Бид бол хуванцрын эриний хүн төрөлхтөн. Энэ хэрэглээнээс дэлхий нийтээрээ татгалзана гэдэг одоо бараг л боломжгүй зүйл болсон. Учир нь үүнээс илүү ухаалаг, сайн шийдлийг бид олоогүй л байна. Магадгүй ойрын хэдэн зуун жилд ч хуванцрыг орлох сод бүтээл төрнө гэдэг юу л бол.
Өдгөө аж үйлдвэржилтийг дагасан хөгжил дэвшлийг дагаад цэнхэр гараг маань хуванцарт хурдацтай автаж байна. Үүнийг ганцхан үзүүлэлтээс ойлгож болно. 1950 онд 1.5 сая тонн байсан хуванцрын үйлдвэрлэл 2019 онд буюу цар тахлын өмнө 460 сая тоннд хүрсэн. 100 хүрэхгүй жилийн дотор хуванцрын хэрэглээ хэдэн зуун сая тонноор тэлсэн учраас бид яг одоо зогсоц аваад бодох цаг болжээ.
450 жил эх дэлхийн хөрс, усанд задралгүй орших энэ “гайхал”-ыг бид уул овоо мэт хог болгон хаях хэрнээ, дахин боловсруулж байна уу гэвэл хангалтгүй дүр зураг ажиглагдана. Дэлхий дахин хуванцрын нийт хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг л тарьсан “хог”-ноосоо буцаан авч хэрэглэдэг. Энэ бол тун чамлахаар үзүүлэлт.
Өөрөөр хэлбэл, бид байгалийн шавхагдах нөөцийг хуванцар болгон хувиргаж, хариуд нь бас хүлэмжийн хийг ч үлэмж ихээр ялгаруулж байгаа гэмтэй. Бидний олонх нь хуванцрыг өдөр тутамдаа хэрэглэдэг атлаа ял, гавьяа нь дэнслэгдэх энэ эдийг чухам юугаар хийдгийг нь төдий л хайхарч боддоггүй.
Тэгвэл хуванцрын үйлдвэрлэлд ашигладаг хамгийн гол түүхий эд нь газрын тос гэдгийг хүн бүр мэдэж авах хэрэгтэй.
Дэлхий даяар газрын тосны жилийн нийт хэрэглээний 4-8 хувийг хуванцар үйлдвэрлэлд зарцуулдаг гэсэн тоо судалгаа ч бий.
АНУ-д л гэхэд, жил бүр 12 сая баррель газрын тосыг хуванцар үйлдвэрлэлд ашигладаг гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) тооцоолсон байдаг.
Иймээс хуванцрын эринд “хувьсгал” хийж, газрын тосоо хуванцар болгохын оронд, хаягдал хуванцартаа ахин “амь” өгөх нь илүү ээлтэй шийдэл болон хувирч байна. Бидний сайн мэдэх ус, ундааны савыг PET хуванцраар хийдэг. Нэг тонн PET хуванцрын хаягдлаар дахин ус ундааны сав үйлдвэрлэх нь 570 литр газрын тосыг хэмнэж буй хэрэг гээд бод доо. Дахин боловсруулалт бол яах аргагүй “ногоон” шийдэл мөн гэдгийг эндээс ойлгож болно. Газрын тосны олборлолт, үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн 8-10 хувийг бүрдүүлдэг. Хэрэв хуванцрын төлөөх олборлолтыг бууруулж чадвал энэ нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн тэмүүлэлд том дэмжлэг болох нь гарцаагүй.
Өдгөө дэлхийн томоохон үйлдвэрлэгчид хүн төрөлхтний ногоон тэмүүлэлд хүч түрсээр байна. Тухайлбал, Кока-Кола компани 2023 оны байдлаар дэлхийн 40 гаруй улсад дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнээ худалдаанд гаргажээ. Мөн бүтээгдэхүүний сав баглааныхаа 62 хувийг эргүүлэн цуглуулснаас гадна нийт бүтээгдэхүүний сав баглааныхаа 27 хувийг дахин боловсруулсан материал ашиглан үйлдвэрлэжээ. Тэр дундаа РЕТ дахиврынхаа 17 хувийг нь дахин боловсруулсан байна.
Энэ мэтчилэн дэлхий нийт хуванцрын дахин боловсруулалтад хүчин чармайлт гаргаж, дахин боловсруулалтын хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж чадвал жил бүр дөрвөн сая тонн хуванцрыг далайд хаягдахаас сэргийлж чадна. Басхүү энэ хэрээр далайн амьтдыг ч авран хамгаалах боломжтой. Иймээс улс үндэстэн бүхэн хуванцрын эриний хувьсгалд хүч түрж, дахин боловсруулалтын шилдэг инновацыг улс орныхоо үйлдвэрлэлд нутагшуулах нь чухал юм.
Монгол Улс дахь “хувьсгалын тохироо”
Хуванцрын эриний “ногоон хувьсгал”-д Монгол Улс бэлэн үү? Тэгвэл үйлдвэрлэлийн дэд бүтэц, эрхзүйн зохицуулалт талаасаа монголчууд бид харьцангуй богино хугацаанд том алхаж чадсаныг албаныхан онцолж байна.
Үүний нэг илрэл нь 2021 онд албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлсэн ус, ундааны хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэр юм. Үйлдвэр байгуулах болсон нь цаг үеийн захиалга байсан уу гэмээр тун нүдээ олсон бүтээн байгуулалт байсныг салбарынхан онцолдог. Учир нь 2018 онд хуванцар үйлдвэрлэлийн гол тоглогч болох Хятад улс PET хуванцрын импортдоо хязгаарлалт тавьснаар нийлүүлэгч орнууд хаягдлаа яах вэ гэсэн сорилтын өмнө тулж ирсэн юм. Яг энэ үед дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компани “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгыг өрнүүлж, энэ аянд “М-Си-Эс Кока-Кола” компани нэгдсэн нь TML үйлдвэрийг байгуулах эхлэл цэг болсон юм.
17 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан энэхүү үйлдвэр нь 6,000 м2 үйлдвэрийн обьект бүхий 20,000 м2 талбайг хамрах бөгөөд технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий томоохон бүтээн байгуулалт гэдгийг энд онцлох нь зүйтэй.
TML үйлдвэр нь Австрийн Эрема, Италийн Сорема брэндийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Erema төхөөрөмж нь Европын холбоо, Америк, Японд туршигдаж, чанар нь баталгаажсан. Мөн FDA сертификат шууд дагалдаж ирдгээрээ онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь хуванцрын хэрчдэсийг өндөр температурт нэхмэл, сүлжмэл эдлэлийн түүхий эд буюу мөхлөг шатанд үйлдвэрлэдэг. Үүгээр зогсохгүй үйлдвэрлэсэн мөхлөг нь анх нефтийн дайвар бүтээгдэхүүнээс гарган авдагтай ижил түвшний мөхлөг байдгаараа давуу талтай. Үйлдвэрийнхэн энэ мөхлөгөөсөө хувцас үйлдвэрлэх шаардлага хангасныг нь гадаад руу экспортолдог ажээ.
Харин Сорема төхөөрөмж нь хуванцрыг олон шат дамжлагаар угааж, цэвэрлэж, хэрчих зэргээр боловсруулдаг. Боловсруулсан түүхий эдээр нь ахин РЕТ хуванцар сав үйлдвэрлэдэг бөгөөд бэлэн бүтээгдэхүүн нь олон улсын стандарт хангахуйц дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн жишигт нийцсэн дахин боловсруулсан PET хуванцар байдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж буй.
TML үйлдвэр ижил төстэй үйлдвэрээс зургаа дахин бага ус хэрэглэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгаруулалт харьцангуй багатайд тооцогддог.
Хүчин чадлын хувьд, жилд 27 мянган тонн хуванцар сав буюу Монголд хаягдаж байгаа бүхий л ус, ундааны савыг бүрэн боловсруулах хүчин чадалтай. Тэгвэл 27 мянган тонн хуванцар боловсруулах нь 27 мянган тонн хуванцар шинээр үйлдвэрлэхээс хэр зэрэг ээлтэй шийдэл вэ? Сонирхолтой баримтаар тайлбарлах гээд үзье.
Нэг кг PET хуванцар шинээр үйлдвэрлэхэд дөрвөн кг хүлэмжийн хий ялгардаг. Харин PET хуванцрыг дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр шинийг үйлдвэрлэснээс 64 хувиар бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Ингээд тооцвол 27 мянган тонн дахивар боловсруулах нь ийм хэмжээний хуванцар шинээр үйлдвэрлэснээс хэд дахин илүү “тод ногоон” шийдэл гэдэг нь илхэн. Мөн дахивраар хуванцар сав үйлдвэрлэх нь өртгийн хувьд ч хамаагүй хэмнэлттэй.
Хамгийн чухал нь TML үйлдвэрт нэг хуванцар савыг хэд хэдэн удаа дахин боловсруулж, ашиглах технологийг нэвтрүүлсэн учраас хуванцрын хаягдлыг үлэмж багасгах ач холбогдолтой. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд, тус үйлдвэртэй хамтран 2024 онд нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглуулж, үйлдвэрт түүхий эд байдлаар тушаажээ.
Гэхдээ олон нийтийн дунд хуванцрыг дахин боловсруулах үйл явц болоод дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах нь эрүүл мэндэд хортой гэх өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэгддэг Бисфенол-А бодисын хэмжээг хянах боломжтой болсноор аль аль талдаа сөрөг нөлөөгүй болохыг сүүлийн үеийн судалгаануудад онцолж байна.
Дэд бүтцээс гадна “ногоон хувьсгал”-д хүч түрэх өөр нэгэн дэвшил гарсан нь манай улс өнгөрсөн онд rPET буюу дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтын сав баглаа боодолд хэрэглэхтэй холбоотой стандарт, түүнийг дагалдах шинжилгээний аргуудын стандартыг цогцоор нь баталсан явдал юм.
Өдгөө “MNS7049:2024 Хүнсний сав баглаа боодлын зориулалтаар ашиглах дахин боловсруулсан (rPET) үрэлд тавигдах техникийн шаардлага” стандартын тусламжтайгаар дотооддоо дахин боловсруулсан PET хуванцрыг хүнсний зориулалттайгаар ашиглах эрүүл ахуйн болон чанарын үзүүлэлтийг бүрэн хянаж, тодорхойлох боломж бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс стандарттай болсон учраас үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнд бид эргэлзэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм.
Одоо гол нь сэтгэлгээ…
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн бид “сав”-аа бэлдчихлээ. Хуванцрыг дахин боловсруулах стандарттай, дэд бүтэцтэй болчихлоо. Одоо гол нь нийтээрээ дахин боловсруулсан хуванцрын талаар мэдлэгтэй болж, сэтгэлгээ, дадал хэвшилдээ анхаарах цаг иржээ.
Майнд Плас ХХК-ийн хийсэн судалгаанд, 25-34 насны монгол залуус recycled, thrift бүтээгдэхүүн худалдан авч, тогтвортой хөгжлийг хангахад харьцангуй анхаардаг болсныг дурдаад, тэд дахин боловсруулсан хуванцар савыг эргэлзэлгүй хэрэглэнэ гэсэн хандлагатай байгааг онцолжээ. Харин судалгаанд оролцогч 35-45 насныхны хувьд, дийлэнх нь аюулгүй гэдэгт нь төдий л итгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс хэрэв та эргэлзэж байвал TML үйлдвэрээр зочлоод үзэж болох юм.
Үүгээр зогсохгүй “М-Си-Эс Кока-Кола” компани орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран орон нутгаас хуванцар цуглуулах үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Учир нь тэд 2030 онд хуванцар савны цуглуулалтаа 100 хувьд хүргэж, нийт бүтээгдэхүүнийхээ тэн хагасыг дахин боловсруулсан савлагаатай болгохоор зорьж буй юм. Иймд уншигч та ч мөн хүний хязгааргүй хэрэгцээ, шаардлагыг хязгаарлагдмал нөөцөөрөө хангаж буй эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлын менежментийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.