“Хобби” булангийн энэ удаагийн зочныг аль ч өнцгөөс танилцуулж болохуйц “элдэвтэй” нэгэн. 2002 оноос хойших хөлбөмбөгийн бүх ДАШТ, 2008 оноос хойших бүх өвөл, зуны олимпийг газар дээр нь очиж үзсэн түүний хувьд спорт гэдэг амьдралынх нь салшгүй хэсэг. Харин алба ажлын хувьд PKF-IFS Mongolia компанийн үүсгэн байгуулагч, партнер, Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монголын сёрфингийн холбооны ерөнхийлөгч гэх зэргээр дурдаад байвал уртаас урт жагсаалт болно. Энэ олон ажлыг амжуулахын хажуугаар тэр багаасаа дурлаж ирсэн спортын сонирхлоо огтхон ч орхигдуулаагүй юм. Иймээс бид “Хобби” булангийн онцлогоо хадгалан түүнтэй ажил мэргэжлийнх нь тухай бус спортын сонирхлынх нь талаар түлхүү ярилцлаа.
ЕРТӨНЦИЙГ ТАНИХ ЦОНХ
Та бидний хэлж заншсанаар Орос 14 дүгээр сургуулийг тэрбээр төгссөн тул багаасаа л орос ном, сонин, сэтгүүл, орос хэл түүний хувьд ертөнцийг таних цонх болжээ. Тэр дундаа, “Советский спорт” тэргүүтэй спортын сэтгүүл шимтэн уншиж, тамирчдын амжилтын түүх, тоглолтын мэдээ, мэдээлэлтэй танилцаж, хэн хэдэн минутад гоол оруулсан, хэзээ сэлгээгээр орж ирсэн гэх мэт мэдээллийг тогтоодог байсан нь одоо ч ой тойнд нь мартагдалгүй, шинэхнээрээ байдгийг хуваалцаж байв. Хожим А.Тамир Спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, улмаар дэд ерөнхийлөгч болсноор спортын сэтгүүлчдийг төрөл бүрээр дэмжих, томоохон спортын арга хэмжээг очиж сурвалжлахад нь санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тус дэм болсон тохиолдол цөөнгүй. Мөн тэрбээр спортын сэтгүүлчид ихэвчлэн хувийн зардлаараа элдэв арга хэмжээг очиж сурвалжилдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй шүүмжилдгийг ч энэ зуур дурдаад амжсан билээ.
Спортын хоббитой байх нь хүнд сэтгэлийн таашаал өгдөг. Түүгээрээ хөглөгдөн хүн илүү амьдрах тэмүүлэлтэй, ажиллах эрч хүчтэй болж чаддаг.
САНААНД БАГТАМГҮЙ САНААЧЛАГА
Тухайн үеийн Эдийн засгийн коллеж буюу одоогийн Санхүү эдийн засгийн их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн А.Тамир сурагч байхдаа хөлбөмбөгийн дугуйлан, секцээр голдуу явдаг байсан бол оюутан ахуй цагаа сагс, волейболд илүү зарцуулж, УАШТ-д хүртэл оролцож, медаль хүртэж явжээ. Харин их сургуулиа төгсмөгцөө Татварын ерөнхий газраас ажлын гараагаа эхлүүлж, тэндээ 10 гаруй жил ажиллах хугацаандаа Австралид Олон улсын валютын сангийн тэтгэлгээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан аж. Австрали улс түүнд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгоод зогсохгүй сёрфингийн спорттой анх танилцуулжээ. Хэсэг зуур хичээллэж амтанд нь орсон тэрбээр хожим Монголын сёрфингийн холбоог байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхлэхэд гайхах зүйл байсангүй. Гэхдээ хүмүүс багагүй хачирхан хүлээн авчээ. Учир нь Монгол Улс бол далайд гарцгүй орон. Тэрбээр холбоогоо нэн даруй Олон улсын сёрфингийн холбоо болон Монголын олимпийн хороонд ч бүртгүүлж амжив. Тамирчдаа уг спортоор хичээллэдэг, хилийн чанад дахь монгол залуусаар бүрдүүлсэн бөгөөд энэ жил Мальдивт болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын сёрфингийн холбооны хүрээнд зохиогдож буй сургалтад оролцож буйг ч дуулгасан. Мөн ирээдүйд нуур, эсвэл голын усанд хиймэл давалгаа үүсгэх замаар эх орондоо УАШТ зохион байгуулахаар хөөцөлдөж байгаагаа ч бидэнтэй хуваалцсан юм.
ОЛИМП, ДАШТ -ЭЭР АМЬСГАЛСАН ОН ЖИЛҮҮД
Парис 2024 олимпийг зориод ирсэн А.Тамирын хувьд Ковид-19 ид дэгдэж байх үеэр ямар нэг үзэгчгүй болж өнгөрсөн Токио 2020 олимп зохион байгуулалтын тухайд хамгийн өвөрмөц болсноороо санаанд нь тод үлдсэн бол 2008 оны Бээжингийн зуны олимп, 2014 оны Сочигийн өвлийн олимп, 2018 онд мөн ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулалт маш сайтай, тав тухтай байсныг хэлж байна. Эндээс тэрбээр төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө, санхүүжилт зарцуулж чаддаг улс орнууд олимпийн зохион байгуулалт сайтай байдгийг анзаарсан гэдгээ мөн хуваалцаж байв.
Өмнө дурдсанчлан, 2002 оноос хойших хөлбөмбөгийн бүх ДАШТ, 2008 оноос хойших бүх өвөл, зуны олимпийг газар дээр нь очиж үзсэн А.Тамирын хувьд Олимпийн дараах жил харьцангуй нам гүм бөгөөд дараа дараагийн хөлбөмбөгийн ДАШТ, Олимп зэрэг спортын наадмыг үзэх бэлтгэлээ хангаж, алба ажлаа зохицуулан, санхүү мөнгөө хэмнэж, хураадаг жил болон хувирдгийг онцолсон юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр ажил, амины шугамаар нийт 59 улсаар аялжээ.
СПОРТООС ОЛЖ АВСАН ХҮМҮҮЖИЛ
“Спортод хөл тавьснаар хүн шударга, зарчимч болдог. Аль нэг спортын тоглолтод тамирчид яг л дүрмээ барьж, тэр дагуу тоглодог. Дүрэм бол дүрэм. Энэ хандлага надад гүн сууж, би бизнес хийхдээ ч уг зарчмыг баримталдаг. Анх хэрхэн тохирсон, яаж хамтран ажиллана гэж хэлсэн ярьсан, гэрээлснээрээ л явдаг. Түүнээс биш би илүү их ашиг олсон, би илүү чадамжтай учраас илүү хувь авах ёстой хандлагыг сайшаадаггүй. Амьдрал дээр ч энэ зарчмаа л хэрэгжүүлдэг. Нөгөө талаар, хоббитой, тэр дундаа, спортын хоббитой байх нь хүнд сэтгэлийн таашаал өгдөг. Түүгээрээ хөглөгдөн хүн илүү амьдрах тэмүүлэлтэй, ажиллах эрч хүчтэй болж чаддаг.
Ер нь дуртай юмаа хийж, дараа нь харамсахгүй амьдрах л миний зарчим. Хожим нас дээр гарсан хойноо хийгээгүй зүйлийнхээ төлөө харамсаж буй хүмүүсийг цөөнгүй харсан. Хөлбөмбөгийн зарим тасалбар хэдэн зуун ам.долларын үнэтэй байдаг. Зарим хүнд энэ бол хайран мөнгө. Гэсэн ч би дуртай зүйлдээ мөнгө зарцуулдаг. Харамсдаггүй. Харин тэр бүхний төлөө санхүүгээ бий болгож, зохицуулдаг”.
Спорт хүнийг шударга, зарчимч болгодог нь бизнест ч эергээр нөлөөлдөг.
МИНИЙ ЗАРЧИМ БОЛ “1+1=3”
“Татварын ерөнхий газарт 10 жил ажилласныхаа дараа би Үйлдвэр худалдааны яам болон Санхүүгийн зохицуулах хороонд удирдлагын түвшинд ажиллаж байгаад 2008 онд төрийн албанаас бүрэн хөндийрч, татварын зөвлөх үйлчилгээний чиглэлээр хувийн компаниа байгуулсан. Өдгөө 30 гаруй ажилтантай IFS Mongolia компани (Сүүлд PKF-IFS Mongolia болсон) маань 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна” хэмээн хариулсан А.Тамир Ази Номхон далайн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ бүхний хажуугаар Грек улсын өргөмжит консулаар 2015 оноос хойш ажиллахын зэрэгцээ Украйны худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын төлөөлөгчийн албатай. Тэрбээр мөн тансаг зэрэглэлийн хөшиг, камин зуухны бизнестэй гэдгээ ч дурдлаа.
“Миний бизнесийн хамгийн том зарчим бол заавал партнертай байх. Хэчнээн ойр дотно, найз нөхөд байсан ч заавал гэрээ хийдэг. Мөн “1+1=3” гэсэн зарчмыг баримталдаг. Энэ нь нэг хүний санаа, нөгөө хүний шинэ санаатай хоршиж, нэгдэн нийлснээр гурав дахь санаа төрдөг гэсэн утгатай. Ер нь бизнесээ өргөжүүлж, амжилттай авч явахын тулд хүнтэй маш сайн хамтарч, багаа сайн бүрдүүлж, хүнээс аливааг харамлахгүй байж чадах нь чухал. Манайхан би илүүг чадна, тиймээс илүүг авах ёстой гэж өөрийгөө дөвийлгөсөн байдлаар хандах нь түгээмэл. Гэтэл ийм хандлагаар хүн хол явдаггүй” хэмээн А.Тамир хэлж байна.
LIVERPOOL -ИЙН ҮНЭНЧ ФАНАТ
Өнгөрсөн жил Дэлхийн мастеруудын наадамд гольфийн төрлөөр оролцож, насныхаа ангилалд хүрэл медаль түүний ажлын өрөөнд мөн гольфийн цохиур байсан нь гайхах зүйл биш байв. Ажлын өрөөнийх нь уулзалтын ширээгээр дүүрэн спортын холбогдолтой ном, сэтгүүл өрөөтэй байгаа нь ч төдийлөн сонин биш. Түүний хувьд энгийн л зүйл. “Гольф бол өрсөлдөгч гэж үгүй, өөрөө өөрийгөө ялан дийлдэг спорт. Гольфийн тусламжтай хамтрагчаа илүү таних боломжтой байдаг. Онцлог нь тэр. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийнхан гольф тоглодог хүнийг илүү хүндэлдэг, бизнесийн хамтрагч болох сонирхол ч өндөр байх нь бий” хэмээн ярих тэрбээр Английн хөлбөмбөгийн баг болох Liverpool -ийн үнэнч фанат. Өнгөрсөн тавдугаар сард Liverpool -ийн ерөнхий дасгалжуулагч Юрген Клоппийн сүүлчийн тоглолтыг мөн л тус багийн фанатуудтай хамт зорьж очин үзжээ. Ирэх жил ч амжвал Liverpool -ийн тоглолтыг үзэхээр төлөвлөөд буй. Ер нь тэрбээр Английн Premier League -ийн тоглолтуудыг бараг л алгасаж үзээгүй бөгөөд хамгийн үзэх дуртай спорт нь мэдээж хэрэг хөлбөмбөг хэмээн онцолж байв. Харин ЕАШТ болон ДАШТ -ий үеэр Нидерландийн шигшээ багийг дэмжсээр ирснээ бидэнтэй хуваалцсан юм.