– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Орон сууцжуулахын тулд цахилгаан станцууд барих хэрэгтэй. Харин цахилгаан станцууд үр ашигтай ажиллаж, хэрэглэгчдийг тогтвортой эрчим хүчээр хангахын тулд эрчим хүчний үнийг бодитой болгох ёстой.
Хүн өвдөж, эсвэл шугам гэмтэж дуудлага ирэхэд эмч, цахилгаанч хоёр “үгүй” гэж хэлэх эрхгүй, шөнө дөлөөр ч хамаагүй гарах ёстой. Энэ утгаараа эрүүл мэнд, эрчим хүч хоёр ажил ихтэй, ачаалал өндөртэй, тэгсэн хэрнээ бага цалинтай, хаяад орхиод явж болдоггүй том хариуцлага үүрдэг салбарууд юм.
Монголчууд нэг кВт.ц тутамдаа 224 төгрөгийн өртөгтэй цахилгааны үнийг 175 төгрөгөөр хэрэглэж байна.
Энэ хоёр салбарын төлөөллүүд аливаа хурал зөвлөгөөн, ярилцлага хэлэлцүүлэг хийхдээ салбарынхаа талаар “тартагтаа тулсан” тоо, баримт давтан ярихаас өөр аргагүй болдог. Хоёр жишээ татъя. Саяхан Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү хэвлэлд ярихдаа агаарын бохирдолтой нөхцөлд гурван жилийн дотор уушгины хавдар тусах магадлалтай, уушгины хавдар сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тун удахгүй хүн амын тэргүүлэх өвчний нэг болох нь гэж сэрэмжлүүлэв. Харин ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Үлэмж сэтгүүлчдэд сургалт хийх явцдаа “Монголчууд нэг кВт.ц тутамдаа 224 төгрөгийн өртөгтэй цахилгааны үнийг 175 төгрөгөөр хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг золиосолж хямд цахилгаан өнөөдөр хэрэглэдэг. Уушгины хавдар бол хямдхан цахилгаанд өгч байгаа төлбөр юм” гэж хэлэв. Эндээс өртгөөсөө доогуур эрчим хүчний үнэ үнэхээр уушгины хавдрын нэгэн “хэргийн эзэн” болж байгаа эсэхийг уг нийтлэлээр батлахыг зорилоо.
Тартагтаа тулсан тоонууд
Эхлээд чухам ямар тоонууд тартагтаа тулчхаад байгааг дурдъя. Агаарын бохирдлын 55 хувийг гэр хороолол эзэлдэг бөгөөд хамгийн их бохирдолтой хэсэгт 844 мянга гаруй иргэн амьдардаг. Энэ бол нийслэлийн хүн амын 53 хувь нь. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2018-2023 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны тайланд дурдсанаар Улаанбаатарын агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөснөөс 10, заримдаа хэдэн арав дахин их байжээ. Ялангуяа PM2.5 агууламж тав хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг 33 хувиар нэмэгдүүлдэг, бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага гэсэн судалгааны дүн гарчээ. Мөн нийслэлийн хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт ханддаг байна. Бас жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна гэдэг нь хүүхдүүдээ бид ямар аймшигтай эрсдэлд оруулж буйг бэлхнээ харуулна. Уг судалгаагаар агаарын бохирдол жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлдгийг тогтоожээ. Жишээлбэл, жирэмсний эхний зургаан сард PM10, PM2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалж буй эхчүүдийн цусны даралт ихсэх магадлал өндөр бол 4-6 сартайд нь агаар дахь азотын болон хүхрийн давхар исэл чихрийн шижинтэй болоход нөлөөлдөг. Түүнчлэн ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог байна. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран хийсэн өөр нэг судалгаагаар агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийн шалтгаан болж байна. Мөн нас баралтын тэргүүн шалтгаануудын нэг зүрх судасны өвчлөл, хавдарт нөлөөлж байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, үүнээс 51.6 хувийг тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл бүрдүүлж буйг мэдээлэв. Одоо Үндэсний статистикийн хорооны тоог харъя. 2022 оны эцсийн байдлаар 10 мянган хүн тутамд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөлийн тоо 508 байгаа нь өмнөх оноосоо гурав дахин өссөн үзүүлэлт юм. Энэ төрлийн өвчлөл 2019-2021 онд буурч байснаа яагаад огцом өсөв гэдэг нь анхаарал татаж байна. Уушгины хавдраар нас барагсдын 10 хүн тутамд ногдох тоо 2021 онд 1.4 байснаа 2022 онд бас л огцом өсөж 2.4 болжээ.
Агаарын бохирдлоос болж бидэнд агаар дутагдаж байгаа бол өртгөөс доогуур тогтоосон үнээс болж эрчим хүчний салбарт мөнгө, хөрөнгө оруулалт дутагдаж байна.
Эрүүл мэндийн хуулийн дагуу хөнгөлөлттэй олгодог эмүүдийн борлуулалтын дүнгээс харахад амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх эмийн борлуулалт 2019 онд 410 сая төгрөг байснаа 2022 онд 736 сая болж 94 хувиар өссөн байна. Энэ мэт тооноос харахад агаарын бохирдол нь бидний уушгины хамгийн хортой дайсан болсон нь илэрхий. Агаарын бохирдол мөн улс орны болон салбарын эдийн засгийг эмгэгтэй болгож байна. Дээр дурдсан НҮБ-ын Хүүхдийн сангийнхан 2025 онд хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Харин 2019 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсвийн зардалд шинжилгээ хийж үзжээ. Үр дүнд нь, агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал 645.1 сая ам.доллар буюу тэр үеийн ханшаар 1.6 их наяд төгрөг, агаарын бохирдолтой холбоотой халамжийн зардал 485.9 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг болж байна гэсэн тоо гаргаж ирсэн. Мөн гэр хорооллын иргэд нэгж дулаанд орон сууцны хэрэглэгчдээс долоо дахин илүү үнэ төлдөг.
Олон улсын хэмжээнд авч үзвэл 2060 он гэхэд агаарын бохирдлын улмаас нэг хүнд ногдох дэлхийн нийт эдийн засгийн бүтээгдэхүүний хэмжээ 330 ам.доллароор буурч, зөвхөн агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндийн салбарын зардал 176 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцоолсныг Азийн хөгжлийн банкны мэдээлэлд бичжээ. Түүгээр барахгүй агаарын бохирдол ихтэй өдрүүдэд хөдөлмөрийн бүтээмж зургаан хувиар буурдаг байна.
Эрчим хүчний салбарын багтраа
Агаарын бохирдлоос болж бидэнд агаар дутагдаж байгаа бол өртгөөс доогуур тогтоосон үнээс болж эрчим хүчний салбарт мөнгө, хөрөнгө оруулалт дутагдаж байна. Аливаа систем үр ашигтай ажиллаж, ач тусаа өгөхийн тулд ядаж өөрийг нь бүтээж буй өртгөө нөхөж чаддаг байх ёстой. Харин Монгол Улсын эрчим хүчний систем одоо болтол өөрийгөө авч явах чадал суугаагүй. Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсөж байгаа. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100 МВт орчмоор өсөж, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байгаа. Гэтэл манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нийт дөрвөн бүсээ нийлүүлээд 1544 МВт. Үүнийг 2030 он гэхэд хоёр дахин тэлэх шаардлагатай. Тэлэхийн тулд томоохон шинэ эх үүсвэрийг нэн даруй барих барих ёстой. Шинэ эх үүсвэрт хөрөнгө оруулалт хэрэгтэй, хөрөнгө оруулалт татахын тулд бодит зах зээлийн үнэ тогтоохоос өөр аргагүй. Харамсалтай нь өнөөдөр бид 224 орчим төгрөгийн өртөгтэй цахилгаан энергийг 175 төгрөгөөр хэрэглэж байгаа. Харин ид ачааллын үед чадлыг нөхөхийн тулд ОХУ-аас 250 төгрөгөөр худалдаж авдаг. Шинэ сэргэлтийн бодлого болон Эрчим хүчний тухай хуульд үнэ тарифыг индексжүүлэх, үнэ тариф тогтоохдоо бодит өртөг, зардал, инфляцыг харгалзах талаар тусгасан ч 2014 оноос нэг л удаа индексжүүлэх оролдлого хийсэн. 2010 оноос хойш эрчим хүчний салбарт шинээр төслүүд хэрэгжүүлэх ажил удааширсан.
Амьсгалын замын өвчлөл, уушгины хавдар нь ирээдүйд олон жил үргэлжилж болох, агаарын бохирдлын үүсгэж буй нэгэн ёсны “өв” болж байна.
Сэргээгдэх эрчим хүчийг л зах зээлийнх нь үнээр хэрэглэж байгаа. 2022 онд ААН-ийн цахилгааны үнийг 14-38 хувиар нэмж өртөгт нь ойртуулсан ч айл өрхийн цахилгааны үнийг нэмээгүй. Ахуйн хэрэглээний эрчим хүч, дулааны тарифыг дунджаар 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхдээ тухайн өрхийн цахилгааны хэрэглээнээс хамаарч кВт.ц тутамд 171-229 төгрөг төлдөг болно. Түүнээс гадна айл өрхүүд цахилгаан, дулаандаа нэг сард орлогынхоо 2.4-4.4 хувийг зарцуулдаг бол гар утас болон интернетийн төлбөрт 10 орчим хувь зарцуулж буй судалгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос хийжээ. Хэрэв агаарын бохирдлын үр дагавар нь амьсгалын замын өвчлөл, уушгины хавдар болж байгаа бол төрөөс хүчээр барьсан үнийн үр дагавар нь нүүрсний уурхай, төмөр зам, ДЦС-ууд, дамжуулах, түгээх компаниудын хооронд үүссэн өрийн сүлжээ, алдагдал, нийт системийн элэгдэл, хуучрал, аваарын горим болж байна. Сүүлийн жилүүдэд тарифт өөрчлөлт ороогүйн улмаас эрчим хүчний салбар 2020 онд 88 тэрбум, 2021 онд 77 тэрбум, 2022 онд 187 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ийм байхад хэн ч тоож хөрөнгө оруулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ салбар хувийн хэвшилд хаалттай гэсэн үг.
Хамгийн сайн эм – зах зээлийн үнэ
Цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх нь инфляцад дарамт болно гэж үздэг. Гэхдээ үнэхээр тийм үү гэдэг маргаантай. Зарим судалгаанаас харахад үнэ нэмэх нь тийм ч айгаад байхаар үнийн хөөрөгдөл үүсгэхгүй. Монголбанкнаас “Цахилгаан эрчим хүчний үнийн өөрчлөлтийн бусад бүтээгдэхүүн болон ерөнхий үнийн түвшинд үзүүлэх шууд ба дам нөлөө”-ний судалгааг хийжээ. Судалгаанаас харахад ДЦС-уудын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний үнийг сэргээгдэх эрчим хүчний тарифтай тэнцүү болговол ерөнхий үнийн түвшин 0.7 нэгж хувиар өсөхөөр байна. Хэрэв нүүрсний үнийг 44.9 хувиар буюу зах зээлийн бодит үнэд хүргэвэл цахилгаан эрчим хүчний үнэд шууд, бусад барааны үнэд дам нөлөөлж, ерөнхий үнийн түвшинг 0.2 нэгж хувиар өсгөхөөр байна. Харин инфляцад хамгийн том нөлөө үзүүлдэг хүнсний үйлдвэрлэлийн өртөг 1.5 нэгж хувиар өсөхөөр байна. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар үнийг нэмэх нь сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээнд эергээр нөлөөлөхийн зэрэгцээ цаг хугацааны хувьд алгуур хэрэгжүүлэх нь инфляцад бага дарамт үзүүлэхээр байна гэж тус судалгаанд дүгнэжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд төрөөс төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ч энэ нь голдуу богино хугацааных юм. Тухайлбал, зорилтот бүлэг, тодруулбал гэр хорооллынхонд зориулж цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өгдөг. Гэхдээ хөнгөлөлт оновчтой юу гэдэг эргэлзээтэй. Учир нь яг үнэндээ хямд эрчим хүчээр хангах шаардлагатай хэрэглэгчдийн нийт хэрэглээ 10-15 хувийг л эзэлдэг. Тиймээс эрчим хүчний үнийг хүчээр “халамжийн үнэ”-д барихгүйгээр, эрчим хүчний үнийн хөнгөлөлтийг халамжийн байгууллагаар дамжуулан хүргэх нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн түүхий нүүрс хориглох, сайжруулсан түлш хэрэглэх нь мөн л богино хугацааны арга хэмжээ. Үүний зэрэгцээ аажмаар эрчим хүчний татаасыг бууруулж, тарифыг тэнцвэржүүлэх, дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт урт хугацааны бодлого хэрэгжих ёстой ч эдгээр ажлаа төр хийхгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны хамгийн чухал ажил мэдээж орон сууцжуулах. Нийслэлээс гэр хорооллын агаарын бохирдлыг арилгахад 88 байршилд нийт 219 мянга орчим орон сууц ашиглалтад оруулах хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ орчимд 20 мянган айлыг орон сууцжуулах төсөл боловсруулсан. Ингэвэл агаарын бохирдол 22 хувиар буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл тэр хэмжээгээр багасна. Гэхдээ орон сууцжуулахын тулд цахилгаан станцууд барих хэрэгтэй. Харин цахилгаан станцууд үр ашигтай ажиллаж, хэрэглэгчдийг тогтвортой эрчим хүчээр хангахын тулд эрчим хүчний үнийг бодитой болгох хэрэгтэй. Ингэсэн цагт хөрөнгө оруулах сонирхол төрж, зах зээлд шинэ тоглогчид бий болж, тэдгээр нь төрөл бүрийн шийдэлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгоно. Ингэснээр эрчим хүчний тогтолцоо өрсөлдөх чадвартай, зах зээлийн зарчмаар ажилладаг, орон сууц болон аж үйлдвэрийн салбарт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баталгаатай хангах чадамжтай болно.