Есөн настай Алви Сингер депресст орсон учраас эмчид үзүүлж байгаа үзэгдэл Вүүди Аллений “Annie Hall” кинонд гардаг. Хүү нь номоос уншсан зүйлээсээ болж ингэсэн хэмээн сандарч бачимдсан ээж нь эмчид хэлэхэд Алви “Дэлхий улам томорч байгаа учраас нэг өдөр дэлбэрнэ, тэгээд бүх зүйл төгсөнө” гэж зөрүүдэлдэг юм. “Хүү маань гэрийн даалгавраа хийхээ больсон” гэж ээж нь санаа зовних боловч “Дэлхий сөнөх юм чинь тэгэх ямар хэрэг байна вэ” гэж хүү нь хариулдаг.
Энэ бол “гэрийн даалгаврыг маань нохой идчихсэн” гэдэгтэй харьцуулбал илүү бүтээлч хариулт юм. Мэдээллийг хүссэнээрээ олж авах боломж, цэцэрлэгийн робот, хиймэл оюун бүхий шинэ эринд боловсрол ямар ч үүрэггүй гэсэн Алвигийн таамаглалд итгэх боломжтой юу? Интернэт, хөдөлгөөнт төхөөрөмж, дэлгэц давамгайлсан энэ эринд заавал сургуульд очиж сурах хэрэг байна уу? Сурах ёстой бүх зүйлийг гэрээсээ сурч, мэдэж болно шүү дээ. Түүнээс гадна Google бүх зүйлийг хийгээд өгөх юм чинь зөв бичиж, тоо бодож, тэр бүү хэл гадаад хэл сурч яах билээ? Ерөөсөө ямар ч зүйлийг хэдийд ч хаанаас ч мэдэж, харж болох учраас ямар нэг зүйлийг сурах хэрэг байгаа юу?
Ирээдүйг анирлавал
Лекцээ видео хэлбэрээр татаж аваад өөрийнхөө ая тухад нийцүүлэн 1.5-ийн хурдтай үзэж, ойлгоогүй, эсвэл тодорхой бус сэдвийг ухраагаад үзэх боломжтой учраас хичээлд суухаас татгалзах болсон оюутнууд байдгийг би харж байсан. Машин сургалт, автомат системүүд хүний хийж чадах зүйлсийг хамаагүй бага зардлаар хийдэг болсон энэ үед ерөөс боловсролтой болох хэрэгцээ бий юу? Өнөөгийн боловсролын систем нь технологийн хурдтай өөрчлөлтөд гээгдэж, хэрэгцээгүй болох дараагийн үеийг бэлтгэж байгаа юм биш биз гэсэн асуултууд өөрийн эрхгүй төрж байна.
Хүн төрөлхтөн өмнө нь ийм байдалд олонтоо орж байсан. Машинууд нь хүний ур чадвараас давж гарсан маш олон түүхийг бид мэднэ. Гэхдээ энэ удаад өөрчлөлтийн хурд, далайц эрс өөр гэдэг нь үнэн ч тийм биш байж болох талтай юм.
Тийм болохоор бид Даглас Адамсын The Hitchhiker’s Guide to the Galaxy номд багтсан мэргэн зөвлөгөөг дагах хэрэгтэй: “Бүү цочирд”.
Нөгөөтээгүүр, алс холын ирээдүйн талаар бидний баттай хэлж чадах цорын ганц зүйл бол уг ирээдүй маш тодорхойгүй гэдэг нь юм. Тиймээс хүүхдүүдийнхээ ирээдүйг гэгээлэг болгоход бэлтгэх нь насанд хүрэгч, ирээдүй үеийг сурган хүмүүжүүлэгч бидний үүрэг билээ. Энэ үүднээс бид байж болох бүхий л үр дүнд, ялангуяа таагүй үр дүнд зориулж бага ч атугай бэлтгэл базаах хэрэгтэй. Учир нь бүхий л салбар дижитал түйвээлтэд өртөж байгаа юм чинь боловсрол ч түүнээс ангид байх боломжгүй. Мэдээж боловсролын салбар нь энэ тал дээр хамгийн сүүлийн “цайз” болж байгаа хэдий ч сурган хүмүүжүүлэгч нар дижитал технологийн давуу талуудыг дээд зэргээр ашиглахгүй бол нэг л өдөр дижитал түйвээлтийн хохирогч болох магадлалтай юм.
Үүнд үндэслээд, “дэлхий нэг л өдөр сүйрэх учраас сурах хэрэггүй” гэсэн Алвигийн санааг хоёр өөр хувилбараар ухаж ойлгож болно. Нэгдүгээрт, Алви Сингерийн хэлснээр юу ч сурах шаардлагагүй. Та бид боловсролын салбарт юу ч хийсэн эцсийн үр дүндээ ямар ч нэмэргүй. Тийм учраас махаа шараад, наранд биеэ шаран зугаацаж болно.
Эсвэл үүний эсрэг хувилбарыг хэрэгжүүлье. Дэлхий хэмээх жижиг гараг болон түүний дээр хэсэгхэн хугацаанд амьдарч буй хүн бүрийг хайрлаж хамгаалах нь чухал гэдгийг бид ойлгох ёстой. Ингэх хамгийн шилдэг арга бол боловсролыг ашиглаж хорвоо ертөнц, амьдралын утга учрын талаар сониуч занг хүмүүст төрүүлэх явдал юм. Түүнчлэн хүн бүр амьдралынхаа туршид өөрийн гэсэн түүх, өвийг үлдээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг өв нь эерэг, эсвэл сөрөг байх эсэхийг гагцхүү боловсрол л шийднэ.
Шинэ зууны боловсролын өөрчлөлтөд нэмэрлэх 10 санаа
1. Багш нарын цалинг нэмэх (эсвэл татварийн хөнгөлөлт)
Багш нь хамгийн хүсүүштэй, дурлууштай мэргэжлийн нэг болох ёстой. Миний буруу байж болох ч багш нарт өндөр цалин өгөх нь багш нарын тоо, чанарт маш их эерэг өөрчлөлт авчирна. Хэрэв цалинг нь нэмээд үр дүнд хүрэхгүй бол багшийн ажлыг татвараас чөлөөлөх хэрэгтэй. Эсвэл сургууль барихад татварын хөнгөлөлт өгөх, улсаас дэмжих, хөдөө орон нутагт ажиллах багш нарыг үнэгүй орон сууцаар хангаж болох юм.
2. Барилгад анхаарахаа болих
Өөрийн гэсэн том байр, мэдээллийн технологид сургуулиуд дуртай. Байцаагчид, сургуулийг нь сонирхсон эцэг эхчүүд ирэх үед үзүүлж, харуулах гол зүйл нь нүсэр, том барилга болдог юм. Мөн сургуулийн барилга нь тэтгэвэртээ гарч буй ахмад багш нарт биет өв болж харагддаг байна. Хэдий чухал ч барилгад зарцуулах мөнгийг багш нарт зориулах нь илүү ач холбогдолтой юм.
3. Чухлыг хэмж
Шалгалтын дүн, сургуулийн чансаанд донтохоо зогсоо. Хэрэв тэгж чадахгүй бол нийгэмдээ ашиг тустай бусад хүчин зүйлийг хэмждэг болох хэрэгтэй. Жишээлбэл, сурагчдын ёс суртахуун, сайхан сэтгэл, бие даах чадвар, тууштай байдлыг үнэлдэг болох нь зөв юм. Цаашид бид хувь хүний үзүүлж буй амжилт болон боловсролын хамаарлын талаарх судалгааг хийх хэрэгтэй.
4. Эрт бөгөөд орой
Сургуулийг эрт эхлүүлж, хичээлийг орой тарааснаар эцэг эхчүүдэд хүүхдээ хүргэх, авахад илүү хялбар болно. Мөн ядуу, хэцүү гэр бүлд амьдардаг хүүхдүүд тайван, амгалан орчинд илүү их цагийг өнгөрүүлэх боломжтой юм. Хоёрдугаарт, хүүхдүүдийг арай том болсон хойно нь сургуульд оруулж, тэр хэрээр хожуу төгсгөж болно. Сүүлийн нэг зуунд хүний дундаж наслалт хоёр дахин нэмэгдсэн ч хүүхдүүд 5-6 насандаа сургуульд орж 16, 18 орчим насандаа дунд сургууль төгсөж байгааг бодолцох л хэрэгтэй. Түүнчлэн хичээлийн хуваарийг хэт хатуу чанд тогтоох шаардлага бий юу? Өдрийн хагаст нь урлагийн хичээл, бүтэн өдрийн турш газар зүй зааж, эсвэл байгалийн шинжлэх ухааны долоо хоногийг хэрэгжүүлж болох юм. Хичээлийн үргэлжлэх хугацааг ч сургууль бүр илүү уян хатнаар бие даан шийдвэрлэж болно.
5. Гадаа гарцгаая
Австрали шиг сайхан цаг агаартай улсад яагаад хүүхдүүдийг фермийн тахианууд шиг анги танхимд чихэж байна вэ? Тэднийг гадаа гарга, байгальтай танилцуул. Өөр дүүрэг, суурингийн хүмүүс, өөр сургууль, хоттой танилцуул. Яг энэ аргыг Финландын боловсролын систем маш сайн хэрэглэдэг.
6. Гар утасны хэрэглээг хориглох
Ням гараг бүр интернэтээ унтрааж, өөрсдийгөө цэнэглэдэг байвал сайхан биш гэж үү? Хэдий ийм явдал бодит болохгүй нь тодорхой ч сургуулийн орчинд сурагчдыг 16 нас хүртэл гар утас хэрэглэхийг хориглож болох юм. Энэ нь сурагчдад таалагдахгүй ч элдэв сатаарал, онлайн дээрэлхэлт зэргийг бууруулах эерэг талтай. Уг хориг нь багш, эцэг эхчүүдэд ч хамааралтай байж болно.
7. Сургууль болон коммюнити хоорондын нэгдэл
Сургууль нь тухайн орон нутаг, коммюнитид онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас үүнийг сайтар ашиглах хэрэгтэй. Тухайн сургууль юу хийж буйгаа иргэдэд тайлбарлах, мөн сурагчдыг хотынхоо цагдаа, эмнэлэг, бизнесийн байгууллагуудтай танилцах боломжийг олгох нь зүйтэй.
8. Хичээлийг улам хөгжилтэй болгох
Энэхүү аргыг ашигласан зарим сургууль хүссэн үр дүндээ бараг хүрч чадаагүй. Гэхдээ хүүхдүүдээ хэцүү, уйтгартай, урам хугалам зүйл хийлгэхийг эцэг эхчүүд хүсэхгүй учраас хичээлийг улам хөгжилтэй болгох туршилтыг сайтар нягталсны үндсэн дээр хийх нь зөв юм. Түүнээс гадна боловсролоос эхлээд татвар, тайлан тооцоо зэрэг олон салбарт яагаад инээд хөөр, мэргэн ухаан, хөөр хөгжлийг нэмж болохгүй билээ?
9. Хэцүү бөгөөд хүнд ажлаас үл зайлсхийх
Хөгжилтэй байхын нөгөө тал, учир нь бүх зүйл хөгжилтэй байх боломжгүй. Чухал зүйлийг сурах нь хэцүү бөгөөд тархийг ядраадаг. Ямар ч нөхцөлд үүнийг давж гарах л хэрэгтэй. Танд чухал биш ч тоо, зөв бичих дүрэм, шинжлэх ухаанд суралц. Ингэснээр амьдралын явцад тулгарах хүнд хэцүү сорилт бөгөөд уйтгартай зүйлсийг давж гарахад таны тархи, сэтгэлийг бэлтгэнэ. Ихэнх хүн амар хялбар замаар явахыг илүүд үздэг агаад хэцүү зам нь хүн цөөнтэйгээс гадна эцэстээ илүү ихийг ойлгож мэдэхэд тусалдаг билээ. Чухам ийм аргыг БНХАУ, Сингапур, Япон, БНСУ-д хэрэглэдэг.
10. Сурах зүйлээ өөртөө тохируул
Суралцах үйл явцыг зөвхөн өөрийн онцлог, хэрэгцээнд тохируулах гайхалтай боломжийг дижитал технологи бидэнд өгч байна. Жишээлбэл, би цаасан ном унших дуртай. Гэвч цаасан ном нь ижилхэн бүтэцтэй, уншиж буй хүний эрэлт, хэрэгцээг анхаарах ямар ч боломжгүй. Харин цахим ном нь уншигчаа мэдэрч, контентын төрөл, жанрт нь тохирсон бүтээлийг санал болгон, үсгийн фонтын хэмжээг өөрчлөх гэх мэт функцтай байдаг.
Нийтлэлийг Ричард Ватсон (зохиолч, ирээдүй судлаач)
Эх сурвалж: NSW Department of Education