Юуны өмнө танд болон танай хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ярианы эхэнд та компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
Энэ жил тохиож буй манай компанийн 25 жилийн ойн баярын мэндийг бараа бүтээгдэхүүнийг маань сонгон хэрэглэдэг нийт хэрэглэгчдэдээ, бидэнтэй хамтран, дэмжиж ажилладаг харилцагч түншүүддээ болон “Монголиан Стар Дистрибюшин” ХХK-ийн үе үеийн ажилтнуудад дэвшүүлж, талархал илэрхийлье.
“Монголиан Стар Дистрибюшин” компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С.Болормаа 1998 онд байгуулж, олон жилийн туршид амжилттай удирдсаар ирсэн. Энэ хугацаанд манай компани дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг Mонголын хэрэглэгчдэд хүргэх зорилгынхоо хүрээнд тууштай ажилласаар өнөөдрийг хүрсэн байна.
Одоогоор бид дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Yuhan-Kimberly, Unilever, Haleon, SC Johnson, Splat гэсэн таван компанитай хамтран ажиллаж, 35 брэндийн 600 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг aлбан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Үүнд, та бидний сайн мэдэх OMO угаалгын нунтаг, Kotex ариун цэврийн хэрэглэл, Huggies брэндийн хүүхдийн живх, Kleenex брэндийн цаасан бүтээгдэхүүнүүд, Sunsilk болон Clear брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүнүүд, Туалетный Утёнок, Mr.Muscle, Glade, Bio Mio зэрэг брэндийн гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, Splat, Parodontax, Sensodyne, Aquafresh, Corega, Pepsodent брэндийн ам арчилгааны бүтээгдэхүүнүүд гээд монголчуудын өдөр тутамдаа хэрэглэж заншсан бүтээгдэхүүнүүд багтдаг.
Харин үйл ажиллагааны хамрах цар хүрээний тухайд бид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 7000 орчим худалдаа эрхлэгч, харилцагчдаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.

Ярилцлагаа таны карьерын замнал руу чиглүүлье. “Монголиан Стар Дистрибюшин” ХХК-тай анх хэрхэн холбогдож байв. Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод хэр удаж байна вэ?
Миний хувьд маркетингийн эх орон болох АНУ-ын Хойд Дакота мужийн Dickinson State University -ийг 2010 онд бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тэнд би дэлхийн шилдэг компаниудад маркетинг, бизнесийн чиглэлээр удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай багш, профессоруудаас суралцсаныгаа тун азтайд тооцдог. Харин эргэж ирээд Монголын шилдэг компаниудын нэг болох “БСБ Сервис” ХХК-д мэргэжлээрээ ажиллан карьераа эхлүүлж байлаа. Tэнд ажиллаж байх хугацаанд онолын түвшинд сурсан мэдлэгээ бодит амьдралд хэрэгжүүлж, туршлагаар баталгаажуулах боломж бүрдсэн. Ажлын талбарт сайн хамт олноос их зүйл суралцсан. Үүний дараа залуу хүн учраас өөрийгөө сорьж үзэхээр зориглон өөрийн стартап бизнесээ эхлүүлэн алдаж онож үзсэн туршлагатай. Өмнө нь ажилтан байхдаа “Өөрт оногдсон ажлаа л чанартай хийвэл болно” гэж боддог байсан бол бизнес хийгээд, компани удирдаад ирэхээр арай өөр өнцгөөс aсуудлыг харж эхэлдэг юм билээ. Нэн ялангуяа хэрэглэгч, харилцагчдадаа бодит үнэ цэн бүхий өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож чадахгүй л бол зах зээлд оршин тогтнох ямар ч бололцоогүй гэдгийг яс махаараа ойлгосон. Өөрөөр хэлбэл, энтрепренер сэтгэлгээний суурь тавигдсан гэж хэлж болно. Tиймээс эхлээд маш сайн суралцах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарч, өсөж хөгжих бололцоог олгох ажлыг хайж эхэлсэн.
Ингээд 2015 онд азтай тохиолоор “Монголиан Стар Дистрибюшин” ХХK-ийн хамт олонд нэгдэж, компанийн үүсгэн байгуулагч С.Болормаа захирлын удирдлагад, маш чадварлаг багийн нэг хэсэг болон ажиллаж эхэлсэн. Миний хувьд анх маркетингийн хэлтсийн ахлах менежерийн албан тушаалаас компани дахь ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш маркетинг, борлуулалт, бизнес хөгжил, supply chain буюу ханган нийлүүлэлтийн сүлжээ гээд компанийнхаa бүхий л үндсэн үйл ажиллагааны салбарт оролцон ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийнхээ талаар гүн гүнзгий мэдлэг, туршлагыг хуримтлуулсан. Харин гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, компаниа хөгжлийнх нь дараагийн үе шатанд гаргах хүндтэй үүргийг хүлээгээд яг нэг жил болж байна.
Tэгвэл та өөрийнхөө ажлын болон удирдлагын арга барилынхаа талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
Aгуу эрдэмтэн Альберт Эйнштэйний “Хэрэв надад асуудал шийдэх нэг цагийн хугацаа өгвөл би 55 минутыг асуудлын талаар эргэцүүлж бодоход, үлдсэн таван минутыг шийдэл олоход зарцуулна” гэсэн эшлэл олон нийтийн сүлжээнд түгээмэл харагддаг. Миний төдийгүй манай компанийн ажилтнуудын нийтлэг ажлын арга барилыг энэ үг их оновчтой тодорхойлж байх шиг санагддаг. Бид аливаа асуудлын талаар эхлээд цэгцтэй мэдлэг, зөв ойлголттой болохыг чухалчилдаг. Ингэж чадвал асуудлын суурь шалтгааныг тодорхойлж, оновчтой шийдэл олоход дөхөмтэй болдог. Өөрөөр хэлбэл, “өвчин”-ий шинж тэмдэгтэй тэмцэх биш суурь шалтгааныг нь олж тогтоон, түүнийг нэг мөсөн дарах даацтай шийдэл олохыг зорьдог. Ер нь хувийн үзэмж, хандлагад авталгүй аливаа асуудлыг рационал сэтгэлгээгээр дүгнэн тодорхойлж, зөв оновчтой шийдвэр гаргахыг зорьдог энэ арга барил бидэнд салбартаа тэргүүлэх хэмжээний өндөр бүтээмжтэй ажиллах бололцоог олгодог. Mанлайлал, менежментийн тухайд би оновчтой, үр дүнтэй delegation хийхийг чухалчилдаг.
Нэг супер удирдлага ганцаараа бүх асуудлыг мэдэж шийдвэр гаргаад, бүх ажлыг зохион байгуулаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Тиймээс чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүст ажил хариуцуулж, шийдвэр гаргах боломж, орон зай, нөхцөлөөр хангахыг зорьдог.
Гэхдээ зөвхөн даалгаад орхино гэсэн үг биш. Эхлээд тухайн ажлын гол зорилго, хүрэх үр дүн, тулгарч болзошгүй сорилтууд, цаг хугацааны ач холбогдол, хийж болох арга замуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж тохиролцох, тэдний санал бодлыг тусгах зэргээр ойлголтоо нэгтгэх нь маш чухал. Мөн гүйцэтгэлийн талаар явцын уулзалтууд хийж, шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Эцэст нь ажлыг гүйцэтгэж дуусахад үр дүнг хамтдаа дүгнэх, түүний талаар ярилцаж, суралцаад явах нь амжилттай delegation хийх үндэс байдаг. Товчхондоо, гэвэл зөв хүнийг сонгох, сонгосон хүндээ итгэл хүлээлгэх, эргээд үр дүнг хэмжиж түүнээс багаараа суралцах нь миний болон манай компанийн ажлын үндсэн арга барил юм уу даа.

Танай компани өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт 25 жилийн турш амжилттай ажилласны “нууц” юу байсан гэж та тодорхойлох вэ?
Маш олон хүчин зүйл, суурь нөхцөл, тэдгээрийн оновчтой хослолууд компани амжилттай ажиллах боломжийг бий болгодог. Нэг л нууц жороор амжилтад хүрнэ гэвэл өрөөсгөл болох байх. Гэхдээ би хамгийн чухал таван зүйлийг онцолъё.
Нэгдүгээрт, компанийн өсөлт хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр нь 25 жилийн хугацаанд ажиллаж байсан, мөн одоо ажиллаж буй үе үеийн ажилтнууд маань гэдгийг онцолмоор байна.
Тиймээс манай компани сүүлийн 10 жилд “Ажилтан бол компанийн хамгийн үнэт баялаг” гэсэн зарчмыг үйл ажиллагааны үндсэн удирдлага болгон ажиллаж байна. Сэтгэл ханамжтай ажилтнууд өндөр бүтээмж гаргаж, бизнесийн амжилтыг бий болгоно. Үүний хүрээнд бид ажилтнууддаа болон компанийн соёлыг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтаа тогтмол нэмэгдүүлсээр байна.
Хоёрдугаарт, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй зорилго маш чухал. Зөвхөн ашиг орлого, мөнгө олох зорилготой бизнес урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллаж чадахгүй. Манай компани 10 жилийн өмнө “Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүний мэргэшсэн дистрибютер байна” гэж өөрийн эрхэм зорилгыг тодорхойлсон. Тиймээс богино хугацааны ашгийг харж чанар муутай хямд бүтээгдэхүүн худалдаалах биш дэлхийд чанар чансаа, ашиг тусаараа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдийг монголчууддаа хүргэн ажилласаар ирсэн. Гуравдугаарт, эцсийн хэрэглэгч, харилцагчдадаа төвлөрөх чадварыг онцолмоор байна.
Бид хөдөлмөрийн бүтээмжээ тогтмол нэмэгдүүлж, үргүй зардал гаргахгүй ажиллахад анхаарлаа хандуулдаг. Үр дүнд нь, бид барааныхаа үнийг байж болох хамгийн хямд түвшинд тогтоох, илүү чанартай сайн үйлчилгээ үзүүлэх, хөнгөлөлт урамшууллаа нэмэгдүүлэх зэрэг замаар хэрэглэгч, харилцагчдадаа очих үнэ цэнийг бусдаас илүү өндөр байлгаж чаддаг.
Өмнө дурдсанчлан бид 7000 худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүнтэй хамтарч бараа бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тиймээс тэдэнтэйгээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, амлалтаа биелүүлж, итгэлийг нь дааж ажиллахыг хичээдэг.
Дөрөвдүгээрт, түншлэлийг онцолъё. Манай компани Yuhan-Kimberly, Unilever, Haleon, SC Johnson, Splat гэх мэт дэлхийд тэргүүлэгч үйл ажиллагаа бүхий компаниудтай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээ маань зөвхөн бараа борлуулах, худалдан авах процессоор хязгаарлагддаггүй. Бид тэдэнтэй хамтарч ажиллах явцдаа бизнес, маркетинг, борлуулалт, supply chain буюу ханган нийлүүлэлтийн сүлжээг хэрхэн оновчтой зохион байгуулах талаар байнга суралцаж байдаг. Тэд ч бидэнтэй мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцдаг. Зарим үед Монголд зорьж ирээд танхимын сургалт зохион байгуулж өгөөд явдаг. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцох маш том давуу талыг бидэнд өгдөг. Мөн сонирхуулж дурдахад, манай түнш Kotex, Huggies, Kleenex, Depend брэндүүдийн үйлдвэрлэгч Yuhan-Kimberly компани Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, Тужийн нарсыг нөхөн сэргээх төслийг санхүүжүүлэх замаар нийт 10 сая нарс модыг манай улсад тарьж ургуулсан. Энэ онд тус төслийн 20 жилийн ой тохиож байна.
Эцэст нь, төлөвлөлт зохион байгуулалтыг онцолмоор байна. Бид стратеги, тактик, үйл ажиллагааны түвшний төлөвлөлтүүдийг чанартай хийхийг зорьж ажилладаг нь манай компанийн амжилтад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Яагаад, юуг, хэнд зориулж, хэзээ, хэрхэн хийх вэ гэдэгт хариулахад бид өндөр ач холбогдол өгдөг. Эдгээр асуултад зөв хариулж чадвал оновчтой зүйлд цаг, нөөц, хөдөлмөрийн бүтээмжээ зориулж, өндөр үр өгөөжийг бий болгох боломж бүрддэг.
Өнөө цагт дистрибютер компаниуд олноороо бий болж, өрсөлдөөн ширүүсэж байна. Танайх энэ салбарт анхдагч, ууган компанийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэмэгдэж буйг хэрхэн хүлээж авдаг вэ?

Mанай салбарт хувь хүмүүс, албан байгууллагууд импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Хууль, эрхзүйн хувьд ч ийм үйл ажиллагаа эрхлэх боломж нь бусад салбараас илүү нээлттэй байна. Энэ бол муу зүйл биш. Харин ч сайн хэрэг. Зах зээлд олон тоглогч бий болж, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ буурч, чанар сайжирна. Эцсийн дүндээ эцсийн хэрэглэгч, харилцагчид маань хождог. Бид ч гэсэн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр өсөж хөгжиж байдаг.
Хүний нөөцийн бодлогын талаар онцолж асууя. Цар тахлаас хойш хүмүүсийн ажлын байран дахь зан төлөв өөрчлөгдөж байна. Гүйцэтгэх удирдлагын хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч байна?
Цар тахлын дараах ажилтнуудын зан төлөв, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ үеийн давлагаа зэргээс хамааран хүний нөөцийн бодлого, суурь зарчмуудыг бид шинээр томьёолох ёстой болсон. Нэн тэргүүнд бид эрүүл мэнд ямар чухал болохыг цар тахлын үед маш сайн ойлголоо. Тиймээс жил бүр бүх ажилтнаа хамгийн шилдэг эмнэлгүүдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, иж бүрэн даатгалд хамруулж байгаа. Tүүнчлэн хэлтэс, нэгжүүдийнхээ онцлогт тохируулан aжлын цагийн уян хатан нөхцөлийг нэвтрүүлэн, олон хувилбарыг туршиж байна. Жишээлбэл, оффисын ажилтнууд маань өглөө 8-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлын цагаа дуусгаад шууд тарах боломжтой байдаг.
Цалингийн тухайд, бид зах зээлд, тэр дундаа салбартаа өрсөлдөх чадвараар тэргүүлэх үндсэн цалинг санал болгодог. Үүнээс гадна бүтээмжид суурилсан сар, улирал, жилийн урамшууллыг aжилтнууддаа тогтмол олгодог.
Mөн ажилтнууд өөрсдөө ур чадвар, бүтээмжээ өсгөж, түүндээ тулгуурлан зэрэг, дэв ахин цалингаа нэмэгдүүлэх боломжтой системийг шинээр хөгжүүлэн, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ өдрийн хоолны олговор, компанийн бараа бүтээгдэхүүнээс авах эрх гэх мэт нэмэлт хангамжийг ч санал болгодог.
Сургалт хөгжлийг ч бид орхигдуулдаггүй. Тухайлбал, шинэ ажилтнуудыг ажлын байранд нь богино хугацаанд дасгах, дадлагажуулах зорилгоор тав хоногийн дасан зохицох сургалт зохион байгуулахаас гадна цаашид амжилттай ажиллахад нь туслах ахисан түвшний англи хэлний сургалт, олон улсад нэр хүндтэй академийн манлайллын сургалт, дэлхийн шилдэг сургуулиудын богино хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах гэх зэргээр анхаарч ажиллаж байгаа. Цаашид ч энэ тал дээр хөрөнгө оруулалтаа тогтмол нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
Эцэст нь, компанийн хүчтэй, эерэг соёлыг бий болгоход хүний нөөц, удирдлагын бодлого чухал. Тиймээс бид эерэг хандлага, өсөх сэтгэлгээтэй ажилтнуудаар багаа бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Өсөх сэтгэлгээ гэдэг нь товчхондоо аливаа хүн хичээх л юм бол байгалийн өгөгдөл, төрөлх авьяас чадвараас үл хамааран өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах боломжтой гэсэн суурь итгэл үнэмшил юм.
Зөв хандлагатай, өсөх сэтгэлгээтэй олон олон залуусыг ажлын байраар хангаж, ур чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг танай компаниас ирээдүйд олон удирдагч, манлайлагч төрөх нь гарцаагүй байх. Та ирээдүйн CEO нарт юу гэж захих вэ?
Баярлалаа. Ерөөл бат оршиг. Булган сүүлтэй байж, ирээдүйн олон манлайлагчийг бэлдэх зорилгыг би өөртөө болон хамт олондоо тавиад байгаа. Манай компаниас амжилттай удирдагчид, мэргэжилтнүүд, менежерүүд төрөн гардаг. Цаашид ч төрөн гарсаар байх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэр бол бидний амжилтын томоохон хэмжүүр юм. Ирээдүйн удирдагч болохоор ажиллаж буй залуустаа хандаж хэлэхэд, өмнө хэлсэнчлэн өсөх сэтгэлгээ гэдэг зүйлийг өдөр тутмынхаа aжил, амьдралд хэвшүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна. Үүнээс гадна зөв хүн байх нь маш чухал. Эерэг хандлагатай, бусдыг ойлгож, дэмжиж, хамтарч ажиллаж чаддаг, бусдын итгэлийг даадаг байх нь их чухал. Эдгээр зүйлгүйгээр амжилтад хүрэх боломжгүй гэж боддог.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.