Монгол Улсын зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, судлаачид болон салбарын удирдлагуудад зориулсан “HORECA MONGOLIA CONFERENCE- 2025” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “BE PRO – Хөгжүүлэлт, Сайжруулалт, Удирдахуй” уриан дор зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээг “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв” ТББ зохион байгуулж буй бөгөөд оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр долоо дахь жилдээ зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Энэхүү чуулганаар зочлох үйлчилгээний салбарын олон улсын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор мэдлэг мэдээллээ хуваалцах юм. Учир нь 2024 онд Монгол Улсад 727 400 гадаадын жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 22.5 хувиар өсөж, аялал жуулчлалын салбарын түүхэн дээд үзүүлэлт болж, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жилүүд” болгон зарлаж, жил бүр нэг сая гадаадын жуулчин хүлээн авах зорилт тавьсан нь аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлээд буй.
Үүнийг дагаад зочлох үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, мэргэжлийн үйлчилгээний стандарт өмнө нь байгаагүйгээр чухал ач холбогдолтой болж байна. Яагаад гэвэл, гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед тэдний тав тух, найдвартай байдал, үйлчилгээний өндөр чанартай зочид буудлын тоо хэмжээ хангалтгүй байгаа нь салбарын хөгжилд томоохон саад болж байна.
Тиймээс “HORECA MONGOLIA CONFERENCE – 2025” чуулган нь зочлох салбарын шинэ чиг хандлага, тулгамдсан асуудлууд, хөгжлийн боломжуудыг хэлэлцэх зорилготой бөгөөд илтгэл, хэлэлцүүлэг, манлайллын гурван үндсэн хэсгээс бүрдэх аж.
Ингэснээр Монголын зочлох үйлчилгээний салбарт дараах чухал үр дүнг авчрах болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс өндөр хүлээлттэй байна. Үүнд:
- Зочлох үйлчилгээний салбарын чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- Менежер, ажилтнуудын ур чадвар хандлага сайжрах
- Салбарт шинээр хөрөнгө оруулалт хийж буй барилга, уул уурхайн бизнес эрхлэгчдэд чиглүүлэг болох.
Тийм ч учраас HORECA MONGOLIA CONFERENCE-2025 чуулга нь Монголын зочлох үйлчилгээний салбарт бодитой өөрчлөлт, шинэчлэл авчрах төдийгүй салбарын урт хугацааны өсөлтөд эрч оруулан хурдасгах чухал арга хэмжээ байх болно.
Тасалбар: https://www.ticket.mn/event/2498/





