Хүмүүсийг тав тухтай орчинд ажиллаж, амьдрахад хамгийн их нөлөөлдөг халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга зэрэг инженерингийн шийдлийг дотоодод нэвтрүүлж, олон томоохон төслийн хамтран гүйцэтгэгчээр ажиллаж буй тус компанийг тэрбээр хэрхэн удирдаж, үйл ажиллагааг нь амжилттай өрнүүлж чаддаг нөү-хауг бид сонирхсон юм.
***
Хүний амьдралын тулгуур гурван хэрэгцээ идэх хоол, өмсөх хувцас, орон байр билээ. Тэр тусмаа нүхэн жорлон, зөөврийн усны асуудлаа бүрэн шийдээгүй манай улсад халаалт, бохир цэвэр, халуун хүйтэн усны шийдэлтэй сууц тогтмол эрэлттэй хэвээр байна.
Харин дэд бүтэцтэй сууцны гол зүйл буюу хүнээр бол судас нь сантехникийн шийдэл юм. Гэвч чанартай технологийн бүтээгдэхүүнийг олж ашиглана гэдэг хэрэглэгч бидний хувьд хариуцлагатай, чухал сонголтуудын нэг болжээ.
Тэгвэл энэ салбартаа анхдагч бөгөөд тэргүүлэгч, нэрийг нь сонсоход л чанар гэж ойлгогддог нэг компани бий. Энэ бол 2003 оноос хойш төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын инженерингийн шийдэл болох халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга чиглэлээр ажиллаж байгаа “Атмор” ХХК юм.
Нано технологийн дулаан алдагдалгүй, 50 жилийн эдэлгээтэй, зэврэлтээс ангид, урьдчилсан дулаалгатай сангийн шугам хоолой, үйлдвэрээсээ 10 жилийн баталгаатай IP65 стандартыг хангасан сайн чанарын ган радиатор зэргийг зах зээлд нэвтрүүлжээ.
Эднийх анх Израйл улсын Атмор брэндийн агшин зуурын ус халаагчийг оруулж ирсэн нь эрэлт хэрэгцээ маш их үүсгэснээр сантехникийн салбарт анх танигдсан юм. Харин одоо барилга байгууламжийн дэд бүтцээс эхлээд амины орон сууцны бүх төрлийн төсөлд дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Салбар бүрдээ тэргүүлэгч технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажилладаг тэд сүүлийн үед нано технологийн дулаан алдагдалгүй, 50 жилийн эдэлгээтэй, сангийн шугам хоолой, үйлдвэрээсээ 10 жилийн баталгаатай IP65 стандартыг хангасан сайн чанарын ган радиатор зэргийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар туршилт судалгаа хийн ажиллаж байна.
Хөдөлмөрийг зуршил болгосон захирал
Чанар хэмээх тодотголтой, салбартаа тэргүүлэгч “Атмор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мяндас хүүхэд байхын л аливаад идэвх зүтгэлтэй, сурсан мэдсэнээ бусадтай харамгүй хуваалцдаг онц сурлагатан байв. Тийм болохоор ч үеийнхэн дундаа Альберт Эйнштейн хэмээх хочтой байжээ.
Тэрбээр багаасаа бие даан англи хэл сурсан бөгөөд Шинжлэх ухааны академийн харьяа Улаанбаатарын их сургуулийг химийн технологич мэргэжлээр төгсөж, улмаар Токиогийн их сургуульд ус цэвэршүүлэх технологиор магистр хамгаалсан байна. Өдгөө ажлын хажуугаар АНУ-ын Вашингтоны Квантик бизнесийн сургуульд бизнес менежментээр магистрын зэрэг хамгаалахаар онлайнаар суралцаж буй. Мөн олон улсын зэрэгтэй худалдааны болон гэрээний төлөөлөгч ажээ.
Ажлын гараагаа MCS International компаниас эхэлж байсан Н.Мяндас НҮБ, олон улсын төсөл хөтөлбөрүүд, барилга, уул уурхай, техник, технологийн салбарт олон жил амжилттай ажиллаж явсаар “Атмор” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байна. Түүний ажлын арга барил нь аливааг нөхөрсгөөр зааж, зөвлөн туслах, хэнийг ч буруутгаж, зэмлэхийг хүсдэггүй, хамгийн сайн зөвлөгч байдлаар хамт олноо манлайлан удирддаг. Мөн бүх ажилтныхаа ээжүүдэд сар бүр мөнгөн урамшуулал олгодог, сард нэг удаа гадуур хамт олноороо чөлөөт уулзалт хийдэг аж. Олон төрлийн спорт тоглоом тоглодог бөгөөд сүүлийн үед боулингд бүгд ихэд дурлах болжээ. Үүний зэрэгцээ ажилтнуудаа эрүүл мэндийн бүрэн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулахыг хичээдэг.
Н.Мяндас зүгээр сууж чаддаггүй. Ямар сайндаа л Ковид-19-ийн үеэр хоббигоороо хатгамал сураад, нөхөртөө даалин оёж өгч, бялуу хийж сурмагцаа хийсэн бялуугаа онлайнаар борлуулж байсан юм. Бялуугаа нэлээд эрэлттэй болгож чадсан бөгөөд цаашлаад санхүүжилт олж, франчайзингийн бизнес болтол нь хөгжүүлжээ. Өөрийн мэддэг чаддагаа бусдад зааж зөвлөх дуртай, зүгээр сууж чаддаггүй, хөдөлмөрийг зуршил болгосон дайчин эмэгтэй гэдгийг түүний үйлдэл бүр батлах аж.
Тэрбээр гурван хүүхдийн ээж. Түүний нөхөр аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, эхнэрийнхээ хөдөлмөрч дайчин чанар, сурах их хүслийг нь үргэлж дэмждэг. Тэдний том охин одоо 100 хувийн тэтгэлгээр АНУ-д суралцдаг оюутан. Тэтгэлэг авсныхаа дараа үе тэнгийнхэндээ өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж, хэрхэн тэтгэлгээр суралцах тухай сургалт зохион байгуулж байжээ. Түүний охин англи хэл сурах болон гадаадын тэтгэлэгт хамрагдах талаар ээжээсээ суралцаж, үлгэр дуурайл авч өссөн аж. Тиймдээ ч гадаад хэл, тэр дундаа, англи хэл сайн сурчихвал дэлхийгээр дүүрэн боломж бий гэдгийг Н.Мяндас хүүхэд, залуучуудад байнга захидаг.
Бохирдол, нүхэн жорлонгоос салах боломж
“Улаанбаатар хотод стандарт тогтоон сайтар дагаж мөрдвөл бохир заваан бүхнээс ангижрах боломжтой. Технологи нь хангалттай сайн нэвтэрчихсэн” гэж Н.Мяндас ярилаа.
Тухайлбал, хотын гэр хорооллын айл өрхүүдийг эхний ээлжид бүсчлэлд оруулж, зарим бүсэд нүхэн жорлонг заавал халах, хэрэглэхийг хориглох журам гаргах хэрэгтэй. Энэ журмыг хэрхэн, дагаж мөрдөх тухай стандарт тогтоож, хотын захиргаанаас бодлогоор иргэдтэй хамтран дэмжиж, нүхэн жорлон болон янданг цөөлөх ажлыг үе шаттай хийх шаардлагатай байгаа юм. Ингэж байж агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурна. Хүмүүсийн амьдрах орчин ч сайжрах боломжтой. Хэдий болтол нийслэл хотынхоо төвд нүхэн жорлонтой зууралдаж амьдрах вэ? Өөрчлөлт шинэчлэлт өрнүүлж, хотоо бохирдлоос салгамаар байна гэсэн юм. Энэ нь хөрсний бохирдлын эсрэг нэн яаралтай өнөө маргаашгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд, он удаан жилийн турш бий болсон олон мянган нүхэн жорлонгийн хур бохирдол манай хотыг гамшгийн түвшинд хүргэж буйг гүйцэтгэх захирал Н.Мяндас онцоллоо.
Үүнээс гадна “Атмор” компанийн хүргэдэг нано технологийн, зэвэрдэггүй 50 жилийн баталгаатай шугам хоолойг орон сууцны хорооллуудад суурилуулсан тохиолдолд зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх боломжтой.
Чанараар тэргүүлэгч
“Атмор” ХХК чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, “Премиум прожектс” ХХК-ийн CU хүнсний үйлдвэрийн өргөтгөлийн барилгын гадна дулаан, дотор сантехник, 1200 айлын орон сууцны хотхоны гадна цэвэр бохирын шийдэл, Оюу толгой ил уурхайн бойлер шинэчлэх ажил зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлж, улсын коммист хүлээлгэн өгчээ.
Мөн сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн гадна бохир, “Хан Алтай Ресурс” ХХК-ийн уурхайн ажилчдын байрны гадна бохир, “Ай Ти Зон” ХХК-ийн дата төв, Монгол-Энэтхэгийн Засгийн газрын “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төслийн 11,000 м2 талбайн халаалт зэрэг томоохон төсөлд хамтран ажиллажээ. Түүнчлэн хаус хотхонууд, агуулах үйлдвэрийн барилгуудын гадна болон дотор, цэвэр бохир халаалтын шийдлийг хариуцаж, гүйцэтгэсэн байна. Энэ мэт олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Атмор” компанийн хамт олон Монгол Улсын сантехник, ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн салбарт тэргүүлсээр байна.