Бизнес эрхлэгч нэг талаас их сонирхолтой, нөгөө талаас хэцүү ажил хийдэг. Учир нь өдөр бүр асуудалтай тулж, өдөр бүр шийдэл хайх хэрэгтэй болдог. Гэвч тэр болгонд оновчтой шийдвэр гаргахад хэрэгтэй нөөц, боломж, мэдлэг, ур чадвар байдаггүй. Энэ нь зарим тохиолдолд бизнес уналтад орох, захирал мухардахад хүргэдэг.
Тиймээс бизнес хөгжих үндсэн арга зам нь бизнес эрхлэгч өөрөө байнга шинийг судалж, суралцах байдлаар тасралтгүй хөгжих юм. Үүний нэг үр дүнтэй хэлбэр нь нэг нэгнээсээ мэдлэг, туршлагаа хуваалцах юм.
Энэхүү амин чухал хэрэгцээ дээр үндэслээд Business.mn-ээс “Бизнес цэнэг” уулзалтыг зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Цуврал уулзалтын үр дүнгүүд эхнээсээ гарч, уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдээс шинэ хамтрагчаа олж, шинэ гэрээнүүд байгуулсан, борлуулалтаа өсгөсөн гэх мэт таатай үйл явдлууд үргэлжилсээр байна.
Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт хэд хэдэн төрлийн бизнес эрхэлдэг У.Энхжаргал “Бизнес цэнэг”-ийн дараахан урт хугацааны, том дүнтэй гэрээ байгуулсан тухай бидэнд дуулгаж байлаа. Мөн барилга, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг Евро Мон Ази стандарт ХХК-ийнхан “Q Menu” системтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Харин М.Мөнхзул хотын төвд хоёр ресторан ажиллуулдгаас гадна гүйлтийн спорт, түүний дотор скайранингийн төрлөөр хичээллэдэг бүсгүй. Тэрээр “Бизнес цэнэг” уулзалт дээр контент бүтээгчтэй танилцаж, шинэ танил нь скайранингийн спортод дурлаж, одоо тэд дотоодын төдийгүй, гадаадын тэмцээнүүд дээр хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад явж байна.
Ийнхүү бизнесменүүдэд үр өгөөжөө өгч буй энэхүү уулзалтаа бид энэ удаа “Бизнес цэнэг” конференц болгон өргөтгөж, “Recharge, Restart, Rise” гэсэн уриан дор бүтэн өдрөөр зохион байгуулахаар боллоо. Конференцийн агуулга, хөтөлбөрийг боловсруулахдаа бид бизнес эрхлэгчид бизнесээ бүтэн зургаар нь, аль болох 360 харж, өөр өөрсдийн асуудалдаа шийдэл олоосой гэж зорилоо.
Конференцийн хүрээнд хөндөгдөх гол асуудал, тэдгээр хариулт олоход хөтлөх гол илтгэгчдийн талаар дурдвал:
- Бизнесийнхээ стратегийг хэрхэн үйл ажиллагаа руу оновчтой буулгаж, эмх цэгцтэй болгон системчлэх вэ? Үүний тулд ямар үндсэн дүрэм журамтай байж, ямар арга хэрэгслүүдийг сонгох вэ? Нийтлэг тулгардаг эдгээр асуултын хариуг менежментийн зөвлөх Г.Өлзийбуянгийн “Бизнесээ системчлэх эхлэлийн цэг” илтгэлээс сонсоорой.
- Харин хүний нөөц хомсдолтой байгаа өнөөгийн нөхцөлд бизнестээ хэрэгтэй байгаа ажилтнууд, ур чадвар, талентуудыг хэрхэн татаж, тогтоон барих тухай United Management Consulting компанийн үүсгэн байгуулагч Д.Ерөө “Ажилдаа дурладаг ажилтныг хэрхэн бий болгох вэ” илтгэлдээ тодорхой ярина.
- Интерактив ХХК-ийн үүсгэн байгуулагч, технологийн салбарын туршлагатай бизнес эрхлэгч Б.Ууганбаяр өгөгдөлд суурилсан хүний нөөцийн менежмент, хиймэл оюуныг хүний нөөцөд хэрхэн ашиглах тухай сонирхолтой яриа өрнүүлнэ.
- Мөн “United Business Review”-ийн захирал Д.Асралт Collaborative brain буюу Хамтын сэтгэлгээ (багийн гишүүд чадвар, оюун санаагаа нэгтгэж хүч, бүтээмжээ нэмэгдүүлэх арга барил) гэж юу болох тухай өгүүлэх нь байна.
- Харин санхүүгийн нөөцтэй холбоотой эрсдэлүүд, ер нь санхүүгийн хувьд бизнесээ хэрхэн удирдаж, цэгцтэй авч явах вэ гэдэг дээр “Finsight Corp” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, санхүүгийн туршлагатай мэргэжилтэн Г.Наранзул төвлөрч ярина. Тэрээр “Удирдлага ба санхүү: Ялгаатай ч салшгүй түншлэл” нэртэй илтгэл тавина.
- Бизнес эрхлэгч ажилтнуудаа хэрхэн манлайлах, манлайллын ур чадвар, үүнтэй холбоотой сүүлийн үеийн чиг хандлагуудыг ярьж, туршлага хуваалцах үүднээс “Sharing is caring” хэсэгт сонирхолтой оролцогчид урилаа. Тухайлбал, Bat Solution Partners-ийн үүсгэн байгуулагч В.Ганзориг “Нөлөөллийн манлайлал” сэдвээр ярих бол Ondo ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул “Шинэ үеийн СЕО” ямар байх талаар сонирхуулах юм. Харин Green Gate International компанийн гүйцэтгэх захирал Т.Уранжаргал “Бүтээлч санаачилгад сорго байх” тухай бүтээлч яриа хийнэ.
- Мэдээж бизнесийн амин чухал функц болох маркетингийн сэдвийг орхигдуулахгүй. Энэ хэсэгт бид бизнесийн ертөнцөд амжилт олсон, хамгийн сонирхолтой кэйсүүдийг түүвэрлэлээ. Тодруулбал, М Банкныхан “Цаг нь ирлээ”, Primeat брэнд “Махны хувьсгал”, Vidan брэнд “Гахайг аваръя” нэртэй маркетингийн томоохон кампанит ажлуудынхаа туршлагыг хуваалцана.
- Түүнээс гадна, “Бизнес цэнэг” конференц дээр хоёр содон зочин ирнэ. Гавж Д.Нямсамбуу сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах, эмчлэх эмийн бус арга болох “Санамсарын бясалгал” (Mindfulness) -ийн талаар үнэ цэнтэй мэдлэгээ хуваалцаж, оролцогчидтой хамт бясалгал хийнэ. Харин арга хэмжээний төгсгөлд Business.mn болон Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нэг цагийн хугацаанд оролцогчдын асуултад хариулах хөтөлбөртэй байна.
Дүгнээд хэлбэл, “Бизнес цэнэг” конференцид оролцсон хүн бүр шинэ санаа, цогц мэдлэг, нөү-хаугаар богцоо дүүргээд буцна гэдэгт итгэлтэй байж болох нь.
Бизнестэй л бол таныг энд ирж өөрийгөө цэнэглэж, өөртөө update хийхийг урьж байна.
Бүртгүүлэх линк: https://to.biz.mn/conference