– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -ын ковер нийтлэл –
Хүн төрөлхтний “мөнхийн” хэрэгцээ хэмээн томьёолж болох өөр хоорондоо харилцах, холбогдох шаардлага нь үе үеийн харилцаа холбоо, технологийн компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү боловсронгуй болгох хөдөлгүүр болж иржээ. CallPro ХХК -ийн хувьд ч үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш байгууллага, хэрэглэгч хоорондын харилцааг технологийн тусламжтай хялбарчлах олон төрлийн үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн нь бизнесийн өсөлтөө улам бүр тэлэх хөшүүрэг болж байна.
Ирэх онд тохиох 10 жилийн ойгоо угтан тэд компанийнхаа 2.0 хувилбарт шилжих бэлтгэлээ базааж, датад суурилсан шийдэл боловсруулах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дараагийн шатанд гаргахаар хөгжүүлж буй. Мөн АНУ, Киргизстанд амжилттай нэвтэрсэн туршлагадаа тулгуурлан гадаад зах зээлээ үргэлжлүүлэн тэлэх төлөвлөгөөндөө хэдийнэ оржээ. Энэ бүхний ард залуу, эрч хүчтэй удирдагч Т.Аягүль зогсож, төслүүдээ амжилттай урагшлуулж байна.
“Дуртайд хүчтэй”
Одоогоос есөн жилийн өмнөх зун их сургуулиа төгсөөд удаагүй байсан Т.Аягүль Налайх дүүрэгт эмээгийндээ амарч байхад нь нэгэн дуудлага утсанд нь иржээ. “Тэрхүү дуудлагад хариулахаар утсаа авсан маань амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам байсан” хэмээн тэр дурслаа. Арван жилийн багш нь шинээр байгуулагдаад удаагүй технологийн стартапт ажиллах саналыг түүнд дамжуулжээ. Ингээд Т.Аягүль CallPro ХХК -ийн анхны ажилтнуудын нэг болов. Оффис менежерээс ажлын гараагаа эхлүүлж, бичиг цаас цэгцлэх, кофе, цай зөөхөөс өгсүүлээд борлуулалтын дата цуглуулах, уулзалт товлох зэрэг шаардлагатай бүхнийг амжуулдаг байв. Удалгүй борлуулалтын менежер болж, залгуулаад борлуулалтын газрын захирлаар дэвшин ажиллажээ. Харин өнөөдөр уулзахаар цаг товлож, ширээний эсрэг талд өөдөөс минь харан суугаа Т.Аягүль компаниа удирдан чиглүүлэх гүйцэтгэх захирлын хариуцлагатай албанд томилогдоод буй.
“Ажилдаа асар их дурласан. Аливаа байгууллагад тулгарч буй харилцаа холбооны асуудлыг цогц байдлаар шийдэх зөвлөгөө өгч, үйлчилгээгээ бүрэн нэвтрүүлж, үр дүнд хүрч чадна гэдэг асар том сэтгэл ханамж. Харилцагч компаниудынхаа хэрэглэгчдийн асуудлыг ч давхар шийдэж, оновчтой интеграцуудыг нэвтрүүлж, бодитоор ажиллах систем бий болгож, хөгжүүлнэ гэдэг ажилдаа улам бүр шунан дурлах шалтгаан болсон. Тийм болохоор ч тэр үү огт түүртэж, ялархаж үзээгүй” хэмээн ярьж байна. Нэг үгээр, өнгөрсөн есөн жилийн хугацаанд тэрбээр компанитайгаа цуг өсөж хөгжиж иржээ. “CallPro яг л хүүхэд шиг минь санагддаг. Анх дөнгөж хөлд орж байсан бол аажим аажмаар өсөж торнисоор одоо биеэ дааж буй өсвөр насны хүүхэд болсон мэт мэдрэмж төрүүлдэг” гэлээ.
“Ажилдаа асар их дурласан. Аливаа байгууллагад тулгарч буй харилцаа холбооны асуудлыг цогц байдлаар шийдэх зөвлөгөө өгч, үйлчилгээгээ бүрэн нэвтрүүлж, үр дүнд хүрч чадна гэдэг асар том сэтгэл ханамж”.
Т.Аягүлийн тодорхойлсноор анх айлын дайтай байсан жижиг компани нь өнөөдөр худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, барилга, банк, санхүү, ложистикийн салбар тэргүүтэй төр, хувийн хэвшил хосолсон 3000 гаруй харилцагчтай, дотоодын урдаа барих харилцаа холбоо, технологийн компани болж өргөжжээ. Тэр хэрээр гарын таван хуруунд багтахуйц цөөн ажилтных нь тоо хурдацтай өссөөр өдгөө 70-уулаа болж, түрээсийн жижиг оффисоос шинэ цагийн технологийн компаниудын жишиг болсон цэлгэр, тав тухтай, орчин үеийн интерьертэй шинэхэн оффист төвхнөсөн юм.
Хамгийн бага дүнтэй багц үйлчилгээг анх сонгон харилцагч болж байсан компани нь өнөөдөр 10 гаруй салбартай, өөрийн гэсэн дуудлагын төвтэй, CallPro -ийн санал болгодог хамгийн том, цогц үйлчилгээ бүхий багцыг ашигладаг болж, хамтдаа өсөж дэвшсэн түүхүүд ч энэ хугацаанд цөөнгүй бичигджээ. “Тун амттай мэдрэмж” гэж Т.Аягүль энэ тухай товч тодорхойлоод “Өнгөрсөн есөн жилийн турш CallPro компани байгууллагуудад зориулан нэг брэнд дугаараараа үйлчилгээ үзүүлэх, датагаа цуглуулах, анализ хийх боломжийг бүрдүүлсэн. Датад суурилсан шийдвэрүүд гаргаснаар тухайн байгууллагын хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэж, бизнес нь өсөх үүд хаалга нээгддэг. Өөрөөр хэлбэл, бид компаниудын хэрэглэгчээ таних дата суваг болж чадсан” гэв.
CallPro компани нийт таван дата төвд 100 гаруй сервертэй томоохон дэд бүтцийг үүсгээд буй нь технологи, найдвартай ажиллагааны баталгаа болж, харилцагч байгууллагуудынхаа итгэлийг хүлээжээ. Үүн дээр нэмээд техник тусламжийн багийнхан нь маш найдвартай, хурдан шуурхай ажилладаг нь богино хугацаанд асуудлыг шийдэх, харилцагч сэтгэл хангалуун үлдэхэд нөлөөлж, талархал хүлээсээр ирсэн юм. Мэдээж хэрэг, хэдэн мянган компанийн датаг хариуцан ажилладаг тул мэдээллийн аюулгүй байдалдаа гойд анхаарах шаардлагатай болдгийг ч тэд хэлж байв. Гэхдээ CallPro -ийн хамгийн том давуу тал бол хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу төрөл бүрийн программ, систем, платформыг холбон интеграц хийж, онцгой уян хатан байдлаар ажиллах чадвар нь.
“CallPro яг л хүүхэд шиг минь санагддаг. Анх дөнгөж хөлд орж байсан бол аажим аажмаар өсөж торнисоор одоо биеэ дааж буй өсвөр насны хүүхэд болсон мэт мэдрэмж төрүүлдэг”.
Мөн технологийн мэдлэгтэй борлуулалтын менежерүүд нь бусдад үйлчилгээгээ санал болгохдоо гол асуудлуудад гарц шийдэл олж, зөвлөх хэлбэрээр ажилладаг онцлогтой. Энэ бүхэн Т.Аягүлийн баримталдаг ‘бүх тал хожих’ зарчмаас үүдэлтэй бөгөөд тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн л бол үнийн дүнгээс үл хамааран хамтарч асуудлаа шийдэхийг чухалчилдаг. Товчхондоо, харилцагчтайгаа хамт өсөн дэвших бизнесийн ‘органик’ системийг тэд бүтээгээд байгаа нь энэ. Борлуулалтын олон жилийн туршлагатай Т.Аягүль энэ чиглэлээр анх ажиллаж эхлэхдээ өөртөө итгэлгүй нэгэн байсан бол яваандаа уулзалт хийхийн өмнө тухайн байгууллагаа сайтар судлах, борлуулж буй бүтээгдэхүүнээ бүрэн мэддэг байх нь өөртөө итгэх итгэл хийгээд амжилттай борлуулалтын үндэс болохыг ойлгосон гэдэг. “Нэг л мэдэхэд, борлуулалтын арга барил маань зөвлөх хэлбэр рүү шилжсэн байсан. Аливаа компанийн асуудлыг олж харж, яг тохирох шийдлийг санал болгох хэмжээнд туршлага хуримтлуулж чадсан нь итгэлцэл үүсгэж, улмаар амжилттай борлуулалтад хөтөлдөг” хэмээж байна.
Харин өдгөө гүйцэтгэх захирлын албанд очсон тэрбээр компанийнхаа үйл ажиллагаа, өсөлт хөгжил, алсын харааг илүү өргөн хүрээнд, том зургаар харах шаардлагатай тулгарсан юм. Дөнгөж захирал болчихоод бүх зүйлд санаа тавьж, ихээхэн эрч хүч, энерги зарцуулан ажиллаж, түүндээ өөрөө ч мэдэлгүй бухимдах болсноо нэг л өдөр анзаарч, богино хугацаанд энэ алдаагаа засаж залруулснаа тэр хуваалцаж байна. Оронд нь, хүмүүст тохирох ажлыг нь даалгаж, гүйцэтгэх орон зай, эрх чөлөө олгоход анхаарчээ. Гэхдээ түүнд анхаарал хандуулах учиртай илүү өргөн цар хүрээтэй ажлууд бий бөгөөд компанийнхаа алсын харааг дэлхийн зах зээл рүү сунгаж байна.
Технологийн экспортыг эхлүүлэв
Өнгөрсөн жилүүдэд CallPro компани дотоодын зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хилийн дээс алхаж, АНУ, Киргизстан улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлээд амжсан юм. Нэг ёсондоо, компанийнхаа хувьд дараагийн алхам болох өөрсдийн хөгжүүлсэн технологио экспортлох ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, 2019 онд Киргизстанд CallPro KG компанийг байгуулж, Ковид-19 цар тахлын хүнд үед тэндхийн эрүүл мэндийн тусламжийн төв зэрэг хэд хэдэн байгууллагад үйлчилгээгээ хүргэж, гадаадын зах зээлд нэвтрэх эхний алхмаа амжилттай хэрэгжүүлж байв. Энэ бүхэн Киргизстаны суурин утасны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг, 3000 гаруй ажилтантай, үндэсний оператор “Киргиз Телеком” ХК -тай эхлүүлэх хамтын ажиллагааны үндэс болсон байдаг.
Өнгөрсөн жилүүдэд CallPro компани дотоодын зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хилийн дээс алхаж, АНУ, Киргизстан улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлээд амжсан юм.
Харин өнгөрсөн оны сүүлчээр Киргизстан дахь салбар компанийнхаа үйл ажиллагаа, техник технологи, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэхийн тулд тэд Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-д Монгол Улсаас экспортолж буй уул уурхайн бус төслүүдийн нэгээр шалгарч, санхүүжилт авч чадсанаар төлөвлөсөн ажлуудынхаа ард амжилттай гарчээ. Ингээд зогсохгүй дотоодын компаниудыг олон улсын түвшинд нийцүүлэн чадавхжуулах зорилгоор Европын cэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) -аас өнгөрсөн онд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн Star Venture хөтөлбөрт 150 гаруй компаниас шалгарч, хамрагдаж буй. Эндээс тэд том амбиц тээж, эртнээс бэлтгэж буйг харж болно.
Өдгөө Т.Аягүль компанийнхаа гадаад харилцааны суурийг улам бүр өргөжүүлж, энэ онд Узбекистанд, ирэх жилүүдэд Казахстан, Өмнөд Солонгос улсад салбар компаниа байгуулахаар төлөвлөөд байна. Харин дунд хугацааны төлөвлөгөөндөө Төв Азийн 5-6 улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлохоор тусгаснаа хуваалцлаа. Энэ бүс нутгийн тухайд өрсөлдөөн харьцангуй бага, манай улстай соёлын хувьд ойролцоо бөгөөд бүтээгдэхүүнээ тун бага өртгөөр борлуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн энэ оноос үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн Америк дахь салбарынх нь хувьд нээлттэй, өрсөлдөөнтэй бизнесийн орчны онцлогоо дагаж, илүү тодорхой зах зээлд чиглэсэн байдлаар ажиллах аж. Үүнээс гадна CallPro -ийн менежментийн баг дотоодын компаниудын төдийлөн зорьдоггүй, тэс өөр зах зээлийг онилж буй нь Африкийн Кени улс бөгөөд ажил хэрэг хэлэлцээрийн шатандаа явааг дуулгалаа.
CallPro компани гадаад харилцааны сууриа улам бүр өргөжүүлж, энэ онд Узбекистанд, ирэх жилүүдэд Казахстан, Өмнөд Солонгос улсад салбар компаниа байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ хооронд мэдээж хэрэг тэд үндсэн үйлчилгээ болох CallPro Voice, CallPro Text, CallPro Teams, нэмэлт үйлчилгээ буюу Viber, Click, CallPro SDK, Telemarketing -аа тасралтгүй сайжруулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, турших ажлыг байнга хийсээр байгаа юм. CallPro -ийн өнөөгийн хүрээд буй амжилт бол байгууллага, хэрэглэгчид хоорондын дуудлага, мессэж, сошиал хаягууд, вэб хуудсаар дамжиж буй бүх төрлийн харилцааг төвөг чирэгдэлгүй болгож хялбаршуулсанд оршино. Нэг ёсондоо, тэд байгууллага болон хэрэглэгчдийн дунд үүсдэг хамгийн анзаарагдамгүй жижгээс эхлээд “толгойны өвчин” болдог томоохон асуудлуудад ч хариулах цогц шийдлийг өнгөрсөн хугацаанд боловсруулж чадсан юм. Цаашлаад 2024 оны эхний хагас гэхэд тухайн байгууллага хэрэглэгчидтэйгээ холбогдож буй бүхий л сувгийн датагаа нэгдсэн цонх, нэг платформоос харж, анализ хийх, тайлан боловсруулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
Байгууллага болон хэрэглэгчдийн дунд үүсдэг хамгийн анзаарагдамгүй жижгээс эхлээд “толгойны өвчин” болдог томоохон харилцаа холбооны асуудлуудад хариулах цогц шийдлийг тэд боловсруулж чадсан юм.
Технологийн хурдтай хөгжил, цаг үеийн онцлогоо дагаад хэрэглэгчдийн зан төлөв, хандлага ч өөрчлөгдсөөр байгааг тэд хэлж байв. Тухайлбал, CallPro компани дөнгөж байгуулагдаж байх үед байгууллагын харилцагчийн үйлчилгээний 70 хүртэлх хувийг утсан харилцаа эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо аажмаар буурах болсон юм. Дата хэрэглээ нэмэгдэж, төрөхдөө л технологитой ойр байсан хүүхдүүд өсөж том болсноор хэрэглэгчдийн дараагийн үеийг бүрдүүлж эхлээд байна. Gen Z үеийнхэн л гэхэд утсаар залган холбогдож мэдээлэл авахаас илүүтэй мессэж бичиж хариулт авахыг чухалчлах жишээтэй. Үүрэн холбооны оператор компаниудад ч энэ байдал тод ажиглагдах болсон бөгөөд хэрэглэгчид нэгж худалдан авахаас илүү дата ашиглах нь эрс өсчээ. Өөрөөр хэлбэл, датад суурилсан яриа, мессэж түлхүү хөгжиж байна гэсэн үг. Тиймээс ч CallPro -ийнхон датад суурилсан шийдлүүдээ улам боловсронгуй болгох, байгууллагуудад төрөл бүрийн дата боловсруулж өгөхөд илүүтэй төвлөрөх болсон юм.
Мөн зөвхөн дата анализ гэлтгүй хиймэл оюун, машин сургалт зэрэг нарийн технологид анхаарал хандуулах шаардлага ч зүй ёсоор тавигдах болсон билээ. Энэ утгаараа тэд “Чимэгэ Системс” компанитай хамтран ажиллаж, хэрэглэгчийн дуу хоолойг захиалгын систем рүү текст болгон хөрвүүлэх интеграцыг амжилттай туршиж буй бөгөөд үйлчилгээний байгууллагуудад тохиромжтой, өртөг бууруулах технологи болж чадна гэж үзэж байна. Жишээлбэл, пицца захиалахыг хүссэн хэрэглэгч оператортай утсаар ярихын оронд тусгайлан үүсгэсэн дата сангаас өөрөө суралцах чадвартай хиймэл оюун бүхий системд захиалгаа хэлснээр цааш автоматаар баталгааждаг байдлаар процесс өрнөх юм. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн сонирхсон хариулт, үйлчилгээний талаарх мэдээллийг өгдөг байхад ч анхаарах аж.
CallPro компани CallPro, MessagePro зэрэг үндсэн үйлчилгээнээс гадна CallPro Teams, CallPro SDK тэргүүтэй цоо шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна.
“Хэлсэндээ хүрч, амласан хугацаандаа аливаа ажлын ард гарахыг хичээдэг. Харин шийдвэр гаргахдаа аль нэг тал руу хэлбийхгүй, цэвэр компанийн эрх ашиг, байр сууриас хандаж, жанжин шугамаа алдахгүй байх зарчмыг баримталдаг” хэмээн энэ бүх ажлыг урагшлуулж, чиглүүлж буй Т.Аягүль ярьж байна. Тэрбээр эрэгтэйчүүд давамгайлж ирсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харьцангуй залуудаа гүйцэтгэх удирдлагын түвшинд тодорсноороо ялгардаг. Мөн хэдэн арван жилийн ажлын туршлагатай, ахимаг насны хүнийг захирлаар төсөөлдөг хэвшмэл хандлагыг сүүлийн үед эрчтэй өөрчилж буй залуу гүйцэтгэх захирлуудын төлөөлөл юм.
“Хувилбар нэгийг аль болох хурдан гарга, битгий удаан бод, их цаг бүү зарцуул”.
Өдгөө олон улсад ч, Монголд ч мэдээллийн технологийн салбарт эмэгтэйчүүд хүч түрж, карьераа амжилттай өсгөх болсон. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд өөрсдийн хийсэн бүтээсэн, чадвар туршлагаараа хүлээн зөвшөөрөгдөж, байр сууриа бататгаж эхэлсэн юм. Олон жилийн өмнө Т.Аягүль борлуулалтын менежерээр ажиллаж байх үедээ “Би эмэгтэй инженерт итгэдэггүй” гэх үг сонссон нь нийгмийн хэвшмэл хандлагын тод илэрхийлэл байсан ч түүний хүсэл эрмэлзлийг унтраах биш, харин ч өрдөж өгсөн гэдэг. “Яагаад эмэгтэй хүнд итгэж болохгүй гэж? Яагаад эмэгтэй хүн үүнийг хийж болохгүй гэж? Эрэгтэйчүүд аливааг өргөн утгаар хардаг байх. Харин эмэгтэй хүн илүү нарийн деталь зүйлийг анзаарч, гаргалгаа байна гэж үзсэн тохиолдолд хурдтай шийдвэр гаргаж чаддаг” хэмээн Т.Аягүль итгэл төгс хариулж байна.
Ажилтнуудынх нь тодорхойлж буйгаар тэрбээр аливаад шийдэл гаргаж чаддаг, маш хурдтай ажилладаг нэгэн аж. Бүр алхаа нь хүртэл маш хурдан хэмээн тэд хошигнож байв. Энэ талаар Т.Аягүль “Би ажлыг жижиг алхмаар хурдтай урагшлуулдаг. Асуудал үүсэхэд хэзээ ч гацаж, байрандаа зогсдоггүй. Тиймээс хувилбар нэгийг аль болох хурдан гарга, битгий удаан бод, их цаг бүү зарцуул гэж багийнхандаа захидаг. Эхнээсээ л төгс болчихдог зүйл гэж үгүй. Харин бага багаар сайжруулсаар тодорхой хугацааны дараа маш сайн хувилбар бий болж чаддаг” хэмээн өгүүлэв.
Түүний тэгээс эхлэн босголцсон компани нь өнөөдөр байгууллагын зах зээлд үндсэн болон нэмэлт хэд хэдэн үйлчилгээг санал болгодог нь ямар ч төрлийн үйл ажиллагаатай компанид нийцэж чадах уян хатан шийдлүүдийг шингээсэн байдаг. Товчхондоо, CallPro компанийг зөвхөн автомат хариулагч, дуудлагын ухаалаг системээр төсөөлөх нь хангалтгүй бөгөөд өрөөсгөл юм.
Харилцаа холбооны гүүр
CallPro Voice буюу байгууллагын суурин утсанд зориулсан ухаалаг үйлчилгээг зах зээлд анх нэвтрүүлснээр тэд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байв. “…Хүн юм чинь унтаж амралгүй л яах вэ дээ. Харин бизнесийн ертөнц унтдаггүй юм. Дуудлага бүрээ алдахгүй хариулахад CallPro танд туслах болно”, “Танай захирал намайг мэдээгүй байгаа юм биш биз. Би бол байгууллагад зориулсан үйлчилгээ шүү дээ”, “Монгол хүн байна даа. Тултал эморолгүй л яахав. Гэхдээ бизнесийн ертөнц эмордоггүй учраас борлуулалт тань явж л байх хэрэгтэй” зэрэг олон нийтэд сайн хүрсэн, хөгжилтэй сурталчилгаа бол эдний үндсэн үйлчилгээ CallPro -ийнх. Тийм ч учраас компанийнхаа уриаг “Биднийг маркетингаасаа асуу” хэмээн тодорхойлсонд гайхах зүйл үгүй.
Өнөөдөр та ямар ч байгууллага руу утас цохисон бай ихэнхдээ л автомат хариулагч ярьж эхлэхийг харилцуурын цаанаас сонсоно. Хэдхэн жилийн өмнө энэ бүхэн цоо шинэ ойлголт байсан бол өдгөө бидэнд нэгэнт танил болсон үйлчилгээнүүдийн нэг болоод байна. CallPro компанийн хувьд энэ чиглэлээр анхдагч бөгөөд салбартаа үзүүлсэн хувь нэмэр нь ч тэр хэрээрээ их. CallPro Voice үйлчилгээ нь зах зээлд танигдаад эхэлмэгц тэд дараагийн үндсэн үйлчилгээгээ хөгжүүлсэн нь CallPro Text бөгөөд энэ удаа байгууллагууд хэрэглэгчидтэйгээ мессэжээр харилцах бүхий л харилцааг зохицуулж, датагаа цуглуулан анализ хийх боломжийг бүрдүүлэв. Ингээд хэрэглэгчидтэйгээ утсан харилцаагаар холбогдох бүх асуудлаа шийдсэн байсан компаниуд цаашлаад масс мессеж илгээх, хүлээн авах, мөн байгууллагын дотоод ERP, CRM системээс гадна Slack, Microsoft Teams, Telegram, Viber зэрэг ямар ч төрлийн аппликэйшн, платформтой интеграц хийж, шууд мессеж илгээх боломжтой болжээ.
Гэхдээ бүх зүйл хялбар өрнөөгүй юм. Тухайн байгууллага ямар нэг тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй, зөвхөн интернэтэд холбогдсон байхад л үүлэн технологид суурилсан эдгээр ухаалаг үйлчилгээг авах бүрэн боломжтой. Тэр дундаа, суурин утасны дугаараа ашиглан харилцаа холбооны сүүлийн үеийн бүх төрлийн модулийг ашиглах боломж бүрдэнэ гэдгийг хүмүүст ойлгуулахын тулд маш их ярьж, тайлбарлах шаардлагатай тулгарч байв. Клауд буюу үүлэн технологийн талаарх хүмүүсийн ойлголт ч бүрэн дүүрэн биш байсан тул тухайн үед томоос том асуултын тэмдэгтэй нүүр тулж байснаа CallPro компанийн хамт олон дурсаж байна. Харин өнөөдөр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, клауд технологид суурилсан үйлчилгээг бага зардлаар авах нь илүү зөв сонголт гэж үзэхээс гадна аливаа асуудлыг өөрсдөө шийдэх гэж зүтгэх бус мэддэг, чаддаг хүнд нь аутсорсинг байдлаар даатгах нь хавьгүй хялбар гэдгийг ойлгох болсныг гүйцэтгэх захирал Т.Аягүль онцоллоо.
Үүнээс гадна байгууллагууд маркетингийн ажлаа оновчтой болгоход CallPro -ийн датанд суурилсан шийдлүүд сайтар тусалж, эерэг үзүүлэлтүүдэд хөтөлдөг нь тэднийг амжилтад хөтлөх нэг шалтгаан болсон юм. Байгууллагуудын өмнө тулгамддаг “Зорилтот хэрэглэгч маань хэн бэ?”, “Гол хэрэглэгч маань хаана байна вэ?” зэрэг асуултад CallPro компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд сайн хариулт болж чаддаг. Мөн хэрэглэгчдээ халамжилж, тогтоон барихад ч чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ дата, тайлангаа авч ашиглахад тун хялбар учраас менежерүүдийн найдвартай туслах болдог. Шийдвэрүүд оновчтой гарч эхэлснээр үргүй зардлууд ч буурдаг.
Харин тун саяхан тэд байгууллагын мэргэжилтнүүдэд зориулсан CallPro Teams үйлчилгээг шинээр танилцуулсан юм. Багийн бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллага, мэргэжилтэн, хэрэглэгч хоорондын харилцаа холбоог сайжруулах нэгдсэн платформ гэж ойлгож болох уг систем нь ашиглахад хялбар, энгийн бүтцээрээ ялгардаг. Байгууллагын ажилтнууд дотоод үйл ажиллагаандаа зориулан Facebook, Viber, Google Chat, Slack, Microsoft Teams зэрэг маш олон сувгаар хоорондоо харилцдаг учраас эдгээрийг нэгтгэх, интеграц хийж датагаа цуглуулах, тоон мэдээллийг харьцуулах, цаашлаад датад суурилсан шийдэл гаргах боломжийг CallPro Teams аппликэйшн олгодог. Ажилтан бүрд зориулсан цахим дугаар энэхүү аппд байрших бөгөөд түүгээрээ яриа, мессэж функцыг хязгааргүй ашиглах боломжтой. Мөн ажилтан тухайн байгууллагаас гарахаар болбол ажлын дугаараа хүлээлгэн өгөх үед бүх датаг нь ялгаж салгах хэрэгтэй болдог төвөгтэй процессыг CallPro Teams-ийг ашигласнаар хялбархан алгасаж чадна. Өөрөөр хэлбэл, цахим дугаарт харилцагчийн дата эмх цэгцтэй хадгалагдан үлддэг гэсэн үг. Товчоор, ажилтан ажлаас гарахад хэрэглэгчээ алдахгүй байх энгийн шийдэл гэж хэлж болох юм.
Үүний зэрэгцээ энэ онд харилцагчдадаа зориулан вэб болон гар утасны аппликейшндаа CallPro үйлчилгээний функцуудыг нэвтрүүлэхээс гадна олон төрлийн харилцаа холбооны нэмэлт боломжоор баяжуулж болох CallPro SDK үйлчилгээг тэд нэвтрүүлээд байна. Хэдхэн мөрөөс бүрдэх CallPro SDK кодыг тухайн компани өөрийн программдаа нэвтрүүлснээр аппликейшн, вэб хуудсанд холбогдсон хэрэглэгчид нь өөр хоорондоо энгийн болон видео дуудлага, видео хурал хийж болох ба 100 мянган хэрэглэгч зэрэг үзэх боломжтой Live Broadcast цацах зэрэг өргөн боломж үүсэж буй. Ингэхдээ дэлхийн хаанаас ч холбогдоход нээлттэй бөгөөд апп, вэбээс үүрэн болон суурин утас руу дуудлага хийх, хүлээн авах, дуудлагын үеэр интерактив цэсээр харилцаж ч болох юм.
Багийн тоглолтыг чухалчилдаг CallPro ХХК -ийн хамт олон өнгөрсөн жилүүдэд Nito – Good Workplace Awards -ийн Good Workplace for Youth, Good Workplace with Best Culture шагналуудыг хүртсэн юм.
CallPro компани бусдад асуудлаа цэгцэлж, үр ашигтай ажиллаж, бизнесийн өсөлт үзүүлэхэд нь ингэж тусалдаг. Харин тэд дотооддоо ‘хэвтээ’ засаглалтай ажиллахыг эрмэлздэг бөгөөд албан тушаал, зэрэг дэвээс үл хамааран хоорондоо нээлттэй харилцаж, санал бодлоо солилцдог. Гүйцэтгэх захирлын хувьд Т.Аягүль ч нээлттэй байдлыг чухалчилдаг. Учир нь чөлөөтэй ярилцаж байж л хамтдаа бүтээмжтэй ажиллаж чадна гэж тэр үздэг. Тийм болоод ч тэр үү, дийлэнх нь залуучуудаас бүрдэх CallPro -ийн хамт олны гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгал оффисоор нь зочлох бүрд ямагт мэдрэгддэг билээ. Оффисынх нь мэдээллийн самбарын хэсэгт таван төрлийн эможи байрлуулсан байх нь орсон гарсан бүхний сонирхлыг татна. Ажилтнууд ууртай, завгүй, бие тавгүй байгаа зэргээ илэрхийлэхийг хүсвэл эдгээр эможигоос сонгон дэлгэцэн дээрээ наахад л хангалттай. Эндээс нэг нэгэндээ саад болохгүй байх, тав тухтай ажиллах, залуу ажилтнуудын сэтгэл зүйн хэрэгцээг ойлгох соёлыг бүрдүүлэхийг хичээж буй нь анзаарагдах аж.
Байгууллагуудад ур чадвартай мэргэжлийн баг, талант бүрдүүлэхэд туслах зорилготой Нито платформыг хөгжүүлэгч НитоТек компаниас жил бүр зохион байгуулдаг Nito – Good Workplace Awards -аас CallPro -ийн хамт олон өнгөрсөн жил Good Workplace for Youth буюу “Залуучуудад ээлтэй ажлын байр” шагналыг гардсан бол энэ жилийн арга хэмжээнээс Good Workplace with Best Culture буюу “Шилдэг соёл бүхий компани” -аар шалгарсан юм.
Т.Аягүль дээрээс тушаал өгөхөөс илүүтэй өөрөөрөө үлгэрлэн дагуулах арга барилаар ажиллахыг илүүд үздэг бөгөөд аливаа ажлыг урагшлуулахын тулд багийн тоглолт өрнүүлэхийг эрмэлздэг. Үүний тулд багийн гишүүн бүрийн ажиллах онцлог, төрөлх зан төлөвийг харгалзан үзэж, тохирох ажлуудыг хариуцуулна. “Баг цөөн хүнтэй бол тэр хэрээр харилцаа бага үүсэж, асуудлыг богино хугацаанд шийдэх боломжтой болдог. Тэгж байж ажил хурдтай өрнөж, асуудал хурдан шийдэгддэг” хэмээн тэрбээр ярьж байна. Багийн ажиллагаа байгууллагын дотоод ажил болон нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд нь ч хэрэг болдог. Тухайлбал, CallPro компанийн хамт олон сайн дурын үндсэн дээр нэгдсэн гурван төрлийн клуб байгуулж, эрүүл ажлын орчин бий болгох, сонирхолтой орчинд эрүүл өглөөний цай уух, спортын бэсрэг наадам зохион байгуулах, хэрэглэхгүй хувцаснуудаа цуглуулан хэрэгцээт бүлэгт хандивлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин марафонд гүйх зэргээр ажилтнуудаа идэвхжүүлдэг. Клуб тус бүр улирал тутам өөрсдөө санаачлан томоохон арга хэмжээ хамт олон дундаа зохион байгуулах зэргээр биеэ биеэ байнга сорьж, идэвхжүүлж, урам зориг өгч байх соёлыг хэвшүүлжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ч “Зүрх мартахгүй” төсөлд нэг бус удаа хандив өргөж, тэргэнцэртэй иргэдийн бүтээсэн үлгэрийн номыг худалдан авч харилцагчдадаа бэлэглэх, “Дулаан хувцас” аяныг өрнүүлж “Ид шидийн орон” -д хувцас, хичээлийн хэрэгсэл хандивлах зэргээр цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлсэн байна. Цаашлаад илүү том алхам хийхийн тулд энэ онд аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх CallPro Agent компанийг байгуулжээ. Тэд 3000+ харилцагчаасаа тодорхой түвшний байгууллагуудыг сонгон авч өөрсдийн тусгайлан сургасан операторууддаа мэдээлэл харилцааны үйлчилгээг хариуцуулах бөгөөд энэхүү ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах, үүлэн технологийн давуу талаа ашиглан орон нутгийн иргэд, гэртээ байгаа ээжүүдэд зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж, идэвхтэй хамруулахыг зорьж байна. Уг төсөл амжилттай хэрэгжвэл тус компани НҮБ -ийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 5-6 зорилтыг хангахад хувь нэмрээ оруулах юм. Нийгмийн энэ хэсэг рүү хараа сунгах болсон шалтгаанаа Т.Аягүль ахлах ангид суралцаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хийсэн судалгааны ажил болон Монголд цор ганц байх дауны синдромтой хүүхдийн яслид очсон нь түүнд гүнзгий сэтгэгдэл үлдээсэнтэй холбон тайлбарлав. Тиймээс дауны хам шинжтэй хүүхдүүдийг ажиллуулдаг кофе шоптой ч хамтран ажиллаад эхэлжээ.
Багаасаа бүжигт ухаангүй дурлаж, тэмцээн уралдаануудад алгасалгүй оролцдог байсан нийгмийн идэвхтэй охиныг бүгд л урлагийн хүн болно хэмээн таамагладаг байв. Тэр өөрөө ч ингэж хүсэж байсан юм. Мэргэжлээ сонгох цаг ирэхэд гэр бүл дотроо бяцхан маргаан дэгдээсэн ч удаатай. Ингээд түүний өмнө хуулийн сургуульд элсэх, эсвэл ирээдүйд эрэлттэй болох мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гэсэн хоёр сонголт гарч ирсэн юм. Харин Т.Аягүль ямар сонголт хийснийг энэ хүртэл уншсан та бид хэдийнэ мэдэх билээ.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 09 сарын дугаар (№58) -ын ковер нийтлэл –
Гэрэл зургийг: Мэлмий гэрэл зураг, Allblck студи