Монголын бизнес эрхлэгчид гадаад зах зээлд хөл тавих, хамтрагч түншээ эрэлхийлэхэд консалтинг үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага харьцангуй цөөн байсаар өдийг хүрсэн. Харин энэ чухал орон зайд Мандора компани “холбон тоглогч”-ийн үүрэг гүйцэтгэж, Монгол-Солонгосын соёл, бизнесийн талбарт гүүр болон оршиж байна.
Одоогоос зургаан жилийн өмнө байгуулагдсан Мандора компани нь Монгол-Солонгосын хооронд аялал жуулчлал, тэр дундаа бизнесийн аялал зохион байгуулдгаараа алдартай. Түүнчлэн бүх төрлийн орчуулгын болон бизнесийн консалтинг үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгож, зах зээлд хэдийнэ байр сууриа олжээ.
Мандора компани анх байгуулагдахдаа албан томилолт, хурал семинар, үзэсгэлэн яармагт оролцогч монгол, солонгосын бизнес эрхлэгчдийн гол туслагч болж ирсэн бол цар тахлын үеэр бүх төрлийн орчуулга хийж харилцагчдадаа илүү танигдсан. Харин сүүлийн жилүүдэд Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн гүүр болж, хамтын гэрээгээ үзэглэхэд нь хувь нэмрээ оруулж байна.
Аялалын тухайд, БНСУ-д зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох EXPO аялал, хэрэглэгчийн хүсэл зорилгын дагуу хийх костомайз аялал, бизнес аялал, сургалттай аялал болон эрүүл мэндийн аялал зэргийг зохион байгуулдаг.
Мөн бизнес аялалыг консалтинг үйлчилгээтэйгээ хослуулах байдлаар харилцагчдадаа санал болгодгоороо давуу талтай.
Тус компанийн үүсгэн байгуулагч Д.Үнэнбат “Компани бүр гадаад харилцааны албатай, алба бүр хамтран ажиллах орныхоо бизнес эрхлэгчдийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй, мэдрэмжтэй байх боломжгүй. Харин манай компани үйл ажиллагаагаараа дамжуулан БНСУ-ын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, компаниудад гадаад харилцааны алба нэгж нь мэт өөриймсөг сэтгэлээр тусалдаг” хэмээн онцолж байсан юм. Орчин үеийн бизнес эрхлэгчид ч бүхнийг өөрөө гардан хийх гэсэн зүтгэлээ хойш тавиад, чаддаг чаддагаараа хамтарч урагшлахыг илүүд үзэх болжээ.
Өдгөө Мандора компани нь БНСУ-д салбар салбарын 10 гаруй солонгос зөвлөхтэй төдийгүй Монголын бизнес эрхлэгчидтэй хамтрах хүсэлтэй компанийн жагсаалт, дата мэдээллийн бааз бүрдүүлээд байгаа аж.
Мөн тус компани хамтран ажиллах компаниудынхаа листийг тусгай платформд байршуулж, Монгол-Солонгосын соёл, бизнесийн хамтралыг технологийн шийдлээр шинэ түвшинд гаргахаар зорьж байгааг компанийн гүйцэтгэх захирал Д.Үнэнбат онцолж байсан.
“Солонгос бол дэлхийн томоохон үйлдвэрлэгч орон. Үүгээр зогсохгүй соёлын бизнес болоод бизнес загваруудаараа дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Тэд манайх шиг эрдэс баялаггүй ч хүнээ, соёлоо, бизнесээ капиталжуулж буй хүчирхэг гүрэн. Тиймээс Солонгосоос авах зүйл олон. Гагцхүү бид сайныг нь л нутагшуулах хэрэгтэй” хэмээн Д.Үнэнбат захирал тодотгож байсан юм. Тиймдээ ч “Мандора” илүү сайныг нь сорчлохын тулд тодорхой шалгуур тавьж, хамгийн итгэж болох бизнес эрхлэгчдийг Монголынхоо бизнес эрхлэгчидтэй холбохыг чухалчилдаг байна.
Манай улсад Emart, CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүд, хамгийн шилдэг гэсэн гоо сайхны брэндүүд хэдийнэ нэвтэрсэнтэй адил солонгосын бизнес эрхлэгчид франчайз эрхээ худалдах, албан ёсны дистрибьютер түншээ олох зэргээр худалдаа үйлчилгээний салбарт хамтрах өндөр сонирхолтой байдаг аж.
Солонгосын бизнес эрхлэгчид франчайз эрхээ худалдах, албан ёсны дистрибьютер түншээ олох зэргээр худалдаа үйлчилгээний салбарт хамтрах өндөр сонирхолтой байдаг.
Бизнесийн оновчтой загвар, зөв тогтолцоо, чанартай бүтээгдэхүүн хаа ч үнэ цэнтэйгээр оршиж чаддагийн нэгэн жишээг Д.Үнэнбат захирал хуваалцсан юм. Энэ нь Мандора компанийн хамтран ажилласан төсөл бөгөөд гэрээний дагуу компанийн нэрийг нууцлан энэ жишээг ярьсан нь анхаарал татаж байлаа. “Мандора” гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт техник технологи хөгжүүлэлтээрээ алдартай нэгэн компанитай Монголын бизнес эрхлэгчээ холбож, хамтын ажиллагааны бүхий л шатанд нь туслалцаа үзүүлжээ. Үүний үр дүнд Солонгосын шилдэг технологийг ч Монголд нэвтрүүлж чадсан байна. Солонгос талын компани нь тоног төхөөрөмжөө нийлүүлээд зогсохгүй бизнесийн нөү хаугаа хүртэл хуваалцсанд монгол талын компани тун сэтгэл хангалуун байжээ. Одоо тэрхүү монгол компани нь харилцагч үйлчлүүлэгчдээсээ тун сайн үнэлгээ авдаг, үйлчилгээ нь ч эрэлттэй байдаг аж.
Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн дунд консалтинг үйлчилгээ үзүүлэхдээ анхаарч буй “Мандора” харилцан адилгүй хугацаанд компаниудыг холбодог.
Учир нь компанийн нөхцөл байдал олон хүчин зүйлээс шалтгаалж өөр хоорондоо ялгаатай байдаг аж. Хоёр талаасаа сайн учирсан компани сарын дотор бүтээгдэхүүнээ татаад эхлэх нь ч бий, харин зарим нь 1-2 жил дамнана. Цөөн тохиолдолд хэлцэлд хүрэхгүй байх нь ч бий. Тиймээс юу хүсэж, хэнтэй хамтармаар байгаагаа маш сайн тодорхойлох, нөгөөтээгүүр өөрийн компанийн онцлогийг консалтингийн компани болон хэлцэл өрнүүлж байгаа талдаа маш сайн таниулж өгөх хэрэгтэйг сэтгүүлийн зочин маань зөвлөж байсан юм.
Бизнесийн талбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож байгаагийн хувьд, басхүү Солонгост 10-аад жил ажиллаж амьдарсны хувьд, тэрбээр мөн монгол, солонгос хүмүүсийн онцлогийг их тод анзаарчээ. Монголчуудын хувьд, солонгос талтайгаа шууд л цахимаар, эсхүл биечлэн уулзаад хэлцлийн шат руу үсэрчих гээд байдаг. Гэвч бодит байдал дээр харилцан бие биедээ итгэлцэл төртөл хугацаа шаардлагатай.
Харин солонгосчууд аливаа амжилтад бэлтгэл 80 хувь, гүйцэтгэл 20 хувийн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс уулзалтаас өмнө олон зүйл шаардах нь бий.
Үүнийг манай зарим бизнес эрхлэгч ойлгохгүй төвөгшөөх хандлагатай байдаг нь багагүй сорилт дагуулдаг аж. Тиймээс компанийн танилцуулгаа солонгос хэл дээр сэтгэл гарган бэлтгэх, төслийн ТЭЗҮ, санхүүгийн тооцоолол, зах зээлийн судалгаа зэргээ маш няхуур бэлтгэх шаардлагатай гэж тэрбээр хэлж байсан.
Үүгээр барахгүй гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын итгэлийг татахын тулд компанийн брэндингдээ ч ач холбогдол өгөх хэрэгтэй гэсэн юм. Өөрийн гэсэн вэбсайттай, нэрийн хуудастай, сошиал платформуудтай, тэдгээрийгээ тогтмол хөтөлдөг байх нь гаднынхны итгэлийг татах хамгийн эхний алхам. Гэвч манайхан хангалттай сайн үйл ажиллагаатай, борлуулалттай хэрнээ танигдах байдлаа хойш тавьдаг нь экспортын талаарх мөрөөдлийг бүр хол болгодог байна.
Одоогоор тус компанид Солонгос талын бизнес эрхлэгчид Монголын зах зээлд хөл тавих сонирхолтой түншээ хайх нь түлхүү байгаа ч ирээдүйд хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хууль эрхзүйн орчин бүрдвэл Монголын бизнесүүдийг Солонгост нутагшуулах, бүтээгдэхүүн экспортлох, хөрөнгө оруулалт татах боломж илүү нээлттэй болно гэдэгт итгэж байгаагаа ч Д.Үнэнбат захирал хэлж байсан.
Нэг зүйлийг тэрбээр мөн онцолсон нь анхаарал татаж байв. “Солонгос бол хөрөнгө оруулагчдын орон. Бүх түвшний хөрөнгө оруулагчид тэнд бий. Иргэд нь харьцангуй хуримтлуулах соёл төлөвшилтэй учраас хаана хөрөнгө оруулахаа эрэлхийлж байдаг. Хэрэв манай улс гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн гашуун туршлагаасаа сургамж авч, тэднийг хамгаалж чаддаг болчихвол хөрөнгө оруулалтын урсгалыг дотооддоо чиглүүлэх боломжтой. Бид Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн бүхий л төрлийн хамтралд гол хөтөч нь болж аль аль талдаа ашигтай win win зарчмаар хэлцэлд хүргэхдээ үргэлж таатай байх болно” гэж зочин маань яриан дундаа тодотгож байсан.




Мандорагийн түүх ингэж эхэлсэн
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Олон улсын Улаанбаатарын их сургууль үүдээ нээгээд гурван жил болж байх үед буюу 1998 онд шинэхэн оюутан Д.Үнэнбатад оюутан солилцоогоор Солонгост суралцах завшаан тохиожээ. Солонгос руу солилцоогоор явсан сургуулийнхаа анхны 14 оюутны нэг болсон тэрбээр тухайн үедээ Солонгосыг ирээдүйд дэлхийн хамгийн хүчтэй соёлын экспортлогч, томоохон үйлдвэрлэгч орон болно гэж төсөөлөөгүй аж.
Нэгдүгээр курсын 20 хүрээгүй оюутны нүдээр Солонгос эдийн засгийн хүнд үеэ даван туулж яваа, их л ажилч хичээнгүй ард иргэдтэй улс гэсэн өнцгөөс л харагджээ. Тэр үед Солонгост монголчууд цөөн байсны зэрэгцээ солонгосоор ярьдаг хүн ч одоогийнх шиг их биш байж. Тиймдээ ч монголчууддаа хэлмэрчилдэг их л эрэлттэй оюутан байснаа Мандора компанийн гүйцэтгэх захирал Д.Үнэнбат дурсаж байсан юм.
Улмаар нэг жилийн солилцооноосоо эргэн ирж, бизнес менежментийн чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцсан түүний хувьд, Солонгос руу буцаж явах нь өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Нэгдүгээр курстээ л нутагт нь оччихсон болоод тэр үү тэрбээр хэлний чадвартаа ч эргэлздэггүй. Оюутан байхаасаа л Амиго Интернейшнл болон Монгол-Солонгосын хамтарсан томоохон байгууллагуудад орчуулагч, менежерээр ажиллаж байжээ.
Төгсмөгцөө Korean Foundation сангийн тэтгэлэгт амжилттай тэнцсэн Д.Үнэнбат БНСУ-д Мёнжи их сургуулийн олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалж, улмаар үргэлжлүүлэн Ёнсей их сургуулийн Олон улсын харилцааны ангид докторантаар төгссөн байна. Тэтгэлэгт тэнцэхдээ бичсэн эсээгээ тэрбээр саяхан уншиж л дээ. Уншихад Монгол-Солонгосын харилцаа, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй охин байснаа өчигдөрхөн мэт тод санажээ. Мөн 20-иодхон настай Д.Үнэнбат зорилгодоо хүрч, хүсэл нь биеллээ олсон байхыг мэдрээд маш их эрч энерги мэдэрснээ дурдсан юм.
Бизнес менежмент, олон улсын харилцаагаар суралцаж хос далавчтай болсон тэрбээр Солонгост ажиллаж, амьдарч, суралцах хугацаандаа бизнесийн уулзалт, хэлцэл зэрэгт орчуулагчаар ажиллаж, энэ талбарт тун ойр ажиллажээ. Энэ нь түүнд бизнесийн талбар дахь яриа хэлэлцээрийн нюансыг мэдрэх, уур амьсгалыг таамаглах маш чухал туршлагыг өгсөн байна. Мөн 10-аад жил амьдарсан учраас Солонгосын соёлыг ч сэтгэл зүрхэндээ гүн мэдэрдэг болжээ.
Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 35 жил болж байна. Бид стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай. Тиймээс одоо өөр түвшинд хамтрах цаг болсон.
Мандора компанийн гүйцэтгэх захирал Д.Үнэнбатад онцолж дурдмаар үзэл баримтлал бий. Тэрбээр ийн ярьсан юм. “Өдгөө Солонгост 50 гаруй мянган монголчууд ажиллаж, суралцаж байгаа ч дийлэнх нь тэндээ амьдрах хүсэлтэй. Маш оюунлаг монгол тархинууд тэнд хар ажил хийж байгаад эмзэглэдэг, төгсөөд тэндээ үлдэх хүсэлтэй иргэд их байдагт сэтгэл өвддөг. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 35 жил болж байна. Бид стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай. Тиймээс одоо өөр түвшинд хамтрах цаг болсон. Бие биедээ үнэ цэн бүтээх тэрхүү хамтралд Солонгост төгсөгчид амласан ёсоороо хувь нэмрээ оруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр үзэл бодлоо хуваалцсан юм. Яг энэ бодолд ээрэгдээд байх үедээ Д.Үнэнбат Монголдоо ирж Цаст группт ажиллах болсон нь мөрөөдөлдөө ойртох бас нэгэн чухал үе нь байжээ.
Тэнд, Хөшигийн хөндийн нисэх буудлын төсөл дээр компаниа төлөөлж ерөнхий координатороор ажилласан нь түүнд бас нэгэн туршлага болжээ. “Шинэ нисэх” Японы хөрөнгө оруулалттай, Солонгосын Самсунгийн гүйцэтгэлтэй байсан учраас мега төсөлд талууд хэрхэн хамтарч буйг ойроос ажиглаж, гар бие оролцох нь түүний хувьд завшаан, нэр төрийн хэрэг байжээ. Үүний дараа ч мөн Солонгосын Засгийн газрын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдэд ажиллаж байсан тэрбээр хүсэл мөрөөдлөө биелүүлэх цаг болсныг мэдэрчээ. Энэ бол зургаан жилийн өмнөх үйл явдал юм. Ийнхүү 2019 онд Мандора компани үүсгэн байгуулагдаж, Монгол-Солонгосын бизнесийн талбарт цоо шинэ “холбон тоглогч” мэндэлсэн юм.
Хариуцлага бүхнээс эрхэм
Мандора компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Үнэнбатын 20 гаруй жилийн хүсэл мөрөөдөл, мэдлэг, туршлага нь түүнийг салбарынхаа шилдгүүдийг татахад нөлөөлжээ.
Өдгөө Мандора компани нь хамгийн нарийн төвөгтэй орчуулгуудыг орчуулагчдын багаараа гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль, Биржийн тухай хууль гэх мэт гаднын хөрөнгө оруулагчдад мэдлэг, ойлголт өгөх томоохон хуулиудыг орчуулснаас гадна ГХЯ-наас эрхлэн гаргадаг “Алтан аргамж” тэргүүтэй хэд хэдэн номыг солонгос хэлнээ хөрвүүлжээ.
“Орчуулга бол хэлтэй болгоны хийдэг ажил биш. Салбарын болон бизнесийн чухал үг хэллэгтэй гэрээ, төсөл, ном хэвлэлийг буруу орчуулах нь маш том боломжийг үгүй хийж болно. Тиймээс бид багаараа ажиллахын зэрэгцээ Солонгосын хуульч, эрхзүйч, багш, профессоруудтай хамтарч ажилладаг. Ярианы болон синхрон орчуулгад ч бид хариуцлагатай байдлыг чухалчилдаг.
Хэлний хүнд нюансыг мэдэрнэ гэдэг чухал чадвар. Мөн мэдээж мэргэжлийн ур чадвар чухал. Бүтэн жилийн хөдөлмөрөө орчуулгаасаа, орчуулагчаасаа болоод үнэгүйдүүлнэ гэдэг хайран.
Тиймээс оюуны хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Оюуны хөдөлмөрийг үнэлээгүйн төлөөсийг бид том алдаж байж ойлгох гээд байдаг. Угтаа анхнаасаа л сонголтоо хариуцлагатай хийх хэрэгтэй” хэмээн Д.Үнэнбат захирал ярьж байсан.
Одоогоор Мандора компани нь 30 гаруй орчуулагчтай хамтран ажилладаг. Ингэхдээ салбарын шилдэг, хамгийн шударга, хариуцлагатай орчуулагчидтай урт хугацаанд хамтран ажиллаж байгаа аж. Гадаад харилцааг сайн мэргэжилтэн, сайн орчуулагчгүйгээр төсөөлөх аргагүй.
Цаашид Монгол-Солонгосын харилцаа улам л өргөжин тэлнэ. Нэгэн баримт дурдахад, өнгөрсөн онд манай улсад 175 мянган солонгос жуулчин ирж, хамгийн олон жуулчнаар БНСУ тэргүүлсэн. 2026 он хүртэл манай улсад БНСУ-ын жуулчид 90 хоног визгүй зорчино. Энэ шийдвэрийн нөлөөгөөр жуулчид ч нэмэгдсэн. Тэд манай улсад дунджаар тав хонодог. Хөвсгөл нуур болон говийн бүс, Хонгорын элс рүү аялахын сацуу од харах гэж Монголд ирдгээ солонгос жуулчид хэлдэг. Нэг жуулчин хамгийн багадаа 3.4 сая төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо судалгаа ч бий. Урлаг, соёлын одууд нь ч мөн Монголд ирэх нь ихсэж байна.
Хоёр орны харилцаа бүхий л талбарт өргөжин хөгжиж буй энэ үед “Мандора” таны бизнесийн гадаад ертөнц дэх хамгийн гол хөтөч байх нь дамжиггүй.