– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т нийтлэгдсэн ярилцлага –
Тасралтгүй урагшлах хүч, уулын оргил гэх утгыг бэлгэдэн компанийнхаа нэрэнд “Апекс” хэмээх үгийг шигтгэж, логогоо мөн л уулын оргилыг санагдуулам гурвалжин хэлбэрээр дүрсэлсэн нь оффисын үүдээр ормогц хананд гэрэлтэн үзэгдэнэ. “Апекс Капитал ҮЦК” ХХК -ийн гүйцэтгэх захирал, салбарынхан дундаа бонд Лхамаа нэрээр танигдсан Б.Лхамдолгортой уулзахаар ирсэн нь энэ бөгөөд түүнтэй хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжууд, компанийн соёл, ажиллах хүчний ур чадвар, манлайллын туршлага зэрэг өргөн сэдвээр дэлгэрэнгүй ярилцсан юм.
“Апекс Капитал” компани хөрөнгийн зах зээлд харьцангуй залууд тооцогдох ч гэлээ ТОП 5 тоглогчийн эгнээнд хэдийнэ багтаад буй. Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг голлон хүргэдэг тус компанийн хамт олон өнгөрсөн хугацаанд “Грийн групп”, “Баян шувуу”, “Мишээл Сити”, “Хүннү Эйр”, “Төв Азийн зам” болон ТЭСО корпорацийн Евро Базальт барилгын төслийн санхүүжилтыг босгох зэрэг томоохон ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж, нийт 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгоод байна.
Одоогоос зургаан жилийн өмнө та “Апекс Капитал ҮЦК” ХХК -ийг хамтран үүсгэн байгуулсан. Тухайн үед хөрөнгийн зах зээлд цөөнгүй жил ажиллаж, карьерын хувьд өсөн дэвшиж байсан мэргэжилтний хувьд яагаад компани байгуулж, бие даах шийдвэрийг гаргасан бэ. Мөн компанийнхаа ирээдүйн зорилго, зорилтыг анх хэрхэн тодорхойлж байснаас ярилцлагаа эхлүүлье.
Би ирээдүйн бизнес хамтрагч А.Идэрбаттай Ард санхүүгийн нэгдэлд хамт ажилладаг байлаа. 2017 оны үед л дээ. Тухайн үед бид хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх хэрэгцээ асар их буйг, энэ бүхнийг хараат бусаар хүргэж буй компани дотоодод дутмаг байгааг ажигласан. Ингээд санал нэгдэн тусдаа компани хамтран байгуулахаар шийдэж, дараа оных нь нэгдүгээр сараас өрөө түрээсэлж, ганц ширээ тавин, өөд өөдөөсөө харж суугаад л компаниа эхлүүлж байсан.
Ер нь аливаа компанийг байгуулахад хүсэл зорилгоос гадна санхүүгийн тогтвортой байдал, эрсдэл даах чадамж маш чухал. Түүнчлэн шилдэг боловсон хүчнийг ажиллуулах зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа, харилцагчийн өмнө хүлээх үүрэг өндөр, зохицуулалттай зах зээлд ажиллана гэдэг утгаараа тухайн компани өөрөө чадамжтай байх ёстой. Тиймээс бид хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар боловсруулсан. Эхний хувилбар нь хөрөнгийн зах зээлийг сонирхож буй групп компаниудад санал тавих. Удаах нь, өмнө хамтран ажиллаж байсан харилцагчдадаа санал тавих байв. Ингээд хэд хэдэн харилцагч болон группт санал тавьснаас хамгийн түрүүнд зөвшөөрсөн нь ТЭСО корпораци. Мөн нэг харилцагч маань бидний саналыг хүлээн авсан. Ийнхүү “Апекс Капитал” компани маань анх дөрвөн хөрөнгө оруулагчтайгаар үүсгэн байгуулагдсан.
Хамгийн гол нь үнэт цаас гаргана гэдэг компанийн удирдлагын өөрийнх нь л шийдвэр. Энд олон хөрөнгө оруулагчийн асуудал яригдаж байгаа учраас хариуцлага, ёс зүй нэн тэргүүнийх.
Зорилгын тухайд нэгт, санхүүжилт босгох гэж буй компани бүр өөрийн зорилго, зорилттой. Нөгөө талаар, хөрөнгө оруулалтууд дотроо олон сонголт, өөр өөр цаг хугацаатай. Жишээлбэл, тухайн компани ирэх 10 жилд ямар ажил төлөвлөж буйгаас хамаарч хөрөнгө оруулалтын сонголт өөрчлөгдөх боломжтой. Иймд харилцагчдадаа нэг л төрлийн бүтээгдэхүүн санал болгоод сууж байж болохгүй. Энэ үүднээс хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг илүү төрөлжүүлж, олон сонголт бий болгох зорилго анх тавьсан. Учир нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчийн хүсэл сонирхол нэгдүгээрт тавигддаг.
Хоёрт, харилцагчдадаа зүгээр нэг зөвлөх бус өөрсдөө ч хөрөнгө оруулагч байя гэж шийдсэн. Үүгээрээ бид өөрсдийн зөвлөгөөг үнэн, үнэ цэнтэй гэдгийг бодитоор давхар батлан харуулж буй. Учир нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдал гэдэг тун чухал.
Та их сургуулиа төгссөнөөс хойш хөрөнгийн зах зээлд тасралтгүй ажиллаж байгаа. Ингэж нэг салбартаа тогтвортой, тууштай ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ. Ер нь хөрөнгийн зах зээлд ажиллах нь таныхаар ямар онцлогтой вэ?
“Олон зүйлд сатаарах бус, нэг л зүйлдээ төвлөрч, ур чадвараа хөгжүүл, түүндээ тууштай бай” гэж аав минь сургадаг байсан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Мөн зах зээлийн онцлог ч бас нөлөөлсөн. Тухайлбал, хөрөнгийн зах зээл тун завгүй, лангуун дээрх бүтээгдэхүүнүүд нь компаниуд байдаг гэдэг утгаараа тэдгээрийн үйл ажиллагаа, зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, дараа нь хөрөнгө оруулагчидтай уулзах гэх мэтээр асар их цаг хугацаа зарцуулдаг тул өөр зүйл бодож, сатаарах завгүй ажилладаг.
“Апекс Капитал”-д итгэж буй хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчдын лоялти байдлыг илүү эрхэмлэж, урт хугацааны, тогтвортой өсөлтийг хамтран бий болгох, үнэн байхыг зарчмаа болгодог.
Хөрөнгийн зах зээл гэхээр зөвхөн дотоодын бус гаднын зах зээл ч яригдана. Жишээлбэл, “Апекс Капитал” компани маань гадаад арилжаа давхар эрхэлдэг. Тиймээс зөвхөн өмнөх ажилдаа л төвлөрч, энэ зах зээлдээ илүү гүнзгийрье гэж шийдсэн. Түүнчлэн санхүүгийн зах зээл итгэлцэлд суурилдаг учраас цаг их шаарддаг. Төслөөс төслийн хооронд ажиллаад явахад цаг хугацаа нэг мэдэхэд л өнгөрсөн байдаг. Эргээд харахад их урт юм шиг хэрнээ бодит утгаар бол тийм ч урт биш. Ер нь санхүүгийн бизнест удаан ажиллаж, туршлага хуримтлуулах тусам таны үнэ цэн нэмэгддэг. Гэсэн атал хурдаа алдаж болдоггүй. Ийм л шалтгаанаар салбартаа удаан ажилласан байна.
Эргээд компанийн тухай яриандаа оръё. “Апекс Капитал” компаниа анх байгуулж байх үеийн хөрөнгийн зах зээлийн орчныг өнөөгийнхтэй харьцуулбал ямар өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн гэж та хардаг вэ?
Хөрөнгийн зах зээл илүү хурдтай болж байна. 2018 оны үед үнэт цаас гаргаж буй компаниудын хэлцэл тэрбум төгрөгийн хүрээнд л яригддаг байлаа. Харин өнөөдөр 20, 30 тэрбумаар хэмжигдэж, далайц нь хэд дахин нэмэгдэж байна. Зах зээл томорно гэдэг чадал чансаатай, томоохон тоглогчид орж ирж байна гэсэн үг. Үүнийг дагаад хөрөнгө оруулагчдын бааз суурь ч тэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа, онлайн арилжаа ч үүнд ихээхэн нөлөөлж байгаа. Компаниа анх байгуулж байх үед онлайн арилжаа дөнгөж л нэвтэрч эхэлж байсан бол өнөөдөр бид оффистоо харилцагч бараг хүлээж авахгүй хэмжээнд хүрсэн нь бүгд онлайнаар арилжаа хийх боломжтой болсных. Нэг үгээр, технологийн хурдтай хөгжил хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлж байна. Бүр технологийн компаниудын санал болгож буй шийдэл эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй, хурдаа гүйцэхгүй байх тохиолдол ч ажиглагдах болсон.
Дараагийн асуудал бол хөрөнгийн зах зээлд сайн, том компани орж ирэхийн хэрээр чадварлаг боловсон хүчний эрэлт хэрэгцээ дагаад үүсэж байна. Мэдээж өмнө нь ийм эрэлт байсан ч одоо бүр их тулгамдсан, том асуудал болж хувирсан. Өөрөөр хэлбэл, зах зээл томрохын хэрээр түүнийг дагасан асуудлууд ч урган гарч байна.
Хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын хандлага, бүтээгдэхүүний төрөлжилт, хөрвөх чадварын тухайд хэрхэн өөрчлөгдсөн бол?
Монголын хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа болон сүүлд нэмэгдсэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг уламжлалт бүтээгдэхүүн голлодог. Гэтэл эдгээрийг дагасан маржин арилжаа, опцион зэрэг үүсмэл үнэт цаас гаргах боломж бий. Энэ чиглэлийн эрх зүйн орчин бага багаар бүрэлдэж эхэлж байгаа ч хөрөнгө оруулагчийн эрх ашиг, эрсдэл, алдаа үүсэхээс сэргийлэх зэргээс шалтгаалан зах зээлд бодит бүтээгдэхүүн болж гарахгүй байна. Харин үнэт цаас гаргаж буй компаниудыг салбараар нь авч үзвэл нэлээд төрөлжсөн. Тухайлбал, хамгийн идэвхтэй банк, санхүүгийн салбарын тоглогчдоос эхлээд ложистик, агаарын тээврийн компани, төрөл бүрийн хүнс үйлдвэрлэгчид, барилгын төсөл хэрэгжүүлэгчид, уул уурхайн салбарынхныг нэрлэж болно. Хөрөнгийн биржийн нийт үнэлгээ ч 11 их наяд төгрөгт дөхөж, багтаамжийн хувьд тэлсээр байна.
Бондын зах зээлийн тухайд цөөн хэдэн тэрбумд эргэлддэг байсан бол сүүлийн хоёр жилийн турш өндөр идэвхжсэнээр өнөөдөр 2.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ бүхэн дотоодын компаниуд бондын зах зээл рүү идэвхтэй орж, хөрөнгө оруулалт босгох нь нэмэгдэж буйг харуулж байгаа. Нэг ёсондоо, бонд хамгийн эрэлттэй, хөрвөх чадвартай бүтээгдэхүүнд тооцогдож байна. Энэ нь эргээд дотоодын хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох хувьцааны эргэлт, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Хол замд бизнес хамтрагчаа зөв сонгох нь чухал гэдэг. Танай хамт олон хамтран ажиллах компаниа засаглал болон бусад шалгуур үзүүлэлтийн хувьд хэрхэн сонгодог вэ?
Эхний ээлжинд, ямар төрлийн санхүүжилт авах гэж буй нь чухал. Харин дараа нь босгож буй санхүүжилт юунд, ямар төсөлд зарцуулагдах вэ гэдэг чухал. Бид олон хүний хөрөнгийг нэгтгэн нэг компанид төвлөрүүлж байгаа тул маш хариуцлагатай хандаж хамтран ажиллах компани, салбараа сонгохыг хичээдэг. Мөн тухайн бизнесийн санхүүгийн эрүүл мэнд, бизнесийн эзний ёс зүй их чухал. Бид нэг удаа, нэг жил цойлохоос илүүтэй урагшаа, тогтвортойгоор өсөж хөгжихийг эрмэлздэг. Тухайн үнэт цаас гаргагч компанитай урт хугацаанд хамтарч, дараа дараагийн өсөлттэй нь хамт байхыг эрхэмлэдэг.
Өнгөрсөн хоёр жилийн турш биржийн бус зах зээл нэлээд эрчимжиж байна. Нөгөө талаар, хөрөнгө оруулалт шаардлагатай жижиг, дунд компаниуд зах зээлд цөөнгүй бий. Тэдгээр компанид ямар боломж байгаа вэ?
Мэдээж биржийн бус зах зээлд боломж бий. Үнэхээр өсөлттэй гэж үзэж буй компанид бид өөрсдөө болон харилцагчидтайгаа хамтран equity investment буюу хаалттай хүрээнд хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг. Нэг үгээр, манай компани өөрөө хөрөнгө оруулж буй төслөө харилцагчдадаа санал болгож, хамтарч хөрөнгө оруулалт хийх боломж олгодог. Тухайлбал, Улаанбаатар кофе төсөл, iTrip компанийг нэрлэж болно. Аль аль нь хүмүүсийн хэрэглээний соёлын өөрчлөлтөд тулгуурлан үйл ажиллагаа явуулж буй өсөлттэй зах зээлийн тоглогчид.
Бид компани дотроо сурч хөгжих нээлттэй орчныг бүрдүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд тухайн ажилтан мэргэжлийн ур чадвараа сайжруулахаар сургалт, семинарт хамрагдахыг зорьж байвал цагийн хувьд уян хатан хандахын зэрэгцээ зардалд нь тусламж, дэмжлэг, хөнгөлөлт урамшуулал олгоход анхаардаг.
Дараа нь мэдээж өсөж хөгжих төлөвлөгөөтэй, эргэлтийн хөрөнгө шаардлагатай компаниудтай бондын санхүүжилт дээр хамтардаг. Энэ нь тухайн компанийн цар хүрээ, эрсдэл даах чадвар, өнөөдрийн болон ирээдүйн потенциаль зэргээс хамаарч 500 саяас 50 тэрбум төгрөг хүртэл ч байх боломжтой. Хамгийн гол нь үнэт цаас гаргана гэдэг компанийн удирдлагын өөрийнх нь л шийдвэр. “Бусад хөрөнгө оруулагчаас санхүүжилт авахад бэлэн үү?”, “Хариуцлагатай, ёс зүйтэй байж чадах уу?” зэрэг асуулт тавигдана. Энд олон хөрөнгө оруулагчийн асуудал яригдаж байгаа учраас хариуцлага, ёс зүй нэн тэргүүнийх.
Өнөөдөр бүхий л салбарт хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна. “Апекс Капитал” компанийн тухайд та бизнес хамтрагчаа хэрхэн сонгосон бэ. Мөн баг хамт олныхоо нэг хэсэг болох ажилтныг шалгаруулж авахдаа юунд анхаардаг вэ?
Нэн тэргүүнд, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Жишээлбэл, манай компанийн хувьцаа эзэмшигчид нас, хүйс туршлага мэдлэг ихээхэн ялгаатай ч бид нэг үнэт зүйлээр нэгддэг.
Харин багтаа шинэ хүн элсүүлэхдээ компанийн аль хэсэгт ямар ур чадвар шаардлагатай байгааг харгалзаж, тухайн чадамжтай хүмүүсийг ажилд авахыг хичээдэг. Хандлага мэдээж маш чухал. Мөн нэгэнт баг болж ажиллаж буй учраас ямар зорилго, үнэт зүйлийн төлөө, хаана хүрэх гэж буйг багийн гишүүн нэг бүрд ойлгуулахыг чухалчилдаг. Хэчнээн өөр чадамжтай, өөр хүмүүс байсан ч нэг зүйлийн төлөө чиглэж буйгаа ойлгох хэрэгтэй биз ээ. “Апекс Капитал” компанийн хувьд, харилцагч, хөрөнгө оруулагчдаа санхүү, хөрөнгө оруулалтын шаардлагатай мэдээллээр ханган, оновчтой хөрөнгө оруулалт хийхэд нь туслах, нөгөө талаар, санхүүжилтээр дамжуулан компаниудын бизнесийн өсөлтөд туслах ажил хийдэг. Тиймээс тус ажилд оролцож, өөрийн хувь нэмрээ оруулах хүмүүсийг илүү сонгож ажиллуулдаг.
Нэгэнт ажилтнуудын тухай ярьсан болохоор тэднийг хэрхэн хөгжүүлж, ур чадварыг нь сайжруулдаг талаараа хуваалцвал. Өрсөлдөөнтэй, хурдтай зах зээлд ажиллаж буй гэдэг утгаараа тасралтгүй суралцах зайлшгүй шаардлага тавигддах байх?
Өмнө хэлсэнчлэн, компаниа юунд зорьж, хааш чиглэж буйг ажилтнууддаа таниулж мэдүүлэхийг хичээдэг. Мөн санхүүгийн салбарт ажиллаж буй гэдэг утгаараа ёс зүйтэй байдал асар чухал. Тиймээс шинэ ажилтнуудад зориулсан анхан шатны сургалтад маань ёс зүйн тухай ойлголт хамгийн түрүүнд орж ирдэг. Нэмээд энэ төрлийн хичээлд улирал тутам хамруулж, зарим тохиолдолд гаднаас багш урьж авчирдаг. Харин ур чадварыг хүн хийж, ачаалал дааж байж сурдаг. Иймд, тухайн ажилтанд тохирох ачааг үүрүүлэхийн тулд багийн хуваарилалтыг зөв, сайн хийх нь чухал. Гэлээ гээд шинэ ажилтанд хүнд ажил шууд даалгаж болохгүй учраас сайн менежерүүдэд дагалдуулахыг чухалчилдаг. Манай менежерийн түвшинд ажилладаг хүмүүс компани анх байгуулагдсан цагаас хойш нэг баг болж, тогтвор суурьшилтай ажиллан, тухайн чиглэлээрээ нэлээд гүнзгийрч буйгаараа онцлог.
Түүнчлэн ажилтнууд маань олон улсын чанартай онлайн хичээлд өөрсдийн мэргэшиж буй чиглэлээрээ төвлөрөн суралцдаг. Тухайлбал, андеррайтерын багийнхан компанийн судалгаа, шинжилгээ, модель, арилжаа судалгааныхан мэргэжлийн хөрөнгө оруулалтын багц, бүтээгдэхүүний судалгаанд төвлөрөн суралцаж, CFA зэрэг авахаар бэлдэж, эхнээсээ цолоо амжилттай хамгаалж байна. Хууль, санхүү бүртгэлийнхэн ч мөн өөрсдийн чиглэлээр мэргэшин суралцсаар байх жишээтэй. Ер нь бид компани дотроо сурч хөгжих нээлттэй орчныг бүрдүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд хэрэв тухайн ажилтан мэргэжлийн ур чадвараа сайжруулахаар сургалт, семинарт хамрагдахыг зорьж байвал бид цагийн хувьд уян хатан хандахын зэрэгцээ зардалд нь тусламж, дэмжлэг, хөнгөлөлт урамшуулал олгоход анхаардаг.
“Апекс Капитал” компани дотооддоо ямар соёл төлөвшүүлэхийг зорьдог нь сонирхол татлаа?
Богино хугацааны бус урт хугацааны тоглогч учир ‘тасралтгүй урагшаа’ гэсэн зарчмыг баримталдаг. Энэ утгаараа эрүүл байдлыг эрхэмлэж, дэмждэг. Та өөрөө эрүүл чадамжтай байж дараагийн асуудал яригдана. Эрүүл байхын тулд спортоор хичээллэж, хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Иймээс долоо хоног бүр хамт олноороо мэргэжлийн дасгалжуулагчтай хамт багийн спортоор хичээллэдэг. Энэ нь хөдөлгөөний эрүүл засал болохоос гадна багийн уур амьсгалыг асар их сайжруулж байна.
Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгөн хөрөнгө гэлтгүй өөрийгөө боловсруулж, өөртэйгөө ажиллах, дотогшоо чиглэх нь эн тэргүүнд тавигдах чухал асуудал.
Мөн хүн нэгэнт хөдөлмөрлөж, цаг зарцуулж л байгаа бол олон юм руу зэрэг үсчихгүй байх хэмжээнд хангалттай орлого олж, түүнийгээ зөв зохистой байршуулж, дадлага, туршлага, ур чадвар суух ёстой гэж боддог. Тиймээс үүнд нэлээд ач холбогдол өгч, ажилтнуудын үндсэн цалин амьдралд нь хүрэлцээтэй байхад анхаарахаас гадна урамшуулал цалинд тулгуурлан хөрөнгө оруулалт хийх буюу “Ажилтнуудын хуримтлалын сан”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Ажилтан байх, компани байгуулж гүйцэтгэх удирдлагаар хангах хоёр мэдээж ялгаатай. Энэ хооронд үүсэх ялгаа, бэрхшээл танд хэрхэн мэдрэгдэж байсан бэ?
Шууд удирдлагатай байх нь мэдээж давуу талтай. Маш олон зүйлээс хамгаалуулж, дээрээ шүхэр бариулчихаж байна гэсэн үг. Мөн олон зүйлд оролцохгүй байх боломжтой буюу өмнөх ажилдаа л төвлөрдөг. Энэ нь өөртөө мэргэжлийн хувьд цаг гаргаж, сайн мэргэжилтэн болоход илүү анхаарах боломжийг олгодог. Би мэргэжилтэн байхдаа Excel дээр ажиллах, санхүүгийн шинжилгээ хийх чадвараа сайжруулахад анхаарч, дотогшоо төвлөрдөг байлаа. Харин өнөөдөр компани ямар байх нь гүйцэтгэх захирал, удирдлагатай шууд хамаатай учраас хувь хүн гэхээс илүү гадагшаа чиглэж, баг хамт олон, компанийн стратеги, алсын хараа, салбарын чиг хандлага зэрэгт анхаарал хандуулж байна. Тиймээс ихэнх цагаа хүмүүстэй ярилцах, харилцах, зорьж буй ажил, төлөвлөгөөгөө тэдэнд ойлгуулахад зарцуулах болсон. Бодох, ярилцах ажил маш их болчихдог юм байна.
Та сая яриандаа алсын хараа гэж дурдлаа. Тэгвэл танай компани алсын хараагаа хааш чиглүүлж, цаашид ямар ажлууд хийхээр зорьж байна вэ?
“Апекс Капитал”-д итгэж буй хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчдын лоялти байдлыг илүү эрхэмлэж, урт хугацааны, тогтвортой өсөлтийг хамтран бий болгох, үнэн байхыг зарчмаа болгодог. Харилцагчийнхаа амжилтын нэг хэсэг байж, үнэ цэн бий болгохыг зорьдог. Мөн бид хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээгээ сайжруулан зах зээлд шинээр танилцуулахад анхаарч байна. Хөрөнгө оруулагч технологийн дэвшлийг ашиглан өөрийн хөрөнгө оруулалтын багцыг нэг цонхны бодлогоор урт хугацаанд бүрдүүлэх боломжтойгоороо уг үйлчилгээ онцлог. Энэ бол компани гэхээс илүү зах зээлд, хөрөнгө оруулагчдад нэлээд үнэ цэн бий болгох төсөл гэж харж байгаа. Уг үйлчилгээ маань жижиглэн буюу давтамжтайгаар хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдад илүүтэй чиглэсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн бага зардлаар өөртөө багц бүрдүүлж, хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл авах боломжийг аль болох олон хүнд хүргэж, хүртээмжтэй байлгах үүднээс бид энэхүү үйлчилгээгээ хөгжүүлж байна.
Цагийн менежментээс илүү эрч хүчний менежментэд төвлөрөх нь чухал. Харин цагаа үр ашигтай байлгахын тулд “Одоо цагтаа хэр төвлөрч чадаж байна вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.
Залуу хөрөнгө оруулагчдад хамгийн түрүүнд та юу гэж зөвлөх вэ. Хувь хүн өөрөө бие даан арилжаанд оролцохоос илүү мэргэжлийн компаниар дамжуулан хөрөнгө оруулах нь ямар ач холбогдолтой вэ?
Өөрт тань юу хамгийн чухал вэ, юунд цагаа зарцуулж, төвлөрөх вэ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй болов уу. Жишээлбэл, боловсрол чухал байж болно. Олон зүйл рүү үсчиж, тэр тоолонд мэдээлэл боловсруулж явна гэвэл хэцүү. Учир нь цаг хугацаа, энерги, эрч хүч гэдэг туйлын хязгаарлагдмал. Хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн мөнгөн хөрөнгө гэлтгүй өөрийгөө боловсруулж, өөртэйгөө ажиллах, дотогшоо чиглэх нь эн тэргүүнд тавигдах чухал асуудал. Харин дараа нь эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Ажил дээрээ ч мөн би энэ зарчмыг баримталдаг. Хаанаас эхлэхээ ч мэдэхгүй асар их мэдээллийн дунд бид амьдарч байна. Тэдгээр мэдээллийг шигшиж, мэргэжлийн зөвлөхтэй холбогдон, тодорхой чиглэл авсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын гараагаа эхлүүлбэл зөв гаргалгаа болно. Учир нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл олон бий.
Тэгвэл туршлагатай хөрөнгө оруулагчдад ямар стратеги баримталбал оновчтой гэж зөвлөх бол?
Эхний ээлжинд, хөрөнгөө аюулгүй байлгах нь чухал. Өнөөдрийн зах зээлд төгрөгийн хувьд бонд тун давгүй нөхцөлтэй байна. Хөрөнгөө аюулгүй байлгахын тулд 2-3 компанийн бондод хөрөнгөө зөв байршуулчихвал зүгээр. Энэ тохиолдолд таны мөнгө ажиллаж сард, улиралд, хагас жилд өгөөжөө өгч эхэлнэ. Харин тэр өгөөжөө дараагийн хувьцааны хөрөнгө оруулалт (equity investment) гэх мэт арай илүү капиталын, үнийн өгөөж өгөх хөрөнгө оруулалтад байршуулбал тохиромжтой. Ямар хугацаанд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй нь мөн чухал. Урт хугацаанд гэвэл хиймэл оюун, технологийн салбар, ногоон хөрөнгө оруулалтыг сонирхвол зүгээр. Нэг үгээр, хөрөнгөө “ажиллуулж” олсон өгөөжөө урт хугацаанд хөрөнгийн өсөлт авчрах салбаруудад байршуулаарай гэж зөвлөе.
Олон төсөл дээр нэгэн зэрэг завгүй, ачаалалтай ажилладаг хүний хувьд та хэрхэн менежмент хийдэг вэ. Нэг талаар, төвлөрөх, нөгөө талаар, бусадтай харилцах шаардлага байнга үүсдэг байх?
Маш товчоор, багийн ажиллагаа гэж хэлнэ. Бид сайн багийн ажиллагааны хүчээр урагшилдаг. Мөн баг хамт олон маань маш тогтвортой байж чаддаг нь бидний гол давуу тал. Тухайлбал, манай компани тун чадварлаг хуульч, арилжаа судалгааны албаны ахлах, мөн санхүүчтэй.
Харин менежментийн тухайд хүн бүр жин жингээ даая гэсэн арга барилтай. Жингээ даахын тулд мэдээж хариуцлагатай, ур чадвартай, зөв хандлагатай байх ёстой. Товчоор, ачааллаа ч даа, эргээд түүнийхээ шагналыг ч ав гэсэн зарчим баримталж ажилладаг. Мөн цагийн менежментээс илүү эрч хүчний менежментэд төвлөрөх нь чухал. Цагаа үр ашигтай байлгахын тулд одоо цагтаа хэр төвлөрч чадах нь чухал.
Эрч хүчний менежмент илүү чухал гэлээ. Тэгвэл та эрч хүчээ хэрхэн хуваарилдаг вэ?
Уг нь би ажлын цагийг сунгаж ажиллахад тийм ч таатай ханддаг хүн биш. Гэхдээ ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалтай цөөнгүй тулгардаг. Тиймээс чөлөөт цагаараа аль болох тархиа амраахыг хичээдэг. Гэртээ байгаа бол байсан шиг байх, ажил дээрээ ирсэн бол ирсэн шиг ирж, яг одоо цагтаа байхыг эрмэлздэг. Ажлаа урт хугацаанд сунжруулж, байнгын өндөр ачаалалтай ажиллаад байвал burnout (ажлаас халшрах хам шинж) болох байх. Энэ утгаараа илүү хосолмол байдлаар ажиллаж, амьдардаг. Тухайлбал, би өглөөдөө иогаар хичээллэж, ажил дээрээ ирээд эхний хоёр цагийг и-мэйлээ шалгаж, зах зээлийн мэдээ мэдээллийг авч, ажлаа төлөвлөх, төвлөрч суух ажлуудаа амжуулахыг хичээдэг. Дараа нь уулзалтууд, багийнхантайгаа ярилцах ажлууддаа төвлөрдөг.
Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, тасралтгүй урагшлах урам зоригоо сэлбэдэг вэ?
Хөрөнгийн зах зээлд ажиллах нь өөрөө байнгын мэдээлэл дунд бужигнадаг онцлогтой учраас харьцангуй мэдээлэл, судалгаа сайтай байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг дандаа л ирээдүй рүү, урагшаа харж алхахыг шаарддаг тул уйдах завгүй (Инээв). Компаниудад хөрөнгө оруулалт татах, эсвэл хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй хүмүүс үргэлж ирээдүйг харж шийдвэр гаргаж, ажиллаж байдаг тул бид харилцагч компаниудынхаа удирдлагаас суралцаж, үлгэр жишээ авч хамт урагшилдаг.
Хувь хүнийхээ хувьд техник ур чадвараа хөгжүүлэхийн тулд time block буюу цагаа хайрцаглаж байж л аливааг хийхгүй бол болдоггүй. Тэгэхээр долоо хоногийн хоёр өдрийн хоёр цагийг өөртөө төвлөрч, шинэ мэдлэг, мэдээлэл авч, ур чадвараа сайжруулах, суралцахад төвлөрдөг. Учир нь хоёр хүүхдийн ээж, эхнэр гээд л олон үүрэг хариуцлага байна.
Таны карьерын эргэлтийн цэг, онцлох үйл явдал юу байв?
Ирээдүйд л тохиох байх (Инээв). Хөрөнгийн зах зээлд амжилт бүхэн ард биш урд байдаг учраас чухал үйл явдлууд ард биш урд байгаа л гэж харж байна.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 04 дугаар сарын дугаар (№65) -т нийтлэгдсэн ярилцлага –