Өдгөө монгол үндэсний хувцсыг урлах ухаанд инновац, технологийг хослуулж буй “Түмэн торго” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням хоёрдугаар сарын “Бизнес цэнэг өглөөний уулзалт”-д уригдаж, өөрийн туршлагаасаа бизнес эрхлэгчдэд хуваалцсан юм.
Тэрбээр Түмэн торго ХХК-ниа удирдахын сацуу БНХАУ-ын Шанхайн их сургуульд хятад хэлний чиглэлээр суралцаж байгаа аж. Их сургуульд орохынхоо өмнөхөн Б.Очирням “Намайг явсны дараагаар бизнес маань хэцүүдэх болов уу. Ямар асуудал үүсэх бол ” гэж бодож байсан ч багийнхан нь өмнөхөөсөө илүү сайн ажиллаж байгааг онцолсон юм.
Харин түүний хувьд бизнесээ босгох гэж чармайсан 15 жил тийм ч амар байгаагүйг илтгэлийнхээ эхэнд дурдаж байв. Ялангуяа тэрбээр гурван жилийн өмнө жингийн илүүдэлтэй, байнгын бухимдалтай, хамгийн гол нь амралтын өдрүүдийг гэр бүлдээ зориулдаггүй нэгэн байжээ. Иймд хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангах вэ гэж эрэл хайгуул хийсний эцэст Тим Феррисийн “Ажлын 4 цагтай 7 хоног” номтой танилцаж, Харвард менежмэнт ментор хөтөлбөрт хамрагдсан аж. Үүний дараагаар ойрын хоёроос гурван жилдээ багтаж сэтгэлгээ, багаа, бизнесээ өөрчилье гэж шийджээ. Ингэхдээ дөрвөн зүйл дээр төвлөрч ажилласан бөгөөд түүний завтай захирал болж чадсан сонирхолтой арга барилыг уншигч та бүхэнд хүргэе.
Нэгт. Сэтгэлгээгээ өөрчил
“Түмэн торго” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Очирням:
Ер нь өөрчлөлтийг захирал хүн өөрөөсөө эхлэх ёстой юм билээ. Ихэнх захирлууд бүх ажилдаа оролцож, ажлынхаа боол болчихсон явж байдаг. Гэхдээ ямар ч захирал анх бизнес эхлэхдээ орлого авчирч, хүссэн үедээ аялдаг байх зэрэг янз бүрийн зорилгоор эхэлдэг. Харамсалтай нь нэг мэдэхэд хамгийн завгүй нь болчихдог.
Иймд миний хувьд захирал хүн стратегидаа төвлөрч, гол түлхүүр ажлыг барья гэж зорьсон. Харин бусад ажлыг хүний нөөц, маркетинг зэрэг хариуцсан албадад нь хариуцуулж эхэлсэн. Үүний сацуу үйлдвэрийн үйл ажиллагааны ажилд оролцохоо больсон. Өмнө нь захиалгын дуудлагаа өөрөө авах, харилцагч нартайгаа харилцах, борлуулалт хийх зэргээр ажиллаж байсан. Мөн өөрийнхөө хяналтыг багасгахаар шийдсэн. Хамгийн гол нь hybrid багийг бүрдүүлэх хэрэгтэй. Нэг үгээр, цагт баригдалгүй, бүтээмжид тулгуурласан зарчмыг байгууллагын соёлдоо хоногшуулсан. 2022 оноос өмнө би аливаа ажлыг хурдан хийхэд улайрдаг байсан бол одоо асуудлыг өдөр болгон бага багаар залруулъя, гол нь тасралтгүй, тууштайгаар хийе гэж шийдсэн маань амжилт олсон гэж бодож байна.
Хоёрт. Системээ босго
Байгууллагын тухайд бид тэнд өрнөж буй 300 гаруй процессоо excel дээр зураглаад, flowchart болгосон. Үүний үр дүнд маш их асуудал цэгцэрч, хянахад хялбар болсон. Мөн үйлдвэрлэлийн зарим гол процессыг автоматжуулж, тоног төхөөрөмж шинээр суурилуулсан. Жишээлбэл, хуучин бид монгол хувцасны эсгүүрийг хийхэд чанарын маш олон алдааг гаргаж байсан бол орчин cutting system-ийг нэвтрүүлснээр ажилтан солигдсон ч яг л нэг стандартаар эсгүүр хийгдэж эхэлсэн. Нэг үгээр, бор цаасан үлгэрүүдээ цахимжуулсан.
Мөн ажил үүргийн хуваарилалтыг илүү хялбар, амархан, ойлгомжтой болгосон. Өмнө нь миний хувьд ч маш их ажилтай, ерөнхий менежер бас ажлын бүх процесст оролцож байсан. Энэ аргачлалыг халаад үүрэгт албан тушаалыг илүү ойлгомжтой хэлбэрт шилжүүлсэн. Орчин үеийн залуус олон зүйлд төвлөрөхөөс илүүтэй нэг зүйлд илүү төвлөрч, ажилладаг.
Багаа сургаж хөгжүүл
Зөв хүнийг зөв албан тушаалд нь ажиллуул. Миний хувьд ажилтан авахдаа яаралгүй, хамгийн гол нь тухайн хүний хандлагыг харж, байгууллагынхаа соёлыг үнэн бодитоор нь тайлбарласны дараагаар ажилд авдаг болсон. Ингэснээр ажилтанд ажлын байрандаа ажиллахад ойлгомжтой тухтай болж эхэлсэн нь анзаарагдсан.
Гуравт: ERP системийг нэвтрүүл- Чаддаг зүйлийг нь чаддаг хүнд нь даатга
Одоогоор бид ERP систем ашиглаж байна. Анх 2016 онд нэвтрүүлж байсан ч ашигтай байж чадаагүй. 2021 онд тухайн системээ ахин шинэчилж хэрэглэж байна. Энэхүү систем нь байгууллагын бүхий л нөөц, үйл ажиллагааг нэг дор удирдах зориулалттай. Жишээлбэл, бид googledrive платформыг ажилдаа нэвтрүүлснээр албан бичиг төлөвлөлт, тайлан гэх мэт ажлыг ажилчид хоорондоо хуваалцаж, танилцахад хялбар болсон. Мөн чаддаг зүйлийг нь чаддаг хүнд нь даатга гэх зарчмыг манай байгууллага баримталж өөрсдийн дотоод нөөц бололцоогоос гадна туслах үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар ажлаа гүйцэлдүүлдэг болсон.
Дөрөвт: Зорилгодоо төвлөр-Үгүй гэж хэлж сур
Зарим үйлчлүүлэгчдээ үгүй гэж хэлж сур. Бид ихэвчлэн бүх үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг хангах гэж хичээдэг. Тэгэхээр үйлчлүүлэгчээ ангилж хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, нүүр тулсан харилцан яриа хий. Үүнтэй адилаар зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагагүй. Орлого, өгөөж өгч буй бүтээгдэхүүндээ цаг хугацаа зарцуулж, хөгжүүлэх нь байгууллагын өсөлтөд эерэг нөлөө авчирна. Эцэст нь хэлэхэд өөрийнхөө хамгийн сайн чаддаг ажилдаа төвлөр. Бусад зүйлийг хамт олондоо даатга хэмээв.