Business.mn-ий тоймч, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Батчимэгийн НӨАТ-ын гажуудал, түүнийг тойрсон маргаан, төөрөгдлийг тайлсан нийтлэлийг хүргэж байна.
***
Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж юу вэ?
Татвар гэдэг үг нь тат гэсэн язгууртай татах гэсэн утга агуулж байгааг хүн бүр ойлгож буй байх. Англиараа ч value added tax шүү дээ. Энэ бол яах аргагүй татвар. Хэн ч маргах шаардлагагүй юм.
Татвар төсвийн орлогыг бүрдүүлэх гол үүрэгтэйгээс гадна давхар өөр үүрэг гүйцэтгэдгийг татварын тухай ямар ч номоос олж унших биз ээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсөв бүрдүүлэх татварын нэг төрөл мөнөөс гадна далд эдийн засгийг хянах давхар үүрэгтэй юм.
Түүхэн ойлголт нь өртөг нэмэгдэх шат бүрд татвар авахаар тооцоологдсон ч энэ татварын нөлөө нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд гажуудал үүсгэж, төрийн цуглуулж буй хэмжээнээс илүүтэй эдийн засагт далд нөлөө үүсгэж байгаа эсэхийг тооцох ёстой юм.
Бидний хэрэгжүүлж буй НӨАТ-ын хуулийн тооцооллыг хялбарчлан авч үзье л дээ. Үйлдвэрлэгч, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс 1000 төгрөгийн бараа авахад 1100 төгрөг төлнө. Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч 100 төгрөгийн НӨАТ-ыг засгийн газарт төлнө.
Үйлдвэрлэгч бараагаа 2000 төгрөгөөр зарахдаа 200 төгрөг НӨАТ-ыг нэмнэ. Бөөний худалдаачин үйлдвэрлэгчээс 2200 төгрөгөөр уг барааг авна. Үйлдвэрлэгч, бөөний худалдаачны төлсөн 200 төгрөгөөс түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид төлсөн 100 төгрөгөө хасаж 100 төгрөгийн НӨАТ-ыг засгийн газарт төлнө.
Бөөний худалдаачин жижиглэнгийн худалдаачинд 3000 төгрөгөөр зарахдаа 300 төгрөгийн татвараа нэмнэ. Бөөний худалдаачин 300 төгрөгөөс үйлдвэрлэгчид төлсөн 200 төгрөгөө хасаад мөн л 100 төгрөгийн НӨАТ засгийн газарт төлнө.
Жижиглэнгийн худалдаачин нөгөөх барааг 3500 төгрөгөөр үнэлж, НӨАТ-аа нэмээд 3850 төгрөгөөр эцсийн хэрэглэгч бидэнд зарна. Жижиглэн худалдаачин эцсийн хэрэглэгчийн төлсөн 350 төгрөгөөс бөөний худалдаачинд төлсөн 300 төгрөгөө хасаад 50 төгрөгийн НӨАТ-ыг засгийн газарт төлнө.
Засгийн газар, нэг бараанд ногдож буй НӨАТ-ыг олон татвар төлөгчөөс (100+100+100+50=350) цуглуулж авна. Нэг бараа хэдэн дамжлагаар зарагдаж байна тэр үе шат бүрд татвар авч байна гэсэн үг.
Харин хэрэглэгчийн хувьд үйлдвэрлэгчээс 2200 төгрөгөөр авч болох барааг 3850 төгрөгөөр авахад хүрч байна гэсэн үг. Олон шат дамжлагаар дамжин нэг бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхдээ үнэ нь нэмэгдсээр ирдэг.
НӨАТ-ын нэг гажуудал нь бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Үнэ өссөнөөр эрэлт нийлүүлэлтэд өөрчлөлт гарна.
Үйлдвэрлэгчээс зах худалдааны төвөөр бөөний болон жижиглэнгийн хэлбэрээр борлуулалт хийж байгааг бидний нэрлэж заншсанаар “ченж”, дамын наймаачин гэсэн ойлголтоор харлуулж болохгүй. Үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх хамгийн том суваг бол бөөний болон жижиглэн худалдаа билээ. Тэд борлуулалт хийхдээ зардал гаргаж тухайн бүтээгдэхүүнийг чанарыг алдуулахгүйгээр бидэнд ойртуулж өгдөг шүү дээ.
Манай улсад 2023 оны III улирлын байдлаар дийлэнх хувь нь эдийн засгийн салбарын ангиллаар бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулахаар бүртгэгджээ.
Үндэсний үйлдвэрлэгчийн дийлэнх нь хүнсний салбарт байдаг бөгөөд түүхий эд нь НӨАТ-аас чөлөөлөгдсөн. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гардаг учраас мөн л чөлөөлөгдсөн.
Ямар салбар хамгийн их НӨАТ төлдөг вэ?
Татварын ерөнхий газрын opendata.mn-д оруулсан тоон мэдээнээс харахад 2022 оны байдлаар бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тайлагнасан НӨАТ ногдох борлуулалтын орлого 49 их наядад хүрч, ногдуулсан НӨАТ нь 4 их наяд, төлсөн НӨАТ нь 11 тэрбум төгрөг болсноор хамгийн их НӨАТ-ыг энэ салбар төсөвт төвлөрүүлжээ.
Яагаад Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнээс үнэтэй байна вэ ?
Тэдний бүтээгдэхүүнээ хийх, борлуулах дамжлага бүрд НӨАТ шингэсэн байгааг ойлгох хэрэгтэй. Харин үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах зорилгоор хил гаалиар оруулж буй адил төстэй бүтээгдэхүүнд гаалийн татварыг тодорхой хувиар ногдуулах бодлого явах ёстой юм.
Улс бүрийн татварын бодлого ялгаатай. Хамгийн их худалдаа хийдэг Хятадын НӨАТ-ын бодлогыг бид анхаарч өөрийн улсын татварын бодлоготой уялдуулан тооцож байх шаардлагатай. Ковидоос хойш манайд хамгийн хүчтэй дэлгэрсэн бизнес бол цахим худалдаа. Үнэ хямд, чанар дажгүй бүтээгдэхүүнийг гэртээ хүргүүлээд авах шиг амар зүйл алгаа. Харин энэ худалдаанд бидний нөгөө НӨАТ огт тооцогдохгүй байна. Лайвчидын худалдааг та бүхэн бас мэдэрч л байгаа шүү дээ.
Энэ бас дахин өөр гажуудлыг эдийн засагт үүсгэж байна. Цахим худалдаагаар татвар тооцогдохгүй эргэлдэж буй мөнгөн дүнг манай Засгийн газар тооцож үзсэн болов уу.
Үгүй дээ л Нарантуул зах, Хүчит шонхор, Мишээл экспо дээр хэчнээн худалдаачин байдаг вэ? Тэдний орлого яагаад төлбөрийн баримтаар хийгдэхгүй байна вэ? Энэ тоог бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоотой уялдуулан гаргавал далд эдийн засгийн хэмжээг тогтоох боломж гарч мэднэ. Худалдаачин бүрийн цүнхэнд нэг компанийн тамга тэмдэг байж л байгаа.
Тооцож чадахгүй байгаа бол НӨАТ-ын системээ цаг үетэйгээ зохицуулан өөрчлөх шаардлагатай гэсэн үг.
НӨАТ-ын үр дагаврыг тооцохын тулд Засгийн газар болон НӨАТ төлөгч гэсэн 2 байр сууринаас хандах хэрэгтэй. НӨАТ төлөгч гэдэг маань дотроо бас хоёр тал болно.
Засгийн газар
Одоо манайхны “мэргэжилтнүүд” гэж үзэж байгаа хэсэг нь төрөөс цалинждаг, хуулиар хамгаалагдсан тусгай эрхтэй бүлгийн төлөөлөгчид Засгийн газрын байр суурийг хамгаалж байгаа харагдана. Би ч бас энэ талд дуу хоолой болж явсан. Гэтэл НӨАТ төлөгч, суутган төлөгчдийн байр суурийг хэн хамгаалах вэ?
Засгийн газар НӨАТ-ын тоо мэдээг “өөрт ашигтай” хэлбэрээр тооцоолж, нийгэмд хүчтэй танилцуулж чадна. Харин НӨАТ төлөгчид нь зөвхөн өөрийнхөө л асуудлыг мэдэхээс нийт НӨАТ төлөгчдийн нөхцөл байдлыг илтгэсэн тоо судалгаа хийж, тайлбарлан танилцуулж чадахгүй байна.
НӨАТ төлөгч гэдэгч чинь та бид. Бүтээгдэхүүн авч хэрэглэж буй бүх хүн НӨАТ төлөгч. Харин НӨАТ суутган төлөгч гэдэг нь надад бараагаа зарсан үйлдвэрлэгч, бөөний болон жижиглэн худалдаачид шүү дээ. Засгийн газар бидний төлсөн НӨАТ-ыг борлуулагчдаас жигд хуваарилан авч байгаа юм.
Авч буй талын өөрт нь ашигтай тайлбарыг суваг бүрээр үзээд байвал өгч буй талын байр суурийг хэн төлөөлж ярих вэ? УИХ-ын дарга санал асуулга явуулж буй нь харин ч НӨАТ төлөгчдийн талд боломж олгож байгаа хэлбэр л дээ.
Сангийн сайдын үүрэг нь төсөв бүрдүүлэх шүү дээ. Бүрдүүлсэн төсвөөс ард иргэдийн санал асуулгаар буцаан алдахад хүрвэл ажлаа хийх чадваргүй л болно. Төсвийн зарлага их байхад орлогоо буцаан гаргах нь түүний хувьд байж боломгүй асуудал мөн. Зарлагаа танах чадваргүй байтал дээр нь орлогоо алдвал яах билээ дээ. Тиймээс л Жавхлан сайд НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгон нэмэгдүүлэх боломжгүй тухай тайлбараа ТВ болон сошиалд хүчтэй хийхээс аргагүй. Хэрвээ УИХ-аар хэлэлцэхээр болвол магадгүй гишүүдийн тойрогт хуваарилсан, сайдын багцад багтсан төсөв аль эсвэл нөгөө Хөгжлийн банк, ЖДҮ сангаас авсан зээл гэх мэт өөрт байх бүх эрх мэдэл, мэдээллээ ашиглах нь дамжиггүй. ОУВС-ын суурин төлөөлөгч ярилцлага өгснийг харлаа л даа. Бидний төрийн бодлого гаднаас хамааралтай хэвээрээ л байна. Гадны хүн яриулах нь магадгүй илүү үнэмшилтэй санагдаж байж болох юм. Тэдний өгсөн зөвлөмж зөв эсэхэд эргэлзэж байхад буруудахгүй. Харин ямар судалгаа хийж ийм зөвлөмж гаргаснаа дэлгэрэнгүй тайлбарласан бол сонирхолтой байж болох юм.
Сангийн яам орлогоо алдахаас айж байна. Харин далд эдийн засагт хир их мөнгө эргэлдэж буйг тооцож чадаж байсан бол энэ айдас нь харьцангуй бага байхсан. Далд эдийн засагт эргэлдэж буй томоохон тоо нь магадгүй нөгөө л эрх мэдэлтэй хэсгийн дүн байх боломжтой. Түүнийг ил болгохыг хүсэхгүй байж болох шүү дээ.
НӨАТ суутган төлөгч
Дээрх хялбаршуулсан тооцооллоо дахин авч үзье.
Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ 2200 төгрөгөөр зах зээлд нийлүүлнэ. Харин үйлдвэрлэгчийн түүхий эд НӨАТ-гүй бол яах вэ? Тэгвэл үйлдвэрлэгч 200 төгрөг НӨАТ-д төлөх болно.
Үйлдвэрлэгч НӨАТ төлдөггүй, баримт өгдөггүй бол яах вэ? Бөөний худалдаачин 3300 төгрөгөөр борлуулах бүтэгдэхүүндээ 300 төгрөгийн НӨАТ төлнө.
Бөөний худалдаачин НӨАТ төлөхгүй, баримт өгөхгүй бол жижиглэн худалдаачин дамжлага бүрт бий болсон 350 төгрөгийн НӨАТ төлөх болно. Жижиглэн худалдаачинд борлуулж буй бүтээгдэхүүнээ 3000 төгрөгөөр авбал НӨАТ 350 төгрөгөө төлөөд 500 төгрөгийн ашигтай үлдэнэ. Харин 3300 төгрөгөөр аваад 3850 төгрөгөөр зарвал НӨАТ-т 50 төгрөг төлөөд өөрт нь мөн л 500 төгрөгийн ашиг үлдэнэ. Засгийн газрын хувьд 500 төгрөгийн ашиг чинь буурахгүй байгаа биз дээ гэсэн тайлбарыг бидэнд хэлнэ.
Гэхдээ жижиглэн худалдаачин 500 төгрөгийн ашиг хийхийн тулд Засгийн газарт 350 төгрөг төлөх үү 50 төгрөг төлөх үү гэдэг нь тэдэнд бэрхшээл болж үлдэж байна. Бидний одоогийн нөхцөлд тэд 50 төгрөг төлөх биш 350 төгрөг төлж байна л даа. Тэгэхээр л 350 төгрөгийн НӨАТ-өө сар бүр төлснөөр 500 төгрөгийн ашгаа олж харж чадахгүй дампуурах, аль эсвэл татвараас зугтаах гарц л тэдэнд сонголт болж үлдэж байна. Хуулийнхаа дагуу 50 төгрөг төлөхийн тулд бусад адилхан татвар төлөгчидтэйгээ баримт нэхэн хэрэлдүүлэх гарцыг ЗАСГИЙН ГАЗАР өгч байна.
Тэгэхээр шат шатандаа НӨАТ төлөгдөөгүй бол эцсийн дамжлага буюу хэрэглэгчид борлуулсан этгээд нь бүх дамжлагад бий болсон НӨАТ-ыг төлөх болно.
Хамгийн том худалдааны төвүүд дээр ийм байдал бий болсон. Үйлдвэрлэгчийн оронд импортлогчийг орлуулж тавьбал гааль дээрх харилцаа томоохон асуудал болж орж ирнэ.
Эндээс Засгийн газар биднээс авах ёстой 350 төгрөгийн НӨАТ-аа хуулиар далайлган авч чадаж байна. Харин НӨАТ төлөгч бид хоорондоо баримт нэхэн хэрэлдэж, илүү шудрага нэгэн нь бусдынхаа төлөөгүйг нэмж төлж хохирч байна. Тэгэхээр л нөгөө НӨАТ суутган төлөгчид маань төлөх НӨАТ-аа бага байлгах бүх боломжийг хайхаас аргагүй байдалд орж хууль зөрчиж байна шүү дээ.
НӨАТ төлөгч хэрэглэгч бид инцфляци нөлөөлсөн зах зээлээс чанартай боловч цалин хөлсөндөө таарсан, хямд бүтэгдэхүүн авах хүсэлтэй байна. Харин НӨАТ суутган төлөгч борлуулагчид маань хэрэглэгч бидний эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд НӨАТ тооцохгүйгээр л хямдруулж зарахыг эрмэлзэж байна.
Татварын ерөнхий газрын мэдээлснээр НӨАТ суутган төлөгч 2023 оны 2 дугаар улирлын байдлаар 57023 болжээ. Үүний 51187 буюу 89.8 хувь нь аж ахуйн нэгж, 5836 буюу 10 хувь нь бизнес эрхлэгч иргэд байна. Салбарын ангиллаар авч үзвэл нийт НӨАТ суутган төлөгчдийн 48.6 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байна.
Нийт улсад бүртгэлтэй 229801 аж ахуйн нэгж байгууллагын 57023 нь буюу 24.8 хувь нь улсын төсөвт НӨАТ төлж, төвлөрүүлдэг. Тэдний төсөвт төлсөн НӨАТ 2022 оны жилийн эцсээр 1526.8 тэрбум төгрөг байсан. Төсөвт төвлөрүүлсэн татвараас хамгийн их дүнтэй нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байдаг. Энэ татварыг бүх аж ахуйн нэгж төлөх үүрэгтэй. Харин НӨАТ-ыг босго хангасан татвар төлөгч төлдөг.
Эндээс дүгнэхээр цөөн шударга татвар төлөгчийн нуруун дээр НӨАТ-ын ачаалал илүү ирж байна гэж хэлж болох юм.
Хэрвээ НӨАТ бүгд төлдөг бол ирэх ачаалал жигд хуваарилагдана. Ачааллыг зөв хуваарилах ёстой. Гэвч татварын бодлогоор ямар салбарыг дэмжих вэ гэдгээс хамаарч хөнгөлөлт чөлөөлөлт гарч ирнэ.
НӨАТ төлөгч
НӨАТ-ыг хэрэглэгч төлдөг. Бид өдөр тутмынхаа хэрэглээ, хоол хүнсээ худалдан авахдаа НӨАТ шингэсэн үнээр авч шууд бусаар НӨАТ төлдөг. Харин төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг урамшуулал болгон өгөх болсноор төлбөрийн баримт гэдэг зүйлийг авч сурч байна. Иргэдэд урамшуулал өгөх болсноор далд эдийн засгийн илрүүлэх, татварын бааз сууриа өргөжүүлэх алхам болох ёстой.
Гэвч борлуулагч буюу НӨАТ суутган төлөгч бүтээгдэхүүнээ борлуулахдаа сонголт хийлгэх болсон. “Та төлбөрийн баримт авснаар 2 хувиа л авна харин тэгснээс танд 10 хувь хямрдуулаад өгье” гэж эелдэгхэн хэлэх борлуулагчтай муудалцаад баримт авах хүн үгүй болж байна.
Төр засаг нь Хөгжлийн банк, ЖДҮ сан зэрэг иргэдэд очих байсан хөнгөлөлттэй зээл, боломж бүрээ зөвхөн өөрсддөө ашиглаж, “ногоон” автобус гэх мэт төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж буй Засгийн газрыг өөрсдийн хэмжээнд бойкотлох үүднээс төлбөрийн баримтгүй худалдан авалт хийх хандлагаруу иргэдийг түлхсээр байна.
Татварын бодлого бол улс орны эдийн засаг нийгмийн бүхий л асуудлын гол зангилааг тайлах түлхүүр юм. Гэтэл зангилаагаа зөв олж, тогтоож, тайлж чадахгүй байна.
НӨАТ төлөгч иргэдээр борлуулагч нарт хяналт тавиулахаар тооцсон шийдэл маань харин ч нөгөө хоёроо нэг тал болгож засгийн газраа эсэргүүцэхэд хүргэж байна шүү дээ.
Төлбөрийн баримт гаргаж өгч хэвшсэн хэсэг нь энэ бүгдээс өөрт ашигтай нөхцөл байдал үүсэхийг харзнаж энэ байдалруу шилжихэд ойрхон.
Жавхлан сайд “Жоомоо алах гээд байшингаа шатаав аа” гэж анхааруулж байна. Яг үнэндээ “байшингаа шатаах” алхамаа тэд л хийгээд байгаа. Урамшуулал авч буй иргэдийн 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг учрааас төсвөөс буцаан авах урамшуулал хэрэгцээт бүлэгтээ хүрэхгүй, зөвхөн өндөр дүнтэй худалдан авалт хийдэг цөөн хэдхэн нөхдүүдийн урамшуулал нэмэгдэнэ гэсэн тайлбар өгч байна л даа.
Энэ тайлбар нь нөгөө баян хэсгээ үзэн ядах, тэднийг буруутгах үзлийг нийгэмд түгээж иргэдийн дунд яс хаяж, талцуулж буй муйхар арга санагдана. Илүү их худалдан авалт хийсэн бол энэ хувь хэмжээ дагаад өсөх нь гарцаагүй. Хэрвээ тэдэнд их дүнгээр урамшуулал өгмөөргүй байгаа бол НӨАТ-ын хувь хэмжээгээ бууруул гэх дараагийн шаардлага цухалзаж байна.
НӨАТ-ын хувь хэмжээ бууруулснаас урамшууллаа нэмэгдүүлэх нь Засгийн газарт ашигтай. Иргэдэд урамшуулал өгснөөр далд эдийн засгаа илрүүлэх хөшүүрэг болгож, иргэн бүрийг татварын байцаагч болгож байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл 2 хувийн урамшууллаар энэ үүргийг биелүүлэх хүсэл үгүй болж байна даа. Тэд “дээрээ өчнөөн тэрбумаар идээд ямар ч гэм зэм хүлээхгүй байхад бид 2 хувь авахын тулд төлбөрийн баримт авах гэж шаардснаас 10 хувиа хасуулж авья” гэсэн сонголтыг хийж байна. Ингэснээр нөгөө шудрага суутган төлөгч илүү ихээр татварын ачаалалд өртөх боллоо. Тиймээ тэд орлогоо шилжүүлэх замаар НӨАТ-аас зайлсхийх аргыг өргөн нэвтрүүлж байна. Энэ нь иргэдэд очих урамшууллыг байхгүй болгож зөвхөн сугалаанд оролцох боломж үүсгэж төлбөрийн баримтын ач холбогдлыг бууруулж байгаа юм.
Татварын ерөнхий газрын сар бүр гаргадаг “Бизнес эрхлэгчдийн борлуулалтын мэдээллийн тойм”-ын 2023 оны 1-8 сарын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн баримтын өгөгдөл дээр хийсэн шинжилгээнээс дараах тоонууд сонирхол татаж байна.
Төлбөрийн баримтын тоо, борлуулалтын орлогын дүн жил ирэх тутам өссөөр байгааг сайн үзүүлэлт гэж үзэж болох юм. Гэтэл НӨАТ төлөгчөөр бүртгэлгүй иргэдийн тоо, борлуулалтын орлого жил ирэх тусам өндөр хувиар өсөж байгаа нь хуулийн боломж ашиглан НӨАТ-аас зайлсхийх арга нэмэгдснийг харуулж байна.
НӨАТ-ын тайлан гаргах амархан уу?
Татварын алба тайлан гаргахад амархан болсон гэж байнга сурталчилж буй. Тэр нь ч нэг талаас нь харвал үнэн юм. Бизнес эрхлэгчид төлбөрийн баримтаа ebarimt систем ашиглан гаргаж хэрэглэгч нартаа өгсөн нөхцөлд etax систем тайланг нь бэлтгэчихдэг байхаар татварын алба программаа системчилжээ. Ингээд амархан болчихдог бол юутай сайхан билээ дээ.
НӨАТ-ын тайлан бэлтгэхэд тулгарч буй асуудал юу байна?
Энэ асуултанд нягтлангууд олон янзын хариулт өгөх байх. Хир удаан жил ажилласнаас нь хариулт нь хамаарна.
Харин захирлууд өөр хариулт өгнөө. Ямар салбарт бизнес эрхлэж байгаагаас хамаарч тэдний өгөх хариулт ихэнхдээ хуулийн түвшинд улс төрийн шийдвэрт нөлөөлөх шинж агуулсан байдаг.
НӨАТ-ын хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудал тайлан дээрээ ирж зангиддаг юм.
Тайлан бэлтгэхэд гарч буй асуудлыг 3 сэдвээр ангилж тайлбарлая.
- НӨАТ-ын хууль, хэрэглээ
- НӨАТ-ын тайлагнал татвар төлөгч болон татварын алба талаас
- НӨАТ-ын эрсдэл
Тулгамдсан асуудлыг 3 бүлэгт хувааж нарийвчлан ангилснаар гарц шийдлийг бас тус бүрд нь олох ёстой юм.
- НӨАТын хууль, хэрэглээ
НӨАТ-ын хуулийн зорилго юу вэ гэдгээс хуулийн мөн чанараа авч үзэх ёстой юм.