Вьетнамын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд шат дараатай олон алхам хийсний дотор 2021 эцсээс ирэх арван жилд инфляцаа 5 хувиас давуулахгүй гэсэн амлалт өгчээ.
Вьетнам улсын газарзүйн байршил нь Зүүн Өмнөд Азийн зах зээлийг онилсон гадаадын компаниудыг өөртөө татдаг хамгийн том давуу тал юм. Вьетнамын Зүүн тэнгис буюу Өмнөд Хятадын тэнгисийн эргийн шугам нь 3269 километр үргэлжилж, дэлхийн зах зээлд өндөр технологи нийлүүлэгч Тайвань, Япон, Өмнөд Солонгостой далайгаар шууд харилцах боломж олгодгоос гадна 44 далайн боомт, 15 олон улсын нисэх онгоцны буудалтай гэсэн үзүүлэлтээр бүс нутагтаа тээвэр, ложистикийн хөгжлөөр тэргүүлэх чухал эх сурвалж болдог. Тус улс хойд талаараа Лаосын хилээс Тонкины булан хүртэл Хятадын цахилгаан бараа, оёдол, нэхмэл эдлэлийн гол үйлдвэрлэгч Гуаньси мужтай 1297 километр газраар шууд хиллэдэг ба зүүн талд нь газар тариалан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч Камбож, Лаос улсууд байдаг.
Олон улсын худалдаагаар голчлон бичдэг судлаачдын өгүүлснээр Вьетнам нь 2017 онд эхэлсэн Америк – Хятадын худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртэж буй улсаар тодроод байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены зарласан Америкийн Энэтхэг, Номхон далайн шинэ стратегид АСЕАН-ыг хүчирхэгжүүлэхээр заахдаа Вьетнамын эдийн засгийг дэмжих замаар холбоон доторх нөлөө, үүргийг нь өсгөхөөр тусгасан. 2021 оны мэдээгээр Вьетнамын хүн ам 98,2 сая, дундаж нас 32,5 байгаа нь хүн ам нь идэвхтэй хөгширч, ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн Япон, Өмнөд Солонгос, Хятадын үйлдвэрүүд нүүж очих бас нэг хүчин зүйл болж байна. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурдсанаар 2023 оны эцэст Вьетнам нь хүн амын тоогоор 100 саяын босгыг давсан дэлхийн 15 дахь улс болно гэжээ.
Дэлхийн банкны мэдээгээр Вьетнамын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2021 онд 3.71 их наяд, 2022 онд 4.16 их наяд ам.доллароор хэмжигдэж байснаа 2023 онд 4.68 их наяд, 2024 онд 5.11 их наяд ам.долларт хүрч цаашид 2030 он хүртэл тогтмол 6,3-иас дээш хувиар өсөх гэнэ. 2022 оны эцэст худалдааны гол түншүүд болох АНУ, Европт инфляц өссөн нь Вьетнамд нөлөөлж, үйлдвэрүүдийн захиалга буурсан ч хүн амын үлэмж хэсэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт (EVFTA)-ын үр шимийг хүртэж дундаж давхаргад орсноор дотоодын хэрэглээ нэмэгдэж, Японтой байгуулсан чөлөөт худалдааны ашигтай гэрээний ачаар үйлдвэрлэлээ хумих аюулыг гэтлээд байна. Азийн зарим хөрөнгө оруулагчид 2023 оны эхээр болсон бизнесийн форумууд дээр илтгэл тавихдаа өрнөдийн орнуудын Вьетнамаас авах барааны захиалга буурсанд сэтгэл хангалуун буйгаа нуугаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд гадаадын үйлдвэрүүдэд ажилласан туршлагатай, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ур чадвартай ажилчдыг олоход илүү хялбар болно гэжээ. Гэсэн хэдий ч Вьетнамд эдийн засаг өсөхийн хэрээр амьдралын өртөг нэмэгдэж, жил ирэх тусам цалингийн зардал өссөөр байгааг хэлэх нь зүйтэй.
Олон улсын худалдаагаар голчлон бичдэг судлаачдын өгүүлснээр Вьетнам нь 2017 онд эхэлсэн Америк – Хятадын худалдааны дайнаас хамгийн их ашиг хүртэж буй улсаар тодроод байгаа.
Хэдий 2022 оны сүүлээр Вьетнамын үйлдвэрүүдэд Европ, Америкаас ирэх захиалга буурсан ч 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Европ – Вьетнамын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Вьетнамаас Европын холбооны улсууд руу экспортлох нэхмэл эдлэл, оёдлын бүтээгдэхүүний татварыг 2-4 хувиар бууруулсан, АНУ Вьетнамын Vinfast брэндийн цахилгаан автомашиныг импортын татвараас чөлөөлсөн нь дээрх хоёр түнштэй хийх худалдаа ирэх онуудад өмнөх жилүүдийнхээс буурахгүй байх гол нөхцөл болно.
Вьетнамын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд шат дараатай олон алхам хийж байгаагийн нэг нь 2021 эцсээс ирэх арван жилд инфляцаа 5 хувиас давуулахгүй гэсэн амлалт өгч дотоодын зах зээл дээрх шатахууны үнийг зохицуулж, Төв банк нь зээлийн дээд хязгаар тогтоож, хүүг өсгөснөөр 2022 онд инфляцыг дөрвөн хувьд барьж чадсан нь ГХО нар үргэлжлүүлэн хөрөнгө оруулах итгэлийг төрүүлэв. Социалист Вьетнам улс нь гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ыг татах зорилгоор хойд, өмнөд, төв, Меконгийн бэлчир гэсэн дөрвөн гол капиталист эдийн засгийн бүсийг байгуулсан. 2022 онд Вьетнамд ГШХО 27 тэрбум ам.доллар, гадаад худалдааны нийт эргэлт 700 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.
Хойд Вьетнамын эдийн засгийн бүс нь Ханой, Хай Фонг, Куанг Нинь, Вин Фук, Бак Нинь, Хай Дуонг, Хун Йен зэрэг долоон хот, мужаас бүрддэг ба Ханой хот бүс нутгийн ДНБ-ний 48 орчим хувийг дангаараа бүрдүүлж, 2020 оноос хойш жил бүр 9-13 хувиар тогтмол өссөн бол бүсийн дундаж өсөлт 7-8 хувьтай байна. 2022 онд Бак Ниний худалдааны эргэлт 83.4 тэрбум ам. доллар буюу бүс нутгийн нийт худалдааны 33.89 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд Хойд бүсийн ГШХО-ын хэмжээ 9.61 тэрбум гаруй ам.доллар болж 18.1 хувиар өссөн нь улсын нийт ГШХО-ын 37.43 хувийг бүрдүүлж байна. Бүс нутагтаа ГШХО хамгийн их татдаг мужууд нь Куанг Нинх, Бак Нинх мужууд билээ. Ной Бай олон улсын нисэх буудлын ойролцоо төвлөрсөн Apple, Samsung тэргүүтэй өндөр технологийн ГШХО-тай үйлдвэрүүдээр ихээхэн алдартай улсын нийслэл Ханой хот нь бүсийнхээ ГШХО-тай шинэ төслүүдийн талаас илүү хувийг хүлээн авсан ч шинээр бүртгүүлсэн хөрөнгийн хэмжээгээр тавдугаарт жагсжээ.
2022 оноос эхлэн Хойд Вьетнамын эдийн засгийн бүсийн Бак Тиен Фонг аж үйлдвэрийн паркт нефьт, химийн үйлдвэрлэлийн Stavian групп 30 га газарт жилд 600 мянган тонн полипропилен давирхай үйлдвэрлэх төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, Бак Нинь мужийн Куэ Во АҮП-т электрон тоног төхөөрөмж, сүлжээний хэрэгсэл, мультимедиа аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Goertek Vina Science and Technology компани 565 ам.долларын хөрөнгө оруулах хэлцэл байгуулан, Хай Фонг боомт хотын Нам Дин Ву АҮП-ийн татваргүй бүсэд Хонг Конгийн JD Future Explore компани 32 сая ам.долларын хөрөнгөөр хил дамнасан цахим худалдааны агуулах барихаар төслөө эхлүүлээд байна.
Өмнөд Вьетнамын эдийн засгийн бүс нь Хошимин, Бин Дуонг, Ба Риа – Вун Тау, Донг Най, Тай Нинь, Бин Фуок, Лонг Ан, Тянь Гианг гэсэн найман муж, хотыг багтаах бөгөөд дагуул аж үйлдвэрийн паркуудад нь томоохон жижиглэн худалдааны төв, супермаркетуудын сүлжээг эзэмшдэг компаниудын агуулах, бэлдцийн үйлдвэрүүд, Nike болон Adidas брэндийн А зэрэглэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Америкийн Нью Йорк, Хятадын Шанхайтай зүйрлэх болохуйц Вьетнамын эдийн засгийн нийслэл гэх Хошимин хот нь улсынхаа ДНБ-ий 15,5 хувь, өмнөд нутгийн ДНБ-ий 46 хувийг бүрдүүлдэг нь бүс нутгийн хоёр дахь том муж болох Бин Дуонгоос гурав дахин их гэсэн үг. Цар тахлын дэгдэлтийн үеэр ч өмнөд бүсийн ДНБ дунджаар 7-9 хувийн өсөлттэй байсан. Өмнөд бүсийн нийт импорт, экспортын хэмжээ 2020 оноос жилд дунджаар 5.7 хувийн өсөлттэй гарсаар байгаа бөгөөд Хошимин хотын ДНБ-ний хэмжээ 2022 оны эцэст 110 тэрбум ам.доллароос давжээ. Хошимин хот ГШХО-ын өсөлтөөр бүс нутаг төдийгүй улсын хэмжээнд тэргүүлсэн хэвээр байна.
Өмнөд бүсэд 2024 онд ашиглалтад орохоор Данийн алдарт хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч Лего компанийн 4000 хүн нэгэн зэрэг ажиллах үйлдвэр, ажилчдын хотхон бүхий цогцолбор нэг тэрбум ам.долларын өртгөөр босож байгаа бол 2023 оны эцэст Сингапурын Либра олон улсын хөрөнгө оруулалтын компани 210 сая ам.доллароор өндөр зэрэглэлийн лувре нэрийн даавууны үйлдвэр, Кока Кола Вьетнам компани Лонг Аны аж үйлдвэрийн чөлөөт бүсийн 19 га талбайд 136 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд нэг тэрбум литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвтэй байна. Дэлхийн үнэт эдлэлийн хамгийн том брэнд болох Pandora групп нь Вьетнам-Сингапурын аж үйлдвэрийн парк компанитай хамтран Бин Дуонг хотод 100 сая ам.доллароор үнэт эдлэлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны мэдээгээр Вьетнамын ДНБ 2024 онд 5.11 их наяд ам.долларт хүрч цаашид 2030 он хүртэл тогтмол 6,3-иас дээш хувиар өснө.
Төв Вьетнамын эдийн засгийн бүс нь Туа Тиен Хуе, Куанг Нам, Куанг Нгай, Бин Динь, Дананг гэсэн таван муж, хотыг нэгтгэсэн улсынхаа гурав дахь том эдийн засгийн бүс юм. Энэ бүс нутаг нь улсдаа далайн тээвэр, аялал жуулчлалын салбараас ихээхэн хэмжээний ашиг оруулдаг. Таван мужийн ДНБ-ийн хэмжээ болон өсөлт нь жилд дунджаар 20 гаруй хувьтай харьцангуй жигд байдгаараа бусад бүсүүдээс ялгаатай. 2022 онд 7.4 тэрбум ам.доллар гадаад худалдаа хийсэн Куан Нам муж нь бүс нутгаа тэргүүлсэн. Уг үзүүлэлт нь мөн оны төвийн бүсийн нийт гадаад худалдааны 35.6 хувийг эзэлнэ. Өнгөрсөн онд төвийн бүсэд гадаадаас 531 ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь Вьетнамын нийт ГШХО-ын хоёр хувь юм. Тухайн жилийн бүс нутаг дахь нийт бүртгэлтэй хөрөнгө оруулалтын хөрөнгийн 47.7 хувийг Тхуа Тиен Хью муж авсан ч шинээр бүртгүүлсэн төслийн нийт тоог авч үзвэл аялал жуулчлалын Да Нанг хот 64 төслийн 47-г өөртөө татжээ. Бүсийн Бин Динь АҮП-т 2023 оны эцэст Германы KURZ группийн 40 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босож буй өндөр технологийн эмульс болон нимгэн хальс үйлдвэрлэх цогцолбор ашиглалтад орно.
Вьетнамын Меконгийн бэлчир эдийн засгийн гол бүст Кан Тхо, Ан Гианг, Киен Гианг, Ка Мау гэсэн дөрвөн муж багтдаг. Меконгийн бэлчир нь Вьетнамын цагаан будааны тариалалт, жимс жимсгэнийн экспортын гол бүс нутаг юм. Меконгийн бүс нутгийн ДНБ жилд дунджаар 8-11 хувиар өсөж буй. Гадаад худалдааны хэмжээ нь улсынхаа экспорт, импортын 0.9 – 1.5 хувийг бүрдүүлдэг. Бүсдээ эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүд Кан Тхо муж 2022 онд 185.96 сая ам.долларын ГШХО татсан нь Меконгийн нийт гадаад хөрөнгө оруулалтын 86.3 хувийг эзэлжээ. Данийн Sphere Danmark компани 2022 оны эцэст Ан Гианг хотод 17 сая.долларын өртөгтэй спортын хувцасны үйлдвэр ашиглалтад оруулсан. 2023 оноос Сингапурын 160 сая ам.долларын хөрөнгөт оруулалтаар Кан Тхо АҮП-ийн дэд бүтцийг байгуулах төслийн нэгдүгээр шат эхлээд байна.
Гадаадын хөрөнгө оруулагч нар Вьетнамд бизнесээ эхлүүлэхээс өмнө тус улсын эдийн засгийн бүсүүдээр явж нарийн мэдээлэл цуглуулдаг. Учир нь хойд бүс аж үйлдвэр, өндөр технологийн салбар, өмнөд бүс жижиг дунд үйлдвэрлэл, оёдол нэхмэл эдлэл, төвийн бүс агуулах, тээвэр, ложистик, аялал жуулчлал, Меконгийн бүс хөдөө аж ахуйн чиглээр илүү дагнасан байдаг. Вьетнамын эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн паркуудын ГХО нарт санал болгодог татварын урамшуулалт, хөнгөлөлтүүд Хятадын чөлөөт бүсүүдтэй ижилхэн өөр өөр байдаг учир тус тусын онцлогийг сайтар судлах нь чухал.
Цар тахлын үеэр хамгийн Вьетнамын аялал жуулчлал хамгийн их хохирол амссан бөгөөд 2022 оноос Вьетнамын зах зээлд шинээр орж ирж буй ГХО-ын дийлэнх нь одоогоор хямдхан байгаа зочлох үйлчилгээний салбарын үл хөдлөх хөрөнгө, далайн эргийн авто, эрчим хүчний дэд бүтцэд холбогдсон байгууламжуудыг түлхүү худалдан авч байна. Вьетнам улс 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн цар тахлын үеэр гадаадын иргэдэд тавьж байсан бүх шаардлагаа цуцалсан ч жилийн эцсийн дүнгээр гурван сая гаран жуулчин хүлээн авсан нь 2019 онд 19 сая жуулчин ирж байсантай нь харьцуулахад маш бага тоо юм. Энэ цаг үед Вьетнамын аялал жуулчлалын салбар уналтынхаа доод шатанд хүрснийг анзаарсан ГХО нар зах зээлд нэвтрэх алтан боломж гэж үзэж байгаа. Вьетнамын засгийн газраас ч мөн аялал жуулчлалын салбарт хөрөнгөө оруулах гадаадын иргэн аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ амлаад байна.