Ажил, амьдралын завгүй хэмнэл “буцалсан” өвлийн нэгэн өдрийн их үдэд буйдхан кофе шопт бид цаг болзон уулзсан билээ. Яв ягаан өнгийн шуб, мөн адил ягаан өнгийн ороолт хүзүүндээ тохож инээд алдсан эмэгтэй угтсан нь төсөөлөлтэй яв цав нийцэв. Momade виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгийн зан чанар, эрч хүчтэй байдал, ярилцлагын үеэр байсхийгээд л инээд алдах нь яг л энэ тод ягаан өнгө шиг ээ.
Хувийн сошиал хаягтаа “1000 ээжийг гэрээсээ ажиллаж орлого олох боломжтой болгоно. Заавал…” хэмээн бичсэн нь ч түүний талаар нэгийг өгүүлнэ. Л.Бадамцэцэгтэй ярилцан суухад энэ зорилго нь төдий л хол биш сонсогдох аж. Виртуал туслах агентлагаа гадаадын зах зээлтэй холбож, ээжүүдийг долларын цалинтай болгож, туршлага солилцуулах нь түүний ойрын ирээдүйд төвлөрч буй гол зорилго. Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ дурлаж хийдэг болохоор эрч хүч, шинэ санаа, хөгжье дэвшье гэсэн хүсэл эрмэлзэл байнга ундарч, өөрийнх нь хэлснээр “алсын хараа тулах” асуудалгүй, урам зориг дүүрэн ажилладгийг нь сонсож, нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгаан суухад ч урамтай байсан юм.
Таны одоо төвлөрч буй ажлын талаар ярилцахаас өмнө эхлээд та уншигчдад маань өөрийнхөө карьерын түүхээс товч танилцуулахгүй юу?
Би их сургуулиа төгсөлгүй дундаас нь орхиж, үерхдэг залуугийнхаа араас Өмнөд Солонгосыг зорих үедээ аялал жуулчлалын менежментийн чиглэлээр дөрөвдүгээр курсийн оюутан байлаа. Хэлний курст суралцах гурван сарын хугацаандаа дөрвөн жилийн турш хичээгээгүйгээрээ хичээсэн (Инээв). Ингээд тэр залуутайгаа гэр бүл болж, өнөөдөр дөрвөн хүүхдийн аав, ээж болжээ. Энэ жил суралцаж байсан мэргэжлээрээ эчнээ анги төгсөх гэж байна. Бараг 20 жилийн дараа шүү дээ. Гэхдээ би сургуулиа хаясандаа огт харамсаж байгаагүй. Өмнөд Солонгост очоод олон монголчуудын адил сургалтын төлбөр, амьдралын зардал гэж ажил хийж явсаар нэг л мэдэхэд дөрвөн жилийг өнгөрүүлсэн байсан.
Анх өөрийгөө 70 ам.доллароор сурталчилж байж 40 ам.долларын ажил авч байлаа.
Дараа нь эх орондоо ирж, боломжийн компанид боломжийн албан тушаалд ажиллах санал ирсэн ч гар дээр авах цалин нь маш бага байгааг анзаарч, бизнес хийхгүй л бол болохгүй нь, цалингаараа амьдрахгүй нь гэж бодсон. Ингээд хүний нутагт ажил хийж, хурааж хуримтлуулсан жаахан мөнгөөрөө найман нэрийн дэлгүүр нээж ажиллуулсан ч туршлагагүй, зах зээлээ мэдэхгүйгээс дампуурч байгаа юм.
Надад нэг зөрүүд зан байдаг нь Монголд байхгүй зүйл хийнэ гэж зүтгэдэг маань. Энэ дагуу Монголын анхны хүргэлтийн хоолны үйлчилгээг эхлүүлж байлаа. Манайх булгугитэй цуйван хүргэж эхэлснээс хоёр сарын дараа “Орос плов” гэж газар нээгдсэн бөгөөд тэднийх, манайх хоёр л хүргэлтийн хоолоор үйлчилдэг байв. Тухайн үед сошиал медиа гэж байхгүй тул телевизийн аль нэг сувгийн “Бизнес мэдээ”-ээр сурталчилгаа явуулж, түүнтэй давхцан бөөн захиалга орж ирэхэд хүргэж амжихгүй дээрээ тулбал дагаад бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болдог байлаа (Инээв). Түүний дараа амталсан махны үйлдвэр, зургаан настныг сургуульд бэлтгэх хөтөлбөр гэх мэтээр янз бүрийн бизнес эхлүүлж явсаар нийт долоон удаа дампуурсан.

Тэгвэл энэ олон удаагийн дампуурлын араас Momade виртуал туслах агентлагийг байгуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?
Ковид-19 цар тахлын өмнөхөн буюу 2019 онд би Монголын анхны жирэмсний болон нярайн зургийн студийг нээгээд зургаа дахь жилдээ ажиллуулж байлаа. Нэг л мэдэхэд манайхаас салбарлаж гарсан найм, түүнээс гадна нийт 60 студи зах зээлд үйл ажиллагаа явуулдаг болсон байсан. Ийнхүү анхны гэх шинжээ алдаж, алсын хараа ч тулж, уйдах янзтай болж ирсэн тул студиэ хаах шийдвэрт хүрсэн. Манайхаас төрөн гарсан бусад студиэ ч ашигтай, орлоготой байгаасай гэж хүссэн. Тухайн үед Монгол Улс “Чингис”, “Самурай” бондын төлөлтөө хийж, валютын ханш өсөх учраас доллароор орлого олдог бизнес хийвэл ханшийн зөрүүнээс ашиг олно гээд л судалж үзсэн. Тэгтэл Ковид-19 дэгдэж, зөвхөн онлайнаар л ажиллах сонголт үлдлээ. Ингээд цагийн үнэлгээгээ доллароор авъя, ганцаараа л ажиллаад явъя гэсэн бодолтойгоор өөрийгөө 70 ам.доллароор сурталчилж байж 40 ам.долларын ажил авсан. Анхны үйлчлүүлэгч Жорж маань хэд хэдэн постер хийлгүүлж аваад төд удалгүй дахин холбогдож “MS Excel дээрх хэдэн тоог цэгцлээд өгөөч” гэж хүссэн. Уг нь хийгээд өгмөөр байсан ч чадахгүй зүйл маань байв. Эндээс олон төрлийн чадвартай хүмүүсээс бүрдсэн багтай болох ёстой юм байна гэдгийг ойлгож, шууд үүсгэхээр шийдсэн.
Momade виртуал туслахын агентлаг бол хүнийг зүгээр нэг сургаж, орлого олоход тусалдаг газар бус тухайн хүнийг зорилго, алсын хараатай болоход хүчтэй нөлөөлж чаддаг орон зай.
Тэр дагуу санал нэгдсэн гурван найзаа эхний ээлжинд цуглуулсан ч онлайнаар хэрхэн ажиллах арга барилаа өнөө гурав маань сайн мэдэхгүй байсан тул энэ талаар заах хэрэгтэй боллоо. Тухайн үед би дөрөв дэх хүүхдээ тээж байсан. Фэйсбүүк дэх ээжүүдийн группүүдэд “Онлайнаар яаж орлого олох вэ?”, “Хэрхэн нэмэлт орлоготой болох вэ?” гэх мэт яриа их өрнөдөг байсан. Тэгээд бодлоо л доо. Гурван хүн, гучин хүнд заах чанарын ялгаагүй тул онлайнаар ажиллаж сурах хүсэлтэй ээжүүдийг ч хамруулъя гэж үзээд ээжүүдийн фэйсбүүк группт орой виртуал менежер бэлтгэх сургалтын зар тавиад өглөө сэрээд хартал шинээр үүсгэсэн группт маань нэгдэх хүсэлт 300 гаруй хүнээс ирсэн байсан. Ийм олон хүнд эрэлт хэрэгцээ байдгийг мэдээд их гайхаж байлаа. Ингээд 2020 оны гуравдугаар сарын 10-аас өглөө 6.30 цагийн анги нээж, хичээлээ зааж эхэлсэн. Gmail хэрхэн нээх, Google Drive гэж юу вэ, Google Form хэрхэн үүсгэж, судалгаа авах, онлайн орчинд хэрхэн файл хуваалцаж ажиллах зэрэг анхан шатны чадвар олгох сургалт. Ийм олон хүнд энэ мэдээлэл хэрэгтэй байдгийг ойлгож их гайхсан. Тэднээс гуравны нэг нь эхний сургалтад маань хамрагдсан. Цаашлаад чатбот, вэбсайт, CRM угсрах, мөн фэйсбүүкийн тохиргоо хийх зэргээр дунд болон ахисан шатны ангиуд үүсэх хэрэгцээ шаардлага бий болсон. Ингээд анхан, дунд, ахисан шат бүхий 15 хоногийн хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны гуравдугаар сарын 10-аас арваннэгдүгээр сар хүртэл нийт 1200 ээжид хичээл заасан. Тэндээс 100 хүн шигшиж авснаар Momade виртуал туслахын агентлагаа үүсгэж байлаа. Эндээс л илүү олуулаа болж, систем үүсгэх учиртайг ойлгосон доо.
Өнгөрсөн хугацаанд та огт зүгээр суугаагүй байна. Алдаа гэдэг алив хүнд хамгийн сайн багш, хамгийн үнэ цэнтэй туршлага болдог. Бизнесийн удаа дараагийн дампуурал, бүтэлгүйтлээс таны ойлгосон зүйл, анзаарсан зүй тогтол юу байсан бэ?
Энэ олон дампуурлынхаа дунд би хувийн байгууллагад нэг удаа, төрийн байгууллагад мөн нэг ажиллаж үзсэн ч аль алинд нь “идээшээгүй”. Миний ажиллах газрууд биш байсан. Ялангуяа төрийн байгууллагад ажиллах хэсэгхэн хугацаандаа бүтээмж нь хаана гардаг юм болоо гэж их гайхдаг байлаа. Энэ хоёр газар ажиллахдаа би хэд хэд дампуураад үзчихсэн, хэдийнэ өр зээлтэй хүн болчихсон байв. Тэндээс нэг ойлгосон зүйл нь өрийг цалингаар төлнө гэж байхгүйг. Өөрөөр хэлбэл, бизнес хийж буюу нэг цагийн зарцуулалтаа өндөр үнэлгээтэй болгож байж л өрнөөс гарна гэдгийг ойлгосон. Хүмүүс намайг долоо дампуурчихаад яасан шантардаггүй, мундаг юм гэдэг. Харин миний хариулт бол хийе гэж хийгээгүй юм аа, хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон л хэрэг. Нийт өрөө тооцоод үзэхэд 480 сая орчим төгрөг болж байсан.
Хэдий одоо инээгээд ярьж байгаа ч тухайн үедээ маш том шарх, дарамт үлдэж байгаа юм. Гол нь юун дээр алдсанаа дүгнэж чадвал туршлага болж үлдэнэ. Дүгнэхгүй бол харамсал болж хувирна. Ихэнх хүн “Үүнээс л боллоо”, “Тэрнээс л шалтгааллаа” гэсэн харамслуудаасаа болж шантардаг байж мэднэ. Харин түүний оронд санхүүгийн сахилга бат муу байж, хамтрагчаа буруу сонгож, хүний нөөцөө ингэж барих байж гэх зэргээр дүгнэлт хийж, суралцаад явбал алдааны ард маш их өгөөж байдаг. Тэр бүрд сурсан, сайжруулсан зүйлс маань эргээд Momade системийг хийхэд хэрэг болж байна. Үүнийг ямар ч их сургуульд заахгүй. Энэ бол миний Харвард төгсөх дайны мөнгөөр олж авсан мэдлэг гэж боддог. Зүй тогтол нь энэ л болов уу. Momade дотор ороод харвал сурч хөгжих, ажиллах, нөхөрлөх, мөрөөдөх, тэмүүлэх маш том экосистем ажилладаг.

Momade виртуал туслахын агентлаг дотроо академи болон гишүүдэд чиглэсэн клубтэй. Эдгээр систем хэрхэн үүссэн, ямар зохион байгуулалттай ажилладаг талаар хуваалцана уу?
Агентлаг маань анх сургалтын үйл ажиллагаагаар эхэлсэн. Онлайнаар ажиллах, аутсорсингоор ажил авч гүйцэтгэх, цахим орчинд баг удирдах, нэг ажлыг онлайнаар олон талаас хувааж хийх зэрэг бол нэн шинэ ур чадвар юм билээ. Манай Momade-ийнхэн 18 аймаг, гадаадын 13 улсаас онлайнаар холбогдон ажиллаж байна. Өдгөө 500-уулаа болоод байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 3000 орчим хүн манайхаар дамжсан. Бидний энэ оны зорилго 1000-уулаа болох. Тиймээс эдгээр хүнийг эхлээд ур чадвар, харилцаа, хандлага, соёлын хувьд нэгтгэхийн тулд Momade академи хэмээх систем үүсгэхээс өөр аргагүй. Бид дотроо C, C+, B, B+, А гэсэн таван түвшинд хуваагддаг.
Тухайлбал, захиалагчаас ажил орж ирэхэд B түвшний хүн ажлын хэсгээ ахалж, тухайн ажилд A, B, C түвшний хэдэн эксперт нэмж ажиллуулахаа шийдээд, нэгж ажлуудад жижиглэн хувааж хийлгэсний дараа нэгтгэх үүрэг хүлээдэг. Ийм хүмүүсийг бэлтгэхийн тулд бид 2022 оноос виртуал менежер бэлтгэх зургаан сарын хөтөлбөрийг зарлаж, дөрвөн сар онлайнаар суралцах, хоёр сар манай дээр дадлагажсаны эцэст шалгалт өгч тэнцвэл Momade-ийн багт албан ёсоор нэгддэг сургалтын цогц системийг үүсгэсэн. Онлайн орчинд ажиллах ур чадвар, дижитал маркетинг, баг удирдах менежментийн арга барилд сургахын зэрэгцээ бидний хамгийн их ач холбогдол өгдөг чухал хичээл бол цагийн менежмент. Ажлаа үр дүнтэй, өндөр бүтээмжтэй гүйцэтгэхийн тулд ингэж цогц байдлаар хандаж байж үр дүнд хүрдэг. Сургалтын ийм цогц систем санаачилснаас хойш бидний хийж буй ажлын чанар, гүйцэтгэл улам сайжирсан.
Momade-д элссэн ээжүүд өөрийгөө олдог.
Одоогийн байдлаар ээжүүд бизнес менежмент, технологи, сошиал медиа хөгжүүлэлт, дижитал маркетинг, нягтлан бодох бүртгэл, гадаад харилцаа, орчуулга, харилцагчийн үйлчилгээ зэрэг салбарт хуваагдан ажиллаж байна. Тухайн хүн ямар мэргэжилтэй байх нь төдийлөн чухал биш, хүссэн салбартаа ажиллаж болдог. Мөн гишүүдээ идэвхтэй байлгах үүднээс төрөл бүрийн сонирхлын клубүүдийг ээжүүд өөрсдөө санаачлан үүсгэж, ажлаас гадуур сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Та бүхний нэг хэсэг болсноор ээжүүд хэрхэн өөрчлөгддөг вэ?
Сурсан болон дуртай зүйл гэдэг өөр хоорондоо тэнгэр, газар шиг зөрүүтэй. Хүн дуртай зүйлдээ маш өндөр бүтээмж гаргаж чаддагийг бид ойлгосон учраас Momade виртуал туслахын агентлаг байгуулагдсан цагаас хойш хэний ч дипломыг үзэж байгаагүй. Харин оронд нь шалгалт авдаг. Үнэхээр дуртай, сонирхолтой бол тухайн зүйлээ жаахан ч гэсэн оролдож үзсэн байх ёстой. Хэрэв шалгалтад тэнцэхгүй бол академид маань суралцахад нээлттэй. Ер нь Momade-д элссэн ээжүүд өөрийгөө оллоо гэж их хэлдэг. Нягтлан хүн сошиал маркетер, бизнес менежментийн хүн дуудлагын төвд харилцагчийн үйлчилгээ үзүүлдэг болсон байх жишээтэй. Эсвэл өөрийгөө огт бараа зарж чадахгүй гэж боддог байсан хүн борлуулалт, маркетингийн албанд ажиллаж буй гэх мэт жишээ олон.
Бидний энэ оны зорилго 1000-уулаа болох.
Мөн бид улирал тутам ээжүүдийн дунд судалгаа хийдэг бөгөөд Momade -д нэгдсэнээр тэдний сэтгэл гутралын түвшин гурван сарын дараа 30, зургаан сарын дараа 20-10 хувь болж буурдаг гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн ээж сэтгэл зүйн хувьд эдгэрч, амьдралын зорилготой болж өөрчлөгддөг. Хүн өөрийнхөө хүчинд итгээд эхлэхээр тэс өөр хүн болж хувирдаг. Нэг ёсондоо, Momade виртуал туслахын агентлаг бол хүнийг зүгээр нэг сургаж, орлого олоход тусалдаг газар бус тухайн хүнийг зорилго, алсын хараатай болоход хүчтэй нөлөөлж чаддаг орон зай.
Түүнчлэн Momade-д ээжүүдийн сэтгэлийг татаж, уяж чаддаг нэг хүчин зүйл бий нь аравтын систем. 10 хүн тутамд нэг багийн ахлах томилдог. Анх онлайн орчинд цугласан ээжүүдийг хувааж, ангилах хэрэгтэй болж, шийдэл эрэлхийлж байх үед нэг мэргэн санаа орж ирсэн нь их хааныхаа системийг авч ашиглах (Инээв). Уг систем амжилттай ажиллаж, ээжүүд яг л нэг гэр бүл мэт бүл үүсгэдэг. Momade платформоос гарч, үндсэн ажилдаа орсон хүмүүс ч биднийг, багийнхнаа санагалзаж байдгийн учир энэ.
Ер нь Momade бол эхийн хайраар бие биеэ, харилцагчаа, хамтрагчаа хайрлая гэсэн философитой нэгдэл. Энэ ч утгаараа бизнесийн уламжлалт философи гэж бараг л байхгүй. Бид хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, зөвхөн ажлын байрны аутсорсингийн гэрээ л хийдэг. Momade бол хүмүүс сайн дураараа элсэж, сарын тодорхой хураамж төлж, өөрийн хийж чадах ажлаа авч гүйцэтгэдэг ийм л энгийн систем. Биднийг зангидаж байдаг хүч бол эхийн хайр.

Тэгвэл Momade агентлаг бизнес моделийн хувьд хэрхэн ажилладаг нь сонирхол татлаа?
Бид ажил гүйцэтгэсэн ээжүүддээ мөнгийг нь 100 хувь олгодог. Түүнээс биш Momade ямар нэг шимтгэл авч үлддэггүй. Төлбөрийн үнийн дүнгээс хуулийн дагуу НӨАТ-ын 10 хувийг суутган авч, улсад төлдөг. Ажил үйлчилгээ олж ирсэн ээжид 10 хувь нь очдог. Үлдсэн нь ажил гүйцэтгэсэн ээжүүдэд хуваарилагдана. Нийт ээжийн 25-30 хувийг үйлчилгээний зөвлөх буюу Momade-ийн ажил үйлчилгээг харилцагчдад борлуулах багт зориулан бэлддэг. Харин Momade виртуал туслахын агентлаг маань зөвхөн гишүүнчлэлийн хураамжаа л менежментдээ зарцуулдаг. Тодорхой ашгийг Momade академиараа дамжуулан олдог.
Ирэх гуравдугаар сард бид Momade Mall -оо нээхээр ажиллаж байна. Энэ санаа анх хэрхэн төрсөн гэхээр 2023 оны эцсээр менежментийн багаараа өнгөрснөө дүгнэж, сонирхолтой дата эрэлхийлж байгаад тухайн онд 1600 харилцагч манайхаар үйлчлүүлсэн бөгөөд түүнээс давсан нэг сонирхолтой тоог олж илрүүлсэн. “Танайх бараа бүтээгдэхүүн борлуулаад тодорхой хувийг нь авах уу?” гэсэн асуулт бараг 2500-аад удаа давтагдан орж ирсэн байгаа юм. Энэ асуулт ирэх тоолонд “Манайх тогтсон ажил хийж, түүнийхээ гэрээний төлбөрийг авдаг болохоос бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй” гэх тогтсон, бараг цээжилчихсэн хариултыг ёс мэт өгдөг байснаа анзаарсан.
Гэтэл манай медиа маркетингийн салбарт UGS (User-generated content) буюу ээжүүд бүтээгдэхүүн туршиж үзээд хэрэглэгчидтэй сэтгэгдлээ хуваалцдаг төрлийн контент хийлгэх захиалга нэлээд эрэлттэй, давамгайлж байдаг. Тэгвэл бидний танилцуулах гэж буй Momade Mall нь ийм үйлчилгээнд суурилсан платформ гэж ойлгож болно. Ээжүүд бараа бүтээгдэхүүн туршиж үзээд таалагдвал тухайн бараагаа хариуцан борлуулах юм. Энэ мэтээр Momade-ийн систем тойрсон, өөр хоорондоо холбогдсон орлогын модель бий болж болохыг олон жилийн дараа л олж харж байна.

Гишүүд рүү чиглэж нэлээд ярилцлаа. Одоо харилцагчидтай холбоотой асуултууд руу оръё. Momade виртуал туслахын агентлагаа анх үүсгээд байхдаа харилцагчдаа хэрхэн “найрсан” бэ. Тэдний итгэлийг олж авах тийм ч амар байгаагүй болов уу?
Бүтэн жилийн турш өглөө бүр 6.30 цагт боссоны эцэст арай гэж 90 хүн бэлдэж авав аа. Энэ явцад буюу 2020 оны долдугаар сард ээж маань хорт хавдартай хэмээн оношлогдож, тухайн сарын сүүлчээр аав минь нас барж, Momade-ийн нээлтийн өмнөхөн буюу есдүгээр сард ээж минь өөд болсон. 2020 оны Цагаан сараар би хорвоогийн хамгийн баян хүн байлаа. Гэтэл есдүгээр сард нь би хайртай хоёр хүнээ алдаж, энгэртээ нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон хувирсан байв. Хэдий хажууд түшиж тулах хань ижил, үр хүүхдүүд минь байсан ч унавал унахаар үе өмнө минь тулж ирсэн. Гэхдээ олон ээжид амалсан амлалт минь надад унах эрх олгоогүй.
Шижигнэсэн 90 хүнтэй болчихлоо. Одоо ажил хийж, “будаа болгоё” гээд л фэйсбүүк хуудсаа үүсгэж, зар тавиад л. Ковид-19 цар тахлын үе байсан болохоор сошиал маркетингийн хэрэгцээ өндөр байсан. Харилцагчид эхнээсээ манайх руу утас цохиж, ажил өгөхөөр боллоо. Тэгтэл “Хаана очиж уулзах вэ?” гээд болдоггүй. Бүх ажлаа онлайнаар явуулна, гэрээгээ ч онлайнаар байгуулж, ажил гүйцэтгэхээс өмнө төлбөрийн урьдчилгаа болгож 50 хувь авна гэхэд бүр их гайхаж байсан. Ингээд эхний ээлжинд “амталгааны” жижиг ажлууд хийхээр шийдлээ. Маш бага үнээр 10 постер бэлтгэж өгөх гэх мэт. Ингэж л анх харилцагчдынхаа итгэлийг төрүүлж, өөрсдөдөө ч ажлын түүх үүсгэж байлаа.
Биднийг зангидаж байдаг хүч бол эхийн хайр.
Харин өнөөдөр эргээд харахад өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид 2600 хувь хүн, байгууллагад ажил үйлчилгээ үзүүлж, 4.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Тэдэн дунд томоохон групп, компаниуд, хүмүүсийн сайн мэдэх онлайн дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд, IPO хийсэн компаниуд бий. Нэг үеэ бодоход Momade виртуал туслахын агентлагийг хүмүүс сайн мэддэг болсон тул ажил үйлчилгээ олоход ч төвөггүй болсон байна. Биднийг өдий зэрэгт хүрэхэд анх итгэж, нэгдэж элссэн ээжүүд хамгийн их нөлөөлсөн.
Өнөөдөр зөвхөн бизнесийн ашиг орлого бус нийгэмд, оролцогч талууддаа бий болгож буй үнэ цэнийн талаар хөндөн ярих болж. Таны хувьд бизнесийн үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?
Олон бизнес дампууруулахад миний ард ээж минь зогсож байсан. Би хүүхдүүдээ ээждээ орхиод л гараад гүйдэг хүн байлаа. Харин ээж маань хорт хавдартай, хэдхэн сарын настай гэж оношлогдсоныхоо дараа надад “Бадам аа, миний охин аливаад туйлбаргүй ханддаг шүү. Аливаа зүйлийн эцсийг үзэлгүй, дундаас нь хаяж явах гээд байдаг талтай шүү. Ээжүүдэд буян болж байгаа энэ ажил чамд хэзээ нэгэн цагт өгөөжөө өгнө өө. Тиймээс энэ ажлаа эцсийг нь хүртэл туйлбартай яваарай” гэж хэлсэн нь мартагддаггүй. Олон удаагийн дампуурал, өр зээл нэхэгдсэн хүнд өдрүүдэд ээж минь л бамбай болж зогсдог байлаа. Харамсалтай нь, Momade агентлагийн маань амжилтыг харж чадаагүй. Гэхдээ дээрээс харж байгаа гэдэгт итгэдэг. Тиймээс Momade -ийг ээждээ зориулж хийдэг. Агентлагийн ээжүүдээ өөрийн ээж шигээ санадаг учраас тэд миний хайрыг мэдэрдэг байх. Бид тэгж л хоорондоо холбогддог учраас амжилттай явж чаддаг байх.
Олон бизнесийг би тооны машин дээрээс эхлүүлж үзэж байлаа. Тоо цохиж үзээд л их ашиг олох нь гээд л. Харин Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй. Хэзээ мөнгөтэй болох вэ гэж тооцоолоход гурван жилийн дараа гэсэн хугацаа гарсан. Гэхдээ би Momade-ийг эхлүүлж, хийж буйгаараа сэтгэл зүйн хувьд цаддаг байлаа. Олон хүний талархлыг хүлээж, гэрэл асаж, боломж харагдаж, итгэл найдвар өвөрлөөд л. Болидог ч юм уу гэж бодогдох үе гарах ч хүмүүсийн баярласан, талархсан үгсийг уншаад тэр бодлоо орхидог байв. Ер нь мөнгөн ашиг харж эхэлсэн бизнес тодорхой цэгт хүрээд ханачихдаг юм билээ. Тийм үед хэчнээн санхүүгийн сахилга бат сайтай байсан ч сонирхол буурч, сэтгэл цадахаа больж, алсын хараа тулдаг.
Харин Momade -ийг эхлүүлснээс хойш хийх, төлөвлөх, сайжруулах ажлууд аяндаа л ундрах болсон. Монгол ээжүүдийг яаж гадаадаас орлого олдог болгох вэ? Хэрхэн харилцан ашиг орлого олж, туршлагаа хуваалцдаг коммюнитиг үүсгэх вэ? гээд л бодож эхэлж байгаа юм. Саяхан гэхэд л Women in Tech -ийн APAC буюу Зүүн Өмнөд Азийн бүсэд нэгэн шагналын шалгаруулалтад анкетаа бөглөөд явуултал 1000 гаруй нийгэмд чиглэсэн бизнесээс сонгогдож, Social Impact ангилалд финалист болж үлдсэн. Шилдэг тавын нэг болсон гэсэн үг л дээ. Гэтэл финалистууд дотор Adidas брэнд багтсан байв. Тус брэнд нийгэмд чиглэсэн кампанит ажил өрнүүлж, хэдэн арван сая ам.доллар зарцуулсан байсан. Малайзад шагнал гардуулах ёслол болсон бөгөөд хэл, соёлын хувьд ялгаатай ч адилхан л ээжүүд хүүхдээ харангаа хэрхэн орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн асуудалтай байгааг олж харсан. Ер нь хийх ажил их, алсын хараа тулахгүй юм байна гэдгийг Momade -ийг эхлүүлснээсээ хойш улам бүр ойлгож байна. Бид бизнес эрхэлж буй хүмүүсийн зардлыг тун аятайхан байдлаар хэмнэж өгдөгтөө баяртай байдаг.