Ноос ноолууран бүтээгдэхүүн бол бидний дэлхийд танигдах нэрийн хуудас. Энэ утгаараа дотоодын өрсөлдөөн маш их. Тийм ч байх ёстой. Тэр ч бүү хэл хэрэглэгчид нь хямсгар, өндөр шаардлага тавьдаг байх учиртай. Дэлхийг бүхэлд нь онилж буй далай мэт энэ том зах зээлд салхи шуурга сөрж, хөмөрчихгүйг хичээж яваа олон арван том, жижиг завь бий. 2023 оны байдлаар ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 300 орчим компани, аж ахуйн нэгж байна. Тэдний нэг бол “Эм Жи Кашмер” ХХК юм. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал З.Тунгалаг “Энэ салбарт өрсөлдөөн ихтэй мэт боловч гадаадын зах зээл том учраас үүнийг дотоодын компаниуд нэгдмэл зорилготойгоор, бие биеэ дэмжих байдлаар ажиллавал бидэнд илүү их боломж бий” хэмээн ярьсан юм.
Бага нөөцөөр ихэд тэмүүлсэн нь
Манай улс жилд дунджаар 11 мянган тонн ноолуур бэлтгэдэг ч үүний 12 хувийг нь л эцсийн бүтээгдэхүүн болгодог гэсэн статистик бий. “Эм Жи Кашмер” компани эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх их ажилд ханцуй шамлан ороод 16 дахь жилийн нүүрийг үзэж байна. Тэд анх 50\50 хувийн хөрөнгө оруулалттай хоёр эзэмшигчтэй, гар сүлжмэл машинтай үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Харин өнөөдөр 200 метр квадрат, хоёр давхар өөрсдийн гэсэн үйлдвэрийн байртай, 18 хүнийг тогтмол ажлын байраар хангадаг, УИД-ийн гурван давхарт борлуулалтын салбартай болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд тэд БНХАУ, Швейцарь, Австри улсуудад зохиогддог үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцохын зэрэгцээ үндсэн бүтээгдэхүүнээ захиалгын дагуу тасралтгүй нийлүүлж ирсэн байна.
Гэхдээ тэндээс энд хүрэхэд амар байгаагүй нь ойлгомжтой. Гарааны бизнесүүдэд тулгардаг эргэлтийн хөрөнгийн асуудалд орж, үйлдвэрлэлээ зогсоох эсэхдээ тулж явсан үе ч тэдэнд бий. Тухайн үед тэтгэвэрт суусан ээж нь орон сууцаа барьцаанд тавьж, аминд нь орсон түүхтэй. З.Тунгалаг захирал бизнесээ анх эхлүүлж байсан үеэ дурсахдаа “Бидэнд ирсэн хамгийн анхны захиалга хуримын үдэшлэгт өмсөх даашинз байсан. Бидний сэтгэлээ гарган урласан даашинз үйлчлүүлэгчид маань таалагдсанд бид маш их баярлаж байснаа тод санаж байна. Түүнээс хойш манай бүтээгдэхүүн хүмүүст танигдаж, захиалгууд ар араасаа нэмэгдэн орж ирэх болсон” гэв.
Түүний бизнест 2011 он тодоор дурсагдах олон амжилтыг авч ирсэн байна. Тэд 2011 онд хуримтлуулсан мөнгөөрөө ямар ч зээлгүй нэг өрөө байр худалдан авч ажлын байртай болсон гэдэг. “Ажилтнуудтайгаа хамт В1 давхараа орхиж, шинэ ажлын байр руугаа нүүж явсан тэр үе миний хувьд хамгийн жаргалтай дурсамжуудын минь нэг болон үлджээ” хэмээн З.Тунгалаг ярьсан юм. 2011 онд тус компани Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч, бүрэн автомат “Шима Сейкы” машин авснаар сүлжих үйлдвэрлэл нь гар ажиллагаанаас гарчээ. Мөн тэр үеэс Улсын их дэлгүүрт “Эм Жи Кашмер” компанийн бүтээгдэхүүн зарагдаж эхэлсэн гэдэг.
Ноос, ноолуурын салбарт цар тахлын он жилүүд хүнд цохилт өгсөн билээ. “Эм Жи Кашмер” компани ч үүнийг тойрсонгүй, дайраад гарсан. З.Тунгалаг захирал хүнд хэцүүг туулах тусам улам ихийг сурч, хүчирхэгжсээр өнөөдөр компаниа 100 хувь өөрийн эзэмшилд авч, ребрэндинг хийж, экспортоос гадна дотоодын зах зээлд хэрхэн тогтвортой ажиллах вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулж эхлээд байна.
Бяцхан биеийг дулаацуулах шидтэн
“Манай байгууллагын ажилтнууд 100 хувь эмэгтэйчүүд, ээжүүд. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой эхчүүд ч бий. Ихэр хүүхэдтэй ээжүүд ч байсан. Ээжүүд бол хүүхдэд хамгийн ойр байдаг сахиусан тэнгэрүүд. Тийм болохоор бид өөрсдийнхөө хамгийн сайн мэдэх 0+ сартай бяцхан үрсэд зориулсан бүтээгдэхүүнээр ребрэндинг хийхээр шийдсэн” гэж З.Тунгалаг ярьсан юм. Ээжүүдийн туршлагаар нярай хүүхэд хөлнөөсөө даарвал гэдэс нь дүүрч, хамар нь битүүрч, ханиад хүрэх ч тохиолдол бий. Нярайд зориулсан ноолууран оймс байдаггүйг ээжүүд анзаарч, хамгийн эхлээд тэд 0-3 сартай хүүхдэд зориулсан ямар ч резиний агууламжгүй оймс хийхээр шийджээ. Ингэж Mongolian goat cashmere брэнд үүсэх эхлэл тавигдсан байна.
Mongolian goat cashmere брэндийн боди бүтсэн түүх бүр ч сонирхолтой. Импортоор орж ирдэг бодинууд ихэвчлэн бие барьсан байдгаас гадна шийдлүүд нь нэлээд хүнд байгааг оёдолчин ээжүүд анзаарсан байна. Үүнээс болж хүүхэд халууцаж, уйлж, ойр тойрныхоо хүмүүсийг багагүй сандаргадаг. Ингээд хамт олноороо ярилцаж, дээрх асуудлыг шийдсэн цахилгаантай, сул загвартай, маш тухтай, ээжид амар шийдэл бүхий “боди”-ны шинэ загварыг гаргажээ. Бүтээгдэхүүн бүрийг ажилтнуудынхаа хүүхдүүдэд өмсгөж, туршиж үздэг нь амьдралд илүү ойр, биед эвтэй, хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол нөү-хау нь болдог аж.
Монголчууд хүүхдийн хувцас хүүхдэдээ ээлтэй гэлцдэг. Тийм ч болохоор ахаас дүүд уламжлагдах, олон жилийн эдэлгээ даах чанартай бүтээгдэхүүнийг ээжүүд урлахыг зорьдог. Өнөөдөр Mongolian goat cashmere брэнд ноолууран оймс, боди, трико, майк, бээлий, малгай, гэдсэвчтэй өмд гэх зэргээр бүтээгдэхүүн бүрдээ нярайн биед тухтай байх инновацыг шингээж өгдгөөрөө давуу талтай.
З.Тунгалаг нөхөр, гурван хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр ээж хүний хувьд гэр бүлийн аз жаргал, үнэ цэнийг нэгт тавьдаг нэгэн. Тийм болохоор ажилтнуудаа аль болох цаг нартай ажиллуулахыг хичээдэг гэнэ. “Манай үйлдвэрийн сүлжих хэсгийн ажилтнууд хамгийн олон цагаар ажилладаг. Харин угаах, оёх, гүйцэтгэх үйлдвэрлэлийн ажилтнуудаа ажлын найман цагаар ажиллуулахыг зорьдог. Ажилтнууд маань үйлдвэр дээрээ чанартай, бүтээмжтэй, цөөн цаг ажиллаад, гэр бүлдээ үлдсэн цаг хугацаагаа зориулдаг байгаасай гэж хүсдэг” хэмээн З.Тунгалаг ярив. Энэ бол түүний ажилтнууддаа өгч буй үнэ цэн.
“Өдөр бүр ноолуур”
Энэ бол “Эм Жи Кашмер” компанийн уриа. Хүнд хэчнээн их хувцас байсан ч байнга өмсдөг биед эвтэйхэн нэг хувцас байдаг даа. Яг л тийм хувцас үйлдвэрлэхийг тэд хүсдэг. Тиймээс бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ цаг хугацаа зарцуулж, маш удаан ажилладаг. Тэд гоё ганган гэхээс илүү минимал хэв маягт нийцсэн, биед эвтэйхэн, хамгийн гол нь хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулдаг байна.
Дэлхий нийт өдрөөс өдөрт асар хурдацтай хөгжихийн хэрээр хүмүүсийн хандлага, сэтгэлгээ, хэрэгцээ шаардлага түүнийг даган хурдтай өөрчлөгдсөөр. Хүн төрөлхтөн fast fashion буюу байгальд ээлгүй, ус их хэрэглэдэг, хог хаягдал ихтэй хувцаснаас аль болох татгалзаж, чанартай, удаан эдэлгээтэй хувцсыг илүүд үзэх болсон. Тэгвэл ноолууран хувцас хүний биед зөөлөн, тав тухтай мэдрэмж төрүүлж, өвөл дулаан, зун сэрүүцүүлж байдгаараа онцлогтой. Агаарыг чөлөөтэй нэвтрүүлж, хүний биеэс ялгарах хөлсийг өөртөө шингээдэг учраас эрүүл ахуй талаасаа ч үнэ цэн нь өдрөөс өдөрт өссөөр байна. Энэ утгаараа ноолуурын салбарынхан дотооддоо ноолуурын хэрэглээг өдөр тутмын энгийн хэрэглээ болгох ажлуудыг хийж эхэлсэн билээ. “Эм Жи Кашмер” компанийн хувьд энэ зорилгод мөн нэгдэж, борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, хэрэглэгчдийн санхүүгийн чадамжид суурилсан төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож эхлээд байна.
З.Тунгалаг 16 настайдаа “Буян” компанид сүлжигчээр ажилд орж, түүнээс хойш энэ салбарт мэдэх чадах бүхнээ зориулж яваа нэгэн. Тэрбээр том хүүгээ төрүүлсний дараа “Говь” ХК-д ажиллахын зэрэгцээ Компьютер техник мэргэжлийн сургууль (КТМС) -ийг Үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр суралцаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлсээр байв. “Миний амьдралын хамгийн өрнүүн үед нөмөр түшиг болж байсан хайртай эгч минь өнөөдөр надтай хамт байхгүй байгаа нь дэндүү харамсалтай. Эгч минь намайг үйлдвэрээ жинхэнэ бизнес утгаар нь хөгжүүлж, удирдаж явааг тэнгэрээс харж, бахархаж суугаа нь лавтай” гэж тэр хайртай эгчийгээ тэр дурссан юм.
“Эм Жи Кашмер” компани цаашид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, цаг үетэйтэйгээ хөл нийлүүлж, цахим дэлгүүрт бүтээгдэхүүн нийлүүлж, монгол ямааны ноолуураар бүтсэн биед эвтэйхэн, илч, эдэлгээ сайтай бүтээгдэхүүний тав тухыг өдөр бүр, хүн бүрд мэдрүүлэхийг зорьж явна.