Ээж хүнд эгэлгүй хүч оршдогийн нэг жишээ бол А.Уянга. Түүнийг Creative Bamboo төвийн үүсгэн байгуулагч гэдгээр нь олон хүн мэднэ. Харин инженер мэргэжилтэй, хоёр хүүхдийн ээж, хоёр ч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Хоёр нялх хүүхэдтэй байх үедээ тэр Entrepreunership in Technology чиглэлээр суралцаж, удалгүй Creative Bamboo төвөө нээж байсан түүхтэй. Creative Bamboo төв эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх боломж олгож, тэдний сониуч зан, бүтээлч чадварыг дэмжиж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар зургаа дахь жилтэйгээ золгож байна. Creative буюу бүтээлч, bamboo буюу хулс мод гэсэн хоёр үгийг нийлүүлж уг төвөө нэрлэсэн аж. Учир нь хулсны үндэс асар удаан ургадаг ч, үндэслэсэн хойноо газар дээр гарч ирэхдээ төрлөөсөө хамаарч өдөрт нэг метр хүртэл өндөр болж ургадаг. Хүүхэд үүнтэй яг адил. Хүний тархины 90 хувь нь 0-5 насанд хөгжиж бүрэлддэг учир хүүхдийг багаас нь сайн анхаарах нь ирээдүйд зөв хүн болох, амжилттай явах суурь болдгийг А.Уянга ойлгосны үндсэн дээр Creative Bamboo нэрийг өгчээ.
Хүүхэд бүрд хулсны үндэс мэт сайн суурь тавьж өгөх түүний хүсэл өдрөөс өдөрт өдлөн ургасаар Харвардын их сургуульд Боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалахад хөтөлжээ. Сурсан мэдсэн бүхнээ тэр дор нь ажил хэрэг болгож хэвшсэн А.Уянга сургуулийн өмнөх боловсролд уламжлалт бус сургалтын агуулга нэвтрүүлэхээр зорьж байна. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Юнеско”-оос 2022 онд “Боловсролын ирээдүйг хамтдаа дахин төсөөлөх нь” баримт бичгийг шинэчлэн гаргасан. Би Харвардад сурч байхдаа тус баримт бичиг дээр ажиллаж, Монголын боловсролын системтэй харьцуулан судалж үзсэн. Үүнээс гадна техник технологи асар хурдацтай хөгжиж буй энэ эрин үед бид ямар нэг мэргэжилтэн, эсвэл аль нэг албан тушаалд очих хүнийг бэлтгэх аргагүй болж байна. Тэгэхээр бид даяарчлагдсан дэлхий ертөнцийн аль ч өнцөгт амьдарч чадах, биеэ даасан, байгаль дэлхийтэй ойрхон, хүнлэг, өгөөмөр хүмүүсийг бэлтгэхийг хүсэж байна. Үүнийг 0-5 насанд бүрэн төлөвшүүлэх боломжтой” гэж ярьсан юм.
Хүүхэд бүрд хамгийн сайхан түүх бүтээлцэж өгөхийг тэр хүссэн учраас цэцэрлэгээ Our story гэж нэрлэжээ. Эцэг эхчүүдээс “Танай цэцэрлэг ямар хөтөлбөртэй вэ?” гэх асуулт түүнд хамгийн их ирдэг. Яг үнэндээ эцэг эхчүүдийн асуух асуулт бол “Ямар хөтөлбөртэй вэ?” биш “Манай хүүхэд танай цэцэрлэгт яваад хэн болох вэ?” гэдгийг асуух нь зүйтэй гэнэ. Учир нь
Our Story цэцэрлэг хүүхэд бүрд ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг профайлыг гаргаж өгөх бөгөөд тухайн хүүхдийн өгөгдөл бүр дээр ажиллаж, өнгөлж, гялалзуулж, нээж илрүүлэхэд анхаарах юм.
Зарчимч, өгөөмөр, сониуч, судлаач сэтгэхүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээтэй, эх дэлхийдээ ээлтэй, асуулт асууж чаддаг, бүтээлч хүүхэд төлөвшүүлэхэд тэд анхаарлаа хандуулж байна.
Чухамдаа ийм хүмүүсийг бэлтгэж чадвал тэдний ямар сургуульд сурах, ямар боловсрол, мэргэжил эзэмших, ямар ажил хийх вэ гэдэгт эцэг эхчүүд санаа зовохгүй байж болох аж.
Томчууд хүүхдийг үргэлж дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Гэтэл тухайн хүүхэд хэдийнэ өөрийн гэсэн үзэл бодолтой, хүндлүүлэх эрхтэй бие хүн байдаг. Тэд бүхнийг эргэн тойрноосоо, ээж аавынхаа хандлагаас хэнээр ч заалгалгүй, зөнгөөрөө сурч байдаг. “Эцэг эхчүүд бол Our Story буюу бидний түүхийг бүтээлцэх чухал хүмүүсийн нэг. Тийм болохоор бид эцэг эхчүүдтэй тулж ажиллана” гэж А.Уянга хэлэв. Түүний хэлснээр, эцэг эхчүүд цаг заваа зохицуулаад цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, хөтөлбөртэй танилцаж, багш нарын хандлага, хүүхдийнхээ найзуудыг мэдэж авах боломжтой. Ингэснээр эргээд гэртээ хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, юунд анхаарах зэргийг илүү сайн ойлгож, цэцэрлэгийн хийж буй ажлыг дэмжиж, жинхэнэ хамтын ажил бий болох аж. Хүүхдүүд томчуудаас үлгэр авдаг шиг томчууд ч гэсэн өөрсдөө оролцож байж шинэ зүйл суралцдаг учраас тэр хэмээн тайлбарлав.
Үүгээр зогсохгүй тухайн цэцэрлэгийн орчинд байгаа бүх томчууд, хотхоны хүмүүс хүүхдийг сургаж байдгаа ухамсарлах хэрэгтэй. Япон улсын нэг жишээ байдаг. Томчууд зам дээр машин байхгүй байхад хүртэл ногоон гэрлийг хүлээж зогсдог. Яагаад гэвэл хажуугийн байрны цонхоор хэн нэг хүүхэд намайг харж байгаа шүү дээ гэдэг. Томчууд бид бүгд хүүхдийн хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэдгээ эндээс ойлгох хэрэгтэй болов уу. Энэ бол нэг цэцэрлэгээр, нэг хотхоноор хязгаарлагдахгүй, нийслэл хотын иргэн бүр үүнд анхаарал хандуулбал ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн юм.
“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэдэг. Манайд сургуулийн өмнөх боловсролын багшийн хөдөлмөрийг муу үнэлэх хандлага ажиглагддаг. Үүнд би их эмзэглэж явдаг. Уг нь хүүхдийн хөгжил, төлөвшилд маш чухал үүрэгтэй хүмүүс шүү дээ. Хүүхдүүдтэй хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс бол багш нар. Хүүхдийг хөгжүүлье гэвэл багшийг хөгжүүлж, амар амгалан, ажилдаа дуртай байлгахад анхаарах хэрэгтэй юм билээ” гэж А.Уянга ярив. Тиймээс эднийх багш нараа сургаж хөгжүүлэхийн тулд гадаадаас ментор багш урьж, багш нарын ачааллыг тэнцвэржүүлж, хүүхдэд бүхнээ зориулах боломжоор хангаж ажиллахад анхаарч байна.
Our Story цэцэрлэгийн нэг ангид 2-5 насны 20 хүүхэд хүлээн авах бөгөөд анги бүрд гурван багш ажиллахаар зохицуулжээ. Тухайн ангид туслах багш гэж байхгүй бөгөөд гурван багш тэгш эрхтэй, co-teaching буюу хамтран ажиллах зарчмыг баримтлахаараа онцлог.
Мөн цэцэрлэгийн хөтөлбөрийн салшгүй хэсэг нь драмын дугуйлан байх учраас цэцэрлэгийнхээ хажууд Creative Bamboo театраа мөн байлгахаар төлөвлөжээ. Театрын боловсролоор хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хөгжүүлж, ахуйн энгийн дадлуудыг маш сонирхолтой хэлбэрээр хэвшүүлэх боломжтой гэж хардаг.
Уламжлалт бус Our Story цэцэрлэгээс эцэг эх, хүүхдүүдэд өгч буй өөр нэг үнэт зүйл бол орчин. Хүүхдийн сурч хүмүүжиж буй орчин нөхцөл өөрөө гуравдагч багш гэж нэрлэгддэг тул А.Уянга үүнд онцгой анхаарал хандуулж байна.
Нэг л жишээ татахад, 2-5 насны хүүхэд их идэвхтэй, эрч хүчтэй байдаг. Тийм болохоор эрч хүч их ялгаруулдаг улаан, ягаан, улбар шар өнгөтэй орчинд байлгах нь тун чухал. Өнгөний философид үздэгээр, ийм өрөөнд эрч хүчтэй хүүхэд орвол эсрэгээрээ тайвширдаг байна. Нэг янзаар будсан хана байхаас илүү уусгалттай, амьсгалж байгаа мэт мэдрэмж өгөх, анхаарлыг сарниулах зүйлгүй орчныг бүрдүүлвэл хүүхдийн анхаарал тухайн өрөөнд бүрэн төвлөрөх аж. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгос улсаас эрүүл мэндэд тустай эко модон тавилгаар анги танхимаа тохижуулж, тоглоом, хичээлийн хэрэгсэл, орчныг бүрдүүлэхдээ зөвхөн эрүүл ахуйн талаас бус давхар гоо зүйн талаас ч тааламжтай байхыг эрхэмлэх нь чухал гэж үздэгээ хуваалцаж байна.
А.Уянга “Creative Bamboo” төвөө өөрийн хүүхэд мэт хайрлан ургуулж зургаан нас хүргэсэн. Тэгвэл одоо “Our Story” гэх хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байна. Бусдад өгөх зүйлтэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явна гэдэг гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг болов уу. Түүний мөрөөдөл бол уламжлалт бус сургуулийн өмнөх боловсролыг уламжлалт болгож, хүүхэд бүрд хүргэх юм.
Цэцэрлэгт яаж бүртгүүлэх вэ