Ажил гэдэг хүнээс танин мэдэхүйн, эсвэл биеийн хүчний чадвар шаарддаг. Тархи сайн ажиллаж байгаа тохиолдолд булчин сайн ажилладаг. Тархи сайн ажиллаж байхад бүтээмж өндөр байна. Тэгвэл тархи сайн ажиллах уу, үгүй юу гэдгийг хүний сэтгэл санааны байдал шийддэг. Сэтгэл санаа тайван байхад тархи илүү хурдтай, бүтээлчээр ажиллаж чаддаг.
“Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Б.Номинтой ажилтны сэтгэл зүйн байдал хөдөлмөрийн бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал хөндөгдөх болжээ. Энэ тал дээр манай төр, хувийн хэвшлийнхэн хэр анхаарч байна вэ?
Ажил хөдөлмөр гэдэг бидний хандлага, итгэл үнэмшил мэдрэмж, хувцаслалт, зан үйлд хүчтэй нөлөөлдөг учир ажлын байрыг сэтгэл судлаачид маш их сонирхож судалдаг. Сэтгэл судлал олон салбартай. Тэр дундаа, байгууллагын болон хүний нөөцийн сэтгэл судлалын салбар гэхэд л баруунд хамгийн их хөгжсөн салбаруудын тоонд багтдаг. Сэтгэл зүйчид ажлын орчин эрүүл, аюулгүй эсэхийг үнэлэхэд идэвхтэй оролцдог болсон. Тухайн ажлын байранд ямар сэтгэл зүйн хэв шинж, зан төлөвтэй, танин мэдэхүйн чадварын хувьд ямар түвшний хүн тохирох зураглалыг хүний нөөцийн сэтгэл судлалынхан гаргадаг. Ажлаас үүдэлтэй стресс нь дараах хоёр шалтгаантай холбоотой. Нэгт, дарамттай нөхцөл байдлыг тэсвэрлэх хувь хүний чадвар буюу тухайн хүн бусдаас дэмжлэг туслалцаа хэр авч чаддаг эсэх. Хоёрт, тухайн ажилтан ажил, мэргэжилдээ эзэн байж, мэргэшиж чадсан эсэхээс хамаардаг.
Юу өөрт нь сонирхолтой, таалагддаг, юу тохирдог үгүйг мэддэг хүмүүс мэргэжлээ, ажлын байраа илүү зөв сонгодог гэсэн судалгаа бий.
Сүүлийн үед манай улсад энэ салбар хөгжиж эхэлж байна. Тэргүүлэх чиглэлийн томоохон компаниуд ихэнх нь сэтгэл зүйчтэй болсон байх жишээтэй. Мөн байгууллагууд хүний нөөцийнхөө асуудлыг сэтгэл зүйчийн тусламжтай шийддэг болсон. Үүнээс гадна удирдлагууд ажилтнууддаа сэтгэл зүйн зөвлөгөө авах боломж олгох, сэтгэл зүйн сургалтад суулгадаг болоод байна. Ялангуяа консалтингийн компаниуд яах аргагүй түрүүлж алхаж байна. Энэ бүх практикаас харахад байгууллагууд ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж эхэлсэн гэж хэлмээр байна.
Сэтгэл зүйн тогтвортой байдал ажилтны бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Ажилтан гэж байгаа боловч цаана нь хүн бий. Ажил гэдэг хүнээс танин мэдэхүйн, эсвэл биеийн хүчний чадвар шаарддаг. Тархи сайн ажиллаж байгаа тохиолдолд булчин сайн ажилладаг. Тархи сайн ажиллаж байхад бүтээмж өндөр байна. Тэгвэл тархи сайн ажиллах уу, үгүй юу гэдгийг хүний сэтгэл санааны байдал шийддэг. Сэтгэл санаа тайван байхад тархи илүү хурдтай, бүтээлчээр ажиллаж чаддаг.
Харин эсрэгээрээ сэтгэл санаа нь тогтворгүй байгаа хүний тархи удааширч, танин мэдэхүйн процесс, цаашлаад анхаарал, ой тогтоолт гэх мэт сэтгэхүйн бүх процесс удааширна. Тархи муу ажиллаж буй тохиолдолд анхаарал төвлөрөхгүй. Үүнээс үүдэн ажил дээрээ, эсвэл аливаа харилцаанд алдаа гаргаж эхэлдэг. Тэгэхээр сэтгэл зүй бол хүн ямар байхыг, бүтээмжтэй ажиллах эсэхийг шийддэг гол хүчин зүйл.
Тухайн хүн мэргэжлээ сонгохоос өмнө өөрийгөө хэр таньж мэдсэн эсэх нь бүтээмжид нөлөөлдөг үү?
Нөлөөлнө. Тухайн хүн ажлаасаа болж стресстээд байна уу, эсвэл хувь хүний зан чанар, сэтгэл зүйн байдалтай холбоотой байна уу гэдгээ ялгаж салгах нь чухал. Өөрт үүсээд буй стресс бухимдал, сэтгэл гутрал ажилтай холбоотой биш гэдгийг ойлгох юм бол ажлаас гарахаа болино. Үнэхээр ажил үүрэг, мэргэжилтэй холбоотой асуудал үүссэн, эсвэл хамт олны уур амьсгалаас болсон бол ажлаасаа гарах сонголт хийж болох юм.
Хэдэн жилийн өмнө темперамент гэж ярьдаг байсан. Темперамент бол тархи хэрхэн ажилладаг вэ гэдэгт хариулт өгдөг, тухайн ажил, мэргэжилд тохирох эсэхийг тодорхойлдог тест. Тархи нь хурдан сэтгэж боддог хүнд удаан, нэг хэвийн ажил сонирхолгүй санагдаж, залхана, цаашлаад бүтээмж гарахгүй, тогтвортой ч ажиллахгүй. Эсрэгээрээ тархи нь удаан ажилладаг хүнд хурд шаардсан ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй.
Тогтвортой, ойлгомжтой, утга учиртай, зорилго нь тодорхой байх тусам ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдлын хэрэгцээ хангагддаг.
Өөрөөр хэлбэл, тархины мэдээлэл боловсруулах хурд болон даацаас шалтгаалдаг тул тархины хүчин чадал, зан төлөвтөө тохирсон ажил мэргэжил сонгох нь чухал. Тэгж чадахгүй бол өөрийгөө хүчлэх хэрэгтэй болно. Яг л вагоны толгой шиг араасаа олон вагон чирж байгаа мэт их хүчийг өөрөөсөө гаргана. Ажил нь сонирхолтой бол хүн ядардаггүй. Юу өөрт нь сонирхолтой, таалагддаг, юу тохирдог үгүйг мэддэг хүмүүс мэргэжлээ, ажлын байраа илүү зөв сонгодог гэсэн судалгаа бий.
Ажлын байрны нөхцөл ажилтны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Бидний бие махбодод идэх, уух, амрах, биеийн дулаанаа барих хэрэгцээ байдаг шиг сэтгэл зүйд ч мөн хэрэгцээ бий. Тухайлбал, сэтгэл санааны хувьд аюулгүй байх, орчноосоо таашаал авах гэх мэт. Ажил дээр гэнэтийн ажлууд ихтэй бол тухайн ажлын байр тайван бусд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ажил дээрээ ирээд “Төлөвлөсөн ажлаа хийх үү?”, эсвэл “Өөр ажил хийх үү?” гэдгээ мэдэхгүй байвал сэтгэл санааны амгалан тайван байдалд шууд нөлөөлдөг. Хүний тархи тодорхой зүйлийг хүсдэг. Тодорхой зүйл тайван байдлыг бий болгодог юм. Тайван бус байдал хаанаас үүсдэг вэ гэхээр тодорхой бус зүйлээс үүсдэг. Тодорхой бус зүйл дандаа ирээдүйтэй холбоотой байдаг. Тэгэхээр ажлын төлөвлөгөөтэй байх, гэнэтийн ажил бага байх зэрэг нь ажилтнуудын стресс түгшүүр буурах нөхцөл болдог. Тогтвортой, ойлгомжтой, утга учиртай, зорилго нь тодорхой байх тусам ажилтны сэтгэл зүйн аюулгүй байдлын хэрэгцээ хангагдана.
Удирдлагын зүгээс ажилтны сэтгэл зүйд эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг ямар хандлагууд байна вэ?
-Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэж бий. Энэ хэрэгцээ мэндлэхээс л эхэлдэг. Дарга мэндэлж байна уу, хурал дээр ярьж байхдаа над руу харцаа хандуулж байна уу, надад үүрэг даалгавар өгч байна уу, өгөхгүй байна уу, бусадтай харьцуулахад надтай яаж харилцаж байна, бусдын түвшинд харилцаж байна уу гэх мэт. Хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ бий. Удирдлага ажилтнаасаа, эсвэл ажилтан удирдлагаасаа өндөр хүлээлттэй байдаг тал бий.
Дарга хүн ажлын байран дээр сэтгэл зүй талаас эцэг эхийн дүр, үүрэгтэй байдаг. Ажилтанд даргатайгаа холбоотой хэт их баяр хөөр, эсвэл хэт их гомдол, уур бухимдал үүсэж байгаа бол ажил хэргийн харилцаанаас давсан гэсэн үг. Үүнд, дарга хүн эцэг эх шиг нь бүх хүсэл хэрэгцээг нь мэдээд, хангаад, урамшуулаад байх боломжгүй.
Үүнээс гадна сайн удирдагч гэж хэн бэ гэвэл ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаардаг удирдагч, манлайлагч юм гэсэн дүр зураг, хандлага бий болоод байна.
Ажил хийдэг хүн алдаа гаргадаг, шүүмжлэлд өртдөг гэдгийг зарим ажилтан ойлгодоггүй юм шиг санагддаг. Шүүмжлэлийг удирдлага аль өнцгөөс хэлж байна вэ гэдэг бас нөлөөлдөг болов уу?
Өөрийнхөө тухай “Сайн хүн” гэж итгэх сэтгэл зүйн хэрэгцээ хүн бүрд бий. Өөрийнхөө тухай хүн ямар нэг таагүй, муу зүйл сонсох нь “Сайн байх” гэсэн хэрэгцээг нь хангадаггүй. Тийм болохоор ямар нэг шүүмжлэл хэлэхдээ дарга удирдлагууд тухайн ажилтай нь холбож хэлэх эв дүй чухал. Энэ бол харилцааны тактик. “Чиний хийсэн ажил алдаатай байна” гэх юм уу, эсвэл “Чи дандаа ингэдэг” гэж хэлэх нь ажилтанд “Чи муу хүн” гэж хувь хүн рүү нь халдаж буйтай адил санагддаг. Тиймээс өөрийгөө хамгаалах хэрэгцээ автоматаар үүсдэг. “Ажиллаж байгаа арга барилаа өөрчлөөд үзмээр байна” гэж хэлэх, “Чи болохгүй байна” гэж хэлэх хоёр тэс өөр. Ажиллаж буй одоогийн арга барил нь болохгүй байна гэвэл тэр хүнд ойлгомжтой.
Удирдлагууд “Чи болохгүй байна”, “Наад хандлагаа зас” гэх мэтээр тухайн хувь хүн рүү чиглэсэн санал, шүүмж хэлэх нь өөрийгөө хамгаалах хэрэгцээг автоматаар үүсгэдэг. Энэ нь ажилтны хүлээн зөвшөөрөгдөх, өөрийнхөө тухай “Би сайн” гэж бодох хэрэгцээг хангадаггүй.
Сэтгэл зүйн хамгаалах механизм хэрхэн ажилладаг вэ гэхээр ажилдаа сэтгэл хангалуун бус болох, ажлынхаа үнэ цэнийг бууруулах, үнэгүйдүүлэх байдлаар илэрдэг. Ажилтай холбоотойгоор өөрийн үнэ цэн, үнэлэмж буурч, үүнийг дагаад айдас түгшүүр үүсдэг. Ингэснээр сэтгэл зүйн хамгаалах механизм улам хүчтэй ажиллаж эхэлнэ. Мартах, ажлаа хойшлуулах, ажилдаа явахаас халшрах, анхаарал төвлөрөхөө болих, аливааг хэтэрхий хянах, бүх зүйлийг яг өөрийнхөөрөө байлгах гэх мэт. Хийхгүй бол шүүмжлүүлэхгүй. Нэг үгээр, “Би муу” гэсэн мэдрэмжийг дахин мэдрэхгүйн тулд идэвх санаачилга нь буурч, хийхээ больдог. Сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй байх нь ажлын бүтээмж, ажилдаа хандах хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийн зураглал энэ юм.
Ер нь хүмүүс хоорондын харилцаа сайхан байхад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл юу вэ?
Сэтгэл зүйн хуулиуд гэж бий. Хоёр тал харилцан өгөө аваатай байх үед харилцаа эрүүл байдаг. Эхнэр нөхөр, дарга цэрэг, хамт ажилладаг хүмүүс хоорондын авч, өгч байгаа зүйл тэнцүү байвал сэтгэл зүйн солилцооны хуулийн дагуу тэр харилцаа урт удаан үргэлжилдэг. Үүнийг амжилттай харилцаа гэнэ.
Ер нь сэтгэл судлал, сэтгэл зүйн зөвлөгөө хүнд яаж тусладаг вэ гэхээр нэгт, өөрөө өөртэйгээ байхад тухтай байх, нөгөө талаас бусадтай хамт байхдаа тухтай байж сурахад тусалдаг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах, бусадтай дасан зохицож сурах нь эрүүл сэтгэл зүйтэй байх үндэс юм.
Байгууллага хамт олонд танай зүгээс ямар үйлчилгээнүүдийг санал болгодог вэ?
Сэтгэл судлаачдын хувьд хийдэг зүйл нь хамт олны уур амьсгалыг таатай, халуун дулаан болгох, харилцааг нягт болгоход анхаарах, туслах ажлуудыг хийдэг. Тэдний нэг бол сэтгэл зүйн трэйнинг (training). Трэйнинг гэдэг нь сэтгэл зүйн дасгалжуулалт гэсэн үг. Энэ нь ажилтнуудад харилцааны ур чадвар, сэтгэл зүйн чадвар, өөрийгөө болоод бусдыг ойлгох, мэдрэх, илэрхийлэх, өөртэйгээ болон бусадтай харилцан тохиролцож сурахад тусалдаг. Сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө гэж бас байдаг нь ямар нэг сэдвээр илүү гүн гүнзгий ойлголцлыг тухайн хамт олонд бий болгодог гэж ойлгож болно. Ажлын байранд тулгарч буй бэрхшээл гэдэг ч юм уу. Тухайн сэдвээрээ илүү гүнзгий ойлголттой болгоход чиглэдэг.
Хүний нөөцийн ажилтнуудад тулгарч буй өөр нэг асуудал бол үе хоорондын ялгаа, ойлголцол болоод байна. Gen Z үеийнхний сэтгэлзүйн онцлогийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал?
1995 оноос хойш төрсөн хүмүүс ажлын байранд гараад идэвхтэй ажиллаж эхэлснээр үе хоорондын ялгаатай байдлууд анзаарагдах боллоо. Энэ нь нийгэм, түүх, цаг үеийн нөлөөлөлтэй холбоотой. Мөн сэтгэл судлаачид үүнийг хотжилттой холбон тайлбарлаж байна. Азийн соёл хүчтэй “өрнөжиж” байна. Өрнийн соёлд “Би” -г чухалчилдаг бол, дорнын соёлд “Бид” -ийг чухалчилдаг. Тэгэхээр соёл сэтгэлгээний өөрчлөлт бидний ахуй амьдралаас өмнө Z үеийнхний сэтгэл зүйд түрүүлээд өрнөчихсөн гэсэн үг. “Бид” төвөөс “Би” төв рүү буюу эсрэг туйл руу шидэгдчихсэн.
Хоёр тал харилцан өгөө аваатай үед харилцаа эрүүл байдаг. Эхнэр нөхөр, дарга цэрэг, хамт ажилладаг хүмүүс хоорондын авч, өгч байгаа зүйл нь тэнцүү байвал сэтгэл зүйн солилцооны хуулийн дагуу тухайн харилцаа урт удаан үргэлжилдэг.
Азийн соёлд хамгийн муухай зан чанарууд бол өөрийгөө бодох, амиа хоохойлох, хувиа хичээх, зожиг байх гэж ойлгуулсан байдаг. Харин одоо “Би” хамгийн чухал болсон. Миний хүсэл сонирхол, хэрэгцээ чухал гэж үзэж байна. Энэ мэт хандлагын өөрчлөлтийн шалтгаан нь хотжилт. Хотжихын хэрээр нэгэнтэйгээ илүү ойрхон амьдарч, автобусанд чихэлдэж, байшингууд нягт болж эхэлмэгц хүн өөрийн хувийн орон зайгаа хамгаалах хэрэгцээ үүсдэг. Түүнийг дагаад өөрийгөө хамгаалах, хоохойлох, өөрийн хувийн орон зайд хүн нэвтрүүлэхгүй байх зэрэг хэрэгцээ үүсэж байгаа юм.
Сэтгэл зүйн асуудалтай бүтэн үе гарч ирлээ гэсэн мэдээлэл саяхан уншлаа л даа. Бидэнд урьд нь сэтгэл зүйн асуудал байгаагүй гэсэн үг үү. Эсвэл түүнийгээ бид мэддэггүй байсан юм болов уу?
Цар тахалтай холбоотойгоор хүнийг маш удаан хугацаанд шоронд хорьсонтой адил үр дүн гарч байгаа юм. Хүүхдүүд, эцэг эхчүүд, насанд хүрэгчид гэртээ хоригдсон шүү дээ. Хэрвээ Ковид-19 дэгдээгүй бол сэтгэл зүйн ийм асуудлууд хурцаар илрэхгүй байх байсан. Тэгэхээр Ковид-19 гарснаар сэтгэцийн эмгэг, стресс, сэтгэл гутралын түвшинг маш огцом нэмсэн. Үүнийг л хэлээд байгаа юм.
Гэхдээ сэтгэл зүйн асуудал урьд нь огт байгаагүй гэсэн үг биш. Сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудлууд хүн бүрд, амьдралын янз бүрийн үед тохиолддог. Гэхдээ хүнд, хөнгөн, дунд гэж бий. Хөнгөн сэтгэл гутралыг эмгүйгээр давж болдог. Харин сэтгэл гутралын дунд үед ихэвчлэн эм уух шаардлагатай гэж үздэг. Хүнд сэтгэл гутрал буюу клиник сэтгэл гутрал нь орноосоо ч босохгүй, ямар ч шалтгаангүй уйлж, бүх юм удааширч, ажиллах чадвараа алддаг. Архагшсан сэтгэл гутралтай хүмүүс гэж бас бий. Тэд энэ байдлаа огт мэдэхгүй байх нь ч бий. Ажлаа хийгээд яваад л байдаг. Яах аргагүй амьдрал өрнөж байгаа учраас сэтгэл санааны гутрал нь үйлдэл дээр нь анзаарагддаг гэсэн үг.
Мөн сүүлийн үед сэтгэл зүйчид хандах хүний тоо тав, арван жилийн өмнөхөөс хамаагүй их болсон. Энэ бүхэн хүмүүс илүү хэрсүү, мэдлэгтэй болсныг харуулж байгаа юм. Энэ асуудлаар би эмчид үзүүлнэ. Харин энэ асуудал бол сэтгэл зүйтэй маань илүү холбоотой учраас би сэтгэл зүйчид хандах ёстой гэдгээ ялгаж хардаг болсон. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал урьд өмнө байсан. Гэхдээ үүнийг хүмүүс ялгаж салгаж чаддаггүй байжээ л гэж хэлэх байна.