Монголчууд гадаадад очиж ахмад настнуудыг асарч, өндөр цалин авдаг талаар сонсож байсан байх. Харин Монголд асрагч, сувилагчид хамгийн бага цалин авдаг. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд гэхэд сарын 50 мянган төгрөгийн цалинтай. Өндөр настай аав, ээжээ удаан хугацаанд асрах бол эмэгтэйчүүд ажлын байраа орхихоос өөр аргагүй болдог. Энэ мэтчилэн асрахуйн ажлын гол ачаалал эмэгтэйчүүдэд ноогдож, үүнийг нь нийгэм жам ёсны үүргээ гүйцэтгэж байгаа мэтээр хүлээн авдаг хэвээр байна. Гэтэл эмэгтэйчүүд ч бас нийгэмд идэвхтэй оролцож, ажиллаж хөдөлмөрлөж, манлайлах хүсэлтэй байдаг. Энэ талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ -ын үүсгэн байгуулагч Б.Золзаяа “Асрахуйн эдийн засаг бол бие махбод нийгэм, сэтгэлзүйн төрөл бүрийн асаргаа, дэмжлэг, туслалцаа үзүүлэх хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр, үйлчилгээний бүх хэлбэрийг хамарсан нийгэм, эдийн засгийн харилцааг хэлнэ. Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийснээр ядуурлыг бууруулж, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх болно” гэсэн юм.
Төрөөс асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 63.2 хувиар өснө. Ингэснээр нэг хүнд ногдох эдийн засгийн жилийн өсөлтийн түвшин 0.5 хувиар нэмэгдэж, 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ 16 хувиар өсөх боломжтой гэж Азийн хөгжлийн банк тодорхойлсон байна.
Түүнчлэн төр засаг хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгож, хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж чадвал бизнес эрхлэгчдэд ашигтай ажиллах цоо шинэ салбар гарч ирэх нь. Жишээлбэл, манай улсад ахмад настны асрамжийн газар ганц л байдаг. Тэтгэвэрт гараад үр хүүхэддээ төвөг удахгүй, асрамжийн газарт очно гэсэн хандлага шинэ үеийнхэнд төлөвшсөн. Тэгэхээр тэднийг хүлээн авах тохилог, стандартад нийцсэн, боломжийн үнэ хөлстэй ахмад настны асрамжийн газрын эрэлт хэрэгцээ удахгүй бий болно гэсэн үг. Үүн дээр бизнес эрхлэгчид хэрхэн, яаж тоглолт хийхээ одооноос анхаараад эхлэхэд буруудахгүй болов уу. Хоёрт, гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчийн бүтэн болон хагас цагийн ажлын байр манайд тодорхой хэмжээнд бий болоод байгаа. Үүнийг улам бүр төгөлдөржүүлэх, эрхзүйн зохицуулалт хийх ажил эзнээ хүлээсээр. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг асран халамжлах ажил дан ганц охид эмэгтэйчүүдийн нуруун дээр байсаар. Үүнд ямар шийдэл байж болох вэ, хүний нөөцөө хэрхэн бэлтгэх вэ?
Дэлхийд өдөр бүр 16.4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг гэсэн судалгаа байна. Энэ нь дэлхий даяар хоёр тэрбум хүний өдрийн найман цагийн хөдөлмөртэй тэнцэх бөгөөд цалин хөлсний хамгийн бага хэмжээгээр тооцоход дэлхийн нийт ДНБ -ний есөн хувь буюу 11 их наяд ам.доллартай тэнцэх ажээ. Түүнчлэн асрахуйн ажлын 76 хувийг эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад гурав дахин их үзүүлэлт юм.
Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулалт хийснээр дэлхий нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр албан ёсоор бий болно гэж Азийн сангаас мэдэгджээ. Мөн хиймэл оюун хөгжиж, ирээдүйд олон арван ажил мэргэжил үгүй болох хандлагатай байгаа ч асрахуйн ажлыг робот гүйцэтгэх боломжгүй гэж Б.Золзаяа зөвлөх онцолж байсан юм.
Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд талуудын оролцоог дараах байдлаар тусгажээ.
Засгийн газар:
- Асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах
- Албан ёсны статистик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох
- Нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах
- Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ -ын оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх
Иргэний нийгэм:
- Мэдлэг түгээх кампанит ажлууд
- Эрэгтэйчүүд, эрэгтэй хүүхдүүдийг татан оролцуулах
- Мэргэжлийн холбоод болон албан бус нэгдлүүдтэй хамтрах
- Олон нийтийн оролцоонд суурилсан асрахуйн үйлчилгээ эрхлэх
Хувийн хэвшил:
- Гэр бүлд ээлтэй хүний нөөцийн бодлого
- Асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал
- Цаг хэмнэсэн, уян хатан технологи
- Ажлын байрны зохистой стандарт
- Засгийн газартай хамтран ажиллах
- Инновацид суурилсан асрахуйн бизнес
Олон улсын байгууллагууд:
- Асрахуйн хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах стандарт тогтоох
- Суурь санхүүжилтээр хангах
- Чадавх, дэд бүтцийг бэхжүүлэх
- Засгийн газруудтай хамтран ажиллах