PMI Mongolia Chapter байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг төслийн удирдлагын олон улсын бага хурал “Шинэ үеийн хурдасгуур-Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Гадаад, дотоодын 500 гаруй зочид, төлөөлөгч хуран чуулсан энэ удаагийн арга хэмжээнд Төслийн удирдлагын ирээдүйн чиг хандлага болон ур чадварууд, Залуу төслийн удирдагчийн карьерын замнал, Төслийн удирдлагын нэгж (PMO)-г төлөвшүүлэхэд гарсан амжилт, сорилтууд, Төслийн удирдлага байгууллагын удирдлагатай уялдах нь зэрэг сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.
Бага хуралд оролцогчид улс орны хөгжил дэвшил, эдийн засаг амжилттай төслүүдийн нуруун дээр тогтож байдгийг онцлоод төслийн хөдөлгүүр болсон төслийн удирдлагуудад ямар ур чадвар шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байсан нь анхаарал татаж байлаа. Тухайлбал, манай улсад хэрэгжиж буй төслүүдийн багагүй хувь нь цаг хугацаандаа амжихгүйн зэрэгцээ төлөвлөсөн зардлаасаа давах зэрэг эрсдэлтэй тулгардаг. Энэ нь төслийн менежментийг оновчтой хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж хуралд оролцогчид тайлбарлаж байв. Үүгээр зогсохгүй төслийн менежментийн платформ, технологийн ололтыг компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадаагүйгээс төсөл бүтэлгүйтдэг. Тиймээс төслийн менежментийн оновчтой хувилбаруудыг танилцуулахад анхаарснаа арга хэмжээг зохион байгуулагчид хэлж байсан юм.
PMI Mongolia Chapter байгууллагын ерөнхийлөгч Ц.Түмэнцогт: Төсөл хэрэгжүүлэх арга барил, үйл явц улам бүр боловсронгуй болсоор байна. Тиймээс залуу төслийн менежерүүд дэлхийн шинэ чиг хандлагаас цаг алдалгүй суралцаж байх шаардлагатай. Энэ жилийн хувьд, төслийн менежментийн ажайл аргачлал, хиймэл оюуныг ашиглах зэрэг сэдэв хурлын хамгийн халуун сэдвүүдийн нэг болж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбар дахь төслүүдэд хиймэл оюуныг хэрхэн ашиглаж байгаа талаар маш сонирхолтой илтгэлийг Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын эмч Г.Үнэнбат танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг маш их татаж байна. Төслийг зөв аргачлалаар амжилттай урагшлуулах нь өрсөлдөөнт зах зээлд хамгийн чухал чадвар. Тийм ч учраас бид энэ удаагийн бага хурлаар ажайл аргачлалыг хамгийн амжилттай нэвтрүүлсэн Хаан банкны туршлагаас залуу төслийн менежерүүдтэй хуваалцахад онцгойлон анхаарсан. Тэдэнд маш том мэдлэг болсон гэж итгэж байна.
PMI Mongolia Chapter байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранчанга:
Дэлхий дахинд төслийн менежерүүд хиймэл оюунд суурилсан платформуудыг ашиглах нь түгээмэл болж байна. Ингэснээр цаг хугацаа хэмнэх давуу талтайгаас гадна оновчтой тооцоолол хийж, зөв шийдвэр гаргахад хиймэл оюун хамгийн сайн туслагч болж байна. Мөн том төслүүдэд ажиллаж буй төслийн менежерүүд PMP, Portfolio гэх мэт программыг өндөр түвшинд ашигладаг. Өндөр хөгжилтэй орнууд ч РМР зэрэгтэй байж төсөл удирдах шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, Америкт төсөл удирдъя гэвэл заавал ийм зэрэгтэй байх ёстой. Ингэж байж тухайн төслийн удирдагч өөрийгөө өндрөөр үнэлүүлж чадна. Түүнчлэн РМР зэрэг авах шалгалтад дийлэнх асуулт ажайл аргачлалаас ирдэг болчихсон. Төслийн менежментийн ажайл аргачлал уламжлалт waterfall аргачлалаас олон талаар давуу байгааг сүүлийн үеийн судалгаануудад ч онцолж байна.
Төслийн удирдлагын нэгжийн талаар ч мөн чухалчилж ярих хэрэгтэй. РМО (Project management office) өндөр түвшинд хөгжиж төлөвшсөн компанид төслийн менежерүүдийг нэг удирдлагаар хангах, тайланг нэг форматаар гаргаж дээд удирдлагуудад танилцуулахад илүү хялбар болдог. Дэвшилтэт платформуудын өөр нэг давуу тал нь төслийн сайн менежер ажлаасаа гарлаа гэхэд түүний ажлын арга барилыг өөртөө хадгалаад үлдээчихдэг. Тиймээс дараагийн төслийн удирдагч түүнээс суралцах боломжтой. Уялдаа холбоо илүү сайжирна гэсэн үг.
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранчангын энэхүү яриаг арга хэмжээний үеэр Хонгконгийн Сити их сургуулийн EMBA-ийн туслах профессор Др.Келвин Ван (PMP) “Зөөлөн ур чадвар нь техникийн ур чадварыг нээх гол түлхүүр” илтгэлдээ илүү тодорхой дурдсан юм.
Амжилтад хөтлөх Agile аргачлал
Төслийн менежментийн waterfall буюу хүрхрээ аргачлал аж үйлдвэрийн хувьсгалаас хойш олон жилийн туршид бизнесийн талбарт ноёрхлоо тогтоож байсан бол сүүлийн жилүүдэд ажайл аргачлал илүү эрчээ авч, үр дүнтэйгээ баталж байна. Standish Group Report 2020 тайланд ажайл аргачлал нь Waterfall аргачлалаас үр дүнгийн хувьд гурав дахин илүү болохыг онцолсон байна. Мөн төсөл хэрэгжих явцад элдэв сорилттой тулгарах нь харьцангуй бага төдийгүй төсөл бүтэлгүйтэх эрсдэл хоёр дахин бага байсныг тус судалгаанд дурджээ.
Waterfall аргачлал хүрхрээ мэт эхлэлээсээ төгсгөл хүртэл маш нарийн дараалал дээр тогтдог. Өмнөх үе шат дууссаны дараа дараагийн үе шатыг эхлүүлдэг арга юм. Харин ажайл төслийн менежментийн аргачлал нь төслийг хэд хэдэн хэсэгт хувааж хэсэг тус бүр дээр шинэчлэлт, сайжруулалт хийх боломж олгодгоороо давуу талтай. Өөрөөр хэлбэл, илүү уян хатан. Алдаа гарлаа гэхэд тухай бүрд нь засварлах боломжтой. Энэ нь төслийг илүү амжилттай хэрэгжихэд нөлөөлдөг байна.
Нөгөө талаар, асар хурдацтай өөрчлөгдөж буй хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг технологийн дэвшилтэй хослуулан маш хурдтайгаар шийдвэрлэж, шаардлагатай үед өөрчлөлт, засвар хийхэд дөхөм байдаг аж.
Уламжлалт аргаар шинэ бүтээгдэхүүнийн хагас жил зарцуулж гаргадаг байсан бол ажайл аргын тусламжтайгаар хагас сарын дотор бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулж чадсан сайн туршлагыг ч бага хуралд оролцогчид онцолж байсан юм. Өдгөө дэлхий дахинд ажайл аргачлалыг мэдээллийн технологи, банк санхүү, тээвэр ложистик, эрүүл мэнд гэх зэрэг маш олон салбарт эрчимтэй нэвтрүүлж байна.