Б.Золжаргал болон түүний хамт олны найман жилийн аяллын үр дүнд компанийн стратеги дараах гурван зүйлд чиглэж байна. Энэ нь нэгдүгээрт, монгол түүхий эдэд суурилсан масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлох, хоёрдугаарт, Монголын зах зээлд веган бизнесийн гинжин хэлхээг хамарсан платформ бий болгох, гуравдугаарт, веган үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон франчайз бизнесийн загварыг дэлхийн зах зээлд хөгжүүлэх юм.
***
Нэгэн найдварын төгсгөл
Хүн төрөлхтөн Буддын, Христийн, Исламын гэх гурван гол шашинтай гэх. Гэвч өнөөдөр дэлхийн бүх улс, үндэстэн тэр аяараа даган шүтдэг нэг шашин бий. Тэр нь “Эдийн засгийн тасралтгүй өсөлт”. “Өсөлт” гэх үг өдөр болгон шивнэдэг тарни шиг болж, толгойтой бүхэн өсөлтийн талаар ярьж, бичнэ.
Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш хүн булчингийн хүчийг механик хүчээр, түүнийгээ удалгүй цөмийн энергийн хүчээр сольж, тархиа компьютероор, эцэстээ түүнийгээ хиймэл оюуны алгоритмаар хүчирхэгжүүлэх замаар явж ирсэн. Сүүлийн 500 орчим жил үргэлжилж буй тасралтгүй өсөлтийн түүхэнд хүн байгаль болон бусад амьтдыг Өсөлтийг бүтээхэд шаардлагатай түүхий, эд материал болгон ашигласаар ирсэн.
Ингэхдээ хүн бүхэн элбэг хангалуун, бүх хэрэгцээ нь хангагдаад ирэхээр аз жаргалтай болно гэж найдаж байв. Гэвч эдүгээ энэ найдвар нуран унаж байна. Нэгдүгээрт, хүний бүх хэрэгцээг хангаснаар аз жаргал ирэхгүй, хоёрдугаарт, өсөлтийг шүтсэн хөгжлийн загвар, түүнд ашиглаж буй техник, технологийн дэвшил нь эргээд байгаль дэлхийгээ сүйтгэх аюултай болсон.
Энэхүү аюул нь хүлэмжийн хий, цэвэр усны хомсдол, бэлчээр болон ойн доройтол, байгалийн гамшигт үзэгдлүүд зэргээр илэрч байна. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар хүлэмжийн хийн 10-12 хувь хөдөө аж ахуйгаас бий болдог, үүний гуравны нэг нь дэлхий нийтийн сүү, махны үйлдвэрлэлээс үүсдэг. Махнаас нэг калори илчлэг авахын тулд хүн хүнсний ногооноос нэг калори илчлэг авснаас хамаагүй ихээр байгалийг сүйтгэдэг. Ялангуяа, үхрийн махны үйлдвэрлэл тахиа, гахайтай харьцуулахад энэ үзүүлэлтээр дөрөв дахин их.
НҮБ-ын ХХААБ-ын тооцоогоор өнөөдөр дэлхий даяар минут тутамд 140 мянга, жил тутам 50 тэрбум тахиа нядалж байна. Мөн жил бүр 1.5 тэрбум гахай нядалж байгаа нь сүүлийн 50 жилд гурав дахин өсжээ.
Энэ мэтчилэн мал ахуй нь түүхэнд байгаагүй хэмжээгээр тэлсэн учир түүнийг дагасан тэжээлийн аж ахуй нь маш их талбай шаарддаг, ой модыг устгадгаас гадна дэлхий нийтэд тариалсан үр тарианы гуравны нэгийг малын тэжээлд зориулдаг болжээ. Мөн усны хэрэглээний 70 орчим хувь зөвхөн ХАА-д ногддогоос махны үйлдвэрлэл нь хамгийн том “усны мангас”. Жишээ нь, махны нийт гинжин хэлхээг тооцоод үзэхэд нэг кг үхрийн мах үйлдвэрлэхийн тулд 13 тн ус зарцуулдаг байна.
Ийнхүү эх дэлхий био нөөцөө нэг жилийн дотор эргэн сэргэж чадахаа байсан. Эдүгээ албан ёсоор нэг жилийн дотор ашиглах боломжтой био нөөц барагдах өдрийг “Дэлхий нөөцөө дууссан буюу экологийн өрийн өдөр” (Earth Overshoot Day/Ecological Debt Day) болгон зарладаг болсон. Энэ өдөр улам л наашилсаар байгаа бөгөөд 2024 онд долоодугаар сарын 24-нд тохиож байна. Энэ хэвээрээ явбал 2030 он гэхэд бидэнд хоёр дэлхий шаардлагатай болно.
Эдүгээ нүүрлээд байгаа бодит аюулын тухай одоогоос 50 жилийн өмнө буюу 1974 онд Месарович болон Пестель хэмээх хоёр том эрдэмтэн Ромын клубт тавьсан илтгэлдээ “Хүний үнэт зүйлст суурь өөрчлөлт гарч, шинэ ёс суртахуун, байгальд чиглэсэн шинэ хандлага төлөвшсөн цагт л хүн төрөлхтөн дэлхий дахины сүйрлээс аврагдана” гэж сануулж байжээ.
Өөрөөр хэлбэл, хүн өөрийгөө шинээр бүтээх, тасралтгүй өсөлтөөс өөр амьдралын утга учир хайх хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ суурь өөрчлөлтийн эдийн засгийн гаргалгаа нь юу вэ гэдэг нь хүн төрөлхтний өмнөх гол асуулт болж байна. Хүн өөрийгөө байгальд ээлтэй хэлбэрээр “дахин форматлахын” тулд амьдралынхаа хэв маягийг 180 градус өөрчлөх хэрэгтэй болно. Одоохондоо энэ өөрчлөлтийг хийх critical mass үүсээгүй ч нэгэн чиг хандлага эрчимтэй тэлж байгаа нь веганизм юм.
Нэгэн эрлийн эхлэл
Б.Золжаргал өсвөр насандаа амьдралын утга учрыг идэвхтэй хайдаг байв. “Яагаад?” гэдэг асуултын хариултыг олохын тулд төрөл бүрийн ном уншина. Нэгэнтээ “Гэгээн гэрэл” нэртэй ном уншиж, мах идэж болохгүй олон шалтгаан байдгийг ойлгожээ. Мөн англи хэлнээс амьтдын тухай цуврал баримтат кино орчуулж байхдаа амьтад ямар сайхан нууцлаг ертөнцтэй, бас ямар ухаалаг, мэдрэмж өндөртэй байдгийг ойлгожээ. Гэвч хүмүүс өөрсдийгөө тэжээхийн тулд амьтдыг ямар аймшигттай нөхцөлд бордож, сүү, махыг нь хэрэглээнд оруулахдаа ямар хэрцгий аргууд хэрэглэдэг талаар мэдэж авч, маш эмзэг хүлээж авдаг байлаа. Эндээс тэр амьтны асрамжийн газартай болох мөрөөдөлтэй болов.
Улмаар Б.Золжаргал 2004 онд амьдралдаа хамгийн том сонголтоо хийж веган хоолтон болжээ. Түүний гэр бүл сонголтыг нь эсэргүүцсэнгүй. Тэрээр төмс, лууван, будаа, далайн байцаа голдуу иддэг болов.
Дараа нь Хонконгт очоод амьтдын асрамжийн газар яаж ажилладгийг судлаад энэ нь асар их зардалтай, амаргүй ажил гэдгийг ойлгожээ. Энэ төрлийн асрамжийн газар ажиллуулдаг герман эмэгтэйтэй танилцаж, веган хоол нь монголчуудын ойлгодог цагаан хоолноос илүү баялаг, олон төрөл байдгийг олж мэдэв.
Хожим нь байгаль орчны эдийн засгийн (environmental economy) чиглэлээр дипломын ажлаа бичжээ. Дипломын ажлын судалгаа хийх явцдаа МАА-н байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний талаар илүү гүнзгий мэдлэгтэй болж, веган хоолтой найзуудтай болж, эргэлт буцалтгүйгээр энэ салбарт орсон байна.
2014-2015 онд Москва хотод амьдарч байхдаа веган хоолны блогер нэгэн халимаг бүсгүйтэй хамтарч, Москвагийн веган хоолны хоёр дахь рестораныг хотын төвд байгуулжээ. 10 сая гаруй хүн амтай Москвад тэр үед залуучуудын дунд веган хоол дэлгэрч эхэлж байлаа. Тэдний нээсэн ресторан цэс, хоолны амт, интерьер зэргээрээ өвөрмөц, шинэлэг байж, веган хоолтнуудын цугларах дуртай, төрөл бүрийн арга хэмжээ зохиодог газар нь болжээ.
Гэхдээ Б.Золжаргалын хувьд удалгүй энэ бизнест оролцоогоо багасгаж, веган хоолны бизнесээс сурсан зүйлээ Монголд туршиж үзэхээр буцаж ирэв. Тэрээр Монголын зах зээлд веган хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх том боломжтой хэмээн үзэж, 2016 онд Veg Art Natural компаниа байгуулан үйлдвэрээ нээж, жилийн дараа “Бурхадын зоог” компанийг худалдан авч, түүнээс бас нэг жилийн дараа веган хоолны Foody рестораныг нээв. Ийн веган хоол түүний хувьд зүгээр нэг хоолны дэглэм, амьдралын хэв маягаас илүү амьдралынх нь үйл хэрэг болж хувирсан байна.
Веган чиг хандлага
Дэлхий дахинд трэнд болоод буй веган хоол нь мах төдийгүй сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг ч иддэггүй, зөвхөн ургамалд суурилсан хүнс хэрэглэдэг хүмүүсийн тухай яриа юм. Харин мах идэхгүй ч сүү, өндөг, зөгийн балаас татгалзахгүй бол тэр нь вегетариан болно.
Эдүгээ дэлхийн хүн амын 1.1 хувь буюу 88 сая хүн веган амьдралын хэв маягтай болжээ. Үүн дотроо Милленниал буюу 1980-аад оны эхнээс 1990-иэд оны дунд үед төрсөн үеийнхний 38 хувь өөрсдийгөө веган гэж үзэж байна.
Ковид-19 цар тахлаас хойш хүмүүсийн амьдралын хэв маяг, хоолны дэглэмд том өөрчлөлтүүд бий болсноор веган чиг хандлага эрчимжиж, ялангуяа Z үеийнхний хувьд гол үнэт зүйлсийн нэг нь болоод байна. Тухайлбал, Их Британийн ахлах сургуулийн сурагчдын 70 хувь нь сургуулийн хоолондоо ургамлын гаралтай хоол идэх сонирхолтой гэжээ.
Улмаар мах үйлдвэрлэлийн байгаль, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөнөөс үүдэж 2050 он гэхэд нийт махны хэрэглээний гуравны нэг нь мах орлуулагчтай болно гэсэн тооцоо байдгийг Б.Золжаргал сонирхууллаа. Монгол Улсын хувьд тодорхой судалгаа байхгүй ч түүний ярьснаар сүүлийн 2-3 жилд энэ чиг хандлага мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа аж. Түүний байгуулсан Foody рестораны сошиал хуудас л гэхэд 10 мянга гаруй дагагчтай байснаа богино хугацаанд 46 мянга болсон нь үүний нэг илрэл гэж болно. Веган хоолны ач холбогдол манай улсад өсөж байгаа нь махны хэрэглээ өндөр, түүнээс үүдэлтэй өвчлөл ихсэж байгаа учраас ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх хэрэгцээ, сонирхол ихэссэнтэй холбоотой гэж тэр таамаглаж байна.
Веган хоол нь зөвхөн шашин, ёс зүйн сэдэв байхаа больж, байгаль, ан амьтанд хоргүй, бас илүү эрүүл амьдрах хэрэгцээ болж хувирч байна.
Энэ мэтээс харахад веган хоол нь зөвхөн шашин, ёс зүйн сэдэв байхаа больж, байгаль, ан амьтанд хоргүй, бас илүү эрүүл амьдрах хэрэгцээ болж хувирч байна. Энэ нь улмаар асар том өртгийн сүлжээ бүхий эдийн засгийн шинэ чиглэлийг үүсгэж байна. Statista платформын тоогоор 2023 онд ургамалд суурилсан хүнсний зах зээлийн үнэлгээ 10.1 тэрбум ам.доллар болсон бөгөөд 2028 он гэхэд 16.7 тэрбум ам.доллар болно гэсэн хүлээлттэй байна.
Шинэ зах зээлд Жеймс Кемерон, Билл Гейтсээс эхлээд том хөрөнгө оруулагчид бий болж, “хүн төрөлхтнийг аврахад” тохирох шийдэл, бизнесийн загварууд хайсаар байна.
Хайраар бүтээж, урлагаар багцлах нь
“Манай компани “Vegan for world peace” гэсэн уриатай. Дэлхийд илүү амар амгалан болохын тулд веганизмыг хөгжүүлэх нь миний мөрөөдөл” гэж Б.Золжаргал онцолж ярилаа. Тэрээр веган хоол дэлгэрч байгаа нэлээн олон орноор аялж, заримд нь сурч, ажиллаж байхдаа уг зах зээлийн боломжийг судалсаар байв. Нөгөө талаар веган хоолтнуудыг өөрсдийгөө нийгмээс тусгаарласан хачин жигтэй хүмүүс гэх ойлголт түгээмэл байдаг учир энэ амьдралын хэв маяг түүний хувьд үнэхээр зөв сонголт гэдгийг баталгаажуулахын тулд гадаад орнуудаар аялдаг байжээ. Үр дүнд нь түүний итгэл үнэмшил улам бэхжиж, зүгээр нэг веган хоолтон байгаад зогсохгүй бизнесээрээ дамжуулаад өөрийн гэсэн онцгой, том ертөнцийг бий болгожээ.
“Veg Art Natural” гэх гурван үг бол түүний бизнесийн алсын харааг илтгэсэн ДНК код гэсэн үг. Veg буюу vegan гэдэг нь өөрийгөө, байгалиа, амьтдыг хайрлах тухай, Art гэдэг нь хоолыг урлагтай хослуулах тухай, харин Natural бол мэдээж байгальд ээлтэй гэсэн утгыг илэрхийлнэ.
Б.Золжаргал бизнесийнхээ тухай ярихдаа “Хайр” гэдэг үгийг давтан ярьж байлаа. Тодруулбал, тэдний байгууллагын соёлд “Хайраа хөгжүүлэх” гэсэн ойлголт бий. Энэ нь хүн IQ, EQ-гээ хөгжүүлдэг шиг хайрын чанар буюу LQ (Loving quality)-гээ хөгжүүлэх шаардлагатай. “Ургамалд суурилсан хоол идэхэд амьтан зовоосон гэдэг буруугийн мэдрэмж байдаггүй, ийм сонголт хийсэндээ сэтгэл санаа ч амар амгалан, дотоод хүн маань маш баялаг болж, тэлсэн юм шиг санагддаг. Тиймээс веган хоолтой болсон маань сорилт гэхээсээ амьдралын хамгийн том бэлэг гэж боддог” хэмээн тэр ярилаа.
Art гэх агуулгын хувьд Б.Золжаргал урлаг, тэр дундаа контемпрэри урлаг сонирхдог. Түүнээс гадна энэ үг уг компанид ажиллаж байгаа хүн бүхэн нээлттэй сэтгэдэг, бүтээлч ажилладаг, ажилдаа дурласан байгаасай гэсэн санааг агуулдаг.
Б.Золжаргал бүтээгдэхүүндээ хайр, урлаг хоёрыг хослуулж илэрхийлэх шийдлүүдийг үргэлж эрэлхийлж явдаг бөгөөд ялангуяа энэ нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатанд том ялгарал бий болгодог. Жишээ нь, ургамалд суурилсан еэвэнг “Эх дэлхийгээ хайрлая” гэдэг уриатай бүтээхдээ энэ санаагаа бүтээгдэхүүний нэрээс гадна баглаа боодлоор нь дамжуулж хүргэнэ. Тодруулбал, эх дэлхий бол бидний орон гэр учраас бүтээгдэхүүнээ “Home” хэмээн нэрлэж, баглаа боодол дээр нь эх дэлхий, тэр дундаа монгол хүний сэтгэлд илүү ойр уул, усыг дүрсэлнэ. Эсвэл “Хайр” нэртэй цуврал байлаа гэж бодоход амьтдыг хайрлах санааг илтгэсэн зургуудтай байлгаж, “Love, Green, friend” гэсэн түлхүүр үгээр гол санаагаа өгөх жишээтэй. Энэ мэтээр тухайн бүтээгдэхүүнээр дамжуулж ямар мэссэжийг, хэрхэн өгөх вэ гэдэг нь тун чухал. Зөвхөн үүнийг шийдсэний дараа л ямар технологиор үйлдвэрлэх вэ гэдгээ шийддэг. Зүйрлэвэл, Б.Золжаргал бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ “хайр” гэх агуулгыг төрөл бүрийн шийдлээр шингээж, урлагаар баглаж, боодог гэхэд болно. Тэрээр бүтээгдэхүүнтэйгээ холбогдуулж урлагийн үзэсгэлэн гаргах бодолтой байдгаа ч хэллээ.
Веган эко систем
Монголын веган хоолны зах зээл том биш, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж цөөн тооны масс бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаагүй учраас стратегийн хувьд жижиг зах зээл дээр веган хэрэглэгчдэд зориулсан бүх төрлийн бүтээгдэхүүн байршуулах ёстой гэж тэд үзсэн байна. Ингэхдээ бүтээгдэхүүний үндсэн концепц нь уламжлалт хүнсний бүтээгдэхүүнүүдийн ургамалд суурилсан алтернатив хувилбарыг хөгжүүлэхэд чиглэж ирсэн. Жишээ нь илүү эрүүл боорцог, илүү эрүүл тараг, илүү эрүүл мах гэх мэт. Эдүгээ хоёр үйлдвэр нийлээд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 120 гаруй харилцагчтай болсон байна.
Гэхдээ зөвхөн бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хангалтгүй учир түүгээр хэрэглэгчдэд амттай хоол хийж өгөх хэрэгтэй байсан болохоор 2018 онд Foody веган хоолны ресторан байгуулж, анхны салбараа Шангри Ла-д нээжээ. Өнөөдөр нийтдээ зургаан салбартай болж тэлээд байна. Ийнхүү Б.Золжаргал болон түүний баг веган хоолны үйлдвэрлэл үйлчилгээг зэрэг хөгжүүлж байна. Ердөө 30 орчим сая төгрөгөөр бизнесээ эхэлсэн тэрээр олсон ашиг болгоноо бизнестээ зориулж, бизнес органикаар тэлж ирсэн.
Гэвч сошиал энтерпрайзын алсын хараандаа хэтэрхий төвлөрөөд ашигт ажиллагаагаа хаячихсан байв. Энэ нь ялангуяа 2022 онд хөрөнгө оруулагч – бизнес хамтрагчтай болсноор улам тодорхой болж, бизнесээ харах өнцгөө өөрчилж, стратегиа шинэчилж эхэлсэн байна. Ингэснээр үүсгэн байгуулагч нь өөрийн эрч хүч, хүсэл тэмүүллээр бизнесээ хөгжүүлж тодорхой түвшинд хүрсний дараа мэргэжлийн удирдлагын баг бүрдүүлэх шат руу ордог, олон бизнес эрхлэгчийн туулдаг тэрхүү замаар Б.Золжаргал явж байна.
Өнөөг хүртэл энэ бизнесийг түүний эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, үүсгэн байгуулагч болон хамтрагч, хамт олны хүсэл тэмүүлэл, байгууллагын соёл урагшлуулж, давуу тал нь болсоор ирсэн. “Харин одоо энэ бүхнээ тодорхой стратегийн хэлбэрт оруулж, түүнийг хэрэгжүүлэх менежментийн чадавх бий болгохыг зорьж байна” хэмээн Б.Золжаргал ярив.
Б.Золжаргалын багийнхан өртгийн сүлжээний цэгүүд дээр чаддаг, мэддэг хүмүүстэй нь хамтарч, хүнсний салбарынхантай хамтарч ажиллах төрөл бүрийн механизм хөгжүүлэхийг зорьж байна.
Бизнесийн хамтрагч орж ирснээр ашиг хүртэнэ гэхээс илүү олсон бүх ашгаа эргээд бизнестээ зориулдаг байсан нь өөрчлөгдөж, ашигт ажиллагаа, тоондоо анхаарч, санхүүгийн моделио хөгжүүлэх нь дараа дараагийн хөрөнгө оруулалт авах, бизнесийн түншүүдтэй болох, цаашлаад олон улсын зах зээлд гарах боломжийг нээхэд шаардлагатай юм. Тиймээс санхүүгээр мэргэшсэн гүйцэтгэх захирал томилоод удаагүй байгаа.
Б.Золжаргал болон түүний хамт олны найман жилийн аяллын үр дүнд компанийн стратеги дараах гурван зүйлд чиглэж байна. Энэ нь нэгдүгээрт, монгол түүхий эдэд суурилсан масс бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа экспортлох, хоёрдугаарт, Монголын зах зээлд веган бизнесийн гинжин хэлхээг хамарсан платформ бий болгох, гуравдугаарт, веган үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон франчайз бизнесийн загварыг дэлхийн зах зээлд хөгжүүлэх юм.
Веган хоолны үйлдвэрлэлд хэд хэдэн том ялгаа бий. Жишээлбэл, ямар нэгэн нөөшлөгч хэрэглэдэггүй учраас хадгалах хугацаа богино. Дараагийн ялгаа нь энэ төрлийн үйлдвэрлэлд зориулсан технологи хөгжөөгүй болохоор гар ажиллагаа их. Мөн ашиглах түүхий эд нь оригинал байх ёстой учраас орц, найрлагын сонголт маш чухал. Тухайлбал, чацарганатай боорцог хийхэд бүхэл үрийн гурил, овьёос хоёрыг бор сахараар амталж, чацарганы шүүсээр биш, оригинал чацарганаар нь зуурч хийдэг. Ингэснээр хэрэглэгчид очих ёстой амт, шим тэжээл нь хадгалагдах учиртай. Сүмсээ хүртэл өөрсдөө зуурдаг аж. Өөрөөр хэлбэл, веган хоол үйлдвэрлэхэд бэлэн бэлдэц хаа нэгтээгээс аваад хийх боломж хязгаартай. Энэ нь үйлдвэрлэлийн хувьд өртөг өсгөдөг ч хэрэглэгчдэд онцгой амтыг өгч чаддаг.
Гэхдээ одоо бизнесээ тэлэхийн тулд масс бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр аргагүй болж байна. Тиймээс бүтээгдэхүүний нэр төрлийг цөөлөн чанартай хэдийг үлдээж, масс зах зээл, дундаж зах зээл, премиум зах зээл хэмээн категорид хуваасан байна. Тодруулбал, масс зах зээлд еэвэн, хиам, шинэ төрлийн догбуги, дунд зах зээлд боов, боорцог, харин премиум зах зээлд гурилгүй тортнууд, өндөр зэрэглэлийн талхнууд, махны бэлдэцүүд гэх мэт бүтээгдэхүүн санал болгож байна. Ингэхдээ масс бүтээгдэхүүнийг үйлдвэрийн зарчмаар үйлдвэрлэж, харин премиум бүтээгдэхүүнийг илүү гар ажиллагаа шаардсан байдлаар үйлдвэрлэх аж.
Энэ дотроос экспортын баримжаатай хоёр масс бүтээгдэхүүн хөгжүүлж буйгаа Б.Золжаргал ярилаа. Эдгээр нь чацарганы шүүс, улаан буудай, арвайн гурил, халгай гэх мэт монгол түүхий эд түлхүү ашигласан еэвэн, арвайн гурилтай бөмбөлөг юм. Өөрөөр хэлбэл, тэд илүү монгол онцлогтой, олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой түүхий эдийг сонгон экспортод гарах зорилготой аж. Гэхдээ чацарганыг эс тооцвол түүхий эдийн ханган нийлүүлэлтийн тогтолцоо сул хөгжсөн учраас түүхий эд тариалалтын судалгаа, шинжилгээний ажил дутагдаж байгааг тэр хэллээ. Өмнөд Солонгос веган хоолны өртгийн сүлжээнд том хөрөнгө оруулалт хийж, том тоглогч болж байгаа бөгөөд Монгол ч бас ийм байдлаар шинэ тутам хөгжиж буй энэ зах зээлд өрсөлдөх чадвараа тодорхой хэрэгтэй гэдгийг тэр мөн дурдлаа.
Б.Золжаргалын хувьд үйлдвэрээ нээсэн цагаас эхлээд л хүнсний салбарын бүх бизнес эрхлэгчдэд тулгардаг түүхий эдийн ханган нийлүүлэлтийн асуудалтай тулгарсаар яваа. “Тэр тусмаа веган хоолны салбарт бидэн шиг мөс зүсэж яваа хүмүүст өөрсдөө зах зээлээ, экосистемээ хөгжүүлэхээс өөр аргагүй. Манай үйлдвэрүүдийн хувьд Монголд ургадаг түүхий эд маш цөөн” гэж Б.Золжаргал онцлов. Энэ нь түүнийг Монголын зах зээлд түүхий эдээс эхлээд үйлчилгээ хүртэлх веган бизнесийн гинжин хэлхээг хамарсан платформ бий болгох стратегийн хоёр дахь том зорилтод хөтөлжээ.
Хүнсний зарим чиглэлд том үйлдвэрлэгчид өөрсдөө газар тариалан, фермерийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа бол Б.Золжаргалын багийнхан өртгийн сүлжээний цэгүүд дээр чаддаг, мэддэг хүмүүстэй нь хамтарч, хүнсний салбарынхантай хамтарч ажиллах төрөл бүрийн механизм хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, махан хоолны газрууд веган хоолны цэстэй, зочид буудал, жуулчны бааз зэрэг зочлох үйлчилгээний газрууд, байгууллагууд долоо хоногийн аль нэг өдөр веган хоол хэрэглэдэг байж болно. Foody рестораны үйлчлүүлэгчдээс харахад 90 шахуу хувь нь хагас веган хоолтой, өөрөөр хэлбэл, веган хоолыг өдрийн тодорхой цагт эсвэл долоо хоногийн тодорхой өдрүүдэд хэрэглэдэг хүмүүс байдаг аж. Энэ нь бусад улсад ч нийтлэг байдаг зүйл юм.
Гэхдээ цэвэр веган хоолтнуудын тоо тогтмол өссөөр байгаа болохоор веган хоолны платформ бий болгох нь байгальд өндөр нөлөөлөлтэй хүнсний салбарт шинэ хандлага, хэм хэмжээ төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа цар тахлаас хойш веган хоолны хэрэглээ хүчтэй тэлж байна. Б.Золжаргалын багийнхан энэ давлагаатай нийцэн салбартаа веган хоолоор дамжуулан шинэ соёл, амьдралын хэв маягийг хэвшүүлэх алсын хараатай. Тэрээр “Бид цаашдаа хүнсний салбартаа хувьсгал хийхийг хүсэж байна” гэж хэллээ.
Энэ санаагаа нийгэмд хүргэхийн тулд төрөл бүрийн коммюнити арга хэмжээ зохион байгуулж, веган гэдэг агуулгыг зөвхөн веган хоол, түүнийг иддэг хүмүүс гэдгээс илүү энэ нь амьдралын хэв маяг гэдэг ойлголтыг бэхжүүлэх маркетингийн бодлого явуулж, байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйлчлүүлэгчидтэй хамтарч байна. Түүнчлэн сошиал медиагаар дамжуулан амьтан, байгаль, эрүүл мэнд гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд үнэт зүйлс нэгтэй хүмүүст чиглэсэн контентууд бүтээсээр байна.
Энэ бүхний хажуугаар Б.Золжаргал веган үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон франчайз бизнесийн загварыг дэлхийн зах зээлд зориулан хөгжүүлэх ажлаа аажмаар урагшлуулж байгаа. Веган салбар нь олон улсдаа шинэлэг учраас франчайз хэлбэрээр гадаадын зах зээлд бизнес модель, нөү хаугаа борлуулахад тохиромжтой гэж тэр үздэг. Б.Золжаргал 20 орчим орноор явж веган хоол судлахдаа зах зээл болон хөрөнгө оруулалтын том боломжууд байгааг олж харсан. Тэрээр гүйцэтгэх захирал томилон өөрийгөө үйл ажиллагаанаас чөлөөлсөн нь ойрын хугацаанд гадаадад, тодруулбал, Хятад хэмээх том зах зээл дээр амьдарч, франчайз бизнесийнхээ стратегийг боловсруулах төлөвлөгөөтэй нь холбоотой. Тэгээд ч веган хоолны чиглэлд бизнес загвар хөгжүүлэх уламжлалт сэтгэлгээ, арга барил үр дүн муутай болж, бизнес эрхлэх ихэнх систем хуучирч байгаа учраас Б.Золжаргал байгальд ээлтэй шинэлэг шийдлүүдийг идэвхтэй эрэлхийлж байгаа. Тэрээр “Бид дэлхийд хэрэгтэй систем хөгжүүлэхийг хүсэж байна. Бид жижиг ч гэсэн том нөлөөлөл үзүүлж чадна” гэж онцлов.
Хөрөнгө оруулалт талаас веган салбар нь бүр их боломж амлаж буй. Дэлхийн том хөрөнгө оруулагчид усны хомсдол, хүлэмжийн хий, орчны бохирдол, антибиотекийн асуудлыг шийдэх арга замуудыг санал болгосон шийдлүүд хайж байгаа. Мөн веган хоолны бизнес хөгжүүлдэг инкубатор төвүүд ч олширч байна. “Бидэнд олон улсад салбар нээх том зорилго бий. Хэрэв бид ашигтай, ухаалаг загвар боловсруулж санал болгож чадвал хөрөнгө оруулалт татах бололцоо өндөр. Веган бол хөрөнгө оруулагчид жагсаж байгаа салбар” гэж Б.Золжаргал хэлэв.
Дэлхийн бизнест болно гэдэгт бүгд итгэдэг
Б.Золжаргал болон түүний хамтрагч, хамт олны байгуулсан бизнесүүдэд менежментийн тал дээр олон компанид тулгардаг нийтлэг сорилтуудыг туулж яваа. Санхүү, зээл, татварын харилцаатай холбоотой асуудлууд ч мундахгүй. Тэд хөгжиж буй компанийн жишгээр ТУЗ байгуулах, санхүүгийн стратегитай болох, төрөл бүрийн стандарт нэвтрүүлэх үе шатан дээрээ явж байна. Тэдний компани өнөөдөр үүсгэн байгуулагч нь өөрөө үргэлжлүүлэн удирдах нь урт хугацаандаа оновчгүй учраас менежментээ илүү системтэйгээр авч явах шаардлага тулгардаг тэр л мөчлөгт тулж ирсэн.
Гэхдээ тэдний маш том нэг давуу тал нь хамт олон юм. Эдүгээ 90 гаруй ажилтантайгаас олон хүн компанидаа удаан хугацаагаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, түлхүүр ажилтан олонтой, тэдгээр нь компанийнхаа алсын харааны төлөө нэгдмэл байдлаар зүтгэж чаддаг, компанид өөрийн гэсэн соёл тогтсон, салбар нь өөрөө нэлээд онцлогтой, үнэхээр дурлаж хийдэг хүмүүс их байдаг зэрэг нь хүний нөөцийн эргэцийг бага байлгадаг.
Удирдлагын гол арга барил нь хүнд алдах боломжийг нь өгч, ажилтнуудаа халамжлах, үр дүнтэй харилцааг хөгжүүлэх замаар түлхүүр ажилтнуудаа бэлддэг. “Зарим хүн намайг зөөлөн байна гэж хэлдэг. Гэхдээ би хүмүүсээ эрх мэдлээр бус алсын хараа, үнэт зүйлсээр нь чиглүүлэхийг зорьдог. Ажлын орчныг эерэг байлгахыг, цалин багатай ч стресс багатай байлгахыг хичээдэг. Манай ихэнх хүмүүс хийж байгаа ажил нь дэлхийн бизнес болно гэдэгт итгэдэг” гэж Б.Золжаргал бахархан ярилаа.
Веган танин мэдэхүй ба эрүүл мэндийн эрх чөлөө
Веган хүмүүс амьтны гаралтай хүнснээс татгалздаг гурван үндсэн шалтгаан бий. Энэ нь нэгдүгээрт, амьтны эрх. Хоёрдугаарт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө. Гуравдугаарт, эрүүл мэнд буюу холестерин, өөх тос, махаар дамжих антибиотикоос үүдэлтэй өвчлөлүүд. Веган хоолтнууд эдгээр өвчлөлөөс хол байж чаддаг.
Веган хоолтнууд уургийн дутагдалтай байдаг гэх ойлголт түгээмэл ч ургамлын гаралтай маш олон материалаар хоол хийж, уураг авах боломжтой. Тухайлбал, шар буурцаг, самар, мөөг, шош зэрэг нь уургийн агууламж боломжийн бөгөөд эдгээрийг ногоо, үр тариатай хослуулаад тэнцвэртэй идвэл шим тэжээлээ бүрэн авч чадахаас гадна амин дэм дутагдана гэж санаа зовох хэрэггүй.
Б.Золжаргалын тайлбарласнаар веган хоолны дэглэм хүний бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэл, оюун санааны эрүүл мэндийг сайжруулдаг. Бие махбодын эрүүл мэндийг авч үзвэл эрүүл байхад нөлөөлдөг хүчин зүйлсийн 70 хувь нь хооллолттой холбоотой. ДЭМБ-ын судалгаагаар хоолны дэглэм зөв байвал нийт хавдрын өвчлөлийн гуравны нэгээс сэргийлж болно гэж үздэг.
Ургамалд суурилсан хоол, хүнс нь махан хоолтой харьцуулахад хөнгөн, хүний хоол боловсруулах эрхтний бичил орчныг сайжруулж, түүгээрээ дархлааг дэмждэг.
Эдүгээ ихэнх өвчлөл хүний биеийн дархлааны доройтлоос үүдэж үүсдэг. Учир нь дархлаа нь хоол боловсруулах эрхтний тогтолцоонд суурилдаг. Харин ургамалд суурилсан хоол, хүнс нь махан хоолтой харьцуулахад хөнгөн, хүний хоол боловсруулах эрхтний бичил орчныг сайжруулж, түүгээрээ дархлааг дэмждэг давуу талтай. Б.Золжаргал өмнө нь хоолойны ангин буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл, бас бамбайн бага зэргийн үрэвсэлтэй байсан бөгөөд веган хоол хэрэглэдэг болсноор тэр нь алга болсон байна. Мөн барагтай ханиад хүрдэггүй, харшилгүй, эмнэлгээр явдаггүй, байнгын эрч хүчтэй, эрүүл гэдэгтээ 100 хувь итгэлтэй байж чаддаг гэдгээ ярилаа.
Хоёрдугаарт, веган хоолтнууд оюун санаа, сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байж чаддаг аж. Европын орнуудын жишээнээс харахад фермерийн аж ахуйд малыг яаж бордож, нядалдгийг интернэтээс харсан хүмүүс махнаас татгалзах нь элбэг. Европын орнуудад веган хоол хүчээ авч буйн нэг шалтгаан нь энэ гэж болно. Тэнд малыг бэлчээрт маллахаас илүү харгис нөхцөлд малыг байлгадаг. Жишээ нь, тахиаг А4 цаасны хэмжээтэй торонд үржүүлж, хүчээр томруулж байгаад нядалгааны машинд оруулдаг, зарим амьтад галзуурах тохиолдол ч байдгийг Б.Золжаргал ярив. Түүний хувьд интернэтээс иймэрхүү бичлэгүүд үзсэний дараа махнаас татгалзах сэдэл улам хүчтэй болж байв. Өнөөдөр шинэ ажилтнууддаа ажлын чиг баримжаа олгох сургалт дээр компанийнхаа тухай ярихдаа иймэрхүү материалуудтай танилцуулдаг.
Б.Золжаргал веган хоол эрүүл мэндэд нь яаж нөлөөлсөн талаар дүгнэж хэлэхдээ “Ер нь бид эрүүл мэнд гэж юу вэ гэдгийг эргэж сайн бодох хэрэгтэй болов уу. Энэ сонголтыг хийснээр миний амьдралын чанар сайжирч, эрүүл мэндийн эрх чөлөө гэдэг зүйл зүгээр л бонусанд нь ирсэн юм” гэж хэллээ.