Монгол Улсын эдийн засаг 2023 онд 6.9 хувиар өссөн бол экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоов. Өнгөрсөн онд 70 сая тонн нүүрс экспортолсон нь зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд дуулдаагүй үзүүлэлт юм. Гадаад валютын албан нөөц ч 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн. Гэхдээ эдийн засгийн эл өсөлтийн өгөөж иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч, монголчуудын амьдрал дээшлэв үү?
***
Баялгийн менежер
Олон улсад баялгийн удирдлагыг төрөл бүрийн хувийн, улсын сан, институц хариуцаж ажилладгаас албан ёсны хамгийн том бүтэц нь үндэсний баялгийн сангууд юм. Макро эдийн засаг, худалдаа, төсвийн таатай нөхцөл болон урт хугацааны төсвийн оновчтой төлөвлөлт, зөв зарцуулалтын үр дүнд улсын төсөв нь ихээхэн ашигтай гарах болсон өндөр хөгжилтэй болон хөгжингүй улсууд 2000-аад оны эхэн үеэс ийм сангуудыг байгуулж эхэлжээ. Өдгөө моодонд ороод буй sovereign wealth fund хэмээх нэр томьёог судлаач Э.Розанов Central Banking Journal-д 2005 онд хэвлүүлсэн Who holds the wealth of nations? нийтлэлдээ анх дурдсан байна.
2008-2021 оны хооронд баялгийн сангууд борооны дараах шиг мөөг шиг олшров. Энэ хугацаанд үндэсний баялгийн сангуудын удирддаг хөрөнгийн хэмжээ 4-10 их наяд ам.доллар болж өсжээ. “2008-2012 онд Монголд эдийн засгийн тэсрэлт болсон. Тухайн үед баялгийн санг одоогийнх шиг судалж, ашиглаж, гаднаас орж ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагтаа зөв шингээж чадсан бол Монгол Улс өнөөгийн түвшнээсээ тав дахин өндөр хөгжилтэй байх боломж байлаа” гэж “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяа онцолж байв.
Гэвч тэр цагаас хойш арав гаруй жил өнгөрч, парламентын болон ерөнхийлөгчийн тус бүр гурван ч сонгуулийг өнгөрүүлсний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ батлав. Олон жилийн турш яригдсанаас гадна Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд Баялгийн сантай байхаар зааснаас даруй таван жил өнгөрсний дараа УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газар гэнэт “ухаан орж” Баялгийн сантай болохоор яаралтай горимоор (зүй нь ард түмнээр хэлэлцүүлэх журамтай) тус хуулийг батлуулав. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэгчлэн тус хуультай холбоотой цөөнгүй “но” байгааг судлаачид хэдийнэ онцолж эхэлсэн. Тэр тусмаа эцсийн зорилгоо биелүүлэлгүй 2016 онд цуцлагдсан “Хүний хөгжил сангийн хууль”-ийн гунигт түүх манай эдийн засгийн түүхэнд бий. Мөн “Ирээдүйн өв сан”-д нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас 2.7 их наяд төгрөг нь одоо хадгалагдаж байгаа ч тус сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулах тал дээр хариуцсан хүмүүс нь санаачилгагүй ажиллаж, “эзэнгүйдүүлсээр” байгаа бодит жишээ бий.
Нэг их наяд ам.доллар давсан хөрөнгө удирддаг Норвеги, Хятад болон түүнтэй зэрэгцэх Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Кувейт, Сингапурын Үндэсний баялгийн сангуудын сайн жишээг монголчууд мэддэг ч маш олон баялгийн сан дампуурч байсныг тэр бүр мэддэггүй. Тэдгээрээс хамгийн том нь Алжир, Бразил, Эквадор, Папуа Шинэ Гвиней, Венесуэл зэрэг бидэнтэйгээ “зиндаа” ойролцоо улсуудынх. Тэдний дампууралд мэдээж улс төрийн тогтворгүй байдал хамгийн их нөлөөлсөн. Магадгүй бидэн шиг сонгуулийн өмнөхөн хуулийг нь батлаад, сангийн менежментээ “Ирээдүйн өв сан”-ийнх шиг хийсэн ч байж магадгүй. Сонирхолтой нь, тааруу засаглалтай баялгийн сан нь улс төрийн шийдвэрт автаж хөрөнгө оруулалтаа гэнэт танах, зогсоох, тодорхойгүй байдал үүсгэх зэргээс шалтгаалж тухайн сангийн хөрөнгө оруулалтыг хүлээж авч буй улсдаа эрсдэл дагуулдаг байна.
Гурван “толгой”
Сүүлийн 30 орчим жилд Монгол Улсын нийгэм, эдийн засаг байгалийн баялаг, тэр дундаа газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байсаар ирсэн. Эрдэс баялгийн салбарын орлого 2020 онд улсын нэгдсэн төсвийн 25.7 хувь, 2021 онд 28.9 хувь, 2022 онд 35.1 хувь, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлж байв. Ойрын жилүүдэд ч энэ трэнд тогтвортой хадгалагдана.
Тиймээс байгалийн баялаг хэмээх орлогын ганцхан шахуу эх үүсвэртэй манай улс эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд хүртээх, хуваарилах зорилгоор Баялгийн санг гурван төрөлжсөн сантай байгууллаа. Эрдэс баялгийг хүн биш байгаль бүтээсэн учир иргэн бүр байгалийн баялгийн орлогоос хүртэх учиртай гэх логик энд явж буй. “Байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн” гэж Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.
Гэхдээ хүүхдийн 100 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга гэх мэтээр баялгаа үрэн таран хийлгүй гурван санд ангилан оруулж байгаа нь энэ хуулийн нэг дэвшилттэй санаа юм. Энэ нь сангуудад хуримтлагдсан хөрөнгийг гурван сая гаруй иргэндээ тэгш хувааж өгнө гэсэн үг биш. Тэгш, хүртээмжтэй гэдэг нь өнөөдөр болон ирээдүйд төрөх үр хүүхдүүд цөм хүртэх ёстой гэсэн санааг агуулж буй. Өөрөөр хэлбэл, энэ жил хуримтлуулсан мөнгөө тэр даруй иргэдэд тараах бус “жинхэнэ” хуримтлуулах аж. Хуримтлуулаад зогсохгүй Засгийн газрын бонд зэргийг худалдан авч арвижуулах хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэхээр болсон. Угаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор Баялгийн сан бол төсөв, эдийн засгийн орлогын тогтворгүй байдлын эрсдэлд өртөхөөс сэргийлэх, мөнгөний удирдлагыг хүсээгүй хөрвөх чадвараас сэргийлэх, ирээдүй үедээ зориулж хадгаламж бий болгох зорилготой байдаг.
Одоогоор гурван сангийн хөрөнгийн удирдлагыг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хариуцаж, төсвийг нь УИХ батлахаар болжээ.
Чухам энд Баялгийн сангийн тухай хуулийг баталснаас дутахааргүй чухал буюу хуулийн хэрэгжилтийг хангах асуудал яригдана.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Уг хуульд хоёр том сул тал бий. Нэгдүгээрт, сангуудын засаглал. Сангийн хөрөнгийг зөв удирдаж, зарцуулалт нь улсын хөгжлийн төлөө байх ёстой. Өнгөц харахад хуульд ийм санаанууд туссан ч өмнөх сангуудын алдаа дутагдлыг давтах магадлалтай, засаглалын сайн зарчмуудыг суулгаж өгөөгүй учраас уг хууль эргэлзээ төрүүлж байна” гэж өгүүлсэн.
Түүнээс гадна Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “муухай харагдуулж”, шүүмжлэлийн бай болгож буй “алдаа” нь тус хууль батлагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт (нийт найман хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ) юм. Уг хуульд “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг Төр нөхөн төлбөргүйгээр эзэмших” мөн “Аливаа этгээд дангаар болон болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамт эзэмших стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 20-иос дээш хувь эзэмшихийг хориглоно” гэсэн өөрчлөлтүүд оруулсан.
Товчхондоо, гаднын хөрөнгө оруулагчид аливаа стратегийн ордын 20 хувиас багыг эзэмших, стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааныхаа 10 хувиас доошгүйг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, мөн 34 хувьтай тэнцэх хувьцааг нь төр эзэмшиж болох юм.
“Цаашид томоохон гадаадын хөрөнгө оруулагч Монголд орж ирэх үүд хаалгыг хаалаа. Рио Тинто компани Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшиж байгааг бид мэднэ. Гэтэл 34 хувь гэж хязгаарлахаар хөрөнгө оруулагчид төслөө цаашид яаж авч явах вэ гэдэг дээр асуудалтай тулгарна. Хуулийн эдгээр өөрчлөлтийн талаар мэдээлэл гарсны дараа зарим хөрөнгө оруулагч гэрээ хэлцлээсээ буцсан, цуцалсан мэдээлэл сонсогдож эхэллээ” хэмээн АмЧам Монголын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс өгүүлсэн.
Уул уурхайгаас өөр гадаадын хөрөнгө оруулалт татдаг салбаргүй манай улсын хувьд гадаад, дотоодоос (их хэмжээний) мөнгө босгох гол соронз нь стратегийн ордууд билээ. Асар их хөрөнгө оруулалт, цаг хугацаа, технологи шаарддаг стратегийн ордыг бид дангаараа олж, ашиглаж, олборлож, экспортод гаргах боломж хомс. Өдгөө УИХ-ын тогтоолоор баталсан стратегийн ач холбогдолтой 16 орд буйгаас зургаагийнх нь лиценз төрийн өмчит “Эрдэнэс Монгол” холдинг компанид буй. Эдгээр ордоо “хөдөлгөхгүй” бол баялгийн сангийн орлого тодорхой хэмжээгээр буурах эрсдэл бий.
Нэг гараараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталчихаад нөгөө гараараа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн заалтыг Ашигт малтмалын хуульдаа оруулсныг нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэж дүгнэж болохоор. Баялгийн сангийн орлогын үүц болсон стратегийн ордуудыг зөвхөн төр давамгай эзэмших юм бол монголчууд цаашдаа бүхнийг өөрөө хийдэг “вакуум” орчинд орох эрсдэлтэй болно.