Business.mn болон Сүү ХК-ийн хамтран бэлтгэсэн сэтгүүлийн тусгай дугаараас
“Сүү” ХК-ийн соёлын нэг онцлог нь ажилтнаа халамжлах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлдэгт оршиж буй. Тэд хамт олноо “Сүүн гэр бүлийнхэн” хэмээн нэрлэдэг бөгөөд ажилтнууд нь компанийнхаа хувьцааны тодорхой хувийг эзэмшиж, компанийнхаа эзэд болсоор байна.
Сүүн соёл
Одоо цаг үед компаниуд өөрийн үнэт зүйлсээрээ ажилд сонгон шалгаруулж авдаг. Ажилтан ч мөн ажилд орохдоо өөрийн үнэт зүйлсээрээ нэгдэж ордог. Гэхдээ байгууллагын соёлдоо нийцүүлж ажилд авах гэхээсээ илүүтэйгээр манай байгууллагын соёлд ямар үнэ цэнэ үүсгэх, улам өнгөлөн сайжруулж, баяжуулах ажилтныг олж илрүүлэн авах нь маш чухал. Байгууллага болон тухайн ажилтны алсын хараа, үнэт зүйл, эрхэм зорилго нь хоорондоо нийцэж чадсанаар бүтээмжтэй, тогтвор суурьшилтай, үнэ цэнтэй ажилтан бий болдог. Сүү ХК одоогийн байдлаар 565 хүнийг ажлын байраар хангаж байна. Зуны улирал ид ачаалалтай, бүтээмж өндөртэй сарууд байдаг. Энэ хугацаанд хугацаат гэрээт ажилтнууд мөн авч ажиллуулдаг. Компанийн Захиргаа, Хүний нөөцийн албаны дарга Б.Ариунболдын ярьснаар бид ажлын байрны тоо өмнөх жилээс 70 орчмоор ажлын байр нэмэгдсэн байна. Дээр дурдсан 600 гаруй ажилтан бол “Сүүн гэр бүлийнхэн”. Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлдээ хүрэхийн тулд тэд “Сүүн соёл” дор нэгддэг. Бид эрч хүчтэй нэг нэгнээ дэмждэг, хүн төвтэй ажилтнуудынхаа оролцоог дэмжсэн соёл-ыг бий болгоно гэдэг нь ямар ч компанийн хувьд амжилтад хөтлөх чухал зүйлсийн нэг гэж боддог. Аливаа шийдвэр гаргалт, бодлого стратегийг бий болгохын тулд ажилтнууд тухайн шийдвэр бодлогоо өөрсдөө тодорхойлж, мэдсэн байх нь хамгийн чухал алхмын нэг байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, хийсэн зүйлийнхээ ард нь гарах гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн, аливаа зүйлийг эерэг талаас нь хардаг, харилцааны эв дүйгээр асуудлаа оновчтой шийддэг ажилчдыг нэгтгэж ажиллуулах нь Сүү ХК-ийн эрхэм зорилгын нэг юм.
“Care ажилтан”-ы бодлого хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай ажилтан шинэ ажилтнуудаа байгууллагын соёл болон хамт олонд дасан зохицоход туслах үүднээс халамжилдаг болсноор нийт ажилтны сэтгэл ханамжийн түвшин нэмэгджээ.
“Сүү” ХК-ийн соёлын нэг онцлог нь ажилтнаа халамжлах бодлого. Сүүлийн үед компаниудын хувьд ажлын байран дээр гардаг үе хоорондын ялгаатай байдал томоохон сорилтуудын нэг болж байгаа. Тиймээс Сүү ХК “Care ажилтан”-ы бодлого хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай, туршлагатай ажилласан ажилтан шинэ ажилтнуудаа халамжилдаг болжээ. Энэ бодлого нь үе хоорондын харилцааны зөрчилдөөнийг арилгах, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх соёлыг төлөвшүүлэх зорилготой байсан бөгөөд тун амжилттай хэрэгжжээ. Шинэ ажилчид богино хугацаанд компанийн соёл, ажлын процесст, хамт олондоо дасан зохицох байдал, нийт ажилчдын сэтгэл ханамжийн түвшнийг судалгаагаар тодорхойлоход олон улсын дунджаас дээгүүр түвшинд байсан юм. Сүү ХК-д ажиллаж буй хүн бүр өөртөө болон компанидаа, цаашлаад нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийг байнга мэдэрч байх нь хамгийн чухал. Үүний тулд бүх түвшний ажилтнуудын гүйцэтгэлийн мэдээллийг нээлттэй байлгаж, тодорхой тоон үзүүлэлтүүдээр харуулж, сайн гүйцэтгэлийг байнга урамшуулж явдаг байна. Гүйцэтгэлээс хамаарсан цалингийн системтэй болохоор зуны ачаалал ихтэй үед цалингийн хэмжээ тэр хэрээрээ өснө. “Аз жаргалтай ажилтан гэдэг бол манай компанийн хамгийн том үнэт зүйл” гэж Б.Ариунболд онцолж байна. Учир нь аз жаргалтай хүн сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллаж чаддаг. “Сүү” хувьцаат компанийн удирдлагууд ажилтан нэг бүрийг сэтгэл ханамжтай, бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллахад онцгой анхаарал хандуулдаг. Энэ зорилгын хүрээнд хүн бүрийн оролцоотойгоор бүтээмжийг сайжруулах бодлогыг баримтлан ажилладаг. Энэ бол үйлдвэрлэлийн, инженерингийн, бизнесийн, менежментийн процессуудыг тасралтгүй сайжруулах шилдэг арга юм. Түүнчлэн “Сүү” хувьцаат компани өнгөрсөн жил үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлаа сайжруулснаар хүний оролцоо багасаж, олон цагаар сунаж ажиллах гэхээс илүү богино цагаар өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэж, бүтээмж шинэ шатанд гарчээ. Захиргаа хүний нөөцийн албаны дарга Б.Ариунболд Хувь хүний бүтээмж нэмэгдсэнээр ажилчдын хөдөлмөрт хандах хандлага өөрчлөгдөж, ажилтны нийгмийн суурь хэрэгцээ дээшилснээр түүнийг дагаад ажилтны сэтгэл ханамж нэмэгдэж ажилтан аз жаргалыг мэдэрч эхэлдэг. Тийм болохоор бид цаашид ч үйлдвэрлэлийн бүх процессыг автоматжуулах тал дээр анхаарч байна” гэж ярилаа.
Сүү ХК-д ажиллаж буй хүн бүр өөртөө болон компанидаа, цаашлаад нийгэмдээ бүтээж буй үнэ цэнийг байнга мэдэрч байх нь хамгийн чухал.
Тус компани ажилтнуудын сургалт, хөгжлийн бодлогын хувьд дотоодоосоо ажилчдынхаа ур чадвар, залгамж халааг бэлдэхийг чухалчилдаг. Тиймээс хоёр дахь жарандаа үйл ажиллагаа явуулж дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулдаг болохыг зорьж байгаа компанийн хувиар ажилчдын сурч хөгжих боломжийг улам бүр нээлттэй олгосон.
“Сүүн гэр бүл”-д нэгдэхийн үнэ цэнэ
“Сүү” хувьцаат компани хүний нөөцөө хадгалах, хөгжүүлэх чиглэлд үр дүнтэй бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Ялангуяа цар тахлын дараагаас цалин урамшууллын системээ шат дараатай сайжруулж, цалингаа нэмэн үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэх цалин, хангамж өгч эхэлснээс гадна ажилчдын биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжиж мэргэжлийн эмч, зөвлөхтэй ажиллаж байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал гээд маш олон зүйлийг нарийн детальчилж, ажилчдадаа чиглэсэн ажлуудыг хийж эхэлжээ. Тухайлбал: үйлдвэрийн орчин нөхцөлтэй ажилчдынхаа хүүхдүүдийг танилцуулж, ээж аав нь юу хийж бүтээдгийг харуулдаг, мэргэжлээ сонгох гэж буй залууст энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ажилчдын хүүхдэд мэргэжил тодорхойлох оношилгооны тестэд хамруулсан байна. Мөн дээр хэлсэнчлэн улирлаар, хагас жилээр, бүтэн жилээр байгууллагын өсөлтийн тоон мэдээллийг бүх түвшний ажилчдад танилцуулдаг. Ингэснээр ажилчид өөрсдийн хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харж, түүгээр бахархаж эрч хүчтэй, идэвх зүтгэлтэй ажиллах урам зоригоор цэнэглэгддэг ажээ.
“Сүүн соёл”-оос ажилчдадаа өгдөг хэд хэдэн давуу тал бий. Юун түрүүнд ажилчдадаа сурч хөгжих боломжийг олгодог. 2023 онд л гэхэд 60 гаруй ажилтнаа Япон, Хятад, Өвөр Монголын сүүний үйлдвэрүүдтэй танилцуулж, онол практикийн туршлага судлуулахаар илгээсэн байна. Мөн дотооддоо менежер хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдыг тэгш оролцуулах, шинэ санал санаачилгын дэмжих зарчим барих болжээ. Хувь хүний хөгжлийн төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө, сургалт, мэдээлэл өгдөг байна. Хоёрт, ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Шагнал урамшууллын бодлогодоо ажилласан жилээс үл хамаарч, тухайн хүний ажлын гүйцэтгэл, шинэ санал санаачилга, бүтээсэн үнэ цэнийг тоон мэдээлэлд үндэслэж шагнадаг аж. Сүүн гэр бүлийн шилдэг ажилчдадаа жил бүр орон сууцны эсвэл хашаа байшингийн урьдчилгаагаар урамшуулдаг байна. Тиймээс Сүү ХК-ийн шагнал урамшууллын бодлого ажилтан бүрд эрх тэгш хүртээмжтэй олгогддог.Ажлын цагийн уян хатан горим нэвтрүүлж, ажилтнууд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа ирэх цагийг гаргаж өгсөн нь тэдэнд их таалагддаг. Үүнээс гадна ажилчдадаа ар гэртээ санаа зовохгүй байлгах тал дээр анхаарч ирэх онд 120 хүүхдийн цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар ажлууд эхэлсэн байна. Мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинэ оффистой болох ажлууд эхлүүлээд байгаа юм байна. Гурав, Ажилчдадаа компанидаа эзний сэтгэлээр ажиллах хөшүүрэг болгож, ажилчдын хүсэлтээр урамшууллаа хувьцаа хэлбэрээр авах боломж олгодог. Өнөөдрийн байдлаар “Сүү” хувьцаат компанийн ажилчид компанийнхаа хувьцааны тодорхой хувийг эзэмшиж, компанийнхаа эзэн нь болоод байна. Эзэн болсон ажилтан байгууллагын үйл ажиллагааг илүү сонирхож, эзний сэтгэлээр хандаж, байгууллагын үр дүн, шийдвэр гаргалтад идэвхтэй, нээлттэй саналаа илэрхийлдэг болсон.