Дугуйн уралдаанд оролцож өөрийгөө зоригжуулан, өвдөлтийг тэсвэрлэж, замаа амжилттай дуусгана гэдэг тамирчин хүний хамгийн том бахархал юм.
“Дугуйн гинжээ шүдний сойзоор угааж байгааг харчхаад эхнэр маань чи шүдээ ингэж сайн угаадаг уу? гэж асууж билээ” хэмээн инээмсэглэн ярих эрхэм бол Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Рөүд Монголиа” клубийн тамирчин, спортын мастер Л.Баярцэнгэл. Түүний хувьд дугуйн спортоор нэлээд хожуу хичээллэж эхэлсэн ч хэдийнэ өөрийн гаргасан амжилтаараа дотооддоо болон олон улсад танигдаад амжсан юм. Учир нь Л.Баярцэнгэл Өмнөд хөршийн Харбин хотод зохиогдсон өвлийн триатлоны Дэлхийн цом тэмцээнд оролцож VI байрт шалгарсан. Үүний дараахан Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарлахад Л.Баярцэнгэл XII байрт эрэмбэлэгдсэн юм.
Тэрбээр санхүүгийн салбарт 18 жилийн турш тасралтгүй ажиллаж буй бөгөөд өдгөө “Смарт дийл” ХХК–ийн Санхүү хариуцсан захирлын албыг хашдаг. Өөрийн амьдралдаа өнгө нэмж буй хоббигоо хөгжүүлэхийн тулд Л.Баярцэнгэл өөрт оногдож буй хоногийн 24 цагийг санхүүгийн тайлан баланс гаргадагтай адил нарийн тооцож, төлөвлөдөг. Үүгээр зогсохгүй хоббидоо хөтлөгдөн тэрбээр дүн өвлийн хүйтэнд ч дугуйгаа унаж, бэлтгэлээ тогтмол хийх сахилга батыг баримталдаг аж. Түүний амьдралыг улам өнгөлөг болгож буй хоббины баялаг ертөнцтэй танилцъя.

Дугуйн спорттой нөхөрлөсөн түүх
Санхүүгийн салбарынхан тэр дундаа нягтлангууд тайлан тооцоотой холбоотойгоор удаан хугацаагаар сууж, илүү цагаар ажиллах шаардлага тулгардгийг Л.Баярцэнгэл ажлын талбарт гараад өөрийн биеэр мэдэрчээ. Ийнхүү эзэмшсэн мэргэжлийнхээ жаргал, зовлонг туулсаар нэлээд олон жил ажил, гэр гэсэн маршрутын дагуу явж, нэг л мэдэхэд хөдөлгөөний дутагдалд гүн орсон байв. Үүний улмаас түүнийг илүүдэл жин, толгойн өвдөлт, архаг ядаргаа гээд олон асуудал ээрсэн аж. Эдгээр асуудал эрүүл мэндийн хувьд том сануулга болж байгааг Л.Баярцэнгэл анзаарч амьдралын хэв маягаа өөрчлөхөөр ширээний теннис, дартсаар нэг хэсэгтээ хичээллэжээ.
Гэсэн ч дугуйн спорт сонирхлыг нь илүү их татаж, дугуйн аялалд хэд хэдэн удаа явж үзэхэд түүнд ихэд таалагдав. Ингээд 2016 онд өөртөө дугуй худалдан авснаар түүний мэргэжлийн тамирчин болох замнал тавигджээ.
Ингээд Л.Баярцэнгэл өөртөө зориулан дугуй унах цаг тогтмол гаргаж, өглөө, оройдоо тасралтгүй унах болов. Энэ хичээл зүтгэлийг нь ажлын хамтрагч Х.Батцэнгэл ах нь үнэлж урамшуулаад зогсохгүй, хамт бэлтгэл хийж, дугуй унах сонирхлыг нь улам дэвэргэжээ.
Тэд өглөөний таван цагт дугуйгаар уул тойрон, зуслангийн замаар давхиж, амралтын өдрүүдэд холын замд гарах зэргээр цагийг өнгөрүүлэх болсон юм. Улмаар түүнд эерэг өөрчлөлтүүд ар араасаа гарч эхэлсэн байна. Тухайлбал, илүү хариуцлагатай болж, жингээ эрүүлээр хасаж, өглөө эрт босох дадал сууж, найзуудтайгаа бэлтгэлд гарахаар тохирсон тохиолдолд орой нь эрт унтаж амрахаас эхлүүлээд түүний амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгджээ. Түүнчлэн уг спорт өөрөөсөө гадна бусдыг хамгаалах зан чанарыг нь улам өнгөлж өгсөн байна. Учир нь бартаат замд бэлтгэл хийх үед осол аваар гарах өндөр эрсдэлтэй тул өөрийн болон хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангах нь маш чухал.
“Спортод зарцуулсан цаг хугацаа, дуслуулсан хөлс, хүч бүхэн эргээд эзэндээ амжилт, эрүүл бие, эерэг сэтгэлгээ, хүчтэй сэтгэлзүйг бий болгодог.”

Мастер ангиллын тамирчин болсон нь
“Би анх сонирхогчийн түвшинд дугуй унаж, ховорхон тохиолдолд тухайн түвшиндээ тэмцээнд оролцдог байлаа. Бага багаар туршлага хуримтлуулсаар 2019 онд анх удаа “Засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д мэргэжлийн тамирчидтай өрсөлдсөн. Анхны тэмцээн байсан болохоор мэргэжлийнхэнтэй өрсөлдөж буйдаа ихэд урамшиж байсан бол түүний дараагаар мастер ангиллын тамирчидтай ана мана үзэлцэх болсон” хэмээн Л.Баярцэнгэл дурсамжаа хуваалцсан юм.
Тэрбээр тус тэмцээний дараа өөртөө шинэ зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсээр удалгүй спортын I зэргийн болзол хангасан байна. Ийнхүү тууштай, сахилга баттай хичээллэсний үр дүнд 2021 онд спортын мастер цолд хүрчээ. Харин өдгөө Л.Баярцэнгэл уулын дугуй, засмал замын дугуй, мөн виртуал дугуйн төрлөөр 40-49 насныхны мастер ангилалд тасралтгүй уралдсаар байна.
Гэхдээ энэ бүхэн сонсогдож байгаа шигээ тийм ч амар биш. Л.Баярцэнгэл тэмцээн уралдаанд орох бүрдээ гомдолгүй гэсэн гарын үсэг заавал зурж оролцдог. Тэрбээр тэмцээний үеэр цөөнгүй удаа бэртэл авч байсан бөгөөд хамгийн хүнд гэмтлийнхээ үеэр хагас жилийн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст бүрэн эдгэж байв. Өөрөөр хэлбэл, дугуйн спорт өндөр эрсдэлтэй. Гэсэн ч Л.Баярцэнгэл “Тэмцээнд оролцож өөрийгөө зоригжуулан, өвдөлтийг тэсвэрлэж замаа амжилттай дуусгана гэдэг тамирчин хүний хамгийн том бахархал” хэмээж байлаа.
Л.Баярцэнгэл дугуйн спортоор хичээллэснээр илүүдэл жингээ хасаж, өглөө эрт босох дадал сууж, амьдралын хэв маягаа эерэгээр өөрчилж чаджээ.
Сахилга бат нэгдүгээрт
Манай орны эрс тэс цаг уурын нөхцөл байдлын улмаас зуны хэдэн сар л гадаа зам дээр дугуй унадаг. Монголын мэргэжлийн зарим тамирчин бэлтгэлээ таслахгүйн тулд Хятад, Япон, Тайланд гэх мэт халуун орныг зорих нь цөөнгүй аж. Л.Баярцэнгэлийн хувьд ажлынхаа хажуугаар дугуйн спортоор хичээллэж буй учраас ажлын өмнөх болон дараах цагуудыг алдахгүй ашиглаж, мөн амралтын өдрүүдийг бэлтгэлд зарцуулдаг.
Тодруулбал, тэрбээр “Рөүд Монголиа” клубийн Г.Манлай, Ц.Баярхүү, Т.Ганболд дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ингэхдээ зуны цагт долоо хоногт 3-4 удаа бүтэн өдрийн турш зам дээр бэлтгэл хийдэг бол өвлийн улиралд долоо хоногт 2-3 удаа 1-2 цагийг зарцуулдаг байна. Уг хуваарь хүүхдийнх нь хичээл, сургууль эхлэх үед бага зэрэг өөрчлөгдөхөөс бусдаар огт өөрчлөгддөггүй аж.
Учир нь түүний хувьд сонирхогчийн түвшинд бус мастер ангилалд хүч үздэг учраас илүү хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог. Энэ бүхнийг амжуулахын тулд тэрбээр бага цагт, чанартай нойр авахыг чухалчилж, биеийн үзүүлэлтээ ухаалаг цаг ашиглан тогтмол хянадаг байна.
Л.Баярцэнгэл мэргэжлийн ур чадвараа ашиглан хоногийн 24 цагийг санхүүгийн тайлан баланс гаргадагтай адил нарийн тооцож, төлөвлөн бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг.
Ялангуяа дугуйн спортын тэмцээн байгалийн ямар ч үзэгдлээс үл хамааран үргэлжилдгээрээ хүний тэсвэр тэвчээрийг ихээхэн шалгадаг байна. Жишээлбэл, Л.Баярцэнгэлийн оролцсон нэгэн тэмцээний үеэр том хэмжээтэй ширүүн мөндөр орж, шалба цохиулж байсан ч тэмцээний замаа дуусгажээ. Харин дараа нь түүний болон бусад тамирчны нуруу улаан цоохор болсон байсныг хуваалцаж байв.
Ер нь дугуйн спортын чадварлаг тамирчин байхад ур чадвар, туршлага, тэмцээний үеийн тактикаас гадна сайн чанарын дугуй онцгой ач холбогдолтой. Тэр дундаа уралдаж байх хугацаанд дугуйнд саатал гарвал тамирчны амжилтад сөргөөр нөлөөлдөг. Зарим тамирчин үүнээс сэргийлэн сэлгээний дугуйгаа машинд ачуулан араасаа дагуулах тохиолдол бий аж.
Харин Л.Баярцэнгэл минут, секунд бүрээ хэмнэхийг чухалчлан маш хөнгөн, чанартай дугуй сонгодог байна. Мөн өдөр тутамдаа дугуйн цэвэрлэгээ, арчилгааг нэн тэргүүнд анхаардаг. Ингэхдээ дугуйн гинжээ сойзоор угааж, тослохыг хэзээ ч хойш тавьдаггүй. Мэдээж дугуйнаас гадна хамгаалалтын малгай буюу каск, нүдний шил, бээлий зэргийг заавал хэрэглэх хэрэгтэй гэдгийг Л.Баярцэнгэл ярилцлагын үеэр сануулсан юм. Мөн “Спортод зарцуулсан цаг хугацаа, дуслуулсан хөлс, хүч бүхэн эргээд эзэндээ амжилт, эрүүл бие,эерэг сэтгэлгээ, хүчтэй сэтгэлзүйг бий болгодог” хэмээн Л.Баярцэнгэл онцолж байлаа. Тэрбээр оролцсон тэмцээнүүдийнхээ дундаас хамгийн урт зайд 240 км, хамгийн богино зайд 12.5 км замд уралдаад байна.
Ийнхүү дугуйн спорт түүний амьдралын салшгүй нэг хэсэг болохын зэрэгцээ түүнд урам зориг өгч, өөрийгөө ялах хүсэл төрүүлж, эрүүл амьдралын хэв маягт хөтөлсөөр байна.