Энэ онд банкнуудын зээлийн хүү буурах магадлал бараг л байхгүй байна. Мөн хөдөө аж ахуйгаас бусад салбарт таатай нөхцөлтэй зээл санхүүжилт олдох нь юу л бол… Хэдий тийм ч энэ онд хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах трэнд үргэлжилсээр байх нь ээ. Одоогоор монгол компаниуд дотоодын зах зээлээс гурван их наяд төгрөгийн санхүүжилт босгож татаад байна.
![A man in a blue suit and striped tie stands confidently in an office with glass partitions and city views. The logo "Mandal Capital" is visible in the top right corner.](https://business.mn/wp-content/uploads/2025/02/%D3%A9lzijdelger.jpg)
Үүний зэрэгцээ 2025 валютын ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. Тиймээс бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулалт татах, тоног төхөөрөмжөө сайжруулах, гадаад худалдан авалт хийхдээ энэхүү “үүлэн чөлөөний нар”-ыг ашиглаад авах хэрэгтэй. Та ямар ч төрлийн бизнес эрхэлж байсан санхүүгээ удирдахдаа, санхүүжилт татахдаа дараах таван зүйлийг анхаараарай гэж Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр зөвлөснийг тоймлон хүргэж байна.
Банкны зээл
Төгрөгийн ЗБН 13 хувьд хүрснээр зээлийн хүү буурах шинжгүй нь, тэгэхээр…
Нэгдүгээр сарын 14-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасны зэрэгцээ банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны өдийд төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээ найман хувь байсан бол одоо 13 хувь болон нэмэгдлээ.
Энэ нь хадгаламж, зээл хоёрын дундаас ашиг олж ажилладаг банкнуудын хувьд, “авдарын ёроол”-доо арай их мөнгө авч үлдэх шаардлага “тулгаж” буй хэрэг юм. Басхүү банк хадгаламждаа өгөөж тооцож өгөх зарчимтай учир заавал байлгах нөөцийн хэмжээ нэмэгдсэн нь зээлийн хүүгээ бууруулахгүй байх шалтгаан болж байна. Тиймээс компаниуд бизнесийн зээл авахдаа хүүг өнөөгийн түвшинд тооцож үзэх шаардлагатай. Бүр зарим тохиолдолд хүү нэмэгдэж ч болзошгүйг бодолцож үзээрэй.
Банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээ нэмэгдсэн нь зах зээлд Засгийн газрын оролцоотой хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, мөнгөний нийлүүлэлт их байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, халалтыг намжаах зорилгоор банкнуудын зээл гаргах боломжийг ийнхүү хязгаарлаж байна гэж ойлгож болох юм.
Хөнгөлөлттэй зээл
ХАА-н салбарт хөнгөлөлттэй зээлийн “буухиа” үргэлжилнэ
Өнгөрсөн хугацаанд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жилийн зургаа хүртэлх хувийн хүүтэй, 60 хүртэлх сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд олгож эхэлсэн. Саяхан Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар 1.2 тэрбум ам.доллар буюу гурав гаруй их наяд гаруй төгрөгийн зээлийг хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд олгожээ.
Түүнчлэн “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд банкнууд 2024 онд 600 гаруй тэрбум төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээл гаргасан. Тэгвэл энэ жил хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийг тэлэх таатай дэмжлэгүүд үргэлжилсээр байх нь. Тухайлбал, ноос, ноолуур, арьс ширний салбарт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 788.9 тэрбум төгрөгийн зээлийг энэ оноос банкнуудаар дамжуулан олгоод эхэллээ.
Тиймээс аж ахуйн нэгжүүд эдийн засгийн үр ашигтай төсөл, тооцоо судалгаагаа бэлдэж, хөнгөлөлттэй санхүүжилт татахад гол анхаарлаа хандуулаарай. 18-20 хувийн хүүтэй зээлтэй харьцуулахад, эдгээр хөнгөлөлттэй зээл нь хүүгийн дарамтаас ангид хамгийн таатай санхүүжилт юм.
Бондын санхүүжилт
Анхаар! Хөрөнгийн зах зээлээс боломжоо атга
Засгийн газраас тодорхой салбарт давуу тал олгож, хөнгөлөлттэй зээл олгоод эхлэхээр, мөн банкнууд зээлийн хүүгээ бууруулах шинжгүй болоод ирэхээр юу болдог вэ? Хариулт нь тун энгийн. Энэ байдал “харж үзэлт”-ийн гадна тойрогт үлдсэн бизнес эрхлэгчдэд багагүй сорилт мэдрүүлдэг.
Тиймээс ийм үед банкны зээлээс өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд компаниуд бонд гаргах байдлаар санхүүжилтээ шийдэж байна. Одоогоор компаниуд биржийн болон биржийн бус зах зээлээр дамжуулан гурван их наяд төгрөгийн бонд гаргаж, хөрөнгө оруулалт татжээ.
Бондын хүү, эргэн төлөх хугацаа банкныхтай өрсөлдөхүйц. Хамгийн гол нь барьцаа, баталгааны тал дээр банкнаас уян хатан. Бондын хувьд, бүртгүүлэх хугацаа, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага нь ч урьд жилүүдийнхээс илүү хялбар болжээ. Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй бонд гарахад 5-6 сарын хугацаа шаарддаг бол биржийн бус зах зээлд бонд гаргаж, санхүүжилт татахад дунджаар хоёр сар л болж байна. Тиймээс үнэт цаас санал болгож санхүүжилт татах хүсэлтэй бол үнэт цаасны компаниудаас зөвлөгөө аваарай.
Гадаадын хөрөнгө оруулалт
Улсаасаа гар, яв, эр, хай, уулз!
Гадаадын хөрөнгө оруулалт татах боломж энэ оноос харьцангуй нээлттэй болж байна. Ялангуяа Хонконг, Сингапур, Малайз гэх мэт өсөлт нь тогтворжих шатандаа явж буй улсуудад мөнгөө хааш нь хийж өгөөж хүртэх вэ гэдэгт илүүтэй анхаардаг бизнес эрхлэгчид олширч байна. Тиймээс тэдэнтэй холбоо тогтоож, санхүүжилт татахын тулд, гаднын хөрөнгө оруулалтын сангууд болон Монгол нэвтрэх сонирхолтой байгууллагуудын жагсаалтыг судлах хэрэгтэй. Мөн компанийн танилцуулгадаа санхүүгийн үзүүлэлт, удирдлага, хүний нөөц, засаглал, стратеги гээд бүхий л зүйлээ тодорхой тусгахыг зөвлөж байна.
Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалт татна гэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хандах нь түгээмэл байсан бол дэлхий хавтгай болохын хэрээр компаниуд цоо шинэ хөрөнгө оруулагчдыг эрэлхийлэх болжээ. Гадны хөрөнгө оруулагчид ч Монголын талаар харьцангуй ойлголттой болж, хэдий хэмжээний мөнгийг ямар хүүтэй зээлүүлэх талаар ерөнхий төсөөлөл, туршлагатай болсон байна. Гэхдээ гаднаас эх үүсвэр татахдаа валютын ханшийн өөрчлөлт ямар байх вэ гэдгийг урьдчилан тооцохгүй бол ханшийн савлагаа, хямралд өртөж болзошгүйг анхаараарай.
Валютын ханш
Ханш тогтвортой байх төлөвтэй тул “үүлэн чөлөөний нар”-нд ээгтүн!
Одоогоор манай улсын гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар буюу харьцангуй сайн түвшинд байна. Мөн экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын биет хэмжээг энэ онд 85 сая тоннд хүргэхээр зорьж байгаа нь валютын нөөцөд ээлтэй тусахаар байна. Өөрөөр хэлбэл, цаашид валютын ханш харьцангуй тогтвортой, эрс хөдөлгөөнгүй байх төлөвтэй байна. Ханш ерөнхийдөө 4-5 хувиар хэлбэлзэж болох учраас энэ хэмжээнд бараа материалын татан авалт, үнэ өртөг зэргээ урьдчилан тооцож, дараагийн нүүдлээ хийгээрэй хэмээн шинжээч зөвлөж байна.