– Business.MN сэтгүүлийн 2023 оны 08 сарын дугаар (№57) -т хэвлэгдсэн нийтлэл –
Нидерланд улсын Гааг хот дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч, “Үнэртэй усанд дурлагсдын клуб” -ийн админ Н.Орчлонг энэ удаагийн “Хобби/Хэв маяг” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Би хуульч мэргэжлээрээ ажиллахын хажуугаар цагаа үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс маш олон төрлийн хобби хөгжүүлж яваа хүн. Тухайлбал, үнэртэн цуглуулагч, аялагч, бас дарсны хорхойтон. Харин сүүлийн жилүүдэд бугуйн цаг сонирхох болсон. Ирээдүйд энэ хоббигоо улам гүнзгий хөгжүүлэх бодолтой байна” хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд Н.Орчлон дэлхийн 60 гаруй орноор аялахын зэрэгцээ үнэртэй ус цуглуулах гол хоббигоо Монголд үнэртний музей байгуулах зорилгоор өргөжүүлж, цуглуулгаа идэвхтэй тэлэх болжээ.
Монголд ирэн очин байдаг тэрбээр эх орондоо мөрдөн байцаагч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад 2006 оноос хойш Гааг дахь Олон улсын Эрүүгийн шүүхэд 17 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд түүний үнэртний ертөнц, үнэртний соёлын талаар хүүрнэсэн сонирхолтой яриаг хүргэе.
PERFUME OF THE DAY | AL HARAMAIN
“Үнэртэй ус түрхэхгүй байна гэдэг миний хувьд байж боломгүй зүйл. Хэрэв ямар нэг тохиолдлоор ингэж таарвал нүцгэн гарснаас ялгаагүй мэт санагддаг” хэмээн Н.Орчлон хэлж байна. Бидний ярилцсан өдөр тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсаас гаралтай Al Haramain брэндийн 50 жилийн ойдоо зориулан бүтээсэн Golden Oud (Алтан агар мод) үнэртнийг сонгон түрхжээ. Арабын улс орнууд баялаг соёл, өв уламжлалтайн зэрэгцээ үнэртний ертөнц нь ч мөн асар баялаг түүхтэй. Эндхийн брэндүүд нэн өвөрмөц, ховор, нандин байгалийн үнэрт тосыг ашиглан бүтээсэн маш хурц, тансаг, өтгөн үнэртнээрээ дэлхий дахинд танигджээ.
Н.Орчлонгийн сонгон түрхсэн Golden Oud нь агар модны тосоор хийсэн үнэртэн бөгөөд “Араб хүн, агар мод хоёр салшгүй холбоотой” хэмээн тэр энэ талаар тайлбарласан юм. Хэдий агар мод хамгийн дуртай үнэртний нот нь ч гэлээ сарнайн, цитруслаг, мэлрэг цэцгийн (жасмин), сархадын, тэр дундаа ром болон оргилуун дарсны, амьтанлаг буюу хүдрийн заар, халимны бөөлжис, доргоны нот зэрэг бүхий л төрлийн үнэртэнд дуртай хэмээсэн түүний энэ хариултыг үнэртэнд гүнзгий дурласан өөр нэгнээс ч та олж сонсох болов уу.
ХУВИЙН ЦУГЛУУЛГААС ҮНЭРТНИЙ МУЗЕЙ
Багаасаа л үнэртэн сонирхож эхэлсэн Н.Орчлон хожим Америкт хуулийн чиглэлээр магистрт суралцаж байхдаа стипендээсээ 10 ам.доллар илүүчилж, өөрийн анхны үнэртэй усаа худалдан авсан нь Versace брэндийн Blue Jeans байв. Харин өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд тэрбээр үнэртэн идэвхтэй цуглуулахын зэрэгцээ үнэртний талаар бичсэн мэдээ, мэдээлэл, ном уншиж мэдлэгээ тасралтгүй тэлсээр иржээ. Мөн дэлхийн олон орноор аялангаа цөөнгүй үнэртний мастертай танилцан нөхөрлөж, үнэртэн бүтсэн түүх, үйл явцын талаар сонсох дуртай болсон юм.
Үнэртэй усгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Үнэртэй ус бол амьдрал, аз жаргалын минь томоохон хэсэг. Хүнийг маш гоё чимж өгдөг. Мөн орчин тойрондоо таатай үнэр түгээж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ хүнд өөртөө итгэх итгэл бэлэглэдэг.
Нэгэнтээ хувийн цуглуулгадаа 300 гаруй үнэртэнтэй болсон тэрбээр бүгдийг нь хүмүүст тарааж, бэлэглэсээр дуусгасан нь ч бий. Учир нь маш ховор нандин төдийгүй тун цөөн хувиар бүтээгдсэн, алт, мөнгө, алмаз эрдэнийн агууламжтай хосгүй тансаг үнэртнээр тэр цуглуулгаа баяжуулж эхэлжээ. Энэ талаар Н.Орчлон “Үнэртний ертөнцөд дурлах тусам түрхэхээс ч хайрлам, биширч шүтэм, хүмүүст тэр тухай ярьж тайлбарламаар тийм л тансаг, ховор, нандин үнэртнүүдтэй учирч эхэлсэн. Ингээд цуглуулгын маань зорилго өөрчлөгдөж, Монголд үнэртний музей байгуулах мөрөөдөлдөө автан үнэртэн цуглуулах болсон. Дэлхийд 100, 80, 50 -хан ширхэг үйлдвэрлэсэн, бүр ганцхан ширхэг үлдсэн байсан үнэртнээс ч олж авч байлаа. Өдгөө манай дээврийн хонгилд дэлхийд ховор, нандин, тансаг, урлагийн бүтээл болсон 150 гаруй үнэртэй усны цуглуулга бий. Тэдгээр үнэртнээ өөрөө хэрэглэлгүй, музейн үзмэртээ зориулж цуглуулж байгаа юм” гэлээ.
ХАМРААР “СОНСОХ” ХӨГЖИМ
“Сүрчиг бол хамраар сонсох хөгжим” гэж Н.Орчлон хэлэх дуртай. “Хөгжмийн нотууд ашиглан зохиол бичдэгтэй адил үнэртний мастер үнэртний нотуудаар дамжуулан хайр дурлал, хүн төрөлхтний гайхамшигт түүх, сонин содон санаа, нарийн мэдрэмжийг илэрхийлэх үнэртнийг бүтээдэг. Энэ утгаараа үнэртэн бол зөвхөн хэрэглээ биш. Томоохон соёл, бас урлагийн бүтээл. Тиймээс мөнгөөр үнэлэх боломжгүй үнэ цэнтэй. Зарим хүн үнэртэй ус худалдан авна гэхээр дэлхийд алдартай, тансаг брэндийн үнэртнийг олноор нь авах гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл ойлголт” хэмээн тэр нэмж тэмдэглэлээ.
“Фэйсбүүкт үүсгэсэн группээр маань дамжуулж монголчууд үнэртний соёлд суралцсан гэж би шуудхан хэлнэ”.
Үнэртэй ус бүтээхийн тулд түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, үнэрт тосны үйлдвэрүүдээс гадна өөрийн нарийн мэдрэмж, авьяас чадвараар төрөл бүрийн нотыг хольж, найруулж, тансаг үнэр гарган авах үнэртний мастерууд, тэрхүү үнэртнийг тодотгох гоёмсог, давтагдашгүй бортого, сав баглаа боодлыг бүтээх өндөр ур чадвартай зураач, дизайнерууд зэрэг олон талын оролцоог шаарддаг.
“Сүрчиг бол хамраар сонсох хөгжим. Энэ утгаараа үнэртэн гэдэг зөвхөн хэрэглээ биш. Томоохон соёл, бас урлагийн бүтээл. Тиймээс мөнгөөр үнэлэх боломжгүй үнэ цэнтэй”.
Н.Орчлон “Ерөөсөө л үнэртэй усгүйгээр амьдралыг төсөөлшгүй. Үнэртэй ус бол амьдрал, аз жаргалын минь томоохон хэсэг. Хүнийг маш гоё чимж өгдөг. Мөн орчин тойрондоо таатай үнэр түгээж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ хүнд өөртөө итгэх итгэл бэлэглэдэг” хэмээн онцолж байна.
ХАМГИЙН ЭРТНИЙ, ХАМГИЙН ХОВОР
2008 онд Францын Caron брэнд Montaigne Diamélite хэмээх үнэртнийг ердөө 50 ширхгийг үйлдвэрлэсний нэг нь Н.Орчлонгийн цуглуулгад бий. Тус улсын эртний үнэртний ордонд тооцогдох Caron -ий үнэртний мастеруудын бүтээсэн энэхүү сүрчигт агуулагдах үнэрт тос маш өндөр нягтралтайн зэрэгцээ бортогоны шил нь 50 каратын алмаз эрдэнийн тоосыг агуулсан байдаг. “Тиймээс бортого нь гялалзахад сансар огторгуйг харж буй мэт доторх алмазны тоосонцорууд нь гэрэлтдэг” хэмээн Н.Орчлон сэтгэгдлээ хуваалцав.
Мөн л Францын хамгийн эртний үнэртний орднуудын нэг, 175 жилийн түүхт Guerlain -ий 1860 онд Францын хатан хаанд зориулан бүтээсэн Eau de Cologne Impériale хэмээх нандин үнэртэн ч түүний цуглуулгад багтжээ. Guerlain ордныхон Францын хааны гэр бүлийнхэнд зориулан үнэртэн бүтээх албан ёсны брэндээр тодорч, тэр цагаас үнэртнийхээ бортгонд алтан зөгийн дүрсийг тусгайлан шигтгэж эхэлсэн байдаг. Учир нь ажилсаг, дайчин төдийгүй олуул нэгдвэл дийлэгдэшгүй хүчирхэг болдог зөгий нь Францын хааны бэлгэ тэмдэг байв. Eau de Cologne Impériale хэмээх баялаг түүхт үнэртэн өнөөдрийг хүртэл эртний орц, найрлагаа хадгалсан хэвээр үйлдвэрлэгдэж буй.
ҮНЭРТНИЙ СОЁЛЫГ ТҮГЭЭСЭН НЬ
“Фэйсбүүкт үүсгэсэн группээр маань дамжуулж монголчууд үнэртний соёлд суралцсан гэж би шуудхан хэлнэ” хэмээн Н.Орчлон итгэлтэй хэлж байна. 10 жилийн өмнө түүнийг “Үнэртэй усанд дурлагсдын клуб – Mongolian Fragrance Lovers” -ээ нээж байхад Монголд үнэртний соёл төдийлөн нэвтрээгүй байжээ. Мэдээж лангуун дээрээ үнэртэн өрсөн дэлгүүрүүд, түүнийг аваад хэрэглэх хүмүүс байсан ч нийтийг хамарсан соёл гэдэг утгаар авч үзэхэд хангалтгүй байж. Үнэртнийг зөөлөн, хурц гэж хоёр л ангилах, эсвэл зөвхөн эмэгтэй хүн түрхдэг гэж ойлгох нь түгээмэл байсан бол өнөөдөр монголчууд аливаа үнэртнийг нотоор нь ялгадаг болж, үнэртнийг тодорхойлох маш олон төрлийн монгол үгс хэрэглээнд нэвтэрснийг тэр онцолсон юм. Өдгөө 312 мянган гишүүнтэй “Үнэртэй усанд дурлагсдын клуб” дэлхийн хамгийн том үнэртний групп болтлоо өргөжжээ. “Монголд үнэртний соёл маш хурдан хөгжиж, хэрэглээ өндөр болсныг харахад таатай байдаг. Монголчууд өөрсдөө ч эртнээс үнэртний баялаг соёлыг тээж ирсэн ард түмэн” хэмээн Н.Орчлон хэлж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр үнэртний талаар 350 орчим нийтлэл бичиж, группийн гишүүддээ хүргэсэн бөгөөд удахгүй нийтлэлүүдээ эмхэтгэн ном гаргахаар төлөвлөж буйгаа ч хуваалцсан юм.
ҮНЭРТНИЙ СОЁЛ ГЭЖ ЮУ ВЭ?
“Үнэртэй ус гэдэг үнэртний соёлын нэг л хэсэг. Тэгвэл үнэртний соёл гэж юу? Энэ бол үнэрээр дамжуулж амьдралыг ойлгох, таашаах, сайн сайхныг мэдрэх, бусдад мэдрэмж түгээх, биеэ авч явах соёл гээд маш олон зүйлийн нийлбэр. Анхилуун үнэртэй усаар дүүргэсэн ваннд хэвтэх, үнэртэй лаа асаах, гэр, оффистоо шинэхэн цэцэг авчирч тавих, тарих, попурри буюу хатаасан цэцэг, жимс авчирч тавих нь ч үнэртний соёл. Тэр ч бүү хэл арц, хүж асаах ч үнэртний соёл. Хүн ямар брэндийн үнэртэн хэрэглэдэг байх нь үнэртний соёлтой огтхон ч хамаагүй. Харин өөрийн үнэртний ертөнцийг ойлгодог, мөн бусдынхыг ч ялгаагүй ойлгодог хүнийг үнэртний соёлтой гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн үнэртний сонголтыг хүндэтгэдэг хүн гэсэн үг. Тэгэхээр үнэртэй ус гэхээс илүү үнэртний соёлыг ойлгох нь чухал”.
БИТГИЙ МООД ДАГА!
Таалагдсан үнэртэй усыг нь хүнд бэлэглэхийг зорьж, хэрэв тэгж чадвал дотроо маш их баярладаг. Заримдаа санамсаргүй байдлаар бэлэглэсэн үнэртэн нь тухайн хүнд таалагдвал бүр ч их баярладаг талаараа Н.Орчлон өгүүллээ. Ийм шалтгаанаар өөрийн түрхдэг үнэртнүүдээ цүнхлээд явах нь ч элбэг. Таарсан зарим хүнд түүний түрхсэн үнэртэн таалагдвал шууд бэлэглэчих тохиолдол цөөнгүй. “Өөртөө зориулан худалдаж авсан, маш үнэ цэнтэй үнэртэн байсан ч хамаагүй бэлэглэж л орхидог. Нэгэнт түрхэж үзсэн, ямар гоё үнэртдэгийг нь мэдэх болохоор. Тухайн хүнд аль нэг үнэртэн тэгж их таалагдана гэдэг маш ховор хувь заяа. Би өвлийн өвөө шиг л хүмүүст үнэртэй ус их бэлэглэдэг болохоор группийн гишүүд маань намайг өвөө гэж дуудах болсон. Энэ нэрэндээ хайртай” хэмээн ярьж байна.
Үнэртэй ус гэдэг үнэртний соёлын нэг л хэсэг. Тэгвэл үнэртний соёл гэж юу? Энэ бол үнэрээр дамжуулж амьдралыг ойлгох, таашаах, сайн сайхныг мэдрэх, бусдад мэдрэмж түгээх, биеэ авч явах соёл гээд маш олон зүйлийн нийлбэр.
Хэн нэгэнд үнэртэн бэлэглэх болон худалдан авах тухайд Н.Орчлон дараах хариултыг өглөө. “Хүн бүрийн үнэртний ертөнц өөр. Тийм болохоор би ийм брэндийн тийм үнэртэй ус аваарай гэж хэзээ ч хүнд зөвлөдөггүй. Яагаад гэвэл мэдэхгүй учраас. Үнэтэй бүхэн сайн биш, танд таалагдана ч гэсэн үг биш. Эсрэгээрээ хямд бүхэн муу биш. Гол нь тухайн үнэртний мастерын арга барил, авьяас чадвар танд таалагдаж байна уу гэдэг л илүү чухал. Хэрэв үнэртэй ус хүнд бэлэглэх гэж байгаа бол тухайн үнэртнээ урьдчилан үнэртүүлж, өөрт нь таалагдаж буй эсэхийг шууд асуу. Таалагдаж байвал бэлэглэ. Хүнд үнэртэн бэлэглэнэ гэдэг хамгийн гоё бэлгүүдийн нэг. Битгий моод дага. Хүмүүс нийтлэг хэрэглэдэг учраас үүнийг бэлэглэе гэх байдлаар битгий хандаарай”.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 08 сарын дугаар (№57) -т хэвлэгдсэн нийтлэл –