1979 онд Ирландын Boomtown Rats хамтлагийн “Би Даваа гарагт дургүй” гэдэг дуу олон нийтийн хүртээл болмогц газар бүрт ярианы сэдэв болж, огцом хит болсон байдаг. Даваа гарагийн өглөө байдаг хүч чадлаа шавхан, толгойтой үсээ өөрөө чангаах шахам орноосоо хүчээр өндийдөг учраас “зовлон нэгт” ажилтнуудын сүлд дуугаар өргөмжлөгдсөн алдаршсан билээ.
Ихэнх босс шинэ долоо хоногийн ажлыг оффист бүгд өөрийн биеэр эртлэн ирцгээн хамтдаа эхлүүлэх нь эрч хүчийг өрддөг гэж мэтгэдэг. Харин ажилтнууд үүнийг өөрчлөх мөнхийн хүсэлтэй байдаг. 2021 онд “Journal of Applied Psychology” сэтгүүлд хэвлэгдсэн тайлангаас үзэхэд, хүмүүс Даваа гарагт олонтой харьцахаас зайлсхийсэн, аливааг төвөгшөөсөн зан төлөв нь давамгай байдгийг олж тогтоожээ. Харин дараагийн өдрөөс харьцангуй хүлээцтэй, аливааг хүлээн зөвшөөрөх төлөв рүү шилждэг байна.
Medical Journal of of Australia сэтгүүлд 2015 онд хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд, “Mondayitis” гэх онош бүхий шинэ нөхцөл байдлыг тайлбарласан байдаг. Тархи системийн хямралд ордог ба бие шалтгаангүйгээр ядрах, сульдах, сэтгэлийн хямралд орох, толгой өвдөх, толгой эргэх, хурц гэрлийг төвөгшөөх, ам хатах, булчин өвдөх, бүгдийг төвөгшөөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг байна. Энэ нь Даваа гараг эсвэл уртын амралт, баяруудын дараах ажлын эхний өдөр тохиолддог байна. Ийм нөхцөлд орогсод өөрсдийгөө өвдсөн гэж андуурч, Хүний нөөцийн алба руугаа мэдэгдэх, гэрээс ажиллах, цаашлаад ажилдаа ирсэн ч ажлаас тойрч зугтсан, төвөгшөөсөн сэтгэл санааны байдалтай байдаг аж.
Энэ нь дээрх судалгаанаас үзэхэд мөн хүүхэд байхаас эхлэн, сургуулийн орчинд “Даваа гарагт хамгийн эхэнд бие даалтаа үзүүлнэ шүү” эсвэл “Даваа гарагт өглөө шалгалт авна” гэх мэтээр амралтын өдрүүдийг ялангуяа Ням гарагийг айдастай өдөр болгодог байсантай мөн холбоотой гэнэ
Тиймээс…
Асуудал нь тайван удаан амралтаас огцом шилжиж, олон зүйлийг хийж хурдлах шаардлагатай өдөр рүү орох нь хүнийг “Галзуу хулгана” -д очоод суучихсан мэт тэнцвэргүй болгодог байна. Тиймээс хүний нөөцийг ухаалгаар ашиглахад судалгаагаа зориулж шинжлэгсэд, даваа гарагийг ажил хурлаар хэт даралгүйгээр тайван алгуур эхлүүлэх, бүтээмжийн шаардлагыг эл өдөр хамгийн доод түвшинд барьж шилжилтийн өдөр болгох хэрэгтэй гэж дүгнэж. Үүнийг дэмжих бас нэгэн баримт нь ажил хийдэг ээжүүд бямба, ням гарагт гэрийн ажил, хүүхдүүдээ дугуйланд хүргэх, агаарт гаргах гэх мэтээр бараг амардаггүй ба оффист ажилласнаас ч илүү ядардаг гэдгээ асуулгаар хэлдэг. Тэдний жаахан амсхийж, #metime авах боломж нь даваа гарагийн өглөө байдгийг санаж, тэдэнд тайван кофе уух 30 минут өгөхийг Дарга та бүхнээс хүсье.