“Сошиал хуудсаа сонирхолтой, бас бүтээлчээр хөтлөх нь миний нэг төрлийн хобби” хэмээн Э.Мөнхбилэг бидэнд ярьсан юм. Хүмүүс түүнийг “жинхэнэ” нэрээр нь бус голдуу Даша хэмээн дуудаж, @dashalulu инстаграм хаягаар нь илүү сайн мэддэг. Тэрбээр сошиал хаягаараа дамжуулан гэр бүл, ээж байх, хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын хэв маяг зэрэг цөөнгүй сэдвээр өөрийн туршлагаасаа мянга мянган дагагчидтайгаа хуваалцдаг. Гэхдээ энэ бүхэн түүний зөвхөн чөлөө заваараа хийдэг сонирхол бөгөөд нөхрийн хамт үүсгэн байгуулсан Avdar Toys брэнддээ сүүлийн жилүүдэд илүү анхаарч, үнэ цэнийг нь өсгөсөөр байгаа юм.
БНХАУ-д 17 дахь жилдээ амьдарч буй тэрбээр хүүхдийн тоглоомын бизнесээ тус улсаас гадна хэд хэдэн орны зах зээлд хүргээд амжжээ. Avdar Toys брэндийн модон тоглоомууд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг онцлогтой. Warm•nature•love уриатай тус брэндийн үүсгэн байгуулагч Э.Мөнхбилэг архитектор мэргэжилтэй бөгөөд тоглоомын дизайн гаргах, хүмүүст хүргэх, борлуулах ажилд голлон төвлөрдөг нь ихээхэн бүтээлч байдал шаарддаг.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр өөрийн сонирхлоор зураг дарах чадвараа хөгжүүлж, нөхрийн хамт видео студи байгуулан хурим, элдэв арга хэмжээ, тэмдэглэлт өдрүүдэд зориулан захиалгат зургийн үйлчилгээ үзүүлж, залуу ээжүүдэд хэрэгтэй зөвлөгөө, урам зориг өгөх контент бүтээдэг “Авдар клуб” -ийг үүсгэн ажиллуулж байв. Ер нь Э.Мөнхбилэг өөрт тулгарсан бэрхшээлээ бүтээлчээр шийдвэрлэж, шинэ санаагаа цааснаас бодит амьдралд буулган туршиж, хэрэгжүүлж чаддаг идэвхтэй, бүтээлч нэгэн. Сүүлд гэхэд л Avdar Toys -ийн хажуугаар “Нар, сар, од” редакцыг найзын хамт үүсгэн байгуулж, хүүхдийн ном эрхлэн гаргах ажлыг эхлүүлснээ “Ээж болоод хүүхдийн зурагт номонд дурласан учраас…” хэмээн тайлбарласан юм. Ингээд түүнтэй онлайнаар товч ярилцсанаа хүргэе.
Avdar Toys мэндэлсэн түүх
“Анх ээж болсныхоо дараахан хүүдээ авч өгөхийг хүссэн тоглоомоо эргэн тойрноосоо хайгаад олоогүй. Тиймээс өөрөө хийж үзэхээр шийдэж, анхны модон тоглоомоо нөхөртэйгөө хамтран бүтээж байлаа. Гэтэл найз нөхөд маань тэр тоглоомыг хараад яг адилханыг хийлгэх хүсэлт тавьсан. Бидний хийсэн тоглоом ойр тойрны хүмүүст маань таалагдаж, захиалга бага багаар нэмэгдсээр, бизнес болох суурь бүрэлдэж эхэлсэн. Удалгүй хөрөнгө оруулагчтай болсноор бизнес маань өргөжих замдаа орсон гэж хэлж болно. Хүүдээ зориулж хийж байсан авирах зориулалттай анхны модон тоглоом тухайн үедээ л түүний минь хамгийн шилдэг тоглоомуудын нэг болж байлаа (инээв). Бид эхнээсээ л цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн хийх зарчмыг баримталсан нь одоо ч хэвээрээ. Мөн манай брэнд Хятадын цахим худалдааны орчинд анх гарч ирээд л хүүхдийн тоглоомын шинэ төрөл үүсгэж, бид ч тэр цагаас хойш бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулахын зэрэгцээ хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байдалд онцгой анхаарсан нь урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн. Энэ бүхний үр дүнд Avdar Toys маань салбартаа тэргүүлэгч брэнд болж чадсан”.
Яагаад модон тоглоом гэж?
“Монголчууд тоглоом гэхээр хамгийн түрүүнд хүүхдийг хөгжөөдөг зүйл гэж хардаг юм шиг санагддаг. Тиймдээ ч чанга дуутай, асаж унтардаг хуванцар тоглоом сонгох нь түгээмэл. Гэтэл тоглоом гэдэг юуны түрүүнд, хүүхдийг олон талаас хөгжүүлэх хэрэгсэл, нүдээрээ харж, гараараа хүрэх үед хүүхэд маш олон зүйлийг сэдэж, бас мэдэрч байх учиртай. Энэ утгаараа бид байгалийн гаралтай материалыг ашиглан тоглоом үйлдвэрлэдэг. Олон цагаар чанартай сайхан тоглоомоор тоглож өссөн хүүхдүүд хувь хүн болоод оюун санааны хувьд ч өндөр түвшинд хөгжиж, төлөвшдөг. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө идэвхтэй хандаж, бүтээлч байдлаа ашиглан тухайн тоглоомыг хэрхэн ашиглахаа бодож олоход туслах тоглоом бүтээхийг зорьдог нь Avdar Toys -ийн онцлог. Манай тоглоомуудад яг ингэж л тоглох ёстой гэсэн тодорхой дүрэм байдаггүй тул хэдэн ч насны хүүхдэд тохиромжтой. Тиймээс тоглоомуудынхоо энэ онцлог, ач холбогдлыг эцэг эхчүүдэд таниулж, ойлгуулахад бид онцгойлон анхаардаг”.
-Хурдтай, өрсөлдөөнтэй зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах таны гол арга барил юу вэ?
Э.М: Тасралтгүй суралцах.
Хятадад бизнес эрхлэх нь
“Би арван жилээ төгсөөд Далянь технологийн их сургуульд архитектор мэргэжлээр суралцсан. Хятадад сурах нь нэгт, байршлын хувьд ойрхон, хоёрт, төлбөрийн хувьд боломжийн байсан учраас сонгосон. Хэлний бэлтгэлээ дүүргэж, бакалаврын ангидаа элсэн суралцсан эхний жилдээ нөхөртэйгээ танилцаж байлаа. Их сургуулиа төгсөх үеэр бид хоёр сайтар ярилцсаны үндсэн дээр Хятадад үлдэж, ажилд орох, цаашлаад гэр бүлээ төлөвлөх талаар шийдвэрт хүрч байв. Нөхөр маань орос хүн л дээ.
Ер нь Хятадад амьдрахад таатай орчин, амьдралын өртөг боломжийн зэрэг нь нөлөөлөхөөс гадна бизнес эрхэлж, үйлдвэрлэл эхлүүлэхэд бүхий л талаар харьцангуй хялбар, ойлгомжтой, экосистемийн хувьд сайн хөгжсөн байдаг. Мөн Хятад өөрөө маш том зах зээл тул түүнийгээ дагаад өрсөлдөөн их, олон тоглогч дундаас ялгарч гарч ирэх нь томоохон сорилт болдог. Нөгөө талаар, цахим худалдаа, онлайн бизнес эрхлэх орчин нөхцөл бүхий л талаар хөгжсөн учраас энэ зах зээлд хэн ч, хэзээ ч бага өртгөөр хөл тавих боломжтой зэргээрээ давуу талтай.
Монголчууд тоглоом гэхээр хамгийн түрүүнд хүүхдийг хөгжөөдөг зүйл гэж хардаг юм шиг санагддаг. Тиймдээ ч чанга дуутай, асаж унтардаг хуванцар тоглоом сонгох нь түгээмэл. Гэтэл тоглоом гэдэг хүүхдийг олон талаас хөгжүүлэх хэрэгсэл, нүдээрээ харж, гараараа хүрэх үед хүүхэд маш олон зүйлийг сэдэж, бас мэдэрч байх учиртай.
Одоогоор манай модон тоглоомууд Хятадын Tmall, JD, Little Red Book (Xiaohongshu) зэрэг цахим худалдааны платформоор борлогдож байна. Үүнээс гадна бид Хятадын хүүхдийн бараа бүтээгдэхүүнээр төрөлжсөн өндөр зэрэглэлийн сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, тоглоомуудаа байршуулдаг. Түүнчлэн таван одтой зочид буудлуудад тоглоомуудаараа тохижуулсан люкс өрөө бүрдүүлэх зарчмаар хамтарч, борлуулалтаа өсгөх маркетинг хийхэд анхаарч байна.
Харин Хятадаас бусад улстай ретайлер гэрээ хийх байдлаар хамтран ажилладаг. Монгол болон АНУ-ын зах зээлд өөрсдийн хариуцсан онлайн дэлгүүр, Amazon платформыг ашиглан үйл ажиллагаагаа хөгжүүлж байна”.
Хүүхэд бол бидний тусгал
“Манайх хоёр хүүхэдтэй. Ээжийн хувьд хүүхдүүдээ хайр энэрэл дүүрэн, аюулгүй орчинд өсгөхийн хажуугаар нас насанд нь тохирсон ачааллыг үүрүүлж, аливааг даван туулахад нь туслахыг хичээдэг. Мөн ирээдүйд бие даан амьдрахад нь сайн бэлдэхийг хүсдэг дээ. Ээж, аав байна гэдэг өөрөө их сонин. Нэг талаар, хамгаас хайртай үр хүүхдүүдээ өөрсдөөсөө холдуулж, бие даахад нь хамаг бүхнээ зориулж байдаг учраас (инээв).
Би ээж болсныхоо дараа хүүхдийн хүмүүжлийн талаар бичсэн олон ном уншсан. Гэвч эцэг эхчүүд бид ямар ч ухаалаг хүмүүжлийн арга барил ашигласан бай хүүхдээ хайр энэрлээр л дутаавал эцэстээ үр дүнгүй гэдгийг ойлгосон. Тиймээс хүүхдээ буй байгаагаар нь хайрлаж, хайраар огтхон ч дутааж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл зүйн талаар ном уншаасай гэж хүсдэг. “Нар, сар, од” редакцыг хамтран үүсгэн байгуулсан маань ч ийм учиртай. Хүүхэдтэйгээ зөв харилцах, сэтгэл зүйг нь ойлгох, алдаа оноо, зөрчлийг нь хэрхэн шийдвэрлэж буйгаараа бид хайрыг ойлгуулж чадна.
Нөгөө талаар, эргэн тойронд өрнөж буй бүх зүйл бидний хүмүүжлээс шалтгаалан бий болдог буюу хүмүүсийн дотоод сэтгэлийн тусгал байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл ч мөн л бидний тусгал. Энэ ч утгаараа бид өөрсдөө эхлээд өөрчлөгдөх ёстой”.
“Сошиал хуудсаа сонирхолтой, бас бүтээлчээр хөтлөх нь миний нэг төрлийн хобби”.
Хобби гэдэг өөрийгөө танин мэдэхийн нэр
“Би сонирхсон зүйлээ бие даан судлах, эсвэл мэргэжлийн хүмүүсийн хичээлд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх дуртай. Сүүлийн жилүүдэд ажил бизнестээ ашиглах мэдлэг боловсролоос гадна эрүүл мэнд, зөв хооллолттой холбогдох онлайн хичээл, сурч боловсрох үйлсэд мөнгө харамгүй зарцуулаад байна. Ер нь жилдээ 2-3 томоохон онлайн сургалтад хамрагдчихдаг.
Багаасаа л их спортлог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор өнгөрсөн хугацаанд газрын теннис, иог, кроссфит зэрэг олон төрлийн дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэж байв. Тухайн мөчид юу хиймээр байгаагаа чагнаж, тэр дагуу хийх зүйлээ сонгодог. Мөн янз бүрийн гар урлалын зүйл хийх дуртай. Гэхдээ одоогоор тун завгүй байгаа учраас ойрд гар урлал хийж тухтай суусангүй.
Эргэн тойронд өрнөж буй бүх зүйл бидний хүмүүжлээс шалтгаалан бий болдог, хүмүүсийн дотоод сэтгэлийн тусгал байдаг. Хүүхдүүдийн зан авир, гаргаж буй үйлдэл ч мөн л бидний тусгал. Тиймээс бид өөрсдөө эхлээд өөрчлөгдөх ёстой”.
Үүний зэрэгцээ өөрийн сошиал хуудсаа сонирхолтой, бүтээлч байдлаар хөтлөх нь миний нэг төрлийн хобби гэж хэлж болно. Хүн хоббитой байна гэдэг юуны түрүүнд, өөртэйгөө холбогдож, өөрийнхөө юунд дуртайг мэдэхийн нэр. Энэ бүхэн өөрөө их азтай, зол завшаантай хэрэг. Учир нь чөлөөт цагаа өөрийн дуртай зүйлдээ зориулах нь эрч хүч сэлбэж, сэтгэл сэргээдэг шүү дээ”.