Өдгөө хүмүүсийн амьдралыг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхөд хэцүү болсон. Хэрэв гар утсаа гэртээ мартаад гарах юм бол та бүтэн өдөржин ганцаардмал, мөнгөгүй, нийгмийн амьдралаас бүрэн таслагдсан байдалтай өнгөрүүлнэ.
АНУ-ын насанд хүрсэн 10 иргэний ес нь гар утас эзэмшдэгийг Pew Research Centre-ийн судалгаа харуулсан. Улмаар өдөрт дунджаар 3 цаг, 45 минутыг гар утсаа “шагайж” өнгөрүүлдэг болохыг судалгааны GWI фирмийн мэдээллээс харж болно. Хиймэл оюунаар хүч нэмэгдүүлсэн шинэ гар утаснуудаас цаашид бүр ч салахын аргагүй болох биз ээ.
Гэвч зориудаар ухаалаг бус болгон үйлдвэрлэж буй гар утасны зах зээл олон улсад улам томорч эхэлжээ. Ийм “тэнэг” гар утаснууд АНУ-д зарагдаж буй нийт гар утасны борлуулалтын ердөө 2 хувийг эзэлдэг. Гэвч эрэлт нь эрчтэй нэмэгдэж байна. Нэгэн цагт дэлхийг байлдан дагуулж байсан Nokia гар утсыг зах зээлд дахин нэвтрүүлэх эрхийг 2016 онд Финландын HMD компани худалдаж авсан. Өдгөө Америкт сар тутам олон мянган товчлууртай гар утас худалдаж буйгаа тус фирм мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард тэд Европт миллениалуудын бага насны хит бүтээл болох Nokia 3210 гар утсаа дахин борлуулж эхэлсэн юм. Уг утсанд алдарт могой тоглоом нь хүртэл бий.
Гэхдээ “тэнэг” утаснууд нь зөвхөн өмнөх үеийн загварын үргэлжлэл төдий байхаа больжээ. Стартапууд өөрийн гэсэн минималист гар утасны брэндүүдийг үйлдвэрлэж буй. Тэдгээрийн нэг нь iPod шиг хэлбэртэй, Kindle шиг e-ink дэлгэцтэй Ligh Phone юм. Подкаст тоглуулагч, байрлал заагч зэрэг нэмэлт хэрэглүүрийг нэмэх боломж уг утсанд бий.
“Тэнэг” утаснууд яагаад зах зээлд эргэн ирж байна вэ? Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд ухаалаг гар утас, ялангуяа нийгмийн сүлжээний апп-уудын үзүүлж буй сөрөг нөлөө юм. Тийм ч учраас Британийн элитүүд хүүхдээ сургадаг Eton сургууль өнгөрсөн долдугаар сараас эхлээд ирээдүйн ерөнхий сайд нарыг сургууль дээр ухаалаг утсаа авчрахыг нь хориглож, оронд нь сургуульдаа ашиглах Nokia утас өгөхөөр болсон.
Түүнчлэн насанд хүрэгчид ч өөрийн хүслээр тэнэг утас сонгох нь ихэсжээ. “Тэнэг” утаснуудыг сурталчилдаг форумыг Reddit дээр зохион байгуулдаг Хосе Брионес гар утасны дэлгэц ширтэн өнгөрүүлж буй цаг нь ихэд нэмэгдсэн учир саяхнаас Light Phone ашиглах болсон байна. Гэхдээ тэрбээр гадаадад аялах зэрэгт ашиглахын тулд ухаалаг гар утсаа хадгалж үлджээ. Түүнчлэн гар утасны донтнууд апп-уудаа устгах, дэлгэцийн цагийг хянадаг апп суулгах зэргээр гар утсаа зориудаар энгийн болгох сонголтыг хийж байна.
Ухаалаг гар утасны хурд, интернэт холболтоос татгалзах нь эхэндээ тун амаргүй байх нь гарцаагүй. Урт дараалалд зогсож байхдаа яаж цагийг өнгөрөөх вэ хэмээн гайхширч байсан тухайгаа “тэнэг” утас ашиглахаар сонгосон Кристина Динур дурсав. Гэхдээ тэрбээр ийм дадлыг тун хурдан өөрийн болгосон байна. Зарим хүмүүсийн хувьд “тэнэг” утас хэрэглэх нь ийн тун ухаалаг сонголт болж эхэллээ.