Гровын өгүүлснээр хамгийн гол нь үргэлж туршилт хийх явдал бөгөөд ингэснээр өөрчлөлт ирэхэд та үйлдэл хийхэд бэлэн байж, бэлтгэлгүй эсвэл үйлдэл хийх дургүй хүмүүсийг ардаа орхих юм.
Энди Гров Intel компанийг хамгийн гайхалтай бөгөөд хамгийн дуулиантай цаг үед нь удирдаж байлаа. Тухайн цаг үедээ дэлхийн хамгийн их өрсөлдөөнтэй салбарт тэрбээр тус компанийг амжилттай удирдаж, мөн өрсөлдөгч нар өөрөөс нь илүү сайн ажиллаж байсан цаг үеийг даван туулах ёстой болж байв. Тэрхүү солиотой гэмээр цаг үеийг даван туулсан туршлага нь түүнийг маш олон төрлийн зарчим, арга хэрэглүүрийг үүсгэх, улмаар тэдгээрийн тусламжтайгаар зөв байдлаар “параной байх”-ад нь тусалжээ.
Та ямар салбарт ажилладаг байхаас үл хамаарч хэн нэгэн, ямар нэг компани, эсвэл ямар нэг үйл явдал танай салбарыг эрс өөрчилнө. Хэзээ гэдгийг нь та харин мэдэх боломжгүй. Захирлын хувьд таны үүрэг бол тийм үеийг бий болохоос нь өмнө анзаарч, хэтэрхий хожимдохоос өмнө хариу үйлдэл үзүүлэх юм.
Стратегийн гулзайлтын цэгүүд
Стратегийн гулзайлтын цэг гэж бизнес болон зах зээлийн ажиллах зарчимд эрс өөрчлөлт гарч буй цаг үеийг хэлнэ. Компани боломж, эсвэл эрсдэлийн алийг үүсгэх, эсвэл тухайн нөхцөлийг хэрхэн даван туулахаас эцсийн үр дүн хамаарах юм. Гэхдээ гулзайлтын цэг үүсэж байгаа талаар хэн ч танд сануулж хэлэхгүйгээс гадна хэн ч танд үүнийг даван туулах зааврыг өгөхгүй.
Гровын өгүүлж буйгаар та амжилттай байх тусам улам олон хүн танай зах зээлээс хуваалцахыг хүсэх бөгөөд эцэстээ танд юу ч үлдэхгүй байж болно. Тиймээс менежерийн үүрэг бол тэдгээр довтолгооноос байнга хамгаалах явдал юм.
Чип, микропроцессор гэсэн хоёр бүтээгдэхүүний амжилтаас голлон шалтгаалж Intel 1994 онд 10 тэрбум долларын орлоготой болоод байв. Тэд анхны Pentium нэртэй шинэ чипийг үйлдвэрлэхдээ есөн тэрбум тооцоолол тутамд нэг алдаа гаргах боломжтойг нь илрүүлжээ. Энэ нь жирийн хэрэглэгч уг чипийг ашиглахад 27 мянган жилд нэг удаа асуудалтай тулгарна гэсэн үг байв. Тиймээс тэд үүнийг том асуудал гэж үзэлгүй орхижээ.
Харин хэрэглэгч нар үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй, тэд нар компьютер худалдаж авсан компани руугаа бус Intel рүү утасдаж эхэлснээр тэд алдаатай чипээ сольж өгөхийн тулд 425 сая долларын зардал гаргажээ.
Intel-ийн захирлууд үүнийг авч үзээд бараг хагас тэрбум долларын өртөгтэй ажил хийх ёстой болсноо ойлгож, ингэж магадгүй гэсэн бодол өөрсдөд нь огт төрөөгүйг ухаарчээ. Энэ өдрөөс эхлэн тэд өөрсдийн ажиллаж буй зах зээлийг илүү сайн ойлгох замаар ирээдүйгээ гартаа авахыг хичээх болсон аж. Зах зээлийг сүйтгэгч хүч гэж юу вэ? Гров энэ тал дээр 1980 болон 1990-ээд оны компьютерийн салбарыг харьцуулсан тайлбар хийжээ. 1980-аад онд компьютерийн салбар нь босоо бүтэцтэй байв. IBM, Wang зэрэг том тоглогчид компьютер, программ, чип бүтээж, борлуулалтын процессыг эзэмших зэргээр өөрсдөө бүхнийг хийдэг байлаа.
Харин 1990-ээд онд энэ бүхэн өөрчлөгдсөн. Микропроцессор болон олон нийт РС ашиглах болсноор уг салбар хөндлөн бүтэцтэй болсон. Жижиглэнгийн худалдаачид борлуулалт, түгээлтийг хариуцаж, зарим компани программ, үйлдлийн системийг (Microsoft), зарим нь чипний үйлдвэрлэлийг хариуцаж эхэллээ.
Зах зээл эрс өөрчлөгдсөн агаад үүнд хуучин компаниудын аль нь ч бэлэн байгаагүй юм. Хамгийн сүүлийн жишээ бол та бүхний олонтоо сонссон Blockbaster болон Netflix-ийн өрсөлдөөн билээ.
Зургаан хүч болон 10Х өөрчлөлт
Стратегийн гулзайлтын цэгт орсноо яаж мэдэх вэ? Зах зээлийн зургаан гол хүчний нэгэнд асар их өөрчлөлт гарахад ийм зүйл тохиолддог.
Зургаан хүч
Танай компанийн үйл ажиллагаа явуулдаг бизнесийн орчинд нөлөөлж болох “таван хүч”-ийг Харвардын их сургуулийн Майкл Портер 1979 онд тодорхойлсон нь ихэд алдаршсан.
- Өрсөлдөөн: Хамгийн тодорхой хүч бөгөөд та өрсөлдөгч нартаа анхаарал хандуулахаас өөр аргагүй. Хэдэн өрсөлдөгч байна вэ? Тэдний давуу болон сул тал нь юу вэ? Өрсөлдөөн их байх тусам зах зээлд өөрчлөлт их байна.
- Ханган нийлүүлэгч: Хэд байна вэ? Тэд төрөлжсөн үү эсвэл бөөнөөр нийлүүлэгч үү? Шууд авах, илүү сайн, эсвэл илүү хямд сонголт хийх өөр боломж байна уу? Танай ханган нийлүүлэгчид зах зээлд илүү эрх мэдэлтэй байх тусам тэд танай ирээдүйг илүү хянаж байдаг.
- Хэрэглэгч: Зах зээлд хэр олон байна вэ? Тэд хэр их мөнгө зарцуулдаг вэ? Үнэ болон нөхцөлийг тодорхойлох хангалттай хүчтэй юу? Ер нь бол танайх олон хэрэглэгчтэй байх тусам та улам их хүчтэй болно.
- Боломжит өрсөлдөгч: Танай ирээдүйн өрсөлдөгч өнөөдрийн өрсөлдөгчөөс чинь өөр байна. Маш том, их хөрөнгөтэй компани маргааш танай зах зээл рүү орвол яах вэ? Тэсч үлдэхийн тулд танайх юу хийх вэ?
- Орлуулах: Танай санал болгож буй зүйлийг өөр зүйлээр орлуулахад хэр амархан бэ? Гровын хэлснээр энэ бол үхлийн аюултай хүч ажээ. Хэрэв шинэ технологи хуучны дэг журмыг үгүй хийх юм бол тэдгээр нь зах зээлийг тэрчигт нь сүйтгэдэг аж.
Эдгээр таван хүч дээр Гров зургаа дахийг нэмжээ:
- Нэмэгч: Энэ бол танай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээтэй хамтран ажилладаг компаниуд юм. Жишээлбэл, компьютерт программ, программд компьютер хэрэгтэй. Хэрэв нэг өдөр танай нэмэгч компани танайхтай ижил зүйлийг зах зээлд санал болгоод амжилтад хүрвэл сүйтгэл ирэх нь гарцаагүй.
10Х Өөрчлөлт
Бүх өөрчлөлт нь стратегийн гулзайлтын цэг болж чадахгүй. Давлагаа болон цунамигийн ялгааг Гров онцолсон агаад энэхүү ялгааг ойлгох нь нэн чухал гэнэ. Зах зээлийн хүч өмнө дурдсан зургаан талбарын аль нэгд асар их болж ирэхийг Гров 10Х өөрчлөлт гэж нэрлэжээ.
Сигнал болон Чимээг ялгах
Жинхэнэ гулзайлтын цэг болон түүн шиг харагдаж болох зүйлийн ялгааг олох нь нэн чухал аж. Учир нь жинхэнэ гулзайлтын цэгийг олж тодорхойлсон цагт байгууллага тэр чигтээ төвлөрөл, хүчин чармайлтаа гаргахаас өөр аргагүй болно.
Тус болох асуултууд
Үүнийг олж мэдэхийн тулд та хэд хэдэн асуултыг асуух хэрэгтэй.
Танай гол өрсөлдөгч өөрчлөгдөх гэж байна уу?
Хэрэв танд ганцхан сум байсан бол аль өрсөлдөгчөө тухайн бизнесээс гаргах вэ гэдгийг асуудаг “мөнгөн сумны тест”-ийг ашиглан гол өрсөлдөгчөө эхлээд тодорхойл.
Эхний удаа энэ асуултыг тавихад танай удирдлагын багийнхан бүгд нэг компани дээр санал нэгдэж магадгүй. Харин танай багийнхан өөр өрсөлдөгчийг нэрийг гаргаж ирвэл тэдэнд анхаарал хандуулах ёстой болно.
Танай гол нэмэгч компани өөрчлөгдөх гэж байна уу?
Өмнө нь хамгийн чухал байсан танай нэмэгч өнөөдөр тийм ч чухал биш байхаа больсон уу? Хэрэв бусад компани тэднийг худалдаж авах гэж байгаа бол зах зээлийн динамик өөрчлөгдөхийн шинж байж болно. Тиймээс анхаар.
Эргэн тойрны хүмүүс “суларч байна” уу?
Таны эргэн тойрны хүмүүс маш чухал зүйлдээ анхаарал тавихаа больж эхэлвэл үүнд анхаарах хэрэгтэй. Гэхдээ үүний зэрэгцээ анхаарлаа алдаж буй хүн нь та өөрөө ч байж болно гэдгийг анхаарна уу.
Танай удирдлагын баг, эсвэл та өөрөө байхаас үл хамаарч хэрэв танайд төөрөгдөл үүсэж эхэлвэл эргэн тойрны хүмүүсийг юу өөрчилж эхэлж байгаад та анхаарал хандуулах нь зөв болов уу.
Хүмүүсээ сонс
Айсуй өөрчлөлтийг олж харахдаа та үнэхээр мундаг байж болох ч өөрчлөлтийг булангийн өрөөнөөс харах амаргүй. Тийм учраас эргэн тойрны, тэр дундаа дараах хоёр төрлийн хүмүүсийг сайтар сонсож байх хэрэгтэй.
Тусч Кассандра
Кассандра бол Тройгийн сүйрлийг таамагласан гэлэнмаа юм. Зарим хүн өөрчлөлтийг олж харах авьяастай байдаг агаад олж харах юм бол түүнийгээ бусдад мэдээлдэг. Заримдаа тэдгээр хүмүүсийг сөрөг нөлөө үзүүлдэг гээд үл тоодог ч тэд өөрчлөлтийг эртнээс олж хардаг учир та байгууллагадаа байгаа ийм хүмүүст анхаарал тавьж байх нь зүйтэй.
Тэргүүн шугамын ажилтнууд
Харилцагч нартай хамгийн ойр ажилладаг харилцагч хариуцсан ажилтан, борлуулалтын мэргэжилтэн нар нь өөрчлөлтийг гарахаас нь өмнө олж хардаг. Тэдний санал хүсэлтийг сонсож, сайн, муу бүхий л мэдээллийг өгдөг байхад урамшуул.
Эмх замбараагүйтэлтэй тэмцэх нь
Стратегийн гулзайлтын цэг ойртож байгааг мэдсэн бол түүнийг даван туулах аргыг боловсруулж эхлэх хэрэгтэй. Гулзайлтын цэг нь маш их эмх замбараагүй байдлыг үүсгэх учир та үүнд бэлэн байх ёстой. Энэ тохиолдолд эмх замбараагүй байдал ноёрхох болон замбараагүй байдлыг оруулах хоёр аргыг ашиглаарай.
Эмх замбараагүй байдал ноёрхох
Амжилт инерцийг үүсгэдэг. Ялангуяа олон жил зах зээлд давамгайлж, их ашиг олсон Intel шиг компаниудын хувьд энэ нь үнэн билээ. Удирдлагын баг амжилт авчирсан тоглоомын дүрмээр үргэлжлүүлэн тоглохдоо баяртай байх бөгөөд аливаа өөрчлөлтийг эсэргүүцнэ.
Тийм учраас орлого, ашиг сайн байгаа дээр шинэ чиглэлийг турших үзэхийг компанийн удирдлагаас хүсэх ёстой. Одоогийн дүрмээр тоглож байгаа хүмүүст иймэрхүү өөрчлөлт нь эмх замбараагүй байдал шиг санагдах юм. Гэхдээ энэ нь удахгүй үүсэх гулзайлтын цэгээс сэргийлэх даатгалын бодлого юм. Гулзайлтын цэг ирж байгааг мэдсэн л бол та энэ процессыг эхлүүлэх ёстой.
Эмх замбараагүйтлийг оруулах
Компанийн ихэнх хүний хувьд энэ нь үхлийн хөндий рүү ширтэж байгаа мэт санагдана. Хуучин арга үр дүнгээ өгөхгүй, хүмүүс тал тал тийшээ гүйлдэж, нөгөө талд хүрэх тодорхой зам огт харагдахгүй.
Аль туршилт нь үр дүнтэй, аль нь үр дүнгүй вэ гэдгийг тодорхой болгосон бол та урагшлах чиглэлээ сонгох ёстой.
Таны эхний зорилго бол нөгөө талд гарсны дараа танай компани ямархуу байх вэ гэдгийг тодорхойлох юм. Уг тодорхойлолт нь бусдад харуулахад тодорхой, ядарсан, толгой нь эргэсэн ажилтнууддаа хэлэхэд амархан байх ёстой.
Intel-ийн хувьд урагшлах зам нь санах ойгоос микропроцессор руу шилжих, байгууллагыг бүхэлд нь тэрхүү чиглэлд чиглүүлэх байлаа. Тиймээс Гров болон түүний баг “Intel, the microcomputer company” гэсэн уриаг бий болгожээ.
Дараа нь сратегийн алхам хийж, нөөц боломжоо идэвхтэй ашиглаж эхлэх ёстой. Та гулзайлтын цэгийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд өөрчлөлт хийх цагийг зөв тогтоох ёстой.
Ийн ашиглаж эхлэх нь хоёр талтай. Нэг талаас та бүхэн бүх эрч хүч, нөөц боломжийг шинэ чиглэлд чиглүүлэх нь сэтгэл хөдөлгөм байх болно. Нөгөө талаас, ингэснээр та нар өөр чиглэлд зориулах байсан нөөц боломжоо зогсоож байгаа учраас процессын туршид сахилга баттай, төвлөрөлтэй байх ёстой.
Өрсөлдөөн ихтэй орчинд та бүхэн стратегийн нэг зорилгын төлөө байгууллагынхаа бүхий л эрч хүчийг ашиглах ёстой. Гэхдээ буруутах юм бол та бүхэн мэдээж сүйрнэ. Гэв Гровын өгүүлснээр ихэнх компани буруу байсныхаа улмаас бус харин нэг чиглэлд төвлөрч чадаагүй учраас ихэнхдээ сүйрдэг ажээ. Гулзайлтын цэгийн хувьд хамгийн том аюул нь эс үйлдэх юм.
Карьерын гулзайлтын цэгүүд
Компаниуд гулзайлтын цэгтэй тулдгийн адилаар та ч мөн адил карьерынхаа туршид гулзайлтын цэгт очих нь гарцаагүй. Гровын өгүүлснээр таны карьер бол таны бизнес аж. Та түүний цорын ганц эзэн бөгөөд цорын ганц ажилтан нь. Компанийн нэгэн адилаар та эргэн тойрныхоо орчин, зах зээлийг анзаарч байх ёстой бөгөөд 10Х өөрчлөлт ирэхэд үйлдэл хийхэд бэлэн байх ёстой.
Компаниудад өгсөн Гровын зөвлөгөөг мөн өөр дээрээ давтан ашигла. Жишээлбэл, таны олж харж чадахгүй өөрчлөлтийг мэдэхэд туслах Кассандраг гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө дундаас олж илрүүл.
Гулзайлтын цэг дээр ирснээ мэдсэн бол шийдвэрлэх үйлдэл хийхэд бэлтгэ. Ихэнх хүн өөрчлөлт хийсэндээ харамсдаггүй агаад харин өөрчлөлт хийх гэж хэт удсандаа харамсдаг билээ. Шилжилтийн үеэр та шинэ салбарт хүч үзэхийн тулд өөр ажилд орох, шинэ ур чадвартай болохын тулд сургуульдаа сурах шаардлага гарч магадгүй.
Гровын өгүүлснээр хамгийн гол нь үргэлж туршилт хийх явдал бөгөөд ингэснээр өөрчлөлт ирэхэд та үйлдэл хийхэд бэлэн байж, бэлтгэлгүй эсвэл үйлдэл хийх дургүй хүмүүсийг ардаа орхих юм.