Банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ жилийн дотор 24.2 хувиар тэлж, 57 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Жилээс жилд асар хурдтай тэлж буй энэ салбар цаашид ч өсөлттэй байна гэдгийг шинжээчид тодотгож байна. Гагцхүү өсөлтийн өгөөжийг илүү олуулаа хүртэх нь чухал гэж тэд онцоллоо.
Санхүүгийн салбарын тулгын гурван чулууны нэг банкны салбарын өсөлт эрчийг авлаа. Жил бүр уналт гэдгийг үзэлгүй өөд өгсөж яваа энэ салбарын нийт хөрөнгө өдгөө 57 их наядын босгыг давж, түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Энэ бол Монгол Улсын ДНБ-ий 82.8 хувьтай тэнцэх өндөр үзүүлэлт юм. Цаашид ч банкны салбар томрох нь тодорхой гэдгийг эдийн засагч, шинжээчид онцолсоор байна. Банкны салбарын өсөлт хэр хурдтай байсныг статистикаас харвал бүр ч сонирхолтой дүр зураг ажиглагдана. 2015 онд үйл ажиллагаа явуулж буй банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ 21.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Харин 2019 онд 35.7 их наяд төгрөгт хүрч өсжээ. Мөн өсөлтийн энэ эрч сааралгүй үргэлжилж, 2022 онд салбарын нийт актив 45.9 их наяд төгрөгт хүрээд байсан юм.
“Акулуудын жагсаалт”-ыг Хаан банкнаас гадна Худалдаа хөгжлийн банк, Голомт банк тэргүүлдэг. Ердөө энэ гурван банк л салбарын нийт хөрөнгийн 70 гаруй хувийг бүрдүүлж байна.
Түүнчлэн жил гаруйн өмнө эхэлсэн банкнуудын IPO, нээлттэй хувьцаат компани болох “буухиа”-ны үр дүнд салбарын өсөлт өмнөх жилүүдээс илүү эрчтэй байжээ. Үүнд, системийн нөлөө бүхий банкнуудын активын өсөлт голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулж буй банкнуудын нийт хөрөнгө 57 их наяд төгрөгт хүрсний 17.3 их наяд буюу 30 хувийг Хаан банк дангаараа бүрдүүлж байна. “Акулуудын жагсаалт”-ыг Хаан банкнаас гадна Худалдаа хөгжлийн банк, Голомт банк тэргүүлдэг. Ердөө энэ гурван банк л салбарын нийт хөрөнгийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь арилжааны 13 банк зэрэгцэн оршиж байгаа энэ талбарт тэргүүлэгч гурван банк хэр том орон зай эзэлж буйг илтгэнэ.
Голомт банкны цэвэр ашгийн хэмжээ 55 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Тус банк 2022 онд 116.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 180.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Системд нөлөө бүхий таван банкны тухайд, нийт хөрөнгийн хэмжээгээр бүгд өсөлттэй байна. Үүнээс ХасБанк, Төрийн банкны активын өсөлт хамгийн өндөр байгаа юм. ХасБанкны нийт актив 5.11 их наяд төгрөг болж, жилийн дотор 30 хувиар өссөн бол Төрийн банкны активын хэмжээ 28 хувиар тэлжээ. Мөн Голомт банкны активын хэмжээ 11.46 их наяд төгрөг болж, 27.6 хувиар өссөн нь онцлох өсөлтүүдийн нэг болсон байна. Харин банкнуудын татварын дараах цэвэр ашгийн хэмжээг авч үзвэл, Голомт банкны цэвэр ашгийн хэмжээ 55 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Тус банк 2022 онд 116.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 180.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Цэвэр ашгийн өсөлтийг Голомт банкны дараагаар ХасБанк болон Хаан банк удаалж байна. Хаан банкны тухайд, банкны салбартаа цэвэр ашгийн хэмжээгээр илт тэргүүлдэг. Өнгөрсөн онд 558 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус банкны хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж буй ногдол ашгийн хэмжээ ч хамгийн өндөр байна.
Өсөлттэй салбарын өгөөж
Жил бүрийн хоёрдугаар сард Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаст хамгийн анхаарал татам мэдэгдлүүд хөвөрдөг. Энэ бол хувьцаат компаниудын ТУЗ-өөс гаргасан ногдол ашгийн шийдвэр юм. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд хөл тавьсан банкнуудаас тав нь ногдол ашиг тараах шийдвэр гаргаснаа мэдэгдээд буй. Гэхдээ тэдний дөрвийнх нь шийдвэр тодорхой болжээ. Ямар ч хувьцаат компани цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилдаг. Тийм ч учраас банкны салбарын хамгийн том “акул” болох Хаан банк хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах вэ гэдэг нь хувьцаа, хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхаарлын төвд байсан гэвэл хилсдэхгүй. Тэгвэл 2023 онд 558 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тус банк цэвэр ашгийнхаа 48.5 хувийг буюу 271 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн юм. Ингэхдээ тэд нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож, ногдол ашгийг ердөө тав хоногийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ олгохоо мэдэгдсэн. Түүнчлэн Хаан банкны ногдол ашгийн өгөөж 11.8 хувь байгаа нь ногдол ашиг тараах шийдвэр гаргаад буй банкнууд дундаа хамгийн өндөрт тооцогдож байна.
2023 онд 558 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан Хаан банк цэвэр ашгийнхаа 48.5 хувийг буюу 271 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлээд байна.
Салбарын хэмжээнд нийт хөрөнгө, цэвэр ашгийн өсөлтөөрөө тэргүүлж буй Голомт банк ч мөн чамгүй хэмжээний хөрөнгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцож, 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаа мэдэгдээд байна. Голомт банкны ногдол ашгийн өгөөж 9.9 хувьтай байгаа нь хувьцаат компаниуд дотроо мөн л өндөрт тооцогдож байна. Харин цэвэр ашгийн өсөлтөөрөө банкны салбартаа үзүүрлэж буй ХасБанк хоёрдугаар сард 26.5 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн. Нэгж хувьцаанд 25.25 төгрөгөөр тооцож ногдол ашиг хүртээхээ мэдэгдсэн тус банк хөрөнгийн зах зээлд хөлд тавьснаасаа хойш хоёр ч удаа ногдол ашгийн шийдвэр гаргаад байгаа юм. ХасБанкны 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас тараасан ногдол ашгийг оролцуулан тооцвол тус банк хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байна. Хөрөнгийн зах зээл дэх өнөөгийн банкнуудын ууган нь Богд банк. Тус банк ч мөн жилдээ хоёр удаа буюу хагас жилийнхээ цэвэр ашгаас ногдол ашиг тараадаг. Богд банк 2023 оны цэвэр ашгаас нийтдээ 4.7 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тарааж байгаа аж. Энэ мэтчилэн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд буй хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээг авч үзвэл, банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулах нь илүү өгөөжтэй болохыг хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Хэдхэн жилийн өмнө хүнс, даатгалын салбарын хувьцаанд хүмүүс шуурч байсан бол өдгөө банк, санхүүгийн салбар хамгийн өгөөжтэй салбар болон хувирч байна. Банкны салбарын шинэтгэл эхэлж, санхүүгийн салбарын “акул”-ууд IPO хийхээс өмнө салбарын энэ их өсөлтийн өгөөжийг зөвхөн банкны эзэд л хүртдэг байсан. Харин 2022 оноос системд нөлөө бүхий банкнууд хөрөнгийн зах зээлд хөл тавьснаар өсөлтийн өгөөжийг илүү олуулаа хүртэх боломж бүрдээд байна. Мөн өгөөжийг илүү олуулаа хүртэх тусам санхүүгийн салбар ч улам эрүүлжиж байгааг салбарынхан онцолж байна.