– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т хэвлэгдсэн нийтлэл –
Монголын анхны climate tech буюу технологиор дамжуулан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг алхмууд хэрэгжүүлж, ногоон ирээдүйг бүтээх алсын хараатай “Блокчэйн Эко Парк” ХХК -ийн хамт олон Treelings төслөөрөө дамжуулан олон нийтэд байгаль орчноо хайрлан хамгаалж, үр хойчдоо ой мод ургуулж үлдээхийг уриалж буй. Энэ хүрээнд тэд байгальд түшиглэсэн, технологийн шийдэл бүхий Treelings аппликэйшныг зах зээлд нэвтрүүлж, мод тарьж ургуулах, блокчэйн технологийн тусламжтай бүртгэл үүсгэх, цаашлаад эх орныхоо ойн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэтийн зорилготой ажиллаж байна.
Гар утаснаасаа мод тарих санаа тэднийг анх нэгтгэжээ. Хоёул нийгэмд, хүнд хэрэгтэй, утга учиртай ажил хийх юм сан гэсэн дотоод хүсэл зорилгоо тээж явсаар нэг цэгт уулзалдаж, хамтран ажиллах шийдвэрт хүрсэн нь байгаль орчин, технологийг холбосон шинэлэг бизнесийг эхлэх дараагийн цэг рүү тэднийг хөтөлсөн юм. Уул уурхайн салбарт олон жил ажилласан Б.Мөнхбаатар, технологийн салбарт багагүй туршлага хуримтлуулсан Б.Цолмон нарын туулж ирсэн замнал хэдий ялгаатай ч өдгөө байгальд түшиглэсэн технологийн шийдлийг энэ салбарт ажилладаг найз нөхдийн хамт санаачилж, ногоон ирээдүйг бүтээхээр хамтран зүтгэж байна.
Та Treelings нэртэй аппликэйшныг гар утсандаа татаж, өөрийн бүртгэлээ тун хялбархнаар үүсгэсний дараа нүүр хэсэгт харагдах төслийн жагсаалтаас байршил, модны төрлөө сонгож, “Мод тариулах” товч дээр дараад л болоо. Voila! Ингээд таны модыг тарих, ургуулах, арчлах, хянах, хамгаалах ажлыг мэргэжлийн ойн инженерийн баг хариуцан ажиллаж эхэлнэ. Хүсвэл та модныхоо ургалтын үйл явцын зургийг апп руугаа ороод л харчихна. Маш энгийн сонсогдож байгаа биз.
Хэрэв цаг завтай бол газар дээр нь очиж үзэж танилцах ч боломжтой. Treelings төслийн баг хөрсөнд бордоо болдог бортоготой мод хүмүүст санал болгодог учраас дөрөвдүгээр сарын сүүлчээс арваннэгдүгээр сар хүртэл захиалгын дагуу мод тарих ажил тасралтгүй өрнөдөг. Жилийн дөрвөн улиралд захиалга авсаар байдаг нь ч ийм учиртай.
Монголчуудын хувьд мод тарих нь шинэ ойлголт биш. Хувь хүнээс эхлээд байгууллага, хамт олон, сургууль, цэцэрлэгийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүгд л өнгөрсөн хугацаанд эрвийх дэрвийхээрээ мод тарьсаар ирсэн байдаг. 2010 онд манай улс мод тарих үндэсний өдөртэй болсноор хаа сайгүй уриалга өрнөж, бүр ч идэвхтэй мод тарих болсон билээ. Гэсэн ч ийнхүү тарьсан моддын маш бага хувь нь л амжилттай ургадгийг бид бүгд мэднэ. Учир нь, тарьсан суулгацаа арчилж ургуулна гэдэг ихээхэн цаг хугацаа шаардсан, ярвигтай ажил.
Тreelings -ийн уриа “Ургуулж үлдээе”. Мод суулгаад орхих бус ургуулж, үлдээх нь хамгийн чухал учраас ингэж уриалж буй бөгөөд Treelings апп-аар дамжуулан модны ургалтыг хянахаас гадна хүмүүсийн оролцоог бүртгэж, бүх оролцогч талыг холбох платформыг үүсгээд байна.
Харин Treelings апп-аар дамжуулан модоо захиалж, тариулсан хэрэглэгчдэдээ эдний баг ургалтын баталгаа, модны цахим гэрчилгээ, мод эзэмшигчийн гэрчилгээ зэргийг олгохын зэрэгцээ гурван жилийн арчилгаа, усалгааг нь давхар хариуцдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Treelings апп 5000 гаруй удаа татагдаж, 1800 хэрэглэгч бүртгэл үүсгэсэн бөгөөд гурван хэрэглэгч тутмын нэг нь ямар нэг байдлаар идэвхтэй оролцож байна гэсэн тоо бий.
“Хүмүүст байгалиа хайрлаж, хамгаалъя, оролцъё гэсэн сэтгэл байдаг. Энэ сэтгэлийг л бид үр дүнтэй байлгаж, бодит ажил хэрэг болгож харуулахын тулд судалгаа хийж явсаар технологийн дэвшил, нөү-хауг ашиглах хэрэгтэй юм байна гэсэн гаргалгаанд хүрсэн. Мод тарих гэдэг энгийн хэрнээ ус, агаар, хөрсөө хамгаалах хамгийн үр нөлөөтэй, шалгарсан шийдэл. Нэгэнт ургуулж чадвал хэдэн зуун жилээр үргэлжилдэг тасралтгүй процесс. Үүнийг технологитой хослуулснаар улам үр дүнтэй, супер шийдэл болно гэж бид үзсэн” хэмээн Treelings төслийг хэрэгжүүлэгч “Блокчэйн Эко Парк” ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон хэлж байна.
Тэдний уриа “Ургуулж үлдээе”. Мод суулгаад орхих бус ургуулж, үлдээх нь хамгийн чухал учраас ингэж уриалж буй бөгөөд Treelings апп-аар дамжуулан модны ургалтыг хянахаас гадна хүмүүсийн оролцоог бүртгэж, бүх оролцогч талыг холбох платформыг үүсгээд байна. “Мизорн технологи” компанийн хамтарсан хөрөнгө оруулалт, технологийн багийн хөгжүүлэлтээр бодит болсон Treelings апп ойрын ирээдүйд зөвхөн дотоодоос бус олон улсаас мод тарих захиалга авч эхлэхийг ч үгүйсгэхгүй гэдгийг багийнхан тодотгож байв.
Treelings -ийн хамт олны амбиц Монгол орны ойн мэдээллийг блокчэйн технологийн тусламжтай бүртгэлжүүлж, ойн сан, ойн менежментийн системийг бий болгох замаар стратегийн шийдвэр гаргах бааз суурь бүрдүүлэхэд чиглэж байна.
Мөн Treelings апп-аар дамжуулан таригдсан мод бүр блокчэйн бүртгэлтэй болж, эзэмшигч бүрд тухайн модны цахим гэрчилгээг олгодог нь Монголдоо төдийгүй олон улсад ч шинэлэг алхам болсон юм. Тэд 2023 оны наймдугаар сараас мод бүрээ блокчэйнд бүртгэж эхэлсэн бөгөөд амин үзүүлэлт гэгддэг модны суулгацын гарал үүсэл, хаана, хэзээ тарьсан, ургалтын явц, эзэмшигч нь хэн болох зэрэг шаардлагатай бүх мэдээллийг бүртгэдэг. Энэ талаар Б.Мөнхбаатар “Бид мод тарьж ургуулахаас гадна бүртгэл, хяналтад онцгой анхаардаг гэсэн үг. Блокчэйнд бүртгээд буйн шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан үүсгэх. Өргөн утгаараа бизнесийн, нийгмийн аливаа салбарт хаана юу байгааг мэдэж байж бид дараа дараагийн зөв шийдлүүдийг боловсруулж чадна. Тиймээс бүх үйл ажиллагаа, процессоо бүртгэлжүүлж, мэдээллийн их өгөгдөлтэй болох нь маш чухал. Өмнө нь улсын хэмжээнд ойн салбар бүртгэл, мэдээлэл байхгүй явж ирсэн учраас өнөөдөр монголчууд нийт хэчнээн тооны модтойгоо ч мэдэхгүй байна. Мэдээллийн сан, их өгөгдөл, технологийн шийдэл Монгол Улсын хөгжилд хамгийн чухал гэдгийг олж харсны үндсэн дээр бид энэ ажлыг эхлүүлсэн” хэмээн тайлбарлаж байна.
Тэрбээр цааш нь Treelings -ийн хамт олны амбиц Монгол орны ойн мэдээллийг бүртгэлжүүлж, ойн сан, ойн менежментийн системийг бий болгох замаар стратегийн шийдвэр гаргах бааз суурь бүрдүүлэхэд чиглэж буйг онцолсон. Тухайлбал, ойн сангийн аль хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гал түймрээс, хортон шавьж болон бусад эрсдэлээс хэрхэн хамгаалах зэргийг тооцоолж, ирээдүйд хийх ажлаа хэдэн арван жилээр урьдчилан төлөвлөх боломж бүрдэх юм. Мэдээж хэрэг энэ бүх ажлыг ганцхан далайлтаар шийдэх боломжгүй учраас Treelings төслийн баг хамгийн энгийн алхмаас эхлэн бага багаар барьцаа ахиулж ажиллах аж.
Монголын ойн салбарын өнөөгийн дүр зураг их хэмжээний гар ажиллагаа, хүний хүч хөдөлмөр шаардсан ажлууд дээр тогтож буйг өөрчлөхийг хүссэн учраас технологийн дэвшлийг нэвтрүүлэх санаачилгыг тэд анх бодож олжээ. Тэр дундаа, блокчэйнд бүртгэгдсэн мэдээллийг өөрчлөх боломжгүй байдаг нь төвлөрсөн бус буюу мэдээллийн сангийн хамгийн ил тод, найдвартай хувилбарыг үүсгэдгээрээ давуу талтай. Уг технологийг ойн салбарт уг анх удаа ашиглаж буйгаараа онцлог.
“Хүмүүст байгалиа хайрлаж, хамгаалъя, оролцъё гэсэн сэтгэл байдаг. Энэ сэтгэлийг л бид үр дүнтэй байлгаж, бодит ажил хэрэг болгож харуулахын тулд судалгаа хийж явсаар технологийн дэвшил, нөү-хауг ашиглах хэрэгтэй юм байна гэсэн гаргалгаанд хүрсэн”.
“Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүн бүрийн оролцоотой энэ бизнесийг олон улсын тавцанд аваачих нь бидний зорилго. Мод тарьж байгаа хэн боловч эх дэлхийгээ хайрлаж буйн хамгийн энгийн жишээ. Өргөн уудам газар нутагтай хэрнээ ойн нөөц бага манай орны хувьд ногооруулах ажлыг дэлхий нийтийн асуудал ч болгож болох юм. Учир нь бидэнд газар байна. Мод тарих гээд ч газаргүй болсон хөгжингүй орнууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, Монголын газар нутгийг ногооруулангаа өөрсдийн хүлэмжийн хийн ялгарлыг эндээс тооцуулж болно шүү дээ. Хүн бүр тарьсан мод нь хэчнээн хэмжээний хүчилтөрөгч ялгаруулан эх дэлхийгээ бохирдлоос аварч буйг тооцоолуулахын хамт ирээдүйд үүнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө олох ч боломжтой. Тиймээс эхлээд бид системээ зөв эрүүлээр хийж бүртгэлжүүлэх хэрэгтэй байна. Үүний дараа бизнесийн олон боломж бий болно. Мөн манай улсад ирж буй жуулчдын тодорхой хувь нь Монголын үзэсгэлэнт говь, эзэн Чингис хааны нутагт мод тарьж мөрөө үлдээх сонирхол бий. Үүгээрээ мод тарьдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн байж ч болох талтай” хэмээн Б.Мөнхбаатар хэлж байна.
Модыг эдийн засгийн эргэлтэд оруулъя
“Хэдий ойн төсөл хэрэгжүүлж буй ч би өөрийгөө технологийн салбарт, тэр дундаа, инженерийн ажлаа л хийж байна гэж хардаг. Технологи ашиглан санаачилсан шийдлээ хэрхэн хүнд ойр, хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байлгах вэ гэдэгт анхаарч, нэг ёсны инженерчлэл явуулж байна. Мод тарих, мал аж ахуй эрхлэх гээд ямар ч ажил санаачилсан бай ганцаараа бус олуулаа хамтарч байж л амжилтад хүрнэ. Амжилтын ганц түлхүүр шийдэл нь инженерчлэл технологи” хэмээн ярих Б.Мөнхбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, олон жил мэргэжлээрээ ажиллажээ. “Миний ажиллаж байсан уул уурхай, одоо давхар ажиллаж буй хөдөө аж ахуйн салбарын аль аль нь хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулдаг. Нөгөө талаар, агаар, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг олон хүчин зүйл бидний амьдралын чанарт шууд нөлөөлж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл дөрвөн хүүхэдтэй эцэг хүний хувьд бидний үр хүүхдүүд өвөлдөө утаа, агаарын бохирдлоос шалтгаалан өвдөж, хавар болмогц хөрсний бохирдол агаарт дэгдэж, хуурайшилт болох цагаар харшил, хамрын ханиад салдаггүйг анзаарч эмзэглэдэг. Тиймээс энэ бүхний эсрэг, цэвэр эрүүл орчны төлөө өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс байгаль, эх дэлхийгээ хайрлах Treelings төслийг хамтран санаачилсан” гэлээ.
Хүн бүрийн оролцоотой энэ бизнесийг олон улсын тавцанд аваачих нь Treelings -ийн зорилго. Өргөн уудам газар нутагтай хэрнээ ойн нөөц бага манай орны хувьд ногооруулах ажлыг дэлхий нийтийн асуудал ч болгох боломжтойг тэд онцолсон юм.
Тэрбээр өөрийн суралцаж байсан Орос улсаар жишээ татан ярьсан бөгөөд нийт 8.1 сая км2 газар нутгийг хамран үргэлжилдэг ойн сангийн хэмжээгээрээ тус улс дэлхийд тэргүүлдэг. Үүний дийлэнх хэсэг нь Сибирийн бүс нутагт хамаарах ба нийт 540 орчим тэрбум модтойгоос нэг хүнд ногдох модны тоо нь 1000 ширхэг байдаг аж. Харин Герман улс нийт 90 тэрбум модтойгоос нэг хүнд ногдох модны тоо 9000 ширхэг. Дэлхийн гурав дахь том эдийн засаг Германы ойн салбарт 170 тэрбум евро эргэлддэг бөгөөд 1.3 сая ажлын байр бий болгожээ. Тухайлбал, мод боловсруулж модон эдлэл хийх, цаас үйлдвэрлэхээс эхлээд зүсэн зүйлийн процесс энд өрнөдөг.
Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд датагаа бүртгэлжүүлэн, боловсруулж, зөв менежмент, стратегитай ажиллаж чадвал ойн салбарыг дагасан эдийн засаг үүсэх бүрэн боломжтой гэж Treelings -ийнхэн үзэж буй. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч “Блокчэйн Эко Парк” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар “Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь амьдрахын төлөө олдсон ажлаа дуртай, дургүй хийж байна вэ? Хэдэн хувь нь гадаадад амьдрал хайж очиж байна вэ? Үүний оронд ард иргэд маань нарийн мэргэжил эзэмшиж, өөр өөрийн ажиллаж буй салбартаа эзэн болж, өөрт ч, өрөөлд ч ээлтэй нийгмийг бүтээхэд оролцож, утга учиртай амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Энэ бүхнийг бодит болгохын тулд бид нэгт, технологи ашиглая. Хоёрт, Монгол Улсынхаа давуу тал, нөөц бололцоог ашиглая гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Мэдээж мод тарьж, ургуулна, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг хугацаа шаардах ажил. Гэхдээ хөгжсөн улс орнуудын жишигт хүрэхийн тулд өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй” гэв.
Өдгөө дэлхий даяар ногоон эдийн засгийг чухалчилж, карбон кредит тогтолцоонд тулгуурлан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж буй. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин хэдийнэ бүрдэж, компаниудын хүлэмжийн хий ялгаруулж буй хувь хэмжээг тогтоон татвар авах бодлого хэрэгжиж эхэлсэн бөгөөд тэдгээр компани хүлэмжийн хийг шингээх үйл ажиллагаа заавал явуулах ёстой байдаг. Нөгөө талаар, мод тарьж, ойн санг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж буй иргэд, аж ахуйн нэгжид хэдий хэмжээний хүлэмжийн хийг шингээснийг харгалзан тооцож, урамшуулал олгож эхэлсэн. Энэ боломжийг оролцогч талуудад нээлттэй болгож, карбон кредит системийг Монголд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах нь Treelings -ийн хамт олны ирээдүйн зорилгын нэг хэсэг.
“Бидний зорилго тэг байсан зүйлийг нэг рүү авчрах байсан. Одоо нэг рүү нэлээд дөхсөн учраас 10 мянга болгож үржүүлэх ажил руу ороод байна”.
Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг 2050 он гэхэд тэглэх зорилт тавьж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ мэдэгдсэн. Мөн холбогдох байгууллагууд карбон кредитийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа бөгөөд Парисын хэлэлцээрийн үеэр хүлээсэн амлалтынхаа хүрээнд манай улс энэ ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болсон билээ. Энэ бүхэн Treelings -ийн цаашдын зорилготой нийцэж байгаа тул ирэх жилүүдэд тэдний үйл ажиллагаа илүү өргөн хүрээнд далайцтай өрнөнө хэмээн үзэж байна.
Хөрөнгө оруулагчид ч хамгийн түрүүнд тухайн компанийн ESG-ийн тайлантай танилцахыг л хүсдэг. Тэрчлэн тухайн байгууллагын ажилтнуудаас гадна хэрэглэгчид хүртэл бүтээгдэхүүн худалдан авахдаа байгаль орчин, нийгэмд хэр ээлтэй эсэхийг харгалзаж үздэг болчхоод байна. Аж ахуйн нэгжүүд манайхтай нэгдэж буйн шалтгаан ч энэ.
Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг нийгмийн энтерпрайз (Social enterprise) -ын жишиг болсон Treelings -ийнхэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж бүтээх, эх орныхоо ойн санг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой хэмжээнд бууруулж, шингээж чаддаг байхыг зорьж буй. Үүнийг дагаад энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчний тоо нэмэгдэж, үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүд тогтмол ажил, орлоготой болно гэж тэд үзэж байна. Гол нь энэ зах зээлийг өрхийн үйлдвэрлэл шиг бус масс үйлдвэрлэлийн зарчимд шилжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа. Энэ утгаараа хүн бүр оролцоогоо нэмэгдүүлж, мод тарихын ач холбогдлыг ойлгож, хувь нэмрээ оруулж байж энэ ажил үр дүнд хүрнэ. Түүнээс биш тэнд Засгийн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, энд хувийн хэвшлийн төлөөлөл болсон Treelings хэчнээн уриалаад ч олуулаа нэгдэхгүй л бол урагшлахад хүнд гэдгийг Treelings -ийн менежментийн багийнхан хэлж байв.
Тэгээс нэг рүү
Treelings -ийн менежментийн багтай ярилцах үеэр “Тэгээс нэг рүү” гэх санааг тэд байн байн дурдаж байсан нь анхаарал татсан юм. Үнэхээр ч тэдний бизнес модель Монголдоо төдийгүй дэлхийд ч шинэлэгт тооцогдож байна. Мөн бизнесээ “ногооруулах” аян олон улсын хэмжээнд өрнөж буй энэ үед цагаа олсон шийдэл болж чадсан юм. “Манай бизнес моделийн нэг гол хэсэг бол аж ахуйн нэгжүүдийг мод тарих, байгальд түшиглэсэн бидний шийдэлд оролцохыг уриалах. Тэгвэл яагаад заавал байгууллагууд энд оролцох юм бэ? гэсэн асуулт тавигдана. Өнөөдөр дэлхий даяар компаниуд тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурлан энэ чиглэлийн бодлоготой болж, ESG (Environmental, social, and governance)-ийн тайлан гаргадаг болсон. Хөрөнгө оруулагчид ч хамгийн түрүүнд тухайн компанийн ESG-ийн тайлантай танилцахыг л хүсдэг. Тэрчлэн тухайн байгууллагын ажилтнуудаас гадна хэрэглэгчид хүртэл бүтээгдэхүүн худалдан авахдаа байгаль орчин, нийгэмд хэр ээлтэй эсэхийг харгалзаж үздэг болчхоод байна. Аж ахуйн нэгжүүд манайхтай нэгдэж буйн шалтгаан ч энэ. Ер нь бизнесээ урт хугацаанд тогтвортой авч явахын тулд байгууллагууд ийм сонголт хийхээс өөр аргагүй. Бидний зорилго тэг байсан зүйлийг нэг рүү авчрах байсан. Одоо нэг рүү нэлээд дөхсөн учраас 10 мянга болгож үржүүлэх ажил руу ороод байна” хэмээн гүйцэтгэх захирал Б.Цолмон ярилаа.
Тэрбээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Кобэгийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэмэгцээ Монголдоо эргэн иржээ. Анхнаасаа л эх орондоо ирж ажиллах сонирхолтой байж. Ингээд Худалдаа, хөгжлийн банкны Олон улсын банкны газарт ажиллаж эхэлсэн ч бүх зүйл нь жигдэрчихсэн корпорэйт соёлтой том байгууллагад ажиллах нь түүнд тохирохгүй гэдгийг ойлгожээ. Улмаар Өмнөд Солонгосын Хандон их сургуульд бизнес удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Японы хөрөнгө оруулалттай, хүний нөөцийн технологи хөгжүүлдэг Tab Solution компанид софтвэйр бүтээгдэхүүний дизайн хийх, зах зээлд байршуулах чиглэлээр мэргэшин ажилласан байна. Японд ингэж туршлага хуримтлуулсны эцэст Монголдоо ирж, технологийн бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн нь Treelings юм.
“Манай компанийн соёл нэлээд стартап уур амьсгалтай. Бид багтаа шинэ хүн элсүүлэхдээ ур чадвараас илүү байгаль орчин, нийгмээ гэх сэтгэлтэй, энэ чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй эсэхийг шалгуур үзүүлэлтээ болгодог. Ийм хандлагатай хүн урт хугацаандаа ажил дээрээ хамгийн аз жаргалтай байж чаддаг. Хийж бүтээе гэсэн тэр л гал эрмэлзэл нь аливааг тэгээс нэг рүү зүтгүүлэхэд нөлөөлж буй учир илүү бүтээлч байдгийг анзаарсан” гэлээ. Цомхон багийг өндөр бүтээмжтэй ажиллуулж чаддаг Б.Цолмонгийн баримталдаг гол зарчим бол мэдээллийн урсгалыг маш сайн байлгах. Мөн компанийн аль нэг хэсэгт алдаа гарах, удаашрал үүсэх тохиолдолд хоорондоо нээлттэй ярилцаж, асуудлыг хэрхэн шийдэж, товчилж болох арга замыг эрэлхийлж, хурдтай ажилладаг онцлогтой. Үүний зэрэгцээ өдөр тутмын жижиг сажиг асуудалд оролцож, микро менежмент хийхээс эрс татгалздагаа тэр хуваалцсан юм.
Treelings төслийн онцлог нь олон талыг холбож, үр дүн гаргах учраас багаараа олон ажил руу нэгэн зэрэг орох шаардлагатай болдог. Төвлөрөл шаардсан нэг ажил байхад бусадтай харилцаж ойлголцох, менежмент хийх өөр ажил зэргээр ээлжлэн хөвөрнө. Ингэж ажлаас ажлын хооронд шилжихэд хүн хамгийн их энерги алддаг гэж үзсэн тул тэд ажлын долоо хоногийг гурав хувааж, долоо хоногийн эхээр хамтарч ажилладаг төслүүдтэйгээ холбоотой ажлууд, дундуур технологийн хөгжүүлэлт, төслийн талбай дахь зураг авалт зэрэг ажил, харин долоо хоногийн эцсээр удирдлагын багийн хурал, бизнесийн стратеги, төлөвлөлт гэх мэт төвлөрөх шаардлагатай ажлаа амжуулдаг ажээ.
Бага чулуугаар ихийг хөдөлгөх хүч Treelings-ийн хамт олны хөгжүүлж буй технологиор дамжин Монгол орны нэг цэгээс нөгөөд дамжин өртөөлж, эх орны газар нутгийг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн болон өрнөж, модод ногоорсон ирээдүйг авчрах цаг удахгүй биз ээ. Тэгэхээр ирж яваа цагийн эзэд нь монголчууд бид өөрсдөө юм.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т хэвлэгдсэн нийтлэл –