ХААН Банкны “Сакура” бизнес төвийн захирал Д.Ганзоригтой ярилцлаа.
Банкны салбар бизнес төвүүдэд илүү анхаарлаа хандуулж эхлээд байна. Энэ үйлчилгээний эрэлт хэрэгцээ нь юундаа байна вэ?
Юун түрүүнд бизнес төвүүд нээж байгааг манай банкны алсын хараатай холбож харж болно. 2022 онд бид стратегиа шинэчилж, харилцагчтайгаа хамт эгнэгт өсөж дэвждэг итгэл төгөлдөр банк байна гэж алсын хараагаа тодорхойлсон. Мөн үнэт зүйлсдээ “Харилцагчийнхаа итгэлт зөвлөгч байна” гэж тусгасан.
Монгол Улс хөгжиж буй орнуудын нэг. Хөгжиж буй орнуудад тохиолддог метрополис хотын асуудлууд, тэр дундаа түгжрэл манай нийслэлд түгээмэл болж байна. Үүнээс улбаалан ажил амьдралын хэмнэл өдрөөс өдөрт завгүй болж, харилцагчид тэр бүр банкийг зорих нь багасаж байна. Харилцагчид нэг удаа зээл олгоод өнгөрөх биш хэрэгцээ шаардлагыг нь сонсоод тогтмол зөвлөгөө өгөөд, зээл олгосны дараа бизнес дээр нь дэмжээд, шаардлагатай хяналтуудаа хийгээд, эрсдэлээс сэргийлж, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллах хэв маяг үүсэж байна. Мөн харилцагч нарын бизнесийг дэмжих, хооронд нь холбож өгөх, тогтвортой хөгжилд чиглүүлэх, тухайн бизнесийг ногоон болгох, санхүүгээ зөв хөтлөхөд нь туслах чиглэлээр банк идэвхтэй ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан илүү ая тухтай орчинд, илүү мэргэжлийн түвшинд харилцагчдадаа бизнесийн болон санхүүгийн зөвлөгөөг өгөх, харилцагчтайгаа хамтдаа өсөж дэвшиж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг ойртуулах зорилгоор Бизнес төвүүдийг нээн ажиллуулж байгаа.
Танай шинээр нээгдсэн Бизнес төвийн давуу тал юу вэ?
ХААН Банкны 10 дахь бизнес төв болж нээгдэж байгаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18, 15 дугаар хороонуудын хил залгаа нутаг дээр иргэд аж ахуйн нэгж нэлээн төвлөрсөн байршилд нээж буйгаараа давуу талтай юм.
Яг санхүүгийн зөвлөгөө хэрэгтэй хүмүүстэй нүүр тулсан биечилсэн зөвлөгөө өгч ажиллах хэрэгцээ ихэвчлэн жижиг дунд бизнесийн чиглэлд байгаад байна. Манай Бизнес төвийг зориод ирж байгаа Бизнес эрхлэгч бүрд өөр өөрийн хэрэгцээ, асуудал бий. Тэрийг нь соргогоор хүлээж авч, ойлгож, шийдэхийг эрмэлзэн хамт олноороо хичээн ажиллаж байна.
Санал болгож буй бүтээгдэхүүн талаасаа бизнес төвүүд ямар онцлогтой вэ?
Бизнес төвийн нэг онцлог бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг учраас томоохон санхүүжилтүүдийг олгодог. Харилцагч бизнес эрхлэгчдийн хувьд бол хамгийн чухал зүйл нь хүү байдаг. Илүү бага хүүтэй зээл олгож байж харилцагчийн бизнес өсөж хөгждөг учраас аль болох бага хүүг харилцагчид санал болгодог.
Гэхдээ хүү бол эдийн засгийн нөхцөл байдал, хадгаламжийн хүү, Монгол Улсын зээлжих зэрэглэл гээд олон хүчин зүйлээс хамаарч тогтдог учраас бид шууд хүүг багаар тогтоох боломжгүй байдаг. Бид харилцагчаас хүү авах гэхээс илүүтэйгээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ тохирохоор байна, яавал арай боломжийн нөхцөлтэй бүтээгдэхүүнийг санал болгох вэ гэдэг дээр гаргалгаа гаргаж, харилцагчийн өмнөөс тооцоолж судалдаг. Төслийн зээлүүд бол жилийн 8-13 хувийн хүүтэй. Энгийн бизнесийн зээлүүд бол сарын 1.55-1.95 хувийн хүүтэй байгаа.
Бүх л арилжааны банкнууд харилцагчдадаа бага хүүтэй зээл олгохыг бодож байна. Тийм болохоор бид хэрэглэгчийн туршлага буюу харилцагч, банк хоёрын цогц харилцааг чухалчилж, харилцагчийг илүү ойлгох, түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, ая тухтай, түргэн шуурхай байдлаараа л илүү ялгарлыг харуулах болов уу гэж бодож байна. Харилцагчаа хэн илүү ойлгож мэдэрч, дэмжиж байна, тэр зах зээлд манлайлагч болоод явдаг шүү дээ.
Ер нь бол банк ногоон бизнес эрхлэгчдэд, бизнесээ илүү ногооруулж байгаа харилцагчид 1.2-1.5 хувь буюу бага хүүтэй зээлийг санал болгож байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сарын 1.55 хувийн хүүтэй зээлийг олгож байна. Завгүй бизнес эрхлэгчид маань Банкнаас хурдан, бас ойлгомжтой үйлчилгээг шаарддаг болсон байна. Өөрөөр хэлбэл, зээлийг надад ямар нөхцөлөөр, хэдий хугацаанд, яаж шийдвэрлэж өгөх вэ, юу шаардагдах вэ гэх мэт анхны уулзалтаараа ойлгомжтой мэдээллийг хүсэж байгаа. Бид ч мөн түүнд нь нийцэж ажиллахыг хичээж байна.
ХААН Банк бол Монголын хамгийн олон харилцагчтай банк. Бизнес төвүүдийг цаашдаа зах зээлд ялгарах том хөшүүрэг болно гэж үзэж болох уу?
Бидний хувьд бүтээгдэхүүнээр ялгарах боломж харьцангуй бага. Учир нь бүх л арилжааны банкнууд харилцагчдадаа бага хүүтэй зээл олгохыг бодож байна. Харилцагчийг илүү ойлгох, түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, ая тухтай, түргэн шуурхай байдлаараа л илүү ялгарлыг харуулах болов уу гэж бодож байна. Харилцагчаа хэн илүү ойлгож мэдэрч, дэмжиж байна, тэр зах зээлд манлайлагч болоод явдаг шүү дээ.
Улаанбаатар хотод тун удахгүй ахиад нэг бизнес төв нээгдэх гэж байна.
Банкныхаа цаашдын зорилго, зорилтоос хуваалцвал?
Манай банкны хувьд өнгөрсөн дунд хугацаанд харилцагч нартаа хурдан шуурхай найдвартай үйлчилгээ үзүүлэхийн тулд цахим шилжилтийг тэргүүн зорилгоо болгож, тэрхүү зорилгодоо амжилттай хүрч байна. Банкны бусад үйлчилгээ бол ихэнх нь цахимжсан, нийт гүйлгээний 90 гаруй хувь цахимаар хийгдэж байна. Төлбөр тооцоог мөн гар утсан дахь Интернэт банкаараа хийж болж байна. Манайх энэ жилээс эхлээд хэрэглээний дийлэнх зээл, бизнесийн зээлүүдийг цахимаар буюу гар утаснаасаа авах боломжийг нээгээд байна. Тэгэхээр мэргэжлийн зөвлөгөө шаардлагагүй, энгийн банкны үйлчилгээнүүдийг банкнаас зайнаас цаг алдалгүй авах боломжийг манай банк бүрэн нээж өгөөд байна.
Таны банкны салбарт ажилласан түүхийг сонирхъё?
Миний хувьд банкны салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс 13 жилд нь зээлийн үйл ажиллагаа дээр төвлөрч ажиллаж байсан учраас энэ тал дээр харьцангуй туршлагатай гэж хэлж болно. Гэхдээ энэ цаг үед мэргэжлийн туршлага гэхээс илүү хүнийг ойлгох, харилцагчийн хүсэл эрмэлзлийг ойлгох гэдэг бол хамгийн чухал ур чадвар болоод байна.
Би ХААН Банкандаа Теллерээс эхлээд, Эдийн засагч, Төв банканд Зээлийн эрсдэлийн газрын Эрсдэлийн шинжээч, Зээлийн үйл ажиллагааны газарт Ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаалуудыг хашаад 2018 оноос хойш Салбар нэгжийн захирлаар ажиллаж байна.
Та ажлынхаа юунаас урам зориг авдаг вэ?
Зөвлөгөө, үйлчилгээ авч буй хүмүүсийн бизнес нүдэн дээр өсөж байгааг харж, түүнээсээ урам зориг авдаг. Зарим бизнес эрхлэгчдийн маань бизнес тэлж, Корпорейт түвшний харилцагчид болж байгаагаар нь бахархдаг.