэнх оронд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эсвэл бизнесийн аль нэг салбарт гадаадын иргэд хөрөнгө оруулсан компаниа бүрэн эзэмших эрх олгодоггүй.
Сингапурт 18 насанд хүрсэн эрхзүйн чадамжтай дотоодын иргэн, байнга оршин суух, бүх төрлийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх, бизнесийн, хөрөнгө оруулалтын, хамаарлын паспорт эзэмшигч гадаадын иргэд компани байгуулах, компанийнхаа 100 хүртэлх хувийг өмчлөх, хувийн компанидаа ажиллах, түүнийг удирдах эрхтэй байдаг. Харин ажиллах, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэд тус улсад компани байгуулах, өмчлөх, хувьцаа эзэмших эрхтэй ч компанидаа ажиллах, түүнийг удирдах боломжгүй бөгөөд өмнө дурдсан Сингапурын иргэн юм уу ажил эрхлэх эрхтэй гадаадын иргэдээс сонгон гүйцэтгэх захирал, өөрийн төлөөлөгчөөр ажиллуулах ёстой.
Гадаадын иргэд Сингапурт ямар ч салбарын ХХК-ийг 100% эзэмших эрхтэйгээс гадна банк, санхүүгийн байгууллагууд ч энэ хэлбэрийг сонгон үйл ажиллагаа явуулдаг.
Аливаа бизнесийн байгууллагыг Нягтлан бодох бүртгэл, корпорацын зохицуулах газар (НББКГ)-т бүртгүүлэхэд дараах гурван үе шатыг дамждаг.
- Компанийн нэрийн зөвшөөрөл авах
Хүсэлт гаргагч шинээр бүртгүүлэх компанийн нэрийг онлайнаар шүүхийн өмнө эхлээд НББКГ-ын хөтөлдөг цахим хуудас BizFile+ руу орно. Шинээр авах компанийн нэр өвөрмөц, утга учиртай, уншихад хялбар, бүдүүлэг үг хэллэг ороогүй, зохиогчийн эрх, барааны тэмдгийн зөрчилгүй, түгээмэл биш байх ёстой. Гэхдээ танай компанийн нэрд “Банк, Санхүү, Боловсрол, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэх мэт үгс орсон бол НББКГ-д урьдчилж хүсэлт гарган зөвшөөрөл авах шаардлагатай. Компанийн нэрийг НББКГ-аас баталсны дараа ААН-ээ бүртгүүлэх өргөдөл гаргасан өдрөөс хойш тухайн нэр 60 хоногийн хугацаанд танд хадгалагдана. Тэрхүү хугацаанд компаниа нээгээгүй бол нэрийн баталгаа хүчингүй болдог.
- НББКГ-т илгээх баримт бичгийг бэлтгэх, илгээх
- НББКГ-аас баталгаажуулсан компанийн нэр,
- Бизнесийн үйл ажиллагааны товч тодорхойлолт,
- Компанийн Сингапурт бүртгэлтэй хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл,
- Хувьцаа эзэмшигчд болон гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргаар ажиллах хүний мэдээлэл,
- Гадаадын хөрөнгө оруулагчийн паспортын хуулбар, түүний одоо оршин суугаа хаягийн нотолгоо,
- Компанийн дүрэм, хэрвээ Сингапур дахь гадаадын компанийн охин компани, салбар оффис, төлөөлөгчийн газар бол толгой компанийн бичиг баримт,
- Сингапурын иргэн эсвэл ажиллах эрхтэй гадаадын иргэний үүсгэн байгуулж буй компанийн үнэмлэх,
- Оршин суух зөвшөөрлийн хуулбарыг илгээхээр бэлдэн бүртгэлийн газрын цахим хуудас руу илгээнэ.
- НББКГ-т компани байгуулах өргөдөл гаргах
Өмнөх илгээсэн бичиг баримт шаардлага хангасан гэж үзвэл НББКГ-аас компанийг амжилттай бүртгэснийг таны цахим шуудангаар мэдэгдэж компанийн гэрчилгээний хуулбарыг PDF файлын форматаар илгээнэ. Сингапурт НББКГ-аас илгээсэн компанийн гэрчилгээний хуулбарыг хүчин төгөлдөр гэрчилгээ гэж үзэх бөгөөд хэрвээ та хүсэлт гаргавал эх хувийг нь олгодог.
Компанийн гэрчилгээ дээр компанийн нэр, регистрийн дугаар, бүртгэлийн дугаар, бизнесийн үндсэн үйл ажиллагааны чиглэл, төлбөртэй капиталын дүн, бүртгэлтэй хаяг, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргын нэрийг бичдэг. Гэрчилгээ гарсны дараа компаниуд дурын тамганы үйлдвэрт компанийн нэр, регистрийн дугаарыг сийлсэн резинэн тамга хийлгэнэ.
Сингапурт компаниа бүртгүүлсний дараа тэр даруй бүх хувьцаа эзэмшигчид нь уулзаж УЗ-ийн анхны тогтоолыг үйлдэх ёстой. Компанийн үйл ажиллагааг хариуцах дор хаяж нэг захирлыг томилохоор хэлэлцэж, шийдвэр гаргана. Тэд мөн компанийн бусад албан тушаалтан болох аудитор, компанийн нарийн бичгийн даргыг томилон үүрэгт ажилд нь оруулах үүрэгтэй. Компанийн захирлаар 18 нас хүрсэн, ажлын түүхэндээ хууль зөрчсөн буруутай үйлдэл гаргаагүй, дампуурлын түүхгүй хүнийг томилох хуулийн шаардлага тавьдаг.
Сингапурын бараа, үйлчилгээний татвар гэдэг Монголын НӨАТ-тай нэг утгатай татвар бөгөөд ялгаатай нь найман хувиар тогтоосон байдаг.
Сингапурын компаниудад хуваалцах гэрчилгээ гэж бий. Компанийн нарийн бичгийн дарга нь хувьцаа эзэмшигч бүрд хувьцаа хуваалцах гэрчилгээ олгодог. Хуваалцах гэрчилгээ дээр нийт хувьцаа эзэмшигчдийн нэр, хэдий хэмжээний хувь эзэмшиж байгааг бичдэг. Сингапурт компаниа нээсний дараа хууль эрх зүйн болон гэрээний үйл ажиллагаанд зориулж компанийн гэрчилгээ эсвэл хуулбар байнга хэрэг болно. Байгууллагын банкны данс нээх, оффисын түрээсийн гэрээнд гарын үсэг зурах, интернэт, суурин утас тавиулах зэрэгт компанийн гэрчилгээ хэрэгтэй.
Шинээр байгуулагдсан компанид бизнесийн лиценз, тусгай зөвшөөрөл хэрэгтэй эсэх нь түүний үйл ажиллагааны мөн чанараас хамаарах ба зайлшгүй авах шаардлагатай бол үйл ажиллагаа эхлэхээс өмнө авахыг зөвлөж байна. Ресторан, цэвэрлэгээний бизнес, боловсролын байгууллагууд, аялал жуулчлалын агентлагууд, санхүүгийн үйлчилгээ, бараа импортлох, экспортлох зэрэгт ихэвчлэн бизнесийн лиценз шаарддаг.
Хэрэв тухайн компанийн жилийн хүлээгдэж буй эргэлт нэг сая сингапур доллараас дээш байвал СДОГ-д бүртгүүлж бараа, үйлчилгээний татварын бүртгэл хийлгэнэ. Сингапурын бараа, үйлчилгээний татвар гэдэг Монголын НӨАТ-тай нэг утгатай татвар бөгөөд ялгаатай нь найман хувиар тогтоосон байдаг.
3. Компани бүртгүүлэхэд зардал багатай
Азийн дөрвөн барын тоонд орж бүс нутагтаа өндөр хөгжилтэйд тооцогддог ч “компани бүртгүүлэхэд бага зардал гардаг” нь Сингапурт компаниа байгуулах гурав дахь шалтгаан болно. НББКГ-ын журмаар шинээр компани бүртгүүлэхэд өргөдлийн үнэ 15 сингапур доллар, бүртгэлийн хураамж 300 сингапур доллар болдог. Компани байгуулахтай холбоотой өөр ямар нэгэн нэмэлт төлбөр НББКГ авахгүй бөгөөд зөвхөн үүсгэн байгуулагч компанийн гэрчилгээг хэвлэмэл байдлаар авахыг хүсвэл тухайн өдрийн хэвлэх үйлчилгээний хөлсийг төлдөг.
4. Нэр хүндийн баталгаа болдог
Монголчууд Сингапурт хувийн бизнес (ХБ), хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН), Сингапур дахь гадаадын компани (СГК), хувьсах хөрөнгөтэй компани (ХуХК), тусгай зориулалтын худалдан авалтын компани гэсэн зургаан бүтцээс алийг нь ч сонгон компани байгуулж болно. Гол нь тус тусынх нь онцлог давуу талыг мэдэх учиртай. Сингапурт компанитай байх нь Зүүн Өмнөд Азид бизнес эрхэлдэг гадаадын иргэдийн хувьд нэр хүндийн баталгаа болдог тус улсад монголчууд ААН байгуулах дөрөв дэх шалтгаан юм.
Хувийн бизнес гэдэг нь эзэмшигчээс тусдаа хуулийн этгээд гэж тооцогддогүй, эзэмшигч өр, алдагдлыг хязгааргүй хариуцдаг нэг хүний бизнесийн компани юм. Тухайн бизнесийн орлогыг эзэмшигчийн орлого гэж үзнэ. Эзэмшигч нь хувийн бизнесийн тусгайлсан татвар төлөхгүй, зөвхөн хувь хүний орлогын албан татвар (0%-22%) төлдөг.
Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) нь хувийн бизнесийн компаниас ялгаатай нь компанийн захирал, хувьцаа эзэмшигч, албан тушаалтнаас тусдаа хуулийн этгээд бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хариуцлага нь тэдний хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалтаар хязгаарлагддаг. Сингапурт шинэ компаниа бүртгүүлэхийг хүсэж буй бизнес эрхлэгчид найдвартай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах, брэндийн дүр төрхийг оновчтой удирдах боломж, татварын өндөр үр ашигтай байдлыг нь харгалзан ХХК-ний бүтцийг илүүд үздэг. Гадаадын иргэд ямар ч салбарын ХХК-ийг 100% эзэмших эрхтэйгээс гадна банк, санхүүгийн байгууллагууд ч энэ хэлбэрийг сонгон үйл ажиллагаа явуулдаг. Сингапурт ХХК татвар ногдох орлогоосоо аж ахуйн нэгжийн татвар 0%-17% төлдөг.
Гадаадын ЖДҮ эрхлэгчид Сингапурт салбар оффис бүртгүүлэхийг илүүд үздэг.
Сингапурын компанийн тухай хуулийн дагуу хоёр ба түүнээс дээш хувь хүн эсвэл аж ахуйн нэгж нэгдэн хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН) бүртгүүлж болно. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (ХХН) нь ХХК-тай адилхан орлогоосоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 0%-17% төлөх ба нөхөрлөлийн түншүүд нэмэлтээр ХХН-аас олсон орлогоосоо хувь хүний орлогын албан татвар 0%-22% төлдөг. Энэхүү ААН-ийн бүтцийн хэлбэр нь хувиараа бизнес эрхлэгчид болон ХХК-иуд үйл ажиллагаагаа нэгтгэн кластер үүсгэхэд чиглэдгээрээ онцлогтой.
Сингапур дахь гадаадын компани (СГК) нь охин компани, салбар оффис, төлөөлөгчийн газар гэсэн гурван хэлбэртэй байж болдог. Гадаадын компаниуд Сингапурт охин компани байгуулах нь хамгийн ашигтай бүтцийн хэлбэр байж болох юм. Охин компани нь ХХК-ийн хэлбэртэй байдаг. Толгой компани нь охин компанийн хувьцааг 100 хувийг эзэмших боломжтой ч түүнийг толгой компаниас тусдаа хуулийн этгээд гэж үздэг. Толгой компанийн хариуцлага нь дүрмийн сангаар хязгаарлагдах ба толгой компанийн хөрөнгийг охин компанийн өр, алдагдлыг төлөхөд ашигладаггүй. Охин компани байгуулсны дараа толгой компани нь нэг ажилтнаа Сингапур руу нүүлгэн шилжүүлж, хариуцуулах ёстой. Сингапурт ажиллахын тулд ажилтанд хөдөлмөрийн үнэмлэх хэрэгтэй болно. Ихэнхдээ гадаадын ЖДҮ эрхлэгчид Сингапурт салбар оффис бүртгүүлэхийг илүүд үздэг. Охин компаниас ялгаатай нь толгой компани нь өөрийн салбараас үүссэн бүх өр төлбөрийг хариуцна. Салбар оффист дор хаяж Сингапур нэг иргэнийг ажилд авах ёстой ба сул тал нь орон нутгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эрхгүй байдаг.
Гадаадын компаниуд Сингапурын зах зээлийн орчин, бизнесийн чадавхыг судлах, хамтран ажиллах түнш олох зорилгоор төлөөлөгчийн газар байгуулдаг бөгөөд ашиг олох зорилготой бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Төлөөлөгчийн газар нь гадаад улсын толгой компаниас тусдаа хуулийн этгээд биш учир түүний өр төлбөр, бүх хариуцлагыг толгой компаниас хариуцах ёстой. Толгой компани нь 3-аас дээш жил ажилласан, жилийн 250,000 сингапур доллараас дээш эргэлттэй компани байх ёстой. Татан буугдсан тохиолдолд төлөөлөгчийн газар бүртгэлээс хасагдана. Төлөөлөгчийн газарт тав хүртэлх тооны гадаадын иргэн ажиллахыг зөвшөөрдөг.
5. Оюуны өмчийг дээдэлдэг
Хятад ба АСЕАН-ы зах зээлд гарч бизнес эрхлэхээр шийдсэн монголчууд Сингапурт компани байгуулах тал дахь шалтгаан бол оюуны өмчийг дээдэлдэг байдал. Ганцхан дээдлээд зогсохгүй Сингапур улсад оюуны өмчөө бүртгүүлэн баталгаажуулсан байхад таны оюуны өмч дэлхий даяар найдвартай хамгаалагдана. Одоогийн байдлаар тус улс оюуны өмчийг хамгаалах Парисын хэлэлцээр зэрэг томоохон конвенциудад нэгдсэнээс гадна дэлхийн 100 гаруй улстай оюуны өмчийг хамгаалах хоёр талын гэрээ байгуулсан цөөхөн улсуудын нэг юм. Сингапурт бүртгэлтэй оюуны өмчийн зөрчил гаргасан компанид Зүүн Өмнөд Азийн зах зээл хаалттай болдгийг ч бас мэдүүштэй.
Сингапурт бүртгэлтэй оюуны өмчийн зөрчил гаргасан компанид Зүүн Өмнөд Азийн зах зээл хаалттай болдог.
Сингапурт компанийг бүртгүүлсний дараа хууль тогтоомжийг дагаж мөрдөж буй гэдгээ нотлох үүднээс жил бүр мэдүүлэх шаардлагуудыг заавал биелүүлэх ёстой. Сингапурын татварын албанаас бүх компаниудад ерөнхий дэвтэр, өглөг, авлага, үндсэн хөрөнгийн бүртгэлээ эмх цэгцтэй хөтлөхөөс гадна бүх дансны гүйлгээгээ цаг тухайд нь тэмдэглэж байхыг шаарддаг. Мөн компани бүр хуанлийн жил бүр ТУЗ-ийн ээлжит хурлаа хийж санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдээр батлуулсан эсэхийг хянадаг. Жилийн өгөөжийг компанийн хурал хуралдсан өдрөөс хойш нэг сарын дараа гаргах ёстой. Компаниудын татварын мэдүүлгийн сүүлийн огноо нь 11 дүгээр сарын 30 (цаасан хэлбэрээр) болон 12 дугаар сарын 15 (цахим мэдүүлэг) юм. Санхүүгийн жилээ компаниуд өөрсдөө тодорхойлдог.Энэ нь 1-12 дугаар сар эсвэл тухайн оны дөрөвдүгээр сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл нягтлан бодох бүртгэлийн мөчлөгтэй байж болно. Санхүүгийн жил (нягтлан бодох бүртгэлийн мөчлөг) нь жилийн аль ч сард эхэлж болно.