Дэлхийн хамгийн том реферал нетворк болох BNI нь олон улс даяар 320 мянга орчим гишүүнтэй, хурдтай тэлж буй сүлжээ. Тэгвэл Монголд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хоёрхон жилийн дотор 10 салбартай болсон нь дэлхийн өөр ямар ч улсад үзэгдээгүй өндөр хурд юм.
Одоогоос хоёр жилийн өмнө Дархан хотод TEDxYouth@Darkhan арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаны дараа тусгай хүлээн авалтын үеэр уран зургийн дуудлага худалдаа эхэлснийг зарлалаа. Их зам, уул нуруудын дунд тэмээн жингийн цуваа үзэгдэх нь бүхэлдээ торгоны замыг дүрсэлсэн байв. 150 мянган төгрөгөөс “дуудагдаж” эхэлсэн зургийг чамгүй өндөр үнээр худалдан авсан Э.Чинзориг “Торгоны замыг дүрсэлсэн, нэг их урт үргэлжилсэн тэр зураг тухайн үед шинэ бизнес эхлүүлэхээр зорьж байсан надад тун чиг утга учиртай санагдсан учраас гар татаагүй” хэмээн хариулж байна. Энэхүү дуудлага худалдаанаас ердөө 20-иодхон хоногийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд тэрбээр BNI Silkroad салбарыг байгуулсан нь дэлхийн хамгийн том реферал нетворкийн Монгол дахь анхны салбар болсон юм.
“Зөвхөн Монголдоо бизнесийн үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй болсон цаг үед бид амьдарч байна. Цөөн хүн амтай, зах зээлийн худалдан авах чадвар бага учраас бид хоорондоо хэчнээн өрсөлдөөд ч төдийлөн үр дүнтэй биш. Тиймээс Монгол Улс дэлхийтэй холбогдож, монгол бизнесүүд дэлхийд гарах учиртай. Энэ алсын зорилгоо Эртний торгоны замтай холбон бэлгэдэж, анхны салбараа BNI Silkroad гэж нэрлэсэн” хэмээн үүсгэн байгуулагч Э.Чинзориг тодотголоо. Үүнээс хойш Улаанбаатар хотод BNI Karakorum, BNI Gerege, BNI Aurug гэх зэргээр нийт долоон салбар ээлж дараалан байгуулагдаж, орон нутагт Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл аймагт тус тус салбараа нээж амжжээ. Өдгөө 400 орчим BNI -чууд Монголд бий бөгөөд цаашид ч өргөжин тэлж, шинэ салбарууд байгуулагдах нь тодорхой болоод байгаа юм.
Дэлхийн хамгийн том реферал нетворк болох BNI нь олон улс даяар 320 мянга орчим гишүүнтэй, хурдтай тэлж буй сүлжээ. Реферал гэдэг нь тухайн бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг ам дамжуулан түгээх байдлаар өргөжин тэлэхэд тусалдаг систем хэмээн BNI -ийнхан тайлбарладаг. Энэ талаар Э.Чинзориг “Бусад нетворкоос ялгаатай нь BNI яг л бизнес эрхлэгчдэд зориулсан, бизнесийн боломжийг нь нэмэгдүүлж, борлуулалтыг тэлэх зэрэг цагаан дээр хараар бичсэн тодорхой зорилготой. Хоёр дахь ялгаа нь BNI -ийн бүх үйл ажиллагаа долоо хоногийн тодорхой ганц л өдөр өглөө эрт болдог. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой учраас тэдний ажил, амьдралын цаг хугацаанаас төдийлөн хороогоод байдаггүй. Амралтын өдөр болон ажлын дараах цагаар арга хэмжээ зохиогддоггүй гэсэн үг. Харин гишүүд долоо хоног бүрийн уулзалтдаа заавал оролцож, таслахгүй байх ёстой. Ийм л энгийн зарчимтай” хэмээн хэлж байна.
BNI Mongolia -ийн салбар бүрийн гишүүд долоо хоног тутам уулзахдаа бизнесээ ярилцан, туршлагаа хуваалцаж, нэгэндээ зааж зөвлөдөг. Анхны уулзалтдаа ирэхэд нь л бизнесийн саналуудаа танилцуулж, реферал солилцож, бодит борлуулалтууд нүдэн дээр өрнөж, үр дүн маш тодорхой байдгийг тэд онцолж байв. Тиймээс бизнес эрхлэгчид BNI Mongolia -ийн гишүүн болох урсгал эрчимжсээр буй.
BNI Mongolia шиг үүсгэн байгуулагдсанаасаа хойш хоёрхон жилийн дотор 10 салбартай болсон дэлхийн өөр ямар ч улсын салбар байхгүйг тодотгож байсан юм.
“Өнөөдөр сошиал нетворкт суурилсан, өөр хоорондоо өрсөлдөх биш бие биеэ дэмжих хэлбэрээр ажилладаг бизнесүүд хүчтэй болж байна. BNI өөрөө энэ хэрэгцээ шаардлагыг хангах маш том философийг агуулсан байгууллага. Тэр нь givers gain буюу өглөгч хүн өөдөлдөг гэх философи. Олон улсад мөн ийм хандлага хүчтэй дэлгэрч байгаа учраас BNI -ийн философи цаг үетэйгээ хөл нийлж, хурдтай өсөлт үзүүлж байна. Тухайлбал, Монголд бусад улсаас илүү хурдтай тэлж байгаа” гэж Э.Чинзориг онцлов.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн зургаадугаар сард BNI Ази Номхон далайн орнуудын манлайлагчдын дээд хэмжээний уулзалтыг тэд эх орондоо зохион байгуулжээ. Энэ үеэр 19 улсын 30 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирснээр дотоодын гишүүд BNI гэр бүлийн гадаад гишүүдтэй танилцаж, бизнесийн хүрээллээ тэлэх, цаашлаад хамтын ажиллагааны олон боломж бий болгох үүд хаалга нээгдсэн юм.
Мөн уг чуулга уулзалтын яг маргааш BNI Mongolia байгууллагын анхдугаар Үндэсний чуулган зохион байгуулагдах үеэр Монголд зочилсон улс орон бүрийн үндэстэн хариуцсан захирлууд онцлох бизнесүүдээ танилцуулахын зэрэгцээ гадаад, дотоод гишүүд хамтын ажиллагаагаа тэлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдээр баялаг томоохон экспог давхар зохиосноороо онцлог байв. Тухайлбал, Networking like a pro сэдвээр цуврал сургалтууд болсон нь бизнес эрхлэгчдийн хувьд үр өгөөжтэй, ач холбогдолтой байж чадсаныг оролцогчид тэмдэглэж байсан юм.
Үүний зэрэгцээ энэ үеэр МҮХАҮТ -тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “Таны бизнес экспортод бэлэн үү?” сургалтыг хамтран зохион байгуулж, тус танхимын ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин BNI Mongolia -г дотоодын ЖДБ -үүд чадавхжих, зах зээлээ тогтворжуулж, цааш өргөжин тэлэхэд чухал нөлөө үзүүлж чадахуйц байгууллага гэдгийг онцлон тэмдэглэж байсан билээ. Үндэсний чуулганыг залгуулаад BNI Talk буюу BNI Mongolia байгууллагын хамгийн амжилттай, урам зориг өгөхүйц түүх бүхий есөн бизнесмэнийг сонгож, өөрийн түүх, туршлагаа хуваалцах нээлттэй арга хэмжээг мөн зохиосон нь оролцогчдод бусдаасаа суралцах боломжийг олгосон юм.
Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ
“Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэж монголчууд ярьдаг ч бизнест тэр бүр бодитоор хэрэгждэггүй. Тэгвэл энэ философийг BNI -ийнхан бодитоор хэрэгжиж болохыг батлан харуулж байна”. Э.Чинзориг ингэж хэлээд BNI Mongolia үүсгэн байгуулагдсанаас хойших хоёр жилийн хугацаанд нийт 22 тэрбум төгрөгийн борлуулалтыг гишүүддээ олгосон гэдгийг тодотголоо. “Энэ бол бидний гишүүддээ өгч чадсан бодит үнэ цэн” гээд тэрбээр цааш үргэлжлүүлэн “Монголын бизнесийн хурд удаан, итгэлцэл сул, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чадамж тааруу байна. Хөрөнгө оруулалт бага, боломж багатай тарчиг зах зээлд борлуулалт нь гацчихвал тухайн бизнес хугарлын цэгээ давж чадалгүй дампуурдаг. Гэтэл бүх бизнест хөрөнгө оруулалт, борлуулалт хэрэгтэй шүү дээ” гэв.
BNI -ийн онцлог нь зөвхөн борлуулалт бус мөнгөөр үл хэмжигдэх томоохон үнэ цэнийг ч бий болгодог. Энд хүмүүс өөрийн санаа, мөн боломжоо хуваалцдаг нь өөрөө маш том капитал. Салбарынхаа гишүүдтэй хамтран шинэ бизнес эхлүүлсэн хүн байхад, бизнесийн арга барилаа өөрчилсөн ч нэгэн байна. Мөн бизнесээ илүү үр өгөөжтэй эрхлэх загваруудад ч суралцаж чаддаг. Яг үүнтэй холбоотой маш олон бодит туршлага бий гэдгийг BNI -ийнхан хуваалцаж байв.
Мэдээж хэрэг, BNI Mongolia -д компани бүр өөр өөрийн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр нэгддэг. Бүтээгдэхүүн борлуулах хэсэг байхад, нетворкингоо тэлэх өөр зорилготой гишүүд ч бий. Нэг үгээр, хамтын ажиллагаа, харилцаа холбоо гэдэг зөвхөн мөнгө олох хэрэгцээнд суурилдаггүй. Гэхдээ бизнес бүрд худалдан авах хэрэгцээ бий. Энэ тохиолдолд BNI Mongolia -ийн нетворкинг гишүүн байгууллагуудыг хооронд нь маш хурдтай холбох гүүр болж чаддаг. Зөвхөн борлуулалтын бус үйл ажиллагааны хурдыг ч энэ бүхэн давхар сайжруулдаг гэдгийг гишүүд дурдаж байна.
Нэг л өдөр бизнесийн хамтрагч нь Э.Чинзоригт санал тавьсны дагуу тэр BNI -ийг судалж эхэлсэн бөгөөд Монголд нэвтрүүлэхэд зах зээлийн хувьд боломжийн бизнес санагдсан аж. Ингээд гурван жил хөөцөлдсөний эцэст амжилттай гэрээ байгуулж, бизнесийн хамтралын хувьд гурвуулаа болсон байсан ч тодорхой шалтгааны улмаас тэрбээр BNI -ийг ганцаар байгуулж, босгох хариуцлагатай үүргийг нуруундаа авчээ.
Өмнө нь Dale Carnegie Mongolia -ийн хамтран үүсгэн байгуулагч төдийгүй сургалт хариуцсан захирлаар багагүй хугацаанд ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 200-300 мянган хүнд хичээл заасан талаараа хуваалцсан юм. Энэ хугацаанд монгол залуучууд өрсөлдөх чадвартай, оюуны потенциальтай гэх бүрэн дүүрэн итгэлийг олж авсан бөгөөд илүү олон залуусын өөрийгөө сорих хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг асааж чадвал Монгол Улсын хөгжил ч тэр хэрээрээ хурдална гэж үзэх болжээ.
Үүгээр зогсохгүй “Монгол оюуныг дэлхийд өрсөлдөхүйц түвшинд яагаад гаргаж болохгүй гэж?” хэмээх бодолдоо хөтлөгдөн дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадамж бүхий сургалтын байгууллагын бүтцийг BNI Mongolia дотроо хөгжүүлэхээр зориг шулуудсан байна.
Монголоос дэлхийн бусад улс оронд өөрийн боловсруулсан сургалтын функцээ хөгжүүлж нэвтрүүлэх хэтийн төлөвлөгөө түүнд бий.
Үйлдвэрлэл явуулахаас илүү хязгааргүй хувилах боломжтой нөү-хау, арга зүй, франчайз, систем зэргийг монголчууд боловсруулж чадна гэж үздэг Э.Чинзориг арилжааны зорилгоос илүү монгол хүний үнэлэмж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийд гаргахын тулд энэ бүхнийг эхлүүлсэн гэдгээ тайлбарлаж байв. Тиймээс ч суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй гишүүддээ зориулан BNI Mongolia Academy -ийг байгуулж, гишүүдээсээ багш нараа сонгон элсүүлж, багш бэлтгэх системийг нэвтрүүлжээ. Үндсэн зорилго нь заах ур чадвартай буюу сургалтад хамрагдаж буй хүмүүсийн бизнесийг бодитоор хөгжүүлж чадах багш нарын тоог нэмэгдүүлэх. Цаашлаад BNI Mongolia байгууллага монгол хүний имижийг хилийн чанадад өсгөж, гишүүддээ гадагшаа бизнес эрхлэх боломжийг нээж өгөхөд анхаарлаа хандуулж байна. Одоогоор BNI -ийн салбар бүхий дөрвөн ч улс BNI Mongolia Academy -ийн хүрээнд хамтран ажиллах саналыг хүлээн аваад байгаа бөгөөд энэ оны сүүлчийн хагасыг эдгээр ажлыг цэгцэлж, урагшлуулахад зориулах аж. Энэ зорилгоор ирэх арваннэгдүгээр сард Хятад улсыг академийн гишүүдтэйгээ зорихоор төлөвлөснөө Э.Чинзориг хуваалцлаа.
Жижиг чулуугаар том чулууг хөдөлгөх нь
Олон мянган хүнд хичээл заах явцдаа түүний анзаарсан өөр нэг зүйл бол монголчууд бизнесийг уламжлалт, хуучинсаг арга барилаар хийдэг байдал. Тиймээс шинэ бизнес эхлүүлэхдээ энэ бүхнийг эвдэхийг анхнаасаа зорьжээ. Жишээлбэл, бизнес эрхлэх гэж буй хүмүүс хамгийн түрүүнд оффистой байх ёстой гэж үздэг бол BNI Mongolia -ийнхан үүнээс татгалзсан аж. “Танай оффис хаана байдаг вэ?” гэх асуултад зүгээр л аль нэг кофе шопийг заах нь бий. Бид Э.Чинзоригтой уулзаж ярилцахдаа ч оффист нь буюу хотын төвийн нэгэн кофе шопт цаг товлосныг энд дурдах хэрэгтэй. Мөн бизнесийн бүхий л хэрэгцээгээ BNI Mongolia -ийн гишүүдээс аутсорсинг байдлаар шийддэг бөгөөд үндсэн гурван ажилтантайн нэг нь тэр өөрөө юм. “Энэ бүхэн бидэнд асар их хэрэгцээгүй зардлыг хэмнэж өгөхийн зэрэгцээ бизнесийг маш өндөр чадамжтай болгодог” хэмээн онцолж байна.
Тухайлбал, BNI Mongolia сургагч багшаар ажиллах Э.Чинзоригоос гадна гүйцэтгэх захирал болон үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер гэсэн цомхон бүтэцтэй. “Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь бизнесийн санаагаа гаргаж, өөрөө эхлүүлсэн л бол захирал болох ёстой гэсэн буруу бодол тээдэг. Гэтэл хүн бүрийн авъяас чадвар өөр учраас захирал байхад тохиромжгүй байж болно. Хэдий би олон улсад BNI Mongolia -ийн үндэстэн хариуцсан захирал буюу үндэстний захирал гэж явдаг ч багшлахыг илүүд үздэг. Тиймээс гүйцэтгэх захирлаараа маш өндөр чадамжтай нэгэн бүсгүйг томилон ажиллуулж байна” гэлээ.
Бизнес үүсгэн байгуулах, удирдах хоёр тусдаа ажил. Сайн бизнес эрхэлнэ гэдэг дандаа удирдахуйн тухай асуудал биш. Удирддаг хүнийг бэлдэх тухай ч байж болно.
Гэхдээ өндөр чадамжтайгаас гадна хүсэл эрмэлзэл, мөрөөдөл ойролцоо хүнтэй хамтрах нь тухайн бизнесийг илүү бат бөх, тогтвортой урагшлах үндэс болдгийг амьдралынхаа туршлагаас ойлгох болсноо хуваалцсан юм. Түүнийхээр сайн баг бүрдүүлэх, тухайн багийг зөв бүтэцтэй зохион байгуулах тал дээр Монголын бизнесүүд ихээхэн учир дутагдалтай. Иймд шинэ бизнес эхлүүлэхдээ чадварлаг, цомхон баг бүрдүүлж, жижиг чулуугаар том чулууг хөдөлгөхөөр туршсан нь амжилттай хэрэгжиж буй BNI Mongolia юм.
Тэрбээр BNI Mongolia Academy -даа борлуулалт болон нетворкинг чиглэлээр үндсэн хоёр төрлийн сургалт ордог. Тодруулбал, борлуулалтыг хэрхэн дэмжих, нетворкинг хийх ур чадвараа хэрхэн сайжруулах, мөн BNI Mongolia -ийн шинэ салбар үүсгэн байгуулах сонирхолтой залуучуудад системийн сургалт тогтмол орж, туршлагаасаа хуваалцсаар байна. Уг академиас гадна Э.Чинзориг Coach Lab Mongolia сургалтын байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд “Бизнес үүсгэн байгуулах, удирдах хоёр тусдаа ажил. Сайн бизнес эрхэлнэ гэдэг дандаа удирдахуйн тухай асуудал биш. Удирддаг хүнийг бэлдэх тухай ч байж болно” гэж онцлоод сургагч багш болох хүсэлтэй хүмүүст зориулсан бүтэц гэдгийг ч нэмж тодотголоо. Coach Lab Mongolia -аас өмнө тэрбээр JCI Mongolia Academy болон Dale Carnegie Mongolia байгууллагуудын сургалтыг хариуцаж, нийт 270 орчим багш бэлтгэжээ. Энэ хугацаанд тэрбээр олон төрлийн хүнтэй харилцаж, янз бүрийн нөхцөл байдал, бизнесийн кэйсүүд дээр ажиллаж ирсэн учраас өөрийн бизнесийн мэдлэгээ цэвэр бодит амьдралд суурилсан хэмээн тэмдэглэдэг. Өнгөрсөн хугацаанд хүмүүст хүргэсэн тоо томшгүй олон сургалтынхаа явцад амьдрал дээр амжилттай, зөв яваа хүнд хоёр гол шинж байдгийг анзаарснаа тэр хуваалцсан юм.
Ямар ч хүн өөртөө итгэж байгаагаасаа илүү чадалтай байдаг.
Нэгт, чин сэтгэлээсээ байх. Хоёрт, эр зоригтой байх. Энэ хоёрыг хослуулсан тохиолдолд ямар ч хүн алдсан ч урагшилж чаддаг. Харин зориггүй байна гэдэг монгол хүний бизнесийн амжилт, амьдралын чанарыг төдий хэрээр хойш чангааж байдгийг хэлж байв. Мөн өнгөрсөн хугацаанд түүний хүмүүст хамгийн их өгсөн зөвлөгөө нь “Өөртөө итгэ”. “Ямар ч хүн өөртөө итгэж байгаагаасаа илүү чадалтай байдаг. Өөрийнхөө чадамжийг 100 хувь үнэлж, тэр хэмжээний итгэлтэй байгаа хүнтэй их ховор таарсан. Уг нь хүн маш өндөр чадамжтай ч түүнийгээ дутуу үнэлж, бүрэн дүүрэн ашигладаггүй” хэмээсэн нь BNI Mongolia -г үүсгэн байгуулсан түүний алсын хараа болоод багшийн ажлаа одоо ч тасралтгүй хийж буйнх нь шалтгаан мэт сонсогдож байлаа.