Хүний амьдралыг нэгэн ёсны аялал гэдэг. Тэгвэл хүн ажил дээрээ энэ аяллынхаа гуравны нэгийг өнгөрөөдөг. Тиймээс ямар газар ажиллаж, тэндээ ямар үнэ цэн бий болгож, ажилтан өөрийгөө хэрхэн бүтээх нь зөвхөн ажилтны асуудал биш, бизнес амжилт олох нэгэн суурь багана болдог. Өөрөөр хэлбэл, бизнесийн удирдлагууд ажилтныхаа тэрхүү аяллыг хэр утга учиртай, сонирхолтой, үнэ цэнтэй байлгахаас бизнес урт удаан оршин тогтнох эсэх нь хамаардаг.
Business.mn энэ удаа ажилтнуудынхаа үнэ цэнтэй, сонирхолтой ажил, амьдралын түүхийг ийнхүү бүтээлцэж буй нэгэн байгууллагыг онцоллоо. Тодруулбал, бид Капитрон банканд ажилладаг зургаан хүнтэй уулзаж, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго, карьерын түүхийг сонирхлоо.
Жишээ нь, Д.Шинэцогт гэх залуу телевизийн зураглаачийн үндсэн мэргэжилтэй ч тус банканд түрээсийн жолоочоор ажилд орж байсан бөгөөд 2021 онд банкны шилдэг ажилтан болж, эдүгээ дижитал банкны гурван төсөл удирдаж байна.
Д.Шинэцогт: Хийсэн зүйл маань хүмүүсийн амьдралд хэрэглээ болж буйг харах мэдрэмж сайхан

Капитронд банканд ажил орсон түүхээсээ хуваалцвал?
Би хөл бөмбөг тоглодог. 2018 оны хавар банканд түрээсийн жолоочоор ажилд орж байсан. Тэр жилийнхээ намар нь найзуудынхаа санал болгосноор банк хоорондын тэмцээнд ороод банкны аварга болж байсан.
Удалгүй түрээсийн жолоочоосоо хамгаалагч болсон. Харин 2019 онд цахим банкны хэлтэст ПОС хариуцсан ажилтны албан тушаал дээр очсон. Дараа нь карт хариуцсан ажилтан, цахим банк хариуцсан ажилтан, Дижитал шилжилтийн газарт Скрам мастер, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер болж, харин одоо төслийн менежерийн ажил хийж байна.
2022 онд Дижитал шилжилтийн газарт орж ирээд интернэт банкны back-end хэсгийг хариуцахаар болсон. Гэхдээ зарим нөхцөл байдлаас шалтгаалаад би тэр төслийг ганцаараа хариуцаж, 2023 онд нээлтийг нь хийхээр болсон. Энэ төсөл нэлээд сорилттой байсан, өдөрт 12 цаг ажиллах шаардлагатай үе олон байсан.
Спортын тухайд гэвэл хөл бөмбөгөөр нийтдээ 10 гаруй жил хичээллэж байна. Улсын аварга, Хөл бөмбөгийн дээд лигийн хоёр удаагийн мөнгөн медальтай. 2018 оноос банк хоорондын тэмцээнд тогтмол эхний байруудад орж байгаа.
Энэ байгууллагад тогтвортой ажиллаж буй шалтгаан тань таны амьдралын зорилго, үнэт зүйлстэй яаж холбогдож байна вэ?
Миний баримталдаг зарчим бол зогсолтгүй суралцах. Банканд ажилласан хугацаандаа олон шинэ зүйлд суралцлаа. Ялангуяа, төсөл удирдах ур чадварт суралцсаар байгаа, өнөөдөр төслөө ажэйл аргачлалаар хэрэгжүүлэхийг зорьж байна. Одоо би дижитал банктай холбоотой гурван төсөл дээр ажиллаж байна.
Төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ маань зах зээлд нэвтрээд, хүмүүсийн хэрэглээ болоод, хэрэглэгчдээсээ магтаал, санал, шүүмж авах нь сайхан санагддаг.
Цаашдын зорилго гэвэл, цаашдаа төслийн ажлууд хийх учраас төсөл удирдах ажэйл арга барилд суралцаж, энэ чиглэлдээ илүү мэргэшнэ. Ажэйл аргачлал гэдэг нь энгийн үгээр бол хурдан хугацаанд үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг харилцагч, хэрэглэгчдэд нийцэлтэйгээр хүргэх арга ухаан гэсэн үг.
Миний энэ байгууллагад хоргоддог бас нэг шалтгаан гэвэл хамт олны уур амьсгал, ажилтнаа, бие биенээ дэмждэг соёл. Асуудал гарвал нээлттэй ярилцаж, хамтдаа шийдэж чаддаг.
Мөн уян хатан цагийн хуваарьтай байдаг учраас ажлынхаа хажуугаар хөл бөмбөгөөрөө хичээллэх бололцоог надад олгодог. Жишээ нь, бэлтгэлтэй, тэмцээнтэй бол өглөө эрт ирээд, эрт тарах гэдэг ч юм уу.
Түүнчлэн энэ байгууллагад ажилласнаар миний амьдралын нөхцөл сайжирсан. Хоёр жилийн өмнө банкнаас намайг дэмжиж, 10 хувийн урьдчилгаа, жилийн зургаан хувийн хүүтэйгээр зээл шийдэж, манай гэр бүл орон сууцанд орсон. Түүнээс өмнө бүр Зүүн салааны зуслангаас ажилдаа явдаг байсан хүн шүү дээ.
“Жижиг компанийг захирал нь, том компанийг соёл нь авч явдаг” гэж ярьдаг. Бидний ярилцсан зургаан ажилтан бүгдээрээ “Энэ байгууллагын нээлттэй уур амьсгал, ажилтнаа халамжилж дэмждэг соёлд хамгийн их татагддаг” гэж хариулж байв. Яагаад ингэж буй нь Капитрон банкны Олон улсын банкны хэлтсийн Тогтвортой санхүүжилт хариуцсан менежер Д.Балжидмаагийн ярианаас илүү ойлгомжтой болох болов уу. Тэр бас л банкныхаа шилдэг ажилтнуудын нэг, өөрийн сонирхолтой түүхийг бүтээж буй шилдэг мэргэжилтнүүдийн нэг.
Д.Балжидмаа: Тухайн ажилтан өөрөө суръя, хөгжье гэвэл байгууллагаас бүх талаар дэмждэг

Яагаад Капитрон банкийг сонгосон бэ?
Хөл хориотой, эдийн засаг зогсонги байсан цар тахлын үеэр мэргэжлээ дээшлүүлье, суралцъя гэж шийдээд 2019 онд Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж маркетингийн эдийн засагч мэргэжлээр суралцсан. Төгсөж ирээд карьер, ирээдүйнхээ талаар сайтар бодсоны эцэст хамгийн тогтвортой, ирээдүйтэй салбарт ажиллах нь зөв гэж шийдсэн.
Ингээд арилжааны хэд хэдэн банкийг судалсны дараа хоёр банканд ажлын ярилцлагад орж байлаа. Эхэлж уулзсан банк маань байгууллагын сайн соёлтой гэж хэлж байсан ч хүлээлтэд хүрээгүй. Харин Капитрон банкны хүний нөөцийн ажилтан намайг их сайхан хүлээж авч, банкныхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгч байлаа. Ингээд л эхний уулзалтаас таалагдаж, туршилтын гурван сарын хугацаанд ч сайхан санагдсан болохоор Капитрон гэдэг гэр бүлийн нэг гишүүн болж байлаа.
Эхлээд маркетингийн газарт дижитал продюсерын ажилд орсон. Дараа нь Байгаль орчин, нийгэм, засаглалыг (БОНЗ) эрчимжүүлэх ажлын хэсэг манай банканд байгуулагдаж, “Экотрон” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг ажлын хэсэгт байхад надад цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн ажиллах санал тавьсан. Мөн намайг дэмжих зорилгоор Герман улсын Франкфуртын их сургуулийн тогтвортой санхүүжилтийн олон улсын хөтөлбөрт хамруулсан.
Үүнтэй холбоотой асуухад, Капитрон банк ажилтнуудынхаа боловсрол, ур чадварт хэрхэн хөрөнгө оруулдаг вэ?
Тухайн ажилтан өөрөө суръя, хөгжье гэвэл байгууллагаас бүх талаар дэмждэг. Жишээлбэл, магистрын сургалтын төлбөрийг төлөхөөс гадна суралцахад нь зориулж хугацаа гаргаж өгдөг. Ажилтнуудаа жил болгон шалгаруулж сургалтад хамруулахаас гадна мэргэшүүлж, гүнзгийрүүлж сургах хүсэлтийг газар, нэгжүүдээс өгвөл тэр дагуу хүсэлтийг нь шийдвэрлэдэг.
Капитрон банк нь ажилтнуудынхаа үндсэн цалинг жил бүр тогтмол нэмэгдүүлдэг бөгөөд сүүлийн 3 жилд буюу 2023 онд дунджаар 31%, 2024 онд 35%, 2025 онд 38% хүртэл тус тус нэмээд байна.
Ер нь сурах, хөгжих, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй ажилтнуудаа маш сайн дэмждэг. Хүний нөөц нь чадвартай байвал банкны үйл ажиллагаа улам сайжирна гэдгийг банкны удирдлагууд сайн ойлгодог учраас энэ тал дээр их анхаарч байна. Манай банк олон төсөл хэрэгжүүлж байгаа болохоор миний хувьд цаашид төслийн менежментийн чиглэлээр суралцаж, олон улсын сертификат авахаар зорьж байна.
Сургалтаас гадна ажилтнуудаа дэмжих, урамшуулах ямар арга хэмжээг авдаг вэ?
Ажилтнууддаа хэд хэдэн давуу талыг бий болгож, үр бүтээлтэй, сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Манай банк сүүлийн гурван жил дараалж ажилтнуудынхаа цалинг нэмснээс гадна ажлын гүйцэтгэлээс нь хамаарч улирал бүр бонус өгдөг.
Мөн ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, жил бүр эрүүл мэндийн үзлэгт оруулж байна. Үүний ачаар цөөнгүй хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээ хийлгэх зэрэг олон эерэг үр дүн гарсан. Түүнчлэн шинэ аавын чөлөө, цалинтай чөлөө, төрсөн өдрийн амралт гэх мэт хөнгөлөлт, боломжууд бий. Үүн дээр ажилтнуудад зориулсан орон сууцны хөнгөлөлттэй зээлийг дурдах хэрэгтэй болов уу.
Таны сэтгэлд үлдсэн, бахархал төрүүлсэн ямар төсөл, ажил байдаг вэ?
БОНЗ-ын хүрээнд эмэгтэй ажилтнуудыг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн Менторинг хөтөлбөр надад дотно дурсамж үлдээсэн. Хөтөлбөрийн оролцогчид маань зорилгоо смарт матрицын дагуу тодорхойлж, түүндээ хүрч байгааг хараад тэднээр бахархах сэтгэл төрж байсан.
Мөн тэднийг ур чадвараа хөгжүүлж, өсөж дээшлэхэд нь тусалсан хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж чадсан өөрөөрөө бас бахархаж байлаа. Уг хөтөлбөрийг зохион байгуулах явцдаа оролцогч нараас маш их зүйлд суралцсан.
Капитрон банк залуучуудад хэр ээлтэй байгууллага гэж боддог вэ?
Манай банкны ажилтнуудын дундаж нас нь 30. Тийм учраас спортын уралдаан, тэмцээн маш өрсөлдөөнтэй болдог. Бид ч өөрсдөө идэвх санаачилгатай ажиллаж, төрөл бүрийн клуб, аяныг зохион байгуулж байна. Жишээлбэл, би “Соёлын соронз” нэртэй залуучуудын клубт харьяалагдаж банкандаа төрөл бүрийн жижиг төсөл, санаачилга хэрэгжүүлэхэд тусалдаг. Үүнд, эрчим хүч, ус хэмнэх, ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилготой төрөл бүрийн уриа үг бүхий стикерүүдийг салбар, оффисуудад байрлуулсан. Мөн манай “Номонд дурлагсдын клуб”-ийнхэн кино үзэж, хэлэлцүүлэг явуулдаг. Түүнчлэн ууланд алхагчдын клуб, шатар, сагсан бөмбөг зэрэг төрөл бүрийн спортын баг манай банканд бий.
Капитрон банк тогтвортой санхүүжилтийн чиглэлээр ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ? Эдгээрт та өөрөө ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?
Тогтвортой санхүүжилт нь БОНЗ-той шууд уялддаг. Миний ажлын нэг чиг үүрэг нь БОНЗ-ын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг дэмжих юм. Энэ хүрээнд манай банкны ивээн тэтгэдэг, санхүүжүүлдэг олон төсөл бий. Бид “Зориг сан”-тай хамтраад “Жуниор интерншип” хөтөлбөр хэрэгжүүлж, залуучуудын боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллаж байна. Байгаль орчны чиглэлээр дурдах ёстой амжилт гэвэл манай банк Нидерландад төвтэй Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэлд элссэн. Үүний үр дүнд банкны үйл ажиллагаа Монгол Улс, эх дэлхийд хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж буй тооцооллыг хийдэг боллоо.
Мөн жендэрийн тэгш эрхийн бодлогыг дэмжих, нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэйчүүдэд зориулсан хоёр бүтээгдэхүүнийг Капитрон банк санал болгож байна. Бид Премиум групп, Зээлийн батлан даалтын сантай хамтарч CU дэлгүүрийн франчайз эрх авах хүсэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан зээл, мөн орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл олгож байна.
Би 2023 оны зургаадугаар сараас энэ албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш олон улсын туршлага, санаачилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна. ТоС, БОНЗ-ын бодлогыг хэрэгжүүлэхэд банкны ажилтнаас эхлээд ТУЗ хүртэл бүхий л түвшинд хамтран ажиллах шаардлага үүсдэг. Албан тушаалын энэ онцлогоос шалтгаалаад ажилтан бүрийн ажлыг би бүрэн гүйцэд биш боловч тодорхой хэмжээгээр зайлшгүй мэдэх шаардлагатай байдаг.
Хэрэв компани ажилтныхаа ажил, амьдралынх нь сонирхолтой нэг хэсэг байж чадвал ажилтан өөрийн цаг хугацаа, эрч хүчийг дайчлах сонирхолтой болдог. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь зорилгыг ойлгож, түүнийг нь утга учиртай болгож, сорилтууд өгч, хөгжих орон зай өгөх хэрэгтэй.
Ажилтан, ажил олгогчийн үр дүнтэй ийм харилцааны нэг жишээ болгож Капитрон банкны Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал Gen-Z үеийн төлөөлөл болох Б.Ган-Эрдэнийн яриаг сонирхуулъя. Энэхүү ярилцлагыг нийтлэхэд бэлдэж байх хооронд тэр хэлтсийн захирлаараа томилогдсон бөгөөд ингэснээр банкныхаа хамгийн залуу захирал болж байна.
Тэрбээр шинэ залуу үеийнхэн тогтвор суурьшилгүй гэх хэвшмэл, өрөөсгөл ойлголтыг няцааж, ажил амьдралын гараа болсон Капитрон банкандаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Мөн тэр байгууллагын амжилт харилцагчийн итгэлээс хамаардаг гэдэгт итгэдэг учраас “мэдээллийн аюулгүй байдал” хэмээх банкны салбарын хамгийн чухал итгэлийн талбарт шилдэг шийдэл нутагшуулахад анхаардгаа ярьсан юм.
Б.Ган-Эрдэнэ: Капитрон бол цагаа дэмий үрэх газар биш, энд маш их зүйлд суралцах боломжтой

Банкны салбарыг сонгон ажиллах болсон шалтгаан тань юу байв? Мөн өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
Миний хувьд, 2019 онд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг төгссөн. Төгсмөгцөө л Капитрон банканд орж ажилласан. Шинэхэн төгсөгчид итгэл хүлээлгэж чухал албандаа авч ажиллуулсанд маш их талархдаг. Тэр итгэлийг нь ч алдахгүй юм шүү гэж би үргэлж хичээж ажилладаг. Анх мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилд орсон миний хувьд, гурван жилийн дотор Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийнхээ ахлах менежер болж, дөнгөж саяхнаас захирлаар томилогдон ажиллаж байна.
Миний удирдлагад гурван хүн ажилладаг. Бүгд манай үеийнх. Нэг нь надтай зэрэг ажиллаж эхэлсэн бол нөгөө хоёр нь манай доод курсынх. Нэг үе болоод тэр үү бид маш сайн гар нийлж ажилладаг. Бас маш сайн ойлголцдог. Бүгд л тогтвор суурьшилтай ажиллаж байна. Заримдаа хүмүүс Gen-Z үеийнхний талаар хэт туйлширсан үзэлтэй санагддаг. Гэтэл үнэндээ үнэхээр таалагдсан газраа ороод, компанидаа үнэ цэн бүтээгээд ажиллаж байгаа залуус олон байна.
Банк санхүүгийн салбарыг сонгосон шалтгааны тухайд, энэ салбар технологийн хөгжил дэвшлийг хамгийн түрүүнд тусгаж авдаг нь таалагддаг. Энэ бол банкны салбарыг сонгох болсон гол шалтгаан минь.
Банк бол мэдээллийн асар том дэд бүтэцтэй байгууллага. Тэр том дэд бүтцээ үргэлж тордож, шинэчилж байдаг. Өөрөөр хэлбэл, банк цагаа дэмий үрэх газар биш, эндээс маш их зүйлд суралцах боломжтой. Мөн санхүүгийн салбар учраас чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсээр багаа бүрдүүлэхийг чухалчилдаг нь таалагддаг.
Ажиллах хугацаандаа гардан хариуцсан ажлуудаас хамгийн сэтгэлд хоногшсон нь ямар ажил байсан бэ?
Би сүлжээний инженер мэргэжлээр төгссөн болохоор сүлжээ тал руугаа арай илүү мэдлэгтэйгээр ажлын талбарт анх хөл тавьсан. Эхэндээ мэдээллийн аюулгүй байдлын талаар суурь мэдлэгтэй надад мэдээллийн аюулгүй байдал хариуцаж ажиллана гэдэг бага зэрэг айдас мэдрүүлж байсан. Гэсэн ч зааж чиглүүлээд явсан болохоор ажлын өдрүүд алдаж болохгүй сургууль шиг л санагддаг байсан. Ингээд гурав дахь жилээс нь ахлах менежер болж, сүүлийн хоёр жилд салбарын стандартуудыг нутагшуулахад гар бие оролцсон. Энэ бол залуу инженер миний хувьд нэр төрийн хэрэг байсан.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг удирдаж ажиллахад минь байгууллагын бүхий л шатны удирдлага дэмжиж ажилласан. Энэ стандарт нь харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн манай салбарын гол стандарт. Мөн мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ дээр суурилсан гэдэг утгаараа эрсдэлийн удирдлагын тогтолцоонд ч чухал нөлөөтэй байдаг.
Стандарт нэвтрүүлэхэд тодорхой процессын дагуу сургалтуудаа зохион байгуулаад, үйл ажиллагаагаа сайжруулсны үндсэн дээр олон улсын аудитаар баталгаажуулдаг учраас энэ ажил надад маш том туршлага болж үлдсэн. Анх ХААН, Голомт банк энэ стандартуудыг нэвтрүүлж байсан. Манайх ч мөн стандартаа амжилттай нутагшуулж, баталгаажуулсан салбарын анхдагч банкуудын нэг.
Хиймэл оюун ухаан салбар бүрд л тренд болж байна. Тэгвэл банкны салбарын мэдээллийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хиймэл оюун ухаан хэр итгэл даахуйц байж чадах бол?
Манай банк одоогоор гадаад, дотоодын банкуудын хэрэглэдэг хамгийн найдвартай системээр мэдээллийн аюулгүй байдлаа ханган ажиллаж байна.
Харин хиймэл оюун ухааны тухайд, сонирхолтой асуулт байна. Миний хувьд, цаг үетэйгээ холбогдоод мэдээллийн аюулгүй байдлын хиймэл оюун ухаанд түшиглэсэн шийдлүүдийг хувийнхаа зүгээс сонирхож судалж байгаа. Манай удирдлагууд ч хиймэл оюун ухааныг ашиглах уу, үгүй юу гэдгээ одоогоос хэлэлцээд явж байгаа.
Gen-Z үеийнхэн тогтвор суурьшилгүй гэсэн шүүмж олон нийтийн сүлжээний халуун сэдэв болдог шүү дээ. Өөрийн тань хувьд, зургаан жил тогтвортой ажиллах гол хөшүүрэг нь юу байсан бэ?
Компанидаа татагддаг гол шалтгаан маань хүний нөөцийн уян хатан бодлого, суралцах боломж, бас цалин хөлсний урамшуулалт тогтолцоо гэж хэлнэ.
Манайх уян хатан цагийн хуваарь нэвтрүүлээд хоёр жил болж байна. Өглөө 07:30 цагаас 09:30 цагийн хооронд ирээд ирсэн цагаасаа хойш найман цаг ажиллаад тардаг. Миний тухайд, хамгийн түрүүнд ирээд 16:30 цаг гэхэд л тарчихдаг. Энэ нь миний амьдралын хэв маягт ч тохирдог.
Манай байгууллагын цалин хөлс, урамшууллын бодлого нь ч ажилтнаа дэмжсэн шийдэлтэй. Мөн суралцах боломж, цаг хугацаа, мэдээллээр биднийг үргэлж хангадаг. Мэдээллийн аюулгүй байдал бол мэдээллийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн хөгждөг, тасралтгүй урагшилдаг салбар. Бидэнд үүнээс хоцорч үлдэх эрх байхгүй. Байнга л суралцах шаардлагатай болдог. Энэ хэрэгцээ шаардлагыг маань мэдэрч чаддаг нь манай байгууллагын гол давуу тал.
Хөдөлмөрийн зах зээлд Gen-Z үеийнхний давлагаа эрчийг авч байна. Ярилцлагын төгсгөлд, үеийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
Миний хувьд, харилцагчийн итгэл байгууллагын амжилтын үндэс гэж боддог. Тиймээс итгэл алдахгүй байх нь хамгийн чухал ур чадвар гэж тодорхойлж болно. Залуус гэлтгүй бүх хүн ажилдаа ёс зүйтэй, чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Мөн орчин цагийн дийлэнх ажил мэргэжил дата, мэдээлэлд үндэслэж байгаа учраас мэдээллийн нууцлал болоод хүртээмжтэй байдлын зааг ялгааг мэдэрч аль алийг нь байж болох хамгийн дээд түвшинд хангаж ажиллаасай гэж хүсэж байна.
Мөнгө их олохдоо бус, харин хүмүүс нь чадварлаг болохын хэрээр бизнес тэлж хөгждөг. 2022 оноос хойш Капитрон банкны Эрдэнэт салбарын ахлах менежерийн албыг хашиж буй Д.Золзаяаг ийм чадварлаг ажилтнуудын нэгээр нэрлэж болно. Тэрбээр сүүлийн үед орон нутгийн салбарыг ахалж буйн хувьд татан төвлөрүүлэх хөрөнгөө нэмэгдүүлэх, банк дижитал банк руу шилжсэнтэй холбоотой харилцагч бүрийн датаг цуглуулах зэрэг чухал ажил дээр төвлөрч байгаа аж.
Д.Золзаяа: Би бараг банкандаа ажилласаар байгаад тэтгэвэртээ гарах байх өө

Та өөрийн карьерын түүхээс товч яривал?
Би Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн сургуульд бизнесийн менежментийн чиглэлээр суралцаж, 2006 онд амжилттай төгссөн. Сургуулиа төгссөний дараа ХААН Банканд теллерээр ажиллаж, хоёр жилийн турш банкны салбарт ажиллах анхны туршлагаа хуримтлуулсан.
Капитрон банкны салбараар үйлчлүүлэх үеэр тус банкны ажилтнуудын харилцаа хандлага, ажиллах орчин надад гүн сэтгэгдэл төрүүлж, энэ байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэл бий болсон. Ийнхүү 2018 онд ажилд орох хүсэлтээ илэрхийлж, Капитрон банкны “Их тойруу” салбарт теллерээр ажиллаж эхэлсэн.
Ажилд орсноос хойш хичээл зүтгэл, тууштай байдал минь надад банкны салбарт өсөн дэвжих боломжийг нээж, теллерээс эдийн засагч, салбарын менежер, улмаар салбарын ахлах менежер хүртэл карьерын шат бүрт ахиж, мэдлэг туршлагаа тасралтгүй баяжуулсаар иржээ. Энэ хугацаанд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, харилцагч төвтэй үйлчилгээний зарчмыг баримталсаар ирсэндээ бахархдаг.
2019 онд гэр бүлийн хамт Эрдэнэт хотод шилжин суурьшиж, тус хотын Капитрон банкны салбарт ажиллах болсон. Харин 2022 оноос хойш Эрдэнэт салбарын ахлах менежерийн албыг хашиж, хамт олонтойгоо банкны үйлчилгээг шинэ түвшинд хүргэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Банканд ажиллах болсноос санаанд тод үлдсэн үеэ яриач?
Теллерийн ажилдаа маш их дуртай байсан. Учир нь өдөр бүр харилцагчтай харилцаж, тэдэнд зөвлөж асуудлыг шийдэх нь үнэхээр таалагддаг байлаа. Харин цар тахлын үеэр эдийн засагч болж тушаал дэвшсэн. Шинэ ажлаа хүлээлцэн авах мөчид туршлагатай эдийн засагчид нь цар тахлаар өвчилж, харилцагчдын хэрэгцээг хангах хүндхэн үүрэг надад ирсэн. Мэдээж мэдэхгүй зүйлс цөөнгүй байсан ч хамт олны эерэг дулаан уур амьсгалын үр дүнд удалгүй ажилдаа дадаж эхэлсэн.
Банкны орон нутгийн салбарыг ахлах ажил ямар онцлогтой байдаг вэ?
Ахлах менежерийн хувьд Эрдэнэт салбарын өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэх, салбарын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, багийг манлайлан ажиллах, эрсдэлийг удирдах, үйл ажиллагааны доголдлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиг үүргийг хариуцан ажиллаж байна.
Би ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, шинээр орж буй ажилтнууддаа банкаа их магтаж ярих дуртай. Би бараг банкандаа ажилласаар байгаад тэтгэвэртээ гарах байх өө.
Манай Эрдэнэт салбар таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Энэхүү салбарын үе үеийн ажилтнууд маш эерэг, хүчирхэг хүмүүс, нэг баг хамт олон болж ажиллаж чаддаг. Үүний нотолгоо нь манай салбар гурван удаа оны шилдэг салбар болж байснаас харагдана.
Бид одоогоор татан төвлөрүүлэх хөрөнгөө нэмэгдүүлэх, банк дижитал банк руу шилжсэнтэй холбоотой харилцагч бүрийн датаг цуглуулах зэрэгт төвлөрч байна.
Та банкныхаа соёлын талаар юуг онцолж ярих вэ?
Аливаа байгууллага тогтвортой өсөлттэй оршин тогтноход хүний нөөц чухал үүрэгтэй. Цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой манай хамт олон маш сэтгэл хангалуун байгаа. Учир нь ажилтанд тулгарч болох эдийн засгийн нөлөөтэй учирч болох эрсдэлээс хамгаалж өгдөг. Түүнчлэн, банкны салбарт ихэвчлэн залуу боловсон хүчин байдаг, тэдний байгууллагадаа үр дүнтэй ажиллах хөшүүрэг нь яалт ч үгүй цалин. Харин банкны онцлог нь ажилтны гүйцэтгэл урамшуулалд суурилсан улирал тутмын нэмэгдэл, орон сууцны зээл, цалингийн зээлийг нэмэлтээр гаргаж өгдөг.
Удаан хугацаанд ажиллах болсон шалтгаан маань ажилтнуудаа халамжилдаг, хүн төвтэй хүний нөөцийн бодлоготой байдагтай холбоотой гэж боддог.
Бүх төрлийн харилцаанд авахаас илүү өгөх нь үр дүнтэй. Эцэг эх хүүхэддээ бүх л насаараа өөрийгөө өгдөг, багш шавьдаа сурсан мэдсэн бүхнээ өгдөг, гэвч эцэст нь аль нэг нь дундрах биш, харин хоёр тал хоёулаа өмнөхөөсөө илүү баялаг, утга учиртай болсон байдаг. Ажилтан, ажил олгогчийн харилцаа ч үүнтэй ижил.
Банкандаа хэдийнээ 24 ажил ажиллаж буй Ж.Сэргэлэнгийн хувьд энэ байгууллагаас олж авсан гол зүйл нь дээр дурдсан тэрхүү утга учир юм. Капитрон түүнд бүхэл бүтэн амьдралын сургууль болж байна.
Ж.Сэргэлэн: Ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл амар ажлаа хийх тэр л боломжийг ажлынхнаасаа өдөр бүр мэдэрдэг

Та Капитрон банкны анхны ажилтнуудын нэг. Анх энэ байгууллагатай хэрхэн холбогдож байсан түүхээ хуваалцана уу?
24 жилийн өмнө банк иргэдийн амьдралд одоогийнх шиг чухал байр суурь эзэлдэггүй, ихэвчлэн байрны мөнгөө тушаах хэрэгцээ гарахад л зорьж очдог газар байлаа. Миний хувьд анх банктай холбогдсон түүх их онцлогтой. Учир нь би шинэ банк байгуулагдах гэж байгаа сургаар ажилд орж, банкны үйл ажиллагаа эхлэх үед аль хэдийнэ ажилтан нь болчихсон байсан. Тэгэхээр банкны нээлтийн бэлтгэл ажлуудад гар бие оролцож байсан хүн.
Тэгэхээр энэ 24 жилийн турш тууштайгаар ажиллах болсон шалтгаан тань юу бэ?
Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажлын хамт олон дундаа өнгөрүүлдэг. Миний хувьд хамт олны харилцаа, удирдлагын арга барил нь таалагдсан учир энэ олон жил тууштай ажилласан. Хорь гаруй жилийн хугацаанд хүн амьдралдаа юу эсийг туулж, үзэж харах билээ. Зовлонтой хэцүү цагт тусалдаг дэмждэг, баяр жаргалтай үед хамт байдаг хамт олонтой байх сайхан. Ер нь ар гэртээ санаа зовохгүй, сэтгэл амар ажлаа хийх шиг сайхан зүйл гэж хаа байх вэ. Гагцхүү тэр л боломжийг ажлынхнаасаа өдөр бүр мэдэрдэг.
Хамгийн гол нь хүн мэдэхгүй чадахгүй зүйлтэй цөөнгүй тулгарна. Тэр үед мэдсэнгүй, чадсангүй гэж загнахаас илүүтэй хэлж, зөвлөдөг хүмүүс гэж би хамт олноо тодорхойлмоор байна. Ер нь банкны салбарт ажиллах нь хүнийг сахилга баттай болгодог.
Танай банк ажилтнуудынхаа хөгжил, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ямар ажил зохион байгуулдаг вэ?
Энэ сарын 22,23-нд манай банкны спорт өдөрлөг болно. Ихэнх хүмүүсийн тоглодог сагс, гар бөмбөг, теннис, дартсын тэмцээнээр өдөрлөг өрнөнө. Ялангуяа дартс манай компанид өргөн дэлгэрсэн спорт. Сүүлийн хоёр жилийн аваргууд нь манай албанд сууж байна /инээв/. Энэ мэтээр спортын наадам, тэмцээн уралдааныг тогтмол зохиодог.
Гэхдээ манайх сургалт хөгжлийн ажлаараа түлхүү манлайлдаг гэж боддог. Жишээлбэл, банканд орж буй шинэ ажилтанд бүх чиглэлээр хоёр өдрийн сургалт ордогоос, миний хувьд бэлэн мөнгөтэй холбоотой нийт хоёр цагийн сургалтыг ордог. Арав гаруй жилийн өмнө скочтой мөнгө гүйлгээнд түлхүү харагддаг байв. Иргэд ч түрүүвч хэрэглэж хэвшээгүй, мөнгөө хаа хамаагүй хадгалдаг байсан цаг үе. Үүнд Монголбанк болон банкны салбарынхны хичээл зүтгэлийн үр дүнд одоо гүйлгээний мөнгөн дэвсгэртүүд сайжирсан. Иргэд ч цаасан мөнгийг зөв хэрэглэж хэвшсэн.
Мөн хуурамч валют маш их гардаг байсан. Энэ талаарх нууцлалын танилцуулгыг хийх гэх мэтээр ажлын чиглэл бүрээр нь зааж сургадаг. Ингэснээр ажилтанд тухайн байгууллагын алба үйл ажиллагааны талаарх эргэлзээ байхгүй болно. Мөн байгууллагын дотоод ажил хэрхэн явагддаг талаар илүү мэдлэгтэй болж алба нэгжүүдийн хоорондын харилцаа, ажлын явц саадгүй урсахад өндөр ач холбогдолтой.
Капитрон банканд ажиллах давуу талыг та юу гэж хардаг вэ?
Мэдээж дийлэнх байгууллагын хэвшүүлж буй уян хатан цагийн системийг хэдийнээ нэвтрүүлсэн. Нэг үгээр, ажилтнууддаа өдөрт ажиллах найман цагаа бүрэн гүйцээж байвал хэдэн цагт ирэх, явахыг өөрсдөд нь даатгах соёлыг бий болгосон. Мөн сургуулийн насны хүүхэдтэй ажилтанд эцэг эхийн хурлын цалинтай чөлөө олгодог. Энэ нь над шиг ээж хүнд хамгийн нүдээ олсон шийдэл шиг санагддаг.
Анх арав гаруй хүнтэй, Чех элчингийн байрны дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Харин одоо 40 гаруй салбартай, 500 гаруй ажилтантай өнөр бүл болжээ.
Миний бодлоор манай удирдлагууд аливааг урьдчилж харахдаа сайн юм шиг санагддаг. Ажилтанд цалин маш их чухал. Иймд тухайн ажилтны санхүүд учирч болох эрсдэлийг хэдийнээ тооцоолоод цалин хөлсийг нь нэмдэг. Үүнээс гадна, удирдлага ажилтнууддаа тодорхой зорилго, хүрэх ёстой эцсийн үр дүнг ойлгомжтой болгож өгөхөд чиглэдэг. Харин тэр зорилгод хэрхэн хүрэх арга зам, хэрэгжүүлэх аргачлалыг ажилтанд үлдээж, бие даан шийдвэр гаргах боломжийг нь бүрэн хангаж өгдөг.
Энэ нь ажилтнуудын санаачилгыг дэмжихээс гадна хариуцлагаа ухамсарлаж, үр дүнд чиглэсэн байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Мэдээж банкны үйл ажиллагааны онцлогийг харгалзан зайлшгүй мөрдөх шаардлагатай дүрэм, журмуудын хүрээнд ажилладаг. Хатуу, нэг чигийн диктатур биш, харин ч уян хатан, үр дүнд суурилсан соёлыг бий болгодог нь таатай санагддаг.
Хамт олон тань таныг их сайхан уртын дуу дуулдаг гэх юм билээ?
Эгч нь сүүлийн арав гаруй төрийн наадмын нээлтэд оролцсоноороо бахархдаг. Мөн төрийн ёслол хүндэтгэлийн олон үйл ажиллагаанд “Өнө” чуулгынхантайгаа оролцдог. Анх 11 жилийн өмнө СУИС-ийн уртын дууны багш МУГЖ Б.Батболд мэргэжлийн бус хүмүүст уртын дууны сургалт орно гэх зараар очиж байлаа. Тухайн үед сэтгэл санааны хувьд тавгүй үе байсан. Тийм болохоор ажлаас гадуур өөр зүйлд цаг гаргаж сонирхож эхэлбэл сэтгэл санаа өргөгдөнө гэж бодсон хэрэг л дээ. Уртын дууг дуулахаас илүүтэй уухай дасгалыг олон цаг давтдаг. Энэ дасгалыг хийснээр дотор бугласан хүнд хэцүү бүхнээс ангижруулах шиг санагддаг. Сургалтдаа яваад нэг мэдэхэд таван жил болсон байсан. Дараагийн жилээс нь дуулах эрдэмд нь илүүтэй шамдсан.
Танай хамт олноос “Сэргэлэн ахлахаар дуулуулья” гэх хүсэлт их ирнэ биз?
Хамаагүй тэгж хөөргөж болохгүй ээ /инээв/. Мэдээж ажлынхаа Цагаан сарын золголтоор дуулна. Ер нь банкны хүн цаг хугацаатай уралдаж ажилладаг. Энэ дунд уртын дуугаар хичээллэх нь надад сэргэлт болдог. Хамгийн сүүлд Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойд зориулан Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан бүтээсэн “Банкны хөгжилд эмэгтэйчүүд 100” номын нээлтийг нээж дуулсан.
Ярилцлагын төгсгөлд танд хамт олондоо дайх үг юу вэ?
Анх арав гаруй хүнтэй, Чех элчингийн байрны дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Харин одоо 40 гаруй салбартай, 500 гаруй ажилтантай өнөр бүл болжээ. Хэрвээ энэ байгууллагын хүний нөөцийн бодлого нь муу байсан бол ямар ч чадварлаг мэргэжилтэн тогтохгүй гарна шүү дээ. Харин манайд олон жил тууштай ажиллаж, ажил мэргэжлээрээ бахархдаг нь олон. Бүх үед түшиж тулж байдаг хамт олондоо баярлалаа. Магадгүй би ажлынхантайгаа урьд насандаа сайн барилдлагатай байсан байх /инээв/.
Хамгийн сүүлд Капитрон банкны энэхүү хүчирхэг соёлыг бүтээлцэхэд манлайлан оролцож буй хүнтэй энэ бүхний цаана ямар бодлого явж буй талаар ярилцлаа. Ч.Халиун хэмээх энэ залуу банкны салбарт 16 жил, хүний нөөцийн асуудал хариуцаад 10-аад жил, Капитронд ороод зургаан жил, банкны хүний нөөцийн шинэчилсэн бодлого дээр ажиллаад гурван жил болж байна.
Ч.Халиун: Намайг үнэлж байна гэж тухайн ажилтан мэдэрдэг, урам зориг авдаг тийм л соёлыг хөгжүүлэхийг бид зорьдог

Капитрон банкны хүний нөөцийн бодлого юун дээр илүү фокуслаж байна вэ?
Манай банкны хүний нөөцийн бодлого долоон үнэт зүйлсэд тулгуурладаг.
Энэ нь:
- Нээлттэй байх,
- Ажилтнуудаа халамжлах,
- Сургаж хөгжүүлэх,
- Байгууллагын соёлоо сайжруулах,
- Ажилтны оролцоог дэмжих,
- Ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх,
- Шударга үнэлгээтэй байх юм.
Товчхондоо, манай байгууллага хүний нөөцийн тал дээр салбартаа “Өрсөлдөхүйц ажил олгогч байна” гэсэн үндсэн чиглэлтэй.
Сүүлийн үеийн хүний нөөцийн чиг хандлага бол ажилтныг боловсон хүчин, хүний нөөц гэж ярихаас илүү хамтрагч гэж ярих болсон. Бид ч бас энэ чиг хандлагын дагуу 2025 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад явж байна. Бодлогын баримт бичгүүдээ урт, нуршсан биш, харин энгийн, шинээр ажилд орж байгаа хүн ч уншаад банкны бодлогыг ойлгохоор боловсруулсан.
Капитрон банк ажилтны оролцоог дэмждэг соёлыг төлөвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, залуу мэргэжилтэн шинэ зүйл санаачиллаа гэхэд тэр нь ажил болдог, миний санаачилсан ажил энэ компанийг хөгжихөд тус болж байна, намайг үнэлж байна гэж тухайн ажилтан мэдэрдэг, урам зориг авдаг тийм л орчин, тийм л соёлыг хөгжүүлэхийг зорьдог гэсэн үг.
Хүн ямар нэгэн том зүйлийн үнэ цэнтэй хэсэг нь байж, хийсэн хөдөлмөр нь харилцагчийн амьдралд хэрэг болж байгааг хараасай гэж хүсдэг.
Тиймээс бид шийдвэр гаргах процессуудыг илүү шуурхай, хялбар болгож, дундын шат дамжлагуудыг цөөлж, залуучуудаа хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцуулдаг.
Мөн 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгасан хэм хэмжээг хүний нөөцийн дотоод журмууддаа оруулсан. Жишээ нь, энэ хуульд тусгай бүлэг болж орж ирсэн ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалт, албан тушаалын болон бэлгийн дарамтаас ангид байхыг Ёс зүйн зарчимдаа тусгасан. Мөн байгууллагадаа шүгэл үгээх механизмыг бий болгож, Капитрон банканд ёс зүйн зөрчил гарвал мэдээлэх хэд хэдэн суваг бий болгосон, тэдгээр нь мэдээж ажилтны нууцлалыг хангасан. Үүнтэй холбоотой Ёс зүйн хороо ажилладаг. Товчхондоо, нээлттэй, шударга харилцааны орчин бий болгох бодлоготой.
Түүнээс гадна хөдөлмөрийн дотоод журмаараа цагийн уян хатан хуваарь гаргасан. Энэ нь түгжрээтэй, стресстэй өнөөгийн нөхцөлд ажилтнуудад таатай байдаг. Бас хүүхдийн төрсөн өдрийн, эцэг эхийн хурлын гэх мэт төрөл бүрийн амралт, чөлөө бий. Зайнаас ажиллах хувилбарууд ч бий.
Одоо бид “Shared office” төсөл хэрэгжүүлж байна. Заавал хотын төвийн оффис дээр ирэхгүй, гэртээ ойр салбартаа очоод ажлаа хийх боломжтой.
Дараагийн ажилтан руу чиглэсэн нэг зүйл ажилтны биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг анхаарч, жил бүр эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулдаг.
Цалингийн хувьд бид сүүлийн гурван жил дараалан ажилтнуудынхаа үндсэн цалинг нэмсэн. Тодруулбал, 2023 онд дунджаар 17-31%, 2024 онд 25-35%, 2025 онд 20-38% нэмсэн. Цалин нэмэх шийдвэрүүдийг инфляц, амьжиргааны өртөг, салбарын жишиг гэх мэт гадаад хүчин зүйлсийг тооцож байгаад л гаргасан. Мэдээж үндсэн цалин дээр нэмээд төрөл бүрийн урамшууллын механизм бий.
“Орчин үед хүн хайхаас илүү ур чадвар хай” гэсэн үг бий. Капитрон банкны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд ямар ур чадварууд хамгийн их хэрэгтэй вэ?
Бид янз бүрийн түвшний хүмүүс ажилд авдаг. Гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх тогтолцоо бий. Ажил, албан тушаалаас нь хамааруулж ур чадварын тодорхойлолт буюу ур чадварын матриц гаргадаг.
Мэргэжлийн ур чадвар гэвэл мэргэшүүлээд, сертификат олгоод явдаг. Харин зөөлөн ур чадварын хувьд сургалтын бодлогын дагуу сургаж, хөгжүүлээд явахаас өөр аргагүй. Жишээ нь, маш сайн мэргэжилтнийг удирдах ажилтнаар томилохоор гүйцэтгэл гардаггүй тохиолдол байдаг. Яагаад гэвэл тэр хүн сайн гүйцэтгэгч болохоос сайн удирдагч биш байхгүй юу.
Ер нь зөөлөн ур чадварыг төлөвшүүлэх нь хатуу ур чадвар хамаагүй хэцүү. Тиймээс бид зөвхөн хатуу буюу мэргэжлийн ур чадварыг харгалзаж өөр ажилд томилох, албан тушаал ахиулах зэргээр хөндлөн, босоо шилжилт хийдгээ больсон. Манай банк голдуу дотроосоо албан тушаал ахиулдаг, дотроосоо хэлтсийн захирал, ахлах болсон залуучууд олон бий.
Капитрон банканд ажиллаж байгаад өөр байгууллагад урилгаар очиж ажилладаг тохиолдол цөөнгүй бий. Энэ нь хэдийгээр бид хүнээ алдаж байгаа мэт боловч бид хүнээ сайн хөгжүүлж, бэлтгэж байгаагийн илрэл гэж бодож байна.
Хүний нөөцийн эргэцийн хувьд анхан шатны албан тушаалууд дээр илүү хөдөлгөөнтэй байдаг. Сүүлийн үеийн зарим залуучууд маань хурдан албан тушаал ахих сонирхолтой, зарим талаар яаруу хандлага ажиглагдаж байна.
Капитрон банк хүний нөөцийн сонгон шалгаруулалтын хувьд сонирхуулж ярих зүйл бий юу?
Банкны салбар бол Монголд тэргүүлэгч ажил олгогч салбаруудын нэг. Намайг 2008 онд банканд ажилд орж байх үед маш олон анкет ирдэг байсан, хүмүүс банканд ажилд орохын тулд өрсөлддөг, сонгон шалгаруулалтын процесс нүсэр байсан. Харин сүүлийн жилүүдэд ийм байхаа больсон. Ажиллах хүчний хомсдол өөрөө манай улсын хамгийн том эрсдэл болж хувирсан.
Түүнээс гадна залуучууд банк гэхээс илүү старт ап компаниудад ажиллах сонирхолтой болсон. Гэхдээ банк тэдгээр компанитай адилхан чөлөөтэй ажиллах боломжгүй, учир нь энэ салбар өөрөө олон хуулийн хатуу зохицуулалт дор ажилладаг, сул чөлөөтэй орхиж болдоггүй онцлогтой.
Капитрон банк сонгон шалгаруулалтын үе шат, шаардлагуудаа цөөлж, харьцангуй энгийн байлгахыг зорьдог.
Талент тогтоох, хөгжүүлэх тал дээр танайх ямар онцлогтой вэ?
Олон улсдаа талентын бодлого 80/20-ын зарчмаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь гүйцэтгэх ажил хийж, үлдсэн 20 хувь нь манлайлж, тухайн бизнесийн гол хөдөлгөх хүч болдог.
Манай банк ч талент хөгжүүлэх, бодлого журмаа энэ зарчмын дагуу боловсруулсан. Талентуудаа жил бүр олон улсын аргачлалын дагуу тодорхойлж, тодорхой тооны хүмүүсийг банкандаа манлайлан ажиллаж байгаа топ талент ажилтнууд гэж үздэг. Тэдэндээ зориулсан арай өөр бодлого хэрэгжүүлдэг. Яг л багийн спортын дасгалжуулагч гол тоглогчидтойгоо яаж ажилладаг түүнтэй адилхан гэж болно. Мэдээж ингэлээ гээд бусад ажилтнаа үл хайхарч байгаа юм биш, бүгдийг нь хөгжүүлэхийг зорьдог.
Ажилтныг тогтоох нэг чухал хүчин зүйл нь байгууллагын соёл. Танай банкны хувьд эрхэмлэдэг соёл юу вэ?
Удирдлагууд ажилтандаа нээлттэй байх зарчим бол Капитроны хамгийн чухал соёл гэж боддог. Удирдлага ба ажилтны хоорондох харилцааны барьерууд алга болж, ажилтны удирдлагадаа хэлсэн санал бодол ажил болдог соёл тогтсон. Энэ нь ажлыг маш амар болгож өгдөг. Үүнийг бүх ажилтан мэдэрдэг, судалгаан дээр ч тэгж гардаг.
Удирдах ажилтан хүнээ сонсож чаддаг, зовлон жаргалыг нь ойлгож, мэдэрдэг байх хэрэгтэй гэж бид үздэг. Заавал ажил ярихгүй хааяа нэг кофе уугаад ар амьдралыг нь сонирхож асуугаасай гэж хүсдэг. Хүнээ сонсохгүйгээр байнга гүйцэтгэл, тайлан, тооцоо нэхээд байж болохгүй ш дээ.
Та энэ байгууллагад ажиллаж буйн хувьд юугаараа илүү бахархдаг вэ?
Би банкны салбарт 16 жил, хүний нөөцийн асуудал хариуцаад 10-аад жил, Капитронд ороод зургаан жил болж байна.
Банк маань тасралтгүй өргөжиж, урагшаа шат ахиж буйгаар нь би бахархдаг. Жил бүр ашигт ажиллагаа өндөр гарч, үйл ажиллагаа өргөжиж, ажилтны тоо нэмэгдэж байна. Ийнхүү Монголын зургаа дахь том банк болсон. Бидэнд цаашаа ахиад тэлэх, хөгжих том орон зай бий. Энэ өсөлтийг бүтээлцэж байгаагаараа би бахархдаг.
Манай хүний нөөцийн газар байгуулагдаад дөрвөн жил болж байна. Үүнээс сүүлийн гурван жилд манай баг хүний нөөцийн бодлогодоо анхаарсан. Удирдлагууд бидний санаачилгыг маш сайн дэмжиж ажилласан. “Өө, наадах чинь хэрэггүй” гэж хэлж байсан тохиолдол байгаагүй.
Текст дээр ажилласан: Г.Даваадорж, Т.Амаржаргал, Н.Энхбаяр, Ц.Хонгор, Л.Энх-Амгалан
Гэрэл зургийг: Чингис