Э.Өрнөхбилэг бол маркетинг, зөвлөх үйлчилгээ, зочлох үйлчилгээний чиглэлийн гурван ч компанийг амжилттай удирдаж буй бизнесмен. Бизнес эрхлэхээс гадна JCI Impact салбар байгууллагын 2024 оны ерөнхийлөгч, BNI Journey Mongolia салбарыг үүсгэн байгуулагч юм. Тийм учраас ярилцлага маань бизнесийн орчин, эдийн засаг болон нийгмийн асуудлууд, багаар ажиллах, маркетинг зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр өрнөлөө.
-Ярилцлагын эхэнд та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу?
-Би 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг олон улсын бизнесийн удирдлага, англи хэлний орчуулагч хос мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөхийн өмнөхөн буюу гуравдугаар курст сурч байхдаа аав болсон. Үеийнхнээсээ түрүүлж гэр бүл зохиосон болохоор ажил хийх ёстой гэж шийдээд Матрикс салонд манаачаар ажилд орж байлаа. Хичээлдээ явах ёстой учраас өөр ажил олдоогүй. Ингээд шөнө нь ажлаа хийж, өглөө нь хичээлдээ явдаг байлаа. Их сургуулиа төгсөөд манаач хийхээ больж, эхлээд ресепшин дараа нь менежер, эрхлэгч, салбарын захирал, эцэст нь 2018 онд Матрикс компанийн гүйцэтгэх захирал болсон.
Улмаар хувийн бизнесээ эхлүүлж, одоогоор маркетингийн агентлаг, зөөлөн ур чадварын талаар голчлон заадаг сургалтын академи, зоогийн газрын бизнес эрхэлж байна.
-Жирийн нэгэн ажилтнаас компанийн захирал болтол карьераа ахиулсан нууц юунд байгаа гэж боддог вэ? Бизнесээ хөл дээр нь босгож, өнөөдрийн түвшинд авчрахад танд хамгийн их тус болсон философи юу байв?
-Матрикс компанид би өндөр цалинтай ажил хийдэг байсан. Тухайн үед банкны салбарын захирал 2,5 сая төгрөгийн цалинтай байсан бол би менежерээр ажиллаад 2 сая орчим төгрөгийн цалин авч байлаа. Харин үсчингүүд орлогын хувиараа цалинждаг учраас бүр өндөр буюу 5-6 сая төгрөгийн цалинтай. Ажлынхан, найз нөхөд маань намайг цалин илүү учраас үсчин бол гэж ятгадаг байсан ч би бизнесийн удирдлагаар, тэр дундаа маркетинг суурьтай мэргэжил эзэмшсэн учраас гүйцэтгэлийн ажил хийхгүй, удирдан зохион байгуулах ажил л хийнэ гэж зөрдөг байлаа. Ер нь багаасаа хүн удирдах сонирхолтой байсан гэж болно. Ингээд Матрикст 10 жил менежментийн ажлаа дагнаж хийсээр захирал болж байлаа.
Гэхдээ нэг компанид олон жил ажиллахаар вакуум орчинд орж, шинэ зүйл сурахаа больдог. Харин 2017 онд JCI байгууллагад элсэж ороод нүд маань нээгдэж, өөрийгөө маш их голсон. Тухайн үед JCI Impact салбарынхаа ерөнхийлөгч нь болно гэсэн зорилго тавиад 7 жилийн дараа түүндээ хүрлээ. Энэ хугацаанд өөрийгөө маш их хөгжүүлсөн. Сургагч багш болж, 2023 онд Индонезэд Азийн 44 орны залуус цугласан чуулганд илтгэл тавьж байлаа. Одоо гурван ч салбарт компани байгуулаад ажиллаж байна.
Тодорхой хэмжээнд амжилт гаргасны шалтгаан, мөн намайг илэрхийлэх гол зан чанар гэвэл хэлсэндээ хүрдэг маань болов уу. Найз нөхөд, эхнэр нөхөр, аав хүүхдийн харилцаа гээд бүх зүйл дээр хэлсэндээ хүрэх нь чухал гэж би боддог. Наад зах нь ажилтнуудынхаа цалинг хоцроож үзээгүй. Би өөрөө 10 жил ажилтан байсан учраас цалин хоцрох ямар хэцүү байдгийг мэднэ. Зээлээ төлөх, тэр бүү хэл гэр бүлийн хүнтэйгээ болзохоо хүртэл хүмүүс цалинтайгаа холбож төлөвлөдөг. Компанийн санхүүгийн байдал хэцүү байгаа учраас цалингаа хоцроосон гэх шалтгийг захирлууд хэлдэг ч чухамдаа энэ нь захирлын хариуцлага юм. Энэ бол байж боломгүй асуудал. Зээлээд ч хамаагүй тавих ёстой гэж би боддог.
Ер нь монголчууд хэлсэндээ хүрдэг болвол их олон зүйл зүгширнэ. Хэлсэндээ хүрэхгүй байснаас л хамаг асуудал үүсэж байна. Удирдлага, ажилтны хэн хэн нь ажлаа хийдэг, дуусгадаг, асуудал үүсвэл ойлголцоод шийддэг байх ёстой. Харилцаан дээрээ бид нар алдаад байх шиг санагддаг.
Хоёрдугаарт, би зүгээр сууж чаддаггүй. Дунд сургуульд сурч байхад хүүхдүүд зуны амралтаараа ажил хийгээд форм, сурах бичгээ авдаг байсан юм. Би ч мөн таньдаг хүнээсээ асууж сураглаж байгаад зочид буудалд хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан. Ерөнхийдөө, туслах ажилтан маягтай. Гадаах зэрлэгийг түү гэхээр нь гараад бүх зэрлэгээ түүчихдэг, хүнд үгүй гэж хэлдэггүй тийм хүүхэд байсан.
Хожим Матрикст ажиллаж байхдаа цагийн уян хатан нөхцөлтэй учраас хоёр сургуульд сурсан. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн маркетингийн оройн ангийг мөн Удирдлагын академийг төгссөн. Түүнчлэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Гадаад худалдааны менежерийн сургалтад хамрагдсан. Ер нь нэг ажил хийхээр зэвэрч байгаа юм шиг санагдсанаас гадна танилын хүрээгээ тэлье, шинэ хүмүүстэй танилцъя, өмнө нь маркетингийн зөвхөн номыг нь сонссон бол энэ удаад практиктай нь хослуулж суръя гэж бодсон юм. Мөн сошиал капиталаа бүтээх давхар зорилгоор сурсан гэж болно. Одоо ч гэсэн компаниудаа удирдахын зэрэгцээ инфлюнсерүүдийн академи байгуулах, вэбсайтын бизнес эхлүүлэх зэрэг бодсон санасан зүйл олон байна.
Энэ бүхэн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой маань холбоотой юм. Нийгмийн оролцоо, хувийн байгууллагуудын оролцоо, хувь хүний оролцоо аль аль нь улс орны хөгжилд чухал. Иргэн бүр нь супер байж чадвал эх орон маань хөгжлийн дараагийн шатанд гарна гэж боддог.
-Та JCI байгууллагад олон жил харьяалагдаж, салбарын 2024 оны ерөнхийлөгч болтол дэвшин ажиллажээ. Мөн BNI байгууллагын гишүүн. Эдгээр байгууллагад яагаад орж ажиллах болсон бэ? Нийгмийн идэвхтэй хүн гэж таныг тодорхойлж болох уу?
-Би 2017 онд бизнесийн салбарт хөл тавьж, тухайн жилээ JCI байгууллагад элсэж байлаа. Нэг компанид олон жил ажиллахаар хүрээлэл багатай, цөөн хэдэн коммюнитид баригддаг, хөгжих боломж тааруу, өөртөө ханах хандлага ажиглагддаг. JCI байгууллагад ороод би өөрийгөө асар их голсон. Үнэхээр мундаг бизнес хийдэг шижигнэсэн залуустай танилцсан. Тэдний нээлттэй, өглөгч өгөөмөр байдлаас маш ихийг сурлаа. Хүн жижиг байх тусмаа улам жижгэрч, нэг хүрээлэлдээ автдаг, хэлбэр хөөдөг. Харин нийтэч байх тусам хүн өөрийгөө таньж нээж, харах өнцөг нь нэмэгддэг. Нийгмийн идэвхтэй болсноор төрөл бүрийн сургалт, коммюнитид хамрагдах зэргээр өөрийгөө хөгжүүлэх боломж гардаг.
JCI байгууллагын гишүүн байсан болон гишүүн залуус улс төр, урлаг, нийгэм зэрэг бүхий л салбарт бусдаас арай өөр сэтгэж, ажиллаж байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө мартаж бусдын сайн сайхны төлөө ажилладаг, хүний үг дааж, ажил хийж сурсан залуус байдаг. JCI-ийн залуучууд улс төрд орж байгаа нь ч их зөв алхам гэж би боддог.
BNI байгууллагад орсноор бизнесийн талаарх ойлголт маань их өөрчлөгдсөн. Хүмүүс хэрхэн бизнес хийж байгааг харж, ойлгож, ухаарч байна. Манай байгууллагад төрөл бүрийн бизнес эрхэлдэг олон шилдэг бизнесмэн, энтрепренер бий.
Нийгмийн идэвхтэй хүн бусдад өөрийгөө зориулдаг мэт харагддаг байх. Тухайлбал, би гэр бүлтэйгээ хамт байх бямба гарагийн цагийг JCI байгууллагад, мягмар, пүрэвийн өглөөний цагийг BNI байгууллагын үйл ажиллагаанд зориулдаг. Гэвч энэ бүхэн эцэстээ өөрийн, мөн бусдын төлөөх ажил байдаг. Өөрийгөө хөгжүүлж, суралцаж, хүрээллээ нэмснээр бизнесийн алсын хараа маань ч тэлж байна.
-Нийгэм болон бизнесийн салбарт цөөнгүй жил ажиллаж буй хүний хувьд өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ? Тодруулбал, хөгжлийн садаа болж буй ямар зүйлс байна вэ?
-Хүнээ хөгжүүлэхэд л бүхнийг чиглүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил надад байдаг. Миний бодлоор бизнесийн таатай орчин манай улсад байна. Нөгөө талаар байхгүй. Хувийн бизнес эхлүүлэх боломж байгаа ч шинэ компаниудын дийлэнх хувь нь эхний 1-2 жилдээ дампуурч байна. Өөрөөр хэлбэл, бизнесийг дэмжигч орчин алга. Яагаад дэмжихгүй байна гэвэл бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүс энэ талаар мэддэггүй. Уг нь бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжиж, хөл дээр нь босоход туслах юм бол улсдаа татвар төлөх гэх мэт олон давуу талтай юм. Гэтэл татварын, тусгай зөвшөөрлийн гэх мэт дарамтууд их. Манай улсад төр гэхээр дарамт бодогддог бол бусад улсад төр нь дэмжлэг болж байдаг.
Нийгмийн хувьд монголчууд бид маш олон сонгууль өгчээ. Үнэндээ нэр дэвшиж байгаа хүмүүс нь бидний л тусгал байдаг. Тэднийг ухаантай, мэдлэгтэй, сэтгэлтэй болгоё гэвэл та бид өөрсдөө тийм болохоос бүх зүйл эхэлнэ. Сошиал орчинд, телевизээр ухаантай зүйл ярьдаг атлаа амьдрал дээр эсрэгээр үйлддэг хүн маш их байна. Мөн шударга хүн нь албан тушаал, эрх мэдэлд хүрэхээрээ амиа хичээх явдал ч байна. Ийм учраас нийгэм маань сайн сайхан болж чадахгүй байна. Хэрэв цаашид энэ хэвээрээ байвал сенсаац, хэрүүл тэмцэл нь гоё харагддаг, инновац технологи нь хол хаягдсан, тэдгээрийг бүтээж байгаа хүмүүсийг ч үздэг, сонсдог хүн байхгүй болно.
Хамгийн аюултай нь энэ бүхэн бидний тусгал болсон хүүхдүүдэд нөлөөлнө. Тиймээс бид өөрсдөө л өөрчлөгдөх ёстой. Төр засаг нь хүнээ боддог, дэмждэг байх ёстой. Түүнчлэн Засгийн газар байгуулагдах бүрд эрүүл мэнд, боловсролын чиглэлийн яамдыг бэлэглэх маягаар удирдуулж байгаа нь маш буруу.
-Монголчууд үнэт зүйлийн хямралд орсон гэдэгтэй санал нийлэх үү? Таны бодлоор монголчуудын үнэт зүйл юу вэ?
-Монголчуудад нэгдмэл үнэт зүйл, Монголоо гэх сэтгэл бага, амиа хичээсэн байдал нь их байх шиг. Гадаа нь дэлхий хөмөрч байсан ч миний хашаанд, миний байшинд, миний ойр дотныхонд тохиолдоогүй л бол миний хэрэг биш гэсэн хандлага хавтгайрсан байна.
Мөн сүүлийн хэдэн жилд бүх зүйлд төр буруутай гэдэг буруу үзэл суусан. Бид амьдралынхаа бараг бүх зүйлийг төр лүү чихэж, бусдаас буруу хайж хэвшсэн байна. Төр макро орчныг бүрдүүлэх ёстой боловч бусад бүх зүйлд иргэн хүн хариуцлага хүлээдэг байх ёстой. Ерөнхийдөө ажлаа хариуцлагагүй хийсэн, хэлсэн амандаа хүрдэггүйгээс энэ байдал бий болж байна гэж боддог. Зөвхөн улс төр бус хувийн компанид ч төстэй зүйл харагддаг. Тухайлбал, өвөл зарим байгууллага урдах зам талбайн цас мөсөө цэвэрлэдэггүй, түүнд нь ч хариуцлага хүлээлгэдэг, тооцдог газар алга.
Ерөөс бидний амиа хичээдэг зан л энэ бүхний буруутан. Нэгэндээ тусалж дэмждэг, ирээдүйгээ төсөөлдөг хүн тун цөөн. Өнөөдөр л болж байвал бусад нь яах вэ гэдэг байдал хэтэрхий бугшсан. Мөнгө л гол үнэ цэн болчихоод эх орон, гэр бүл, шударга ёс гэсэн үнэт зүйлсийг хүмүүс тоох ч сөхөөгүй байна. Ядуу байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа болов уу.
Монголчууд хэлсэндээ хүрдэг болвол их олон зүйл зүгширнэ. Хэлсэндээ хүрэхгүй байснаас л хамаг асуудал үүсэж байна.
Гэхдээ би нэг зүйлд итгэдэг. Хэдий сөрөг, бараан зүйл их байгаа ч ажлаа тултал нь хийдэг, татвараа үнэнч шударгаар төлдөг, амьдралаа босгочихоод нийгэмдээ сайн сайхан зүйл хийдэг, ядаж л хогоо хогийн саванд хийдэг хүмүүс олон болж байна. Зах зээл хөгжиж, тэлэхийн хэрээр дундаж болон томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд олширч байна.
Миний бодлоор бид бол хурдан сэргэдэг, чакра сайтай ард түмэн. Хэдий одоо сорилт, бэрхшээл байгаа ч хөгжиж байгаа, цаашид хөгжих нь гарцаагүй улс. Чухам энэхүү хөгжилд хүн бүр яаж оролцох вэ гэдэг л чухал.
-Тэгвэл бид хэрхэн нэг баг болж ажиллах ёстой вэ?
-Монголчуудыг багаар ажиллаж сурч байгаа гэж боддог. Зарим хүн ганцаарчилсан төрлийн спортоор жишээ авч, монголчууд багаар ажиллаж чадахгүй гэж дүгнэдэг нь буруу юм. Багийн спортод зориулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нь бага байгаад гол учир оршиж буй. Миний анзаарч буйгаар бидэнд бусдыг ойлгох чадвар (empathy) дутдаг.
Нэг нэгнээ нөхдөг, ойлгодог, амьдралыг нь хүртэл мэддэг болсон цагт багийн ажиллагаа сайжирна. Одооны хүүхэд, залуусын багийн ажиллагаа маш их сайжирсан.
-Олон жил удирдах ажил хийсэн таны ажлын онцлог, арга барил юу вэ?
-Матрикст ажилладаг байхдаа төрөл бүрийн зан араншинтай хүмүүстэй харьцдаг байлаа. Ажлын онцлогоос шалтгаалаад үл ойлголцол их гарна. Тэр бүрийг зохицуулахын тулд хүнээ сайн сонсдог, асуудлыг аль болох зөвөөр шийдэхэд суралцсан. Гэхдээ энэ нь нэг талаар цаг их авдаг, адармаатай арга барил. Харин сайн тал нь нөгөө хүнээ сууриар нь ойлгосны үндсэн дээр тухайн асуудлыг шийдэх боломжийг олгодог юм.
Хэрэв ажилтан, хамтрагч маань хэт их сэтгэл хөдлөлөөр хандаж байгаа бол ах, эсвэл удирдлагын хувьд зөвлөж ярих дуртай. Хүмүүсээ аль болох дэмжиж ажиллахыг хичээдэг. Энэ арга маань зөвддөг болов уу гэж боддог.
Зорилго, алсын хараагаа томоор харж, түүнийгээ хүмүүст хүргэж, ойлгуулахыг хичээдэг. Мөн хүмүүстэй их ярилцдаг, тэрхүү ярианаасаа аль болох их зүйл ойлгож авахыг зорьдог.
-Олон салбарт бизнес эрхлэх нь ямар сорилтыг дагуулж байна вэ?
-Бизнес хийх сонирхолтой шүү дээ. Жишээлбэл, маркетингийн чиглэлийн “Infinity Enterprise” ХХК маань тухайн брэнд, бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээг олон нийтэд, зах зээлд хүргэхэд нь аж ахуйн нэгжүүдэд тусалдаг маш сонирхолтой бизнес.
Миний тархинд үргэлж шинэ санаа төрж, буцалж байдаг. Тэрхүү санааг минь ойлгож, тогтвортой хариуцаж, гүйцэтгэх хүн байвал уг санаагаа заавал ажил хэрэг болгохыг хичээдэг. Одоогоор гар нийлдэг, атгасан гар шиг дөрвөн найз, хамтрагчтай ажиллаж байна. Тэдэндээ тухайн бизнесээ бүхэлд нь, эсвэл тодорхой хэсгийг нь хариуцуулдаг.
Цаашид нийгэм, олон нийтэд хандсан ажилд түлхүү оролцож, хийж бүтээх хүсэлтэй учраас бизнесийн өдөр тутмын ажиллагаанд тэр бүр оролцох бодолгүй байна. Гэхдээ мэдээж эхлэл үед нь буюу хөл дээрээ найдвартай тогтох хүртэл нь оролцож, хамтарч ажилладаг.
Монголчууд ер нь бизнесээ ихэвчлэн танил, найз нөхдийн хүрээллээр хийдэг онцлогтой. Гэхдээ мэдээж чанаргүй, тогтворгүй, муу бол ямар ч бизнес амжилтад хүрэхгүй шүү дээ, энэ тал дээр тэнцвэрийг хадгалж байх ёстой. Цаг хугацааг товчлохын тулд хүрээллээ нэмж, олон коммюнитид харьяалагдахыг би зорилгоо болгодог. Үр дүнд нь бизнес маань ч хөгжинө, зэрэгцээд өөрөө ч нийгмийн төлөө ажиллах боломжтой болдог юм.
Хэдий одоо сорилт, бэрхшээл байгаа ч хөгжиж байгаа, цаашид хөгжих нь гарцаагүй улс. Чухам энэхүү хөгжилд хүн бүр яаж оролцох вэ гэдэг л чухал.
Удирдлагын академид суралцаж байхад нэг багшийн маань ярьсан зүйл мартагддаггүй юм. “Та хүүхдээ хэчнээн сайн хүмүүжүүлсэн ч 20 жилийн дараа ажлын талбар дээр гараад олон янзын ааш зантай хүмүүстэй харилцана. Амьдрал дээр сайн, муу маш олон хүн бий, тиймээс зөвхөн өөрийн үр хүүхдийн сайн сайхны төлөө хичээхээс гадна нийгэм рүү хандсан ажлыг заавал хийх ёстой” гэж тэр багш маань хэлсэн. Энэ нь зөвхөн соён гэгээрүүлэх, урлаг, соёлтой холбоотой яригдах сэдэв биш юм. Ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар маань нийгэмд гэрэл гэгээ түгээдэг, соён гэгээрүүлдэг, аливаа асуудлыг хөнддөг, тоймлодог маш чухал ажил хийж байгаа гэж би боддог. Мөн мэдээж гэр бүл, аав ээжийн хүмүүжил, сургааль чухал үүрэгтэй.
Хүн нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхгүй бол дараа үеийнхний маань ирээдүй хайран болно гэж би боддог. Зөвхөн өөрийн амьдралаа гоё сайхан болгоод нэгэн насыг дуусгавал дэндүү амиа хичээсэн, харамсалтай амьдрал болно.
-Маркетингийн чиглэлийн компани удирдаж буйн хувьд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Тэд ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ?
-Харилцагчид маань маркетингийн компанитай хамтран ажиллаж байгаа атлаа бидэнд зөвлөдөг тал бий. Маркетингийн бусад компанид ч ийм зүйл нийтлэг тохиолддог байх гэж бодож байна. Судалгаа хийгээд, төлөвлөгөө гаргаад өгөхөд тухайн компанийн захиралд нь таалагддаггүй. Мэдээж захирал нь мэргэжил, туршлага, амьдралыг үзэх өөрийн гэсэн үзэлтэй байж болох ч энэ бүхэн бидэнд тийм ч хамаатай биш бөгөөд хамгийн гол нь тухайн бүтээгдэхүүн, брэнд, компанийн үйлчилгээ, зорилго л бидэнд хамгийн чухал байдаг.
Хамтын ажиллагаа эхлүүлэх үед уулзаж, ойлголцоод ажлаа эхлүүлдэг ч үүнийг ингэж хийнэ, энэ өнгө зохицохгүй, энд оруулахгүй гэх мэтээр брэндбүүк, судалгаа хийсэн зах зээл, сегментдээ тохирохгүй зүйлийг хийлгэх явдал том, жижиг ялгаагүй ихэнх компанид ажиглагддаг. Эцсийн дүндээ бидний хийсэн зүйл хэрэггүй, захиралд таалагдах зүйл л хэрэгтэй болох нь бий. Уг нь компанийн удирдлага мэргэжлийн хүмүүсээр ажил хийлгэж байгаа бол эргүүлээд зөвлөгөө өгч, өөрийн хүслээр хийлгүүлэх гээд байдаг нь буруу юм.
Хоёрдугаарт, маркетингийн талаар хүмүүс нийтлэг буруу ойлголттой байна. Ихэнх хүн зар сурталчилгаа болон борлуулалтыг хольж ойлгодог. Борлуулалт бол маркетингийн үйл явцаас гарах үр дүнгийн зөвхөн нэг нь юм. Танигдалт, хоногшилт зэрэг олон ойлголт бий. Гэтэл маркетинг хийсэн л бол манай борлуулалт нэмэгдэх ёстой, манай борлуулалтыг нэмэгдүүл гэж компанийн захирлууд хүсдэг, шаарддаг. Хэдий энэ нь нэг талаар үндэслэлтэй боловч үр дүн нь урт хугацаандаа гарахаас гадна тухайн бүтээгдэхүүний чанар, түгээлт зэрэг бусад хүчин зүйлээс багагүй хамаарна. Тиймээс борлуулалт буурах нь маркетингийн компани, мэргэжилтнүүдээс хамаарахгүй. Яагаад гэвэл бид нар худлаа ярьж, худлаа маркетинг хийж болохгүй.
Маркетингийн талаар хүмүүс нийтлэг буруу ойлголттой байна. Ихэнх хүн зар сурталчилгаа болон борлуулалтыг хольж ойлгодог. Борлуулалт бол маркетингийн үйл явцаас гарах үр дүнгийн зөвхөн нэг нь юм.
Тиймээс маркетингийн үйлчилгээ авч байгаа бол маркетингаа концепцоор нь харах ёстой юм. Үүнд, эхэн үеийн судалгаанаас эхлээд борлуулалтын дараах харилцаа, сайжруулалтын процесс хүртэл багтана. Гэтэл манай компаниуд маркетингийг арай л амар хялбараар ойлгоод байгаа нь ажиглагддаг.
-Бизнес, олон нийтийн ажил хэмээх завгүй хэмнэлийн дунд ажил, хувийн амьдралаа хэрхэн зохицуулж, тэнцвэржүүлдэг вэ?
-Гэр бүлдээ аль болох чанартай цаг гаргадаг. Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээ маш сайн төлөвлөдөг. Манай гэр бүл шиг олон удаа салхинд гардаг гэр бүл Улаанбаатарт бараг л байхгүй болов уу. Бямба гарагт JCI байгууллагын ажлуудад оролцдог учраас ням гарагт голдуу салхинд гарч байна.
Бага цагт их зүйл амжуулахыг хичээж байгаа нь манай баг, хамт олонтой их холбоотой. Миний хувьд ихэвчлэн уулзалт, төлөвлөлтөө хийж, гүйцэтгэлд тэр бүр оролцдоггүй. Хувь хүний онцлог маань удаан сууж, төвлөрч ажилладаг хэв маягийнх биш. Харин сонирхсон зүйлээ маш сайн судлах, түүндээ гүнзгий автдаг хандлагатай. Тухайлбал, ойрын өдрүүдэд инфлюнсерийн академийн сургалтын хөтөлбөрөө гаргахаар цаг наргүй ажиллаж байна.
Манай нэг коуч “таныг байгаа үед л бизнес чинь урагшилж байвал та бизнесмэн биш, харин ажилтан юм уу, менежер хийж байна. Харин таныг байхгүйд үед ч бизнес чинь хөдөлж байвал анхан шатны бизнес хийж байна гэсэн үг. Харин хүмүүст зөвлөдөг бол хоёрдугаар шатны бизнес хийж байна гэж ойлгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Миний хувьд одоогоор анхан шатны бизнесмэн болох гэж хичээж байна. Үүнд цагийн менежмент маш чухал гэдгийг ойлгосон. Би ажлаа төлөвлөөд, хамгийн гол нь цагийн юмыг цагт нь хийж, хэлсэндээ хүрэхийг зорьдог. Мөн ажлынхаа хажуугаар нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, манлайлахыг хичээдэг.
Миний бодлоор манлайлагч гэдэг үг өнөөдөр Монголын нийгэмд үнэ цэнээ алдаад байх шиг санагддаг. Тун их тренд болж байсан энэ үгний утга учир нь цагийн аясаар алдагдаж, хэлбэртэйгээ хамт агуулга нь муудсан. Гэвч манлайлагч бол хамгийн супер үг, хүн бүр манлайлагч болохын төлөө хичээх ёстой гэж би боддог. Нийгэмд ч, ажил хэрэг, бизнесийн орчинд ч та бид манлайлагч болох ёстой.
Захирал, удирдагч биш боловч үг, сургаалийг нь сонсмоор хүн олон байдаг. Тэд бол албан бус манлайлагчид юм. Монгол хүн бүр тийм байгаасай, бусдадаа сэтгэлээ зориулдаг болоосой гэж боддог. Манлайлагчид байх ёстой нэг чадвар бол цагийн менежмент юм. Хэрэв цагийн менежментгүй, юм юм руу үсчсэн, тогтвор суурьшилгүй ажиллах юм бол уймраа хүн болж хувирна. Тиймээс цагаа маш сайн төлөвлөх ёстой.