Гүрэн академийн үүсгэн байгуулагч, дэлхийн түвшний менежер хөтөлбөрийн модератор багш Б.Даваасүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.
Захирлаа ойлгох амархан
Удирдлагатайгаа харилцах гээд Google-ээс хайхаар ихэвчлэн хэцүү удирдлагатайгаа яаж харилцах вэ гэсэн илэрц их гарч ирдэг. Гэвч бидэнд заавал хэцүү гэхээс илүүтэйгээр энгийн дээд албан тушаалтан болох менежер, захирлуудтайгаа өдөр тутмын ажлаа гүйцэтгэх явцдаа ямар арга барилаар харилцаж зөвөөр ойлголцох вэ гэсэн зөвлөмжүүд хэрэгтэй байдаг.
Ажил дээр маш олон төрлийн удирдлагатай харилцах хэрэгтэй болдог. Тэгэхээр удирдлагатайгаа харилцах харилцаа гэдэг нь зөвхөн удирдагчийн хүчин чармайлтаас шалтгаалсан зүйл огтоос биш юм. Удирдлага дор нь ажиллаж байгаа ажилтны оролцоо, хүчин чармайлтаас ч мөн шалтгаалдаг. Тиймээс удирдуулж байгаа хүн нь энэ харилцааны талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх нь маш том гүүр болж өгдөг.
Дээд албан тушаалтантайгаа хурдан ойлголцож ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсвэл өөрөө хичээл зүтгэл гарган үйлдэх буюу дараах гэрийн даалгаврыг хийснээр ямар ч харилцаа сайжрах боломжтой.
Удирдлагаа судлах, ажиглах
Удирдлага солигдох бол огт асуудал биш. Монголын бизнесийн орчинд удирдлага солигдох явцыг дийлэнх нь маш сөргөөр хүлээж авдаг. Ингэснээр шинээр ирж байгаа удирдлагынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргалтыг хаалттай хүлээн авч, ажлын бүтээмж эрс мууддаг.
Мөн шинэ удирдлагатай холбоотой бас нэг зүйл бол ижил түвшинд ажиллаж байсан ажлын хамтрагч нь удирдах албан тушаалтай болоход ихэвчлэн “томорчихлоо” гэх мэтээр эгдүүцэж хүлээн авдаг. Шинээр удирдлага болсон хүн ажилдаа дасах гэж хичээж байдаг. Энэ нөхцөлд ажлынхан нь ойлгож хүлээн авах хэрэгтэй. Ажлын байранд албан тушаал гэдэг анхнаасаа байх ёстой бөгөөд ажил бол удирдах, гүйцэтгэх гэсэн өдөр тутмын процесс. Тиймээс ту шинээр ирсэн удирдлагаа судлах, ажиглах хэрэгтэй.
Удирдлагынхаа юуг судлах вэ?
Өмнөх ажлын туршлага. Хаана ямар байгууллагад ажилласан бэ? Эндээс тухайн хүн байгууллагын ямар соёлыг шингээсэн нь харагдана.
Мэргэжлийг нь судлах. Ялангуяа бакалавраа ямар мэргэжлээр төгссөн бэ гэдгийг нь мэдвэл зохино. Ингэснээр тухайн удирдлага шийдвэрээ гаргахдаа голчлон юун дээр үндэслэдэг гэдгийг таамаглах боломжтой.
Дэмжлэг үзүүлэх. Шинээр ирсэн удирдлага нь танай салбарын хүн биш байж болно. Учир нь удирдаж буй салбараа заавал нарийн мэддэг байх шаардлагагүй, менежер гэдэг бол холбон тоглогч байдаг. Тиймээс таны зүгээс ямар төрлийн мэдээллийг хүргэвэл дэмжлэг болж чадах вэ гэдэг талаас харж шаардлагатай мэдээллийг хүргэх хэрэгтэй.
Удирдлагатайгаа харилцах харилцааны хэв маягаа зөв сонгох
Ажиглалт хийж байх хугацаандаа ямар төрлийн харилцааны хэв маягаар илүү хурдан хариу өгч, шийдвэр гаргаж байгааг нь анзаарах хэрэгтэй. Ингэснээр цаашид бичгээр буюу мэйлээр харьцах уу, биечлэн уулзаж, ярилцах байдлаар харилцах уу гэдгээ сонгоно.
Ингэж сонгохдоо бас нэг анхаарах зүйл бол насны онцлогийг нь мэдэх хэрэгтэй. Хэрэв таны удирдлага насны хувьд харьцангуй ахмад бол хэлэх гэж буй санаагаа том үсгээр бичиж хэвлээд, принтерлэж, чухал хэсгүүдээ тод өнгөөр ялгаж өгч болно. Ингэж чадсанаар шийдвэр гаргалт хурдсаж таны ажлын явц хурдтай болно.
Удирдлагаасаа тухайн жилийн болон улирлын амжилтаа юугаар дүгнэж, харж байгааг тодруулж асуух
Таны удирдлага энэ жилийн хувьд багаа атгасан гар шиг эв найрамдалтай, хүчирхэг баг болгохыг хүсэж байна уу? Эсвэл борлуулалтаа чухалчилж байна уу гэх мэт гол анхаарлаа хандуулж буй зүйлийг нь асууж, таньж мэдэх хэрэгтэй. Үүнээс улбаалан өөрийн зүгээс туслах боломж нээгдэж хамтын ажиллагаа үргэлжлэх болно.
Олон сонголттой шийдэл санал болгох
Өөрийгөө ойлгуулахын тулд шинэ санаа, санаачилгыг олон сонголттойгоор хүргэвэл үр дүнтэй. Ганцхан санаа гаргах нь хэт явцуу, мөн маргаанд хүргэх магадлалтай. Олон сонголтыг өгснөөр маргаанаас зайлсхийх бүрэн боломжтой.
Байгууллагадаа тулгарч байгаа асуудлуудаа тодорхойлж, түүнийг шийдэх шийдлээ танилцуулаарай. Гэхдээ шинэ санаа гаргаж байх явцдаа нэг зүйлийг анхнаасаа анхаарах хэрэгтэй. Таны гаргасан шинэ санаа, санаачилга бүрийг удирдлага заавал дэмжих албагүй. Харин хэрэгжүүлэхгүй байсан ч шинэ санаа гаргахаа огт зогсоож болохгүй. Учир нь захирал хүн байгууллагынхаа ирээдүйг том зургаар нь харж чаддаг. Таны гаргасан шинэ санаа хүрэхийг хүсэж буй зорилготой нь давхцан уялдсан байж болно, үгүй ч байж болно.
Удирдлагатайгаа хэлэлцээнд хүрч сурах
Хэцүү удирдлагатай таарсан тохиолдолд нэг даалгасан ажлаа дуусгаж амжаагүй байхад дараагийн шинэ ажлыг нэмж өгдөг, гэтэл ажилтны цаг хязгаартай. Үүнээс шалтгаалан ажлын гүйцэтгэл 50% -аас хэтрэхгүй байх тохиолдол гардаг.
Өгсөн үүрэг даалгавар бүрийг “ЗА” гэж хүлээж авахаасаа өмнө нээлттэйгээр ярилцан, ажлаа чухлаас нь эхлэн эрэмбэлэн, тохиролцох хэрэгтэй. Ийм учраас удирдлагатайгаа маш сайн хэлэлцээр хийж өөрийн болон баг хамт олныхоо ачааллыг тэнцвэржүүлж сурах нь зайлшгүй чухал чадвар болж байна.
Тодруулж асуухаас бүү эмээ
Жишээ нь улаан өнгөтэй ямар нэг зүйлийг аваад ир гэж даалгалаа гэж бодъё. Тэгвэл айдасгүйгээр нарийвчлан асууж тодорхой болгох хэрэгтэй. Улаан өнгөний бүх кодыг харуулж таны хүсэж байгаа улаан нь яг аль нь вэ гэх мэт сонголтыг хийлгэж болно. Ингэж чадвал хийж дуусгасны дараа дахин эхлэх шаардлагагүй болно.
Хүлээлтийн зөрүү гарахаас урьдчилан сэргийлэх
Урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцохдоо анхнаасаа аль аль талдаа ашигтай байхаар, хүсэж байгаа зүйлээ тодорхой хэлж түншлэлийн харилцаатай болох хэрэгтэй. Хариуцаж авсан ажлаа өндөр гүйцэтгэлтэй хийж дуусгасны дараа цалин урамшууллаа нэмэхийг хүсэж байна уу эсвэл албан тушаал ахимаар байгаа юу гэдгээ нээлттэйгээр хэлж сураарай.
Удирдлагаас танд хэлж байгаа дүгнэлтийг сонсох
Байгууллага дотор яригдаж байгаа хов живэнд итгэх хэрэггүй. Захирал эсвэл менежер таныг ингэж ярьж байна гэсэн цуу яриа гарсан тохиолдолд шууд удирдлагатайгаа нүүр тулж уулзан ярилцаарай. Ингэхдээ миний ажиллах арга барил болж байна уу гэх мэтчилэн цаашид сайжруулбал зохих зүйлсийн талаар бодлыг нь сонсмоор байгаа тухайгаа хэлж болно. Ямар ч удирдлагын хэлсэн комментыг дутуу үнэлж болохгүй. Өөрийгөө гаднаас нь маш чанартайгаар харах нэг боломж хэмээн харах хэрэгтэй.
Энэ бүх аргыг туршиж үзээд үнэхээр ойлголцоход бэрх хэцүү удирдлага таарсан бол хамгийн шилдэг арга бол ЗУГТАХ.
Хэт токсик орчинтой газарт байх нь тун хэцүү. Тиймээс зугтаж байгаа шалтгаанаа нэг бүрчлэн шударгаар хэлээд энэ байгууллагаас биш харин танаас зугтаж байна гэдгээ хэлэх нь хамгийн зөв сонголт болно.
Эцэст нь дүгнэж хэлэхэд таны удирдаж байгаа хүн хэр сайн менежер вэ гэдгийг мэдэх маш амархан. Хэнд хэзээ ямар ажлыг даалгаж өгсөн, гүйцэтгэл нь хэр хугацаанд явагдаж дуусах вэ гэдгээ маш сайн мэддэг хүн бол сайн менежер мөн.