– Business.MN сэтгүүлийн 2023 оны 08 сарын дугаар (№57) -т хэвлэгдсэн нийтлэл –
Хожим дурсан санахад сэтгэл дулаацуулах, үнэт, нандин бүхнийг бүтээхэд юу нөлөөлдөг гээч? Хүмүүс, мэдрэмж, орон зай… Дурсамж гэдэг бидний ой тойнд үлдэж хоцорсон олон өнгө, хэлэмж, мэдрэмж бүхэн нэгэн мөч, нэгэн орон зайд нэгдэн нийлэхүй, бүтээлцэхүй, хүрэлцэхүйн огтлолцол билээ. Маргаашийн олон өдөрт нандигнах гэрэлт мөчөө хуваалцах, дурсамж бүтээх, сайхныг таашаах, сэтгэл дүүрэхийн аль алиныг амлаж чадах GoldArt зоогийн газрыг онцолж байна.
Сайхныг таашаахуй
Их хотын хөл хөдөлгөөнийг төдий л анирдахааргүй орон зайд бууриа зассан энэ ресторан уур амьсгал, дотоод засал, хоол, орчноороо эрхгүй ялгарна. Хар өнгө, алтлаг деталиуд, гоёмсог сувдан чимэглэлүүд нүдэнд тусахуй “амьд”, нандин орон зайг бүтээхийг зорьсон нь илт. Хуучны сонгодог засал, дугуй ширээ, цагаан өнгө гээд бидний төсөөлж дассан хэв загвараас зайлсхийж, шинэ, тухтай, содон, өвөрмөцийг нэг дор багтаасан уур амьсгал бүрдүүлэхийг хүссэнээ GoldArt рестораныг үүсгэн байгуулагчдын нэг Э.Батзаяа хуваалцсан.
“Том мөрөөдлийн төлөө ажиллахад баг маш чухал. Рестораныг үүсгэн байгуулагчид бид олон жил хамтарч ажилласан найзууд. Бие биенийхээ давуу талыг мэддэг, сул талаа нөхөж, гар нийлж ажиллаж чаддаг нь бидний давуу тал”.
Тэрбээр “Дотоод засал, чимэглэл, өнгө төрх тодорхойлох чиглэлд удаан ажилласан, энэ чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсээр ирсэн минь энэ рестораныг байгуулах гол суурийг тавьсан юм. Удаан хугацаанд гар нийлж ажилласан найзуудтайгаа хамтран ая тух, үйлчилгээ, хоолны амт чанарыг нэн тэргүүнд чухалчлан ажиллаж байна” хэмээлээ. Зоогийн газрын интерьерийг гаргахдаа алтлаг утас, содон хийц бүхий жааз, ширээний чимэглэл зэрэг деталийг сэтгэлээ шингээн урлаж, таваг, лааны суурийг ч нарийн бодолцон сонгож, учир утгатай байлгахыг зорьсноо тэрбээр мөн онцолж байв. Үүний дүнд, донжтой, хэт хичээгээгүй атлаа чамин, сонгодог хэв шинжийг агуулсан өвөрмөц орон зайг бүтээж чаджээ.
Дурсамж бүтээхүй
Европ хоолны энэхүү ресторан 2022 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийжээ. Байршлын хувьд их хөлийн газар биш ч үйлчлүүлэгчид нь зорин ирдэг газар болсныг тэд онцолсон. Тиймээс ч төрсөн өдөр, сүй тавих ёслол, болзоо гээд амьдралын нандин мөчүүдээ тэмдэглэх хүлээн авалт, арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулан ажиллаж буй. “Биднийг зорьж ирж буй хүмүүс зөвхөн үйлчлүүлээд гарах биш, амтлах, харах, хүрэх мэдрэмжээрээ үйлчилгээ, хоолыг таашаагаасай гэж хүсдэг” гэж Э.Батзаяа тэмдэглэсэн.
Тав тух, амт, онцгой орчин гээд зоогийн газарт байх ёстой бүхнийг агуулсан сүлжээ болон тэлэх нь тэдний зорилго. Энэ мөрөөдөл, зорилгынхоо хүрээнд GoldArt -ийнхан хотын төвд дахин нэг салбараа нээхээр төлөвлөж байна.
Хоолны цэсээс харвал “монголчлоогүй”, жинхэнэ европ амт, чанарыг хүргэхийг чухалчилдаг нь анзаарагдана. Бүтээгдэхүүн, орцоо шинэ, чанартай байлгахаас гадна шимтэй, эрүүл хоолоор үйлчлэхийг зорьж ажилладаг. “Гал тогоондоо ороод “Багт баярыг хүргэе” гэж хэлэх үе олон. Хоолны амт, чанарыг онцолсон сайшаал байнга ирдэг учраас тэр. Энэ үгс бидний өдөр тутмын ажилд урам өгч, илүү хичээх сэдэл төрүүлж байдаг” хэмээн Э.Батзаяа онцолсон юм.
Сэтгэл дүүрэхүй
Тав тух, амт, онцгой орчин гээд зоогийн газарт байх ёстой бүхнийг агуулсан сүлжээ болон тэлэх нь тэдний зорилго. Цаашлаад, Улаанбаатарт, Азид үйлчилгээгээр тэргүүлэх, Мишлений одтой зоогийн газар болох мөрөөдөл ч тэдэнд бий. Энэ мөрөөдөл, зорилгынхоо хүрээнд хотын төвд дахин нэг салбараа нээхээр төлөвлөөд буйгаа GoldArt -ийнхан хуваалцсан.
“Том мөрөөдлийн төлөө ажиллахад баг маш чухал. Рестораныг үүсгэн байгуулагчид бид олон жил хамтарч ажилласан найзууд. Бие биенийхээ давуу талыг мэддэг, сул талаа нөхөж, гар нийлж ажиллаж чаддаг нь бидний давуу тал” хэмээн Э.Батзаяа хамт олныхоо талаар ярьж байна.
Хоолны соёл, орчны соёл төлөвшүүлэх, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, хүсэлд нийцүүлэх, анх тогтоосон стандарт, зэрэглэлээ хадгалах, ахиулахын зэрэгцээ хэн бүхний сэтгэлд дулаан, нандин дурсамж үлдээхийн төлөө GoldArt -ийнхан ажиллаж буй.
Нийтлэлийг бичсэн: О.Заяа