Бидний мэдэхгүй нео төсөл
“Санхүүгийн бизнесийнхэн барилгын салбарт сайн концепцоос гадна хурд болон хөрөнгийн менежментээрээ ялгарах ёстой. Бид ингэж л зорьж байна” хэмээн Б.Наранбат тун саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн шинэ төслийнхөө талаар хэлж байна. Үргэлж шинэ содон зүйл санаачилж, нэг төслөөс нөгөөгийн хооронд шилжин завгүй ажиллаж, амьдардаг түүнийг урьдчилан таамаглахын аргагүй нэгэн гэж тодорхойлбол хол зөрөхгүй л болов уу. Тиймдээ ч хүмүүст ээлжит “сюрприз”-ээ барьж буй нь “NeoCity” хэмээх сургуультай хотхон төсөл.
“Сайн төсөл гэж оролцогч бүх тал ашиг хүртдэг төслийг хэлдэг”.
“Бид “NeoCity” төслөөрөө дамжуулан амьдралын шинэ хэв маягийг санал болгоно. Барилгын төлөвлөлт, зохион байгуулалт, шийдэл, концепцын хувьд шинэ түвшинд гарсан, хүн төвтэй, үнэ цэн нь улам өсөн дэвжих тийм л төсөл хэрэгжүүлэхийг хичээж ажиллаж байна” хэмээн Б.Наранбат хэллээ. Түүний удирдан чиглүүлж буй “NeoCity” төслийн концепц төр засаг хийгээд нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлж буй хотын төвлөрлийг бууруулах, шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох ажлууд, тухайлбал, “20 минутын хот” концепцтэй ч уялдаж буй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газар, хөрөнгө оруулагчид болон бусад хамтрагч байгууллагын дэмжлэгийг хүлээсэн төслийн ажил хурдтай урагшилж байна. Уг төслийн ялгарал, давуу тал бол сургуулийн барилгаа түрүүлж ашиглалтад оруулсны дараа орон сууцны барилгын ажлаа гүйцэтгэж дуусах юм. Өөрөөр хэлбэл, төслийн багийнхан боловсролын асуудлыг эн тэргүүнд тавьж буй.
“NeoCity” төслөөр дамжуулан бид хүмүүст амьдралын шинэ хэв маяг санал болгоно”.
Өнгөрсөн долоон жилийн турш HiPay, Sendly зэрэг технологийн дэвшилд суурилсан финтек төслийг хэрэгжүүлж, багийн хамтаар зах зээлд амжилттай тэлж чадсан тэрбээр “Барилгын салбарт орно, орох орохдоо сургуультай хотхон барина. Тэр сургууль нь “Шинэ Монгол-3” байх болно. Үүгээрээ бид нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг цогцоор нь шийдэж чадна” хэмээн итгэл төгс хэлсэн нь саяхан. Ингэж хэлээд долоо ч хонолгүй төрөлх сургууль болох “Шинэ Монгол” дээрээ очиж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан бөгөөд мөн тэр долоо хоногтоо барилгын шав тавих ёслолоо хийсэн юм.
Тэр ч утгаараа хурд хэмээх энэ үг “NeoCity” төслийн онцлогийг бүхэлд нь тодорхойлж буй. Өнгөрсөн аравдугаар сард шинэ суурьшлын бүсийн урдхан талд буюу Шинэ Яармаг хотхон, Steppe Arena цогцолбортой хаяа залган байрлах агаарын солилцоо сайтай, тэгш өндөрлөг газарт шав тавьж, улмаар оны өмнөхөн барилгын сууриа амжилттай цутгасан төслийн баг ирэх хоёрдугаар сараас барилгын ажлаа үргэлжлүүлж, долоо хоногт нэг давхрыг цутгаж ахиулсаар зургаадугаар сарын 20 гэхэд бүрэн цутгамал барилгын гадна бетон угсралтын ажлыг дуусгана гэж үзэж байна. Ийм маягаар ажилласаар 2025 оны есдүгээр сарын 1-нд 450 хүүхдийн сургуулийн нэгдүгээр ээлжийн барилгыг, арваннэгдүгээр сарын 15-нд 400 айлын дөрвөн блок бүхий орон сууцаа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Оршин суугчдын тухтай байдал, стандартыг бодолцож тэд 10 давхар буюу нам давхрын барилга барихаар зэхэж буйгаа ч дуулгасан. Улмаар 2026, 2027 онд гэр бүлийн гишүүн бүрд чиглэсэн олон төрлийн спортоор хичээллэх секц, дугуйланд хамрагдах боломжтой сургалтын байгууллага, спорт цогцолбор болон дундын оффисыг барьж байгуулах аж. Нэг үгээр, сургуультай хотхоноо өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцэхүйц хэмжээнд цогцлооно.
Мөн эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ сургахын тулд дараалал үүсгэдэг “Ёкоминэ Монгол”, “Бяцхан Монгол” зэрэг сургалтын чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн хувийн цэцэрлэгийн салбарыг нээх юм. Энэ ч үүднээс хүүхдийнхээ боловсрол, ирээдүйд онцгойлон анхаарч буй залуу гэр бүлүүд хотхоны оршин суугчдын дийлэнх хувийг бүрдүүлнэ гэж төслийн багийнхан тооцжээ. Тиймээс орон сууц бүрийг ипотекийн зээлд хамрагдах бололцоотой байхаар төлөвлөсөн байна.
“Монголын финтек групп”-ийн хувьд “NeoCity” төслийг хэрэгжүүлэх болсон нь тийм ч гэнэтийн шийдвэр биш. Тэд 3-4 жилийн өмнөөс ярилцаж, судалж байж ийм шийдвэрт хүрснээ одоо л олон нийтэд зарлаж буй нь энэ. Эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургууль, цэцэрлэгт оруулахын тулд олон сорилт даван туулдаг нь Улаанбаатарчуудын нийтлэг асуудал. Тухайлбал, гэрээсээ хол сургууль, цэцэрлэгт хүүхдээ зөөхийн тулд өглөө, оройд цаг хугацаагаа замын түгжрэлд өнгөрөөж, ажлын бүтээмж нь ч дагаад буурдаг. Хүүхдүүд ч ядарч, суралцах чадамж, анхаарал төвлөрөл нь багасдаг. Эдгээр асуудал “Монголын финтек групп”-ийн ажилтнуудад ч тулгардаг учраас тус группийн менежментийн баг энэ бүхнийг дорвитой шийдэх зорилгоор ажил, гэр, сургууль, цэцэрлэгийг нэг дор цогцлоосон “NeoCity” төслийн концепцыг боловсруулжээ. Маш товчоор, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүсэл нь тэднийг барилгын салбарт хөл тавихад нөлөөлсөн байна.
Бүхнийг тэгээс эхэлсэн залуусын хувьд, санхүүгийн чиглэлээр төвлөрсөн 10 орчим охин компани бүхий “Монголын финтек групп”-ийг бий болгож чадсан нь чадварлаг, мэргэжлийн баг хамт олны хүч, нөлөө гэж хэлэх дуртай. Тиймдээ ч компанийнхаа хамгийн чухал үнэт зүйл бол хүн гэж үздэг. Барилгын салбарт хөл тавихдаа боловсролыг онцлоод буйн шалтгаан ч үүнтэй холбоотой.
Энэхүү анхны зорилго нь цааш өргөжиж, зөвхөн ажилтнууд гэлтгүй олон хүнийг ногоон байгууламж бүхий тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангаж, төвлөрлөөс үүдэлтэй утаа, түгжрэл зэрэг өдөр тутмын стресс бухимдлаас нийслэлийн иргэдийг холдуулж, амьдралын чанарыг нь сайжруулах үндсэн зорилго руу хөтөлжээ.
“Ажлыг дурлаж хийвэл бага стресстэж, бага ядардаг”.
“NeoCity” төсөл амжилттай хэрэгжвэл цааш орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхол бий гэдгийг төслийн багийнхан хуваалцаж байв. Хөдөөд чанартай боловсролыг аваачсанаар их хотыг чиглэсэн төвлөрөл бага ч атугай саарч, салбар салбарын чадварлаг боловсон хүчин тухайн орон нутагтаа суурьшиж, тогтвортой ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэх давуу талтай гэж тэд үзэж байна.
“Нео” хэмээх үг нь шинэ гэх утгыг илэрхийлэх боловч цаад агуулгаараа илүү сайжирч, шинэчлэгдсэн, ирээдүйд чиглэсэн, орчин үеийн гэх санааг давхар илэрхийлдэг. Тиймээс ч “Монголын финтек групп”-ийн залуус төслөө “NeoCity” хэмээн нэрлэж, төслийн концепцоо олон улсын чиг хандлагатай хөл нийлж, тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд чиглэсэн байхад анхааран боловсруулжээ. Эрчим хүч, усны хэмнэлттэй хэрэглээг бий болгох технологийг шингээж, ногоон барилгын олон улсын стандартыг ханган ажиллахаар төлөвлөсөн байна. Энэ бүхний үр дүнд “NeoCity” хотхоны оршин суугчид дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологи, нөү-хауг шингээсэн ногоон орчинд амьдрахаас гадна шинэ амьдралын хэв маягийг бий болгох гол оролцогчид байх юм. Эцэг, эхчүүд нь найдвартай хөршийн холбоог үүсгэж, хүүхэд, багачууд нь хамтдаа суралцаж, тоглон нааддаг эрүүл, аюулгүй, ногоон ирээдүйг бүтээх нь нэн шинэ үеийн төсөл хэрэгжүүлэгчдийн алсын хараа гэдгийг үг, үйлдэл бүр нь гэрчилж байлаа.
Боловсролын төлөөх “жинтэй” алхам
“Шинэ Монгол” сургуулийн хоёрдугаар үеийн төгсөгчид болох Б.Наранбат, Б.Эрдэнэ, Ж.Баясгалан, Э.Цолмон нар чанартай боловсролд хөрөнгө оруулах зорилгоор төрөлх сургуулийнхаа гурав дахь салбарыг барьж өгөхөөр сэтгэл шулуудсан нь одоогоос жил гаруйн өмнө бодитоор яригдаж эхэлжээ. Хар багаасаа найзалж нөхөрлөсөн, 19 дүгээр хорооллын унаган хөвгүүдийн сурагчийн ширээнээс эхэлсэн нөхөрлөл өдгөө 20 гаруй жил үргэлжилж, итгэлцэл, хамтрал, бизнесийн амжилтаар улам бэхэжсэн юм. Тэд өөрсдийн багш, “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах болон “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн хамт олонтой уулзаж, удаан хугацаанд ярилцаж хэлэлцсэний үр дүнд зорьсноо ажил хэрэг болгох замд шуударчээ. Харин сургуулийн менежментийг “Шинэ Монгол”-ынхонд бүрэн даатгаж буйгаараа онцлог.
“Шинэ Монгол” сургуулийн дөрвөн найз өглөө хичээл рүүгээ явахаар автобусанд суухаас эхлээд орой гэртээ харих хүртлээ өдөржин хамт байж, зуны амралтаараа ч цагийг хамт өнгөрүүлдэг байсан нь олон сайхан дурсамжийг үлдээжээ. Ийм дүр зураг өнөө цагт ховорхон болсон. Үүнийг “NeoCity” төслөөрөө өөрчилж, урьдын хөршийн найдвартай холбоо, бие биеэ гэсэн халуун дулаан уур амьсгалыг эргэн сэргээхийг эрмэлзэж буй. Өөрөөр хэлбэл, “NeoCity” төсөл шинэ амьдралын хэв маягаас гадна шинэ соёлыг оршин суугчдынхаа дунд түгээн дэлгэрүүлэх зорилготой.
“Бид бусадтай өрсөлдөж бизнес хийдэггүй. Харин шинэ орон зай хайж, шинэ зах зээлийг нээж, шийдэгдээгүй асуудалд шийдэл олж ажиллахыг эрмэлздэг”.
“Найз нөхөдтэйгөө хамтран бизнес хийхэд давуу тал мэдээж их. Ганцаараа явснаас олуулаа хамтарвал илүү хол явна, хүчтэй байж чадна. Мөн тууштай, үнэнч байдал, итгэлцэл гэдэг маш том давуу тал. Нэгнийгээ буруу зөрүү ярихгүй, хар буруу санахгүй. Зарим үед бие биедээ хатуу шаардлага тавьж чадахгүй байх сул тал ч мэдээж бий” хэмээн Б.Наранбат хэллээ. Ажлыг дурлаж хийвэл бага стресстэж, бага ядардаг гэж үздэг тэрбээр өөрийнх нь хэлснээр өнөөдрийг хүртэл бүхий л ажлаа дурлаж хийсээр иржээ. Тиймдээ ч ажлын ачаалал, ээдрээ төвөгтэй байдалд төдий л түүртэлгүй явсаар өнөөдрийг хүргэсэн гэж хэлж болно. “Бэрхшээл бол байнга, өдөр тутам үүснэ. Тэр бүрд шантрахгүй, шийдэл олж, цааш урагшлах нь л хамгийн чухал” гэлээ.
Б.Наранбат МУИС-ийн Эдийн засаг (Одоогийн Бизнесийн сургууль)-ийн сургуулийг төгсөж, Сангийн яаманд ажиллаж байгаад Японд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцаж ирснийхээ дараа Төрийн банканд гүйцэтгэх захирлын орлогч хүртэл дэвшин ажиллажээ. Удалгүй хувийн бизнесээ эхлүүлж, улмаар 2022-2023 онд Харвардын Бизнесийн сургуулийн Senior Executive Leadership Program хэмээх нэг жилийн хөтөлбөрийг дүүргэсэн байна. Өдгөө ч сурахаа зогсоолгүй, өнгөрсөн намраас Хятадын Цинхуа их сургууль болон Францын INSEAD бизнесийн сургуулийн хамтарсан EMBA хөтөлбөрт суралцаж эхэлжээ. Хоёр жилийн турш тодорхой хугацаанд ирж очин суралцах боломжтой энэхүү нэр хүндтэй хөтөлбөрт Монгол Улсаас тэнцсэн хоёр дахь элсэгч болсон бөгөөд Цинхуа их сургуульд Хятадын томоохон бизнес эрхлэгчид суралцдаг гэдэг утгаараа харилцаа холбоо тогтоох, Монголдоо хөрөнгө оруулалт татах таатай орчин гэж тодотгож болно. “Номын дуу сонсож, олон улсын бизнесүүдийн кэйсийг судалж, цааш суралцах тусам маш том давуу тал бий болдог. Ер нь сурах тусам л улам суралцмаар санагддаг” хэмээн ярилаа. Мөн тэрбээр бизнесийн орчныг өргөжүүлж хөгжүүлэхийн тулд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Тиймээс ч тус сургуульд элссэнээ онцолсон юм. Түүний гүйцэтгэх удирдлагаар хангаж буй “Монголын финтек групп” -ийн ажилтнууд ч сургалтад хамрагддаг бөгөөд цаашид тогтмолжуулахыг зорьж байна.
Шилдгүүд шилдгүүдтэй л хамтардаг
“Бидний сул тал бол барилгын салбарт ажилласан ямар нэг туршлагагүй байдал. Тиймээс энэ сул талаа нөхөхийн тулд Монголын барилгын салбарт туршлага, ур чадвар, хийж гүйцэтгэсэн төслүүдээрээ танигдсан “Дельта Констракшн” компанитай нэгдэл үүсгэсэн” гэдгийг тэрбээр ярьсан нь сонирхолтой мэдээ байв.
Буянт Ухаа I, II, Шинэ Яармаг, Sky Garden Residence, Tokyo Town, Emerald Residence Кристал таун гэх зэргээр “Дельта Констракшн”-ы гүйцэтгэсэн төслүүдийг дурдвал урт жагсаалт болно. Энэхүү хамтралаас харахад тэд барилгын салбарт зүгээр нэг хөл тавиагүй бөгөөд энэ чиглэлээр алсын хараагаа хэр хол сунгаж буйг таамаглаж болохуйц аж. “NeoCity” төслийг удирдаж буй Б.Наранбат “Дельта Констракшн”-ы менежментийн баг, түүх, туршлага, нөү-хау, технологи гээд бүх зүйлтэй нь 100 хувь нэгдэл үүсгэснийг тодотголоо. Ийнхүү “Дельта констракшн” компани “NeoCity” төслийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд тус компанийг сүүлийн 18 жилийн турш удирдан ажилласан Э.Цахиур барилгын ажлыг бүхэлд нь зангидаж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахаас эхлээд олон тооны туслан гүйцэтгэгч компанийн уялдаа холбоог хангах, барилгын чанар, стандарт зэргийг хариуцах юм.
“Шилдэг төсөл хэрэгжүүлэхийг хүсвэл зөвхөн шилдгүүдтэй л хамтар гэсэн бодлогыг бид баримталдаг”.
Төслийн мастер төлөвлөгөө, ногоон байгууламжийн зургийг Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Рио Тинто Монгол” компанийн санхүүжүүлсэн бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулсан “Анаграм” компани ажиллаж байна.
Харин барилгын зураг төслийг “Хурд” группийн олон төсөлд хамтран ажилласан, салбартаа туршлагатай хамт олон гэдгээрээ танигдсан “Интеллект Тауэр” компани хариуцан гүйцэтгэжээ. Энэ ч утгаараа “NeoCity” хотхоны өрөөний зохион байгуулалтыг аль болох тав тухтай, хүнд ээлтэй байхаар бодолцож, шийдсэнийг онцолж байлаа. Орон сууц бүр тагттай байхын зэрэгцээ агаар сэлгэлтийн төхөөрөмж суурилуулах тул гэр доторх агаарын чанар, сэлгэлт сайн явагдах зэргээр шийдэл бүр эцсийн хэрэглэгчийн ая тухтай байдалд чиглэжээ.
“Шилдэг төсөл хэрэгжүүлэхийг хүсвэл зөвхөн шилдгүүдтэй л хамтар гэсэн бодлогыг бид баримталдаг” хэмээн Б.Наранбат энэ талаар товч тайлбарлав. Шилдэг, сайн төсөл хэрэгжүүлэхийн тулд мэдээж хэрэг тэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. “NeoCity” төсөл сайн концепцтой учраас хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа гэсэн мэдээллийг ч өгсөн юм.
Үүн дээр нэмээд “Аливаа төсөл эхлэх болон дуусах хугацаатай байх ёстой. Энэ хугацаа аль болох богино байж гэмээнэ төслийн өртөг, зардал буурна. Ийм зарчмаар төслийг хэрэгжүүлснээр хэт өндөр үнэтэй биш буюу зах зээлийн дундаж болон дунджаас доош ханшаар орон сууцаа борлуулах нөхцөл бүрдэнэ. Монгол орны цаг агаарын онцлогоос шалтгаалж, 11-3 дугаар сар хүртэл буюу бараг таван сарын хугацаанд барилгын ажил зогсонги болдог. Харин бидний хувьд нам давхрын төлөвлөлт хийж, чанартай гүйцэтгэгчтэй нэгдсэн нь барилгын ажлаа товлосон тодорхой хугацаандаа дуусгахад сайнаар нөлөөлнө. Нэг үгээр, хавар эхлээд намар дуусгахаар төлөвлөөд байна” гэлээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчид хэзээ өгөөжөө хүртэх, орон сууц худалдан авахаар төлөвлөсөн хүмүүс хэзээ шинэ байрандаа нүүж орох нь тодорхой, бүгдэд ойлгомжтой болно. “NeoCity” төсөл амжилттай хэрэгжсэнээр зөвхөн хөрөнгө оруулагчид, оршин суугчид гэлтгүй туслан гүйцэтгэгч компаниуд орлоготой болж, ажлын байраа нэмэгдүүлэх, бүр цаашилбал, хэрэгжүүлж буй бодлоготой нь уялдаж буй учраас төр засгийн холбогдох шийдвэр гаргагчдын ажилд ч эерэг нөлөөтэй. “Ер нь сайн төсөл гэж оролцогч бүх тал ашиг хүртдэг төслийг хэлдэг” хэмээн тэрбээр тодотгов.
Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд 390 тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалтыг босгож, үр өгөөж тарааж байсан туршлагатай бөгөөд барилгын салбарын амин сүнс болсон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн ажлыг тасралтгүй өрнүүлэх тал дээр мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадах багтай нь “NeoCity” төслийн давуу тал.
“Ганцаараа явснаас олуулаа хамтарвал илүү хол явна, хүчтэй байж чадна”.
Төслийн концепцын төв цэг болсон “Шинэ Монгол” сургууль сүүлийн 20 гаруй жилийн турш монголчуудад боловсролын чанараараа танигдахын сацуу сайн боловсролыг хүртээмжтэй байлгах үүднээс дундаж орлоготой гэр бүлүүд ч төлөх боломжтой түвшинд сургалтын төлбөрөө барьж ирсэн юм. Энэхүү тогтвортой бодлогын хүчинд тус сургуулийн төлбөр өнгөрсөн жилүүдэд маш бага хэмжээнд нэмэгдэж ирсэн байдаг. Тэгвэл “NeoCity” төслийн багийнхны баримталж буй үнийн бодлого ч мөн адил дундаж орлоготой залуу гэр бүл худалдан авах боломжтой байлгахад чиглэж байна.
“NeoCity” төслийн багт дэд бүтэц болон концепцын хувьд итгэлтэй байх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, ирэх хавраас тэд өөрийн хөрөнгөөр 1.2 км урттай дөрвөн эгнээ авто замыг барьж, нийслэлд шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд явган хүний зам, дугуйн зам ч багтаж байна. Өөрөөр хэлбэл, зам харилцаа, дэд бүтэц огт хөгжөөгүй газарт зам барихаас эхлээд сургуулийн барилгын суурь цутгаж, хотхон хороолол төлөвлөж байгаа нь “Монголын финтек групп”-ийн хамт олон ямар нүсэр ажлыг зоригтой барьж авсныг харуулж байгаа юм. Нэг үгээр, тэд цоо шинэ суурьшлын бүсийг шинээр бий болгох нь.
Мөн “NeoCity” барилгын төсөлд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхээс гадна төслийн менежментийн багийн бүтээмжийг сайжруулж, цаг хэмнэх зэрэг зорилгоор харилцаа холбоо, программ хангамжийн шинэ тутам шийдлүүдийг давхар нэвтрүүлж ажиллах аж.
“Хэдий чинээ сайн судалж, төлөвлөнө, төдий чинээ бага алдана. Энэ ч утгаараа бид төлөвлөх, судалгаа шинжилгээ хийх, талуудтай уулзах зэрэг ажилд их цаг хугацаа зарцуулж байна. Шинэ салбарт хөл тавьснаар өдөр бүр суралцаж, ойлгож мэдэх зүйл алхам тутамд тааралдаж байна. Энэ нь ч сонирхолтой учраас ажлаа дурлаж хийж байгаа. Нөгөө талаар, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа тул хийж буй зүйлийнхээ үр дүнг шууд харах нь таатай” хэмээн “Монголын финтек групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат сэтгэгдлээ хуваалцаж байлаа.