Өөрийгөө хайрлахуй ба гоо сайхны мэс засал
Өөрийгөө хайрлах гэсэн чухал ойлголт сэтгэл судлалын ухаанд бий. Үүнийг амиа хичээсэн үзэлтэй андуурч болохгүй. Энэ нь хэдийгээр амаргүй ч өөрийгөө хайрлаж чаддаг хүн өөртөө итгэлтэй, өөрийгөө алдаа, оноо, сайнтай, муутай нь шүүмжлэлгүй хүлээж авах чадвартай байдаг. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаг. Зорилготой байх, спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх, гадаад төрхөө тордох бас үүнд хамаарна.
Гоо сайхны мэс засал ч ялгаагүй өөрийгөө хайрлаж, тордож буйн нэг хэлбэр. Байгалийн жамаар бидний биед жил ирэх тутам өөрчлөлт гардаг. Төрсний дараа галбирлаг байдалдаа эргэж орох, хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдийг арилгаж, залуу төрхөө аль болох удаан хадгалах хэрэгцээ үүсдэг. Тухайлбал, нас ахихын хэрээр бидний арьс суларч унжих, давхраатай байсан нүд давхраагүй болж үзэмжгүй харагдах нь тухайн хүний харах талбайг багасгахаас гадна нүдний цог золбоог бууруулдаг. Эхчүүдийн хувьд хүүхэд төрүүлснээс шалтгаалж хэвлийн арьс суларна, хөхний эд нь багасаж унжина. Энэ мэт тохиолдолд гоо сайхны мэс заслын эмчид хандах нь шүдээ эмчилж байгаатай л ижилхэн юм.
Тиймээс сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л гоо сайхны мэс засал хийлгэдэг гэсэн ойлголт маш өрөөсгөл. Сэтгэл судлалын үүднээс бол өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж буй дурын санаачилга үргэлж эерэг үр дүн авчирдаг. Үүний нэг жишээ нь гоо сайхны мэс засал бөгөөд мэргэжлийн хүний ном журмын дагуу хийсэн гоо сайхны мэс засал үйлчлүүлэгчийн амьдралд зайлшгүй чанарын өөрчлөлт гаргадаг. Тэр тусмаа, ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж үргэлж сайхан харагдах шаардлагатай хүмүүсийн хувьд гоо сайхны мэсийн болон мэсийн бус эмчилгээ илүү ач холбогдолтой.
Мэргэжлийн хүний ном журмын дагуу хийсэн гоо сайхны мэс засал үйлчлүүлэгчийн амьдралд зайлшгүй чанарын өөрчлөлт гаргадаг.
Үүний зэрэгцээ орчин үед гоо сайхан гэдэг ойлголт хувьсан өөрчлөгдөж байна. Трэнд моод дагахаас илүүтэй тухайн хүнд зохицсон мэс заслын шийдэл олж, залуу насных нь төрхийг аль болох удаан хадгалах нь орчин үеийн гоо сайхны мэс заслын эмч нарын гол зорилго болжээ. “Тиймээс бидний үйлчилгээ бол үйлчлүүлэгчийг аль нэг жүжигчин, модельтой адил болгохдоо биш, гол нь тухайн хүнд тохирсон мэс засал хийж, өөртөө итгэлтэй болох, амьдралд нь эерэг өөрчлөлт гарахад туслах юм” гэж U-Med эмнэлгийн гоо сайхны мэс заслын эмч, сэтгэл судлаач Ч.Бэх хэллээ.
Гэсэн хэдий ч гоо сайхны мэс заслыг тойрсон олон төрлийн төөрөгдөл, цуу яриа тасардаггүй бөгөөд нийгэмд эмзэг сэдэв болохдоо хялбар. Тиймээс гоо сайхны мэс заслын эмч хэмээх мэргэжлийг эзэмшсэн хүн мэргэжлийн техник ур чадвараас гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй сэтгэл зүйч байж, ёс суртахуун, хариуцлагын нарийн зааг дээр ажиллах хэрэгтэй болдог.
Ч.Бэх эмчийн хувьд гоо сайхны мэс засал хийнэ гэдэг бол нэг төрлийн уран бүтээл. Тэрбээр мэс засал бүрдээ өөрийн бүхий л мэргэжлийн ур чадвар, мэдрэмжээ шингээж, тухайн хүний биеийн онцлог, амьдралын хэв маягт нь зохицсон шийдэл гаргадаг. Үүний тулд үйлчлүүлэгчээ сайтар сонсож, судалж, зөвлөж байж хамтын шийдэлд хүрдэг.
Түүнээс гадна энэ салбарын чиг хандлага, техник технологи нь сар, жилээр шинэчлэгдэж байдаг учраас байнга суралцаж, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн мэдлэгээр өөрийгөө цэнэглэж байхыг шаарддаг. Технологи сайжрахын хэрээр гоо сайхны мэс заслын үр дүн ч улам сайжирсаар байна. Энэ утгаараа гоо сайхны мэс заслын эмч хүн сайн мэргэжилтэн байя гэвэл хоцрох эрх байхгүй.
Гоо сайхны мэс засал бол итгэлцэлд суурилсан үйлчилгээ
Ч.Бэх эмч шиг ур чадвартай мэргэжилтнүүд өдөр тутамдаа сэтгэл зүйн амаргүй нөхцөлд ажилладаг. Учир нь мэргэжлийн хариуцлага, мэс заслын дараах боломжит эрсдэл, үр дүн таалагдаагүй үйлчлүүлэгчид, олон цагийн мэс ажилбар зэрэг нь багагүй тэвчээр шаардана. Энэ дундаас үйлчлүүлэгчдийн хүлээлттэй холбоотой зүйлс гоо сайхны мэс заслын эмч нарт хамгийн том сорилт болдог. Ч.Бэх эмчийн хувьд мэс засал амжилттай болж, үйлчлүүлэгч сэтгэл хангалуун үлдэх гол нөхцөл нь итгэлцэл гэж үздэг. Хэрэв эмчдээ бүрэн итгэхгүй бол тэрбээр мэс засал хийхээс зайлсхийдэг. Учир нь эмч бол аль нэг бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах гэж байгаа хүн биш бөгөөд энэ төрлийн мэс заслыг сэтгэл хөдлөлөөр хийх учиргүй.
Үйлчлүүлэгчдийн дунд нийтлэг нэг дутагдал байдаг нь яг ямар мэс засал хийлгэхээ ойлгохгүй, эсвэл хэн нэгэнтэй адилхан болох хүсэлтэй ирдэг. Ийм тохиолдолд U-Med эмнэлгийнхэн мэс засал хийдэггүй. Яагаад гэвэл гоо сайхны мэс засал нь үйлчлүүлэгчийн талаас ч, эмчийн зүгээс ч хариуцлага шаарддаг. Судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хийсэн мэс заслын дараа “Би ийм үр дүнг хүсээгүй” гэх гомдол, маргаан гарч, эмч, үйлчлүүлэгчийн аль аль нь сэтгэл дундуур үлдэх магадлал их.
Бидний үйлчилгээ бол үйлчлүүлэгчийг аль нэг жүжигчин, модельтой адил болгохдоо биш, гол нь тухайн хүнд тохирсон мэс засал хийж, өөртөө итгэлтэй болох, амьдралд нь эерэг өөрчлөлт гарахад туслах юм.
Ч.Бэхийн онцолсноор ямар нэг өвчний шалтгаанаар мэс засал хийлгэх нэг өөр, харин эрүүл ч гэсэн илүү галбирлаг, царайлаг болохын тулд мэс засал хийлгэх нь бүр өөр хэрэг. Тиймээс хүнд өвчний улмаас мэс засал амжилтгүй болоход эмчийг ойлгож хүлээж авдаг бол, гоо сайхны мэс засал амжилтгүй болоход үйлчлүүлэгч тэс өөр байдлаар ханддаг. Эндээс гоо сайхны мэс засалчид сэтгэл зүйн хувьд ямар амаргүй нөхцөлд ажилладгийг харж болно.
Түүнээс гадна энэ төрлийн хагалгааг аль аль тал нь маш сайн мэдээлэлтэй болсон нөхцөлд хийх ёстой. Зөвхөн гоо сайхны мэс засал ч биш, ямар ч төрлийн мэс засал тодорхой эрсдэл дагуулдаг бөгөөд үйлчлүүлэгч энэ талаар сайн мэдээлэлтэй байж үйлчилгээ авах учиртай. U-Med эмнэлгийн хувьд мэс заслын өмнө үйлчлүүлэгчид гарч болох эрсдэлийг танилцуулж, хэрхэн арчлах, дэглэм барих талаар зөвлөдөг, мөн заасан хугацаанд заавал эмчдээ хянуулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ажилбар, эмчилгээг хийнэ. Учир нь мэс заслын дараах арчилгаа бол гоо сайхны мэс заслын үр дүнг тодорхойлдог чухал хүчин зүйл.
Зарим мэс заслын хувьд хавдалт, хөхрөлт, бага зэргийн цус хуралт байж болдог. Мэс заслын шарх эдгэрэх үйл явц тухайн хүний нас, биеийн дархлаа, суурь өвчлөл гээд олон зүйлээс хамаарна. Гэвч заримдаа үйлчлүүлэгч эмнэлгийн орчинд шаардлагатай хяналт үйлчилгээг цаг тухайд нь авдаггүй, бүрэн эдгээгүй байхад нь биедээ ачаалал өгч шархаа хүндрүүлдэг тохиолдол цөөнгүй байдгийг Ч.Бэх ярилаа. Энэ мэт арчлаагүй, эсвэл буруу арчилсан асуудлаас үүдэж гоо сайхны эмнэлгүүдийг тойрсон явган яриа, айдас нийгэмд хурдан тархаж, эмч, эмнэлгийн нэр хүнд унадаг байна. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх мэргэжлийн бус хүний үгэнд бус эмчтэйгээ зөвлөлдөхийн чухлыг Ч.Бэх эмч үйлчлүүлэгчдэдээ байнга сануулдаг. Түүнчлэн гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн бол эмнэлгийн цэвэр ариун орчин, эмч ажилчдын туршлага болон ур чадвар, мэс заслын дараах хяналт гэсэн гурван хүчин зүйлийн талаар сайтар мэдэж байхыг зөвлөж байна.
Мөн чанартаа гоо сайхны мэс засал нь хувь хүний сонголт, хувийн мэдээллийг агуулж байдаг учраас мэс засал амжилттай болсон түүхээ ярьж, бичдэг хүн тун цөөн. Тиймээс бусдадаа мэдээлэл хүргэхэд хөрөнгө оруулж буй үйлчлүүлэгчдэд гоо сайхны мэс заслыг эсэргүүцэгчид сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх нь хувь хүний орон зайд халдахгүй байх том соёл. “Сэтгэл, зүрх, оюун бодол болон бие махбодио зориулсан, олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа боолтоо хийлгэх гээд ирсэн үйлчлүүлэгчийн царай өдөр ирэх тусам гэрэлтсээр явааг хараад л би эрч хүчээр бүрэн цэнэглэгддэг дээ” гэж Ч.Бэх мэргэжлийнхээ бахархалтай талыг хуваалцав.
Сүүлийн үед дэлхий дахинаа гоо сайхны мэс заслын салбар, түүнийг дагасан эмнэлгийн аялал жуулчлал (medical tourism) хурдацтай хөгжсөөр байна. Америкийн нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг (American Society of Plastic Surgeons) -ийн мэдээлж буйгаар олон улсад хамгийн их хийгддэг мэс заслуудад хөх томруулах, өөх соруулах, нүдний мэс засал тэргүүлж байна.
U-Med эмнэлгийн хувьд нийт 72 төрлийн мэс засал хийдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь эрэгтэйчүүд. Тус эмнэлгийнхэн үйлчилгээгээ санал болгохдоо Touch-up beauty буюу “Таны гоо үзэсгэлэнд бидний хийх зүйл өчүүхэн бага. Учир нь хүн бүр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Гагцхүү танд таалагдахгүй байгаа тэр хэсэгт тань бид багахан ажиллахад л өөрийнхөө гоо сайхныг та илүү тодоор олж харах болно” гэсэн мессэжийг өгдөг.
Манай улсад гоо сайхны мэс засал бага хугацаанд маш хурдацтай хөгжиж, дэлхий дахинтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн.
“Бидний гол зорилго бол гоо сайхны эмчилгээний аялал жуулчлалыг Монголдоо хөгжүүлэх” гэж Ч.Бэх ярилаа. Манай эмнэлэгт гадаадад гоо сайхны мэс засалд ороод амжилтгүй болсон, тухайн улсад байх цаг хугацаа болон санхүүгийн боломж хязгаартайн улмаас хянуулж чадахгүй эргэн ирсэн хүмүүс цөөнгүй ханддаг. Тэдгээр хүмүүсийн хувьд тухайн газрын үйлчилгээ, харилцаа хандлага, хяналтын байдалд сэтгэл хангалуун бус, дахин мэс засалд орж засуулах, оёдол авхуулах, сорвины эмчилгээ хийлгэх хүсэлтэй байдаг нь нэг талаараа харамсал төрүүлдэг. Манай улсад энэ салбар богино хугацаанд маш хурдацтай хөгжсөн ба дэлхий дахинтай өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Тиймээс эх орондоо иргэд маань мэс засал хийлгүүлэх, цаашлаад өөр улсаас зорин ирдэг урсгалыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Үүний нэг жишээ нь өвөрмонголчууд Ар Монголыг зорин ирж үйлчлүүлэх дуртай болсон, Өмнөд Солонгос руу явж гоо сайхны үйлчилгээ авах нь багасаж буй талаар тэр дурдлаа. Цаашдаа ОХУ-ын Халимаг, Тува, Буриад улсын иргэдийг гоо сайхны аялал жуулчлалд татах, мөн уламжлалт бус хүйсийн чиг баримжаатай хүмүүст чиглэсэн үйлчилгээ санал болгох төлөвлөгөөтэй байгаагаа сонирхууллаа.