Том, жижиггүй, төр, хувийн хэвшил гэж ялгалгүй бүгдээрээ НӨАТ-аа төлөөд, ялгаатай хувиар буцаан авбал НӨАТ төлдөг, төлдөггүй гэсэн ялгаа алга болно.
Монголын эдийн засагт бодит амьдрал дээр НӨАТ төлөгч, НӨАТ төлөгч бус гэсэн кастын систем шиг тогтолцоо бий болчихсон. Гол шалтгаан нь НӨАТ-ын босго.
НӨАТ төлөгчид нь Туулын мөсийг долоох шахан байж цалингаа тавина, татвараа, НДШ-ээ, түрээсээ, зээлээ төлнө, тэгээд татварын өртэй үлдэнэ. Харин “НӨАТ-ын бус” гэж энгийнээр хэлж болох бизнес эрхлэгч, ААН-үүд дотроо хэд хэдэн төрөлтэй. Эхнийх нь адилхан бизнес хийж байгаа хэрнээ НӨАТ-ын харилцаанд огт ордоггүй хэсэг. Хоёр дахь нь, НӨАТ төлөгч биш учраас том ААН-үүд тоож хамтарч ажилладаггүй “шоовдорлогдсон” хэсэг. Харин гурав дахь нь, НӨАТ төлдөггүйг далимдуулж авлига, хээл хахуулийн сүлжээг хөгжүүлсэн хэсэг. Үүнд төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагаатай холбоотой зардал гаргадаг төрийн байгууллага, төрийн компаниуд хамаарна.
Татварын үндсэн элементүүдийн нэг болох НӨАТ-ын босго нь судалгаатай, оновчтой хэрэгжүүлэхгүй бол сөрөг үр дагавар ихтэй, нэлээн “догшин” механизм. Анх 1997 онд НӨАТ-ын хууль батлахад “10 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгч байна” гэсэн заалт орсон. Тэр үед 10 сая төгрөг нь гурван өрөө байр авахуйц их мөнгө байсан ч уг заалт хэрэгжсэн 16 жилийн хугацаанд мөнгөний ханш унасаар, амьдралын өртөг нэмэгдсээр үнэ цэн нь буурсан. Улмаар НӨАТ-ын босго доогуур “шургахын тулд” ААН-үүд задарч жижгэрсээр, томорч чадахгүй байдалд хүрсэн.
2015 онд баталсан 50 сая төгрөгийн босго ч бас өнөөдөр яг ийм үр нөлөө үзүүлэх болж, нэгдүгээрт компаниуд томорч чадахгүй, хоёрдугаарт, том ААН-үүдийн хувьд НӨАТ төлөгч бус ААН-үүдээс бараа, ажил, үйлчилгээ авахаас аль болох зайлсхийж байна. Учир нь өөрсдөө НӨАТ-ын асуудалд орох аюултай.
Энэ удаагийн УИХ 2025 оны хаврын чуулганаараа Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хуулийг шинэчилж, босгыг 400 сая төгрөг болгон өсгөхөөр хуулийн төсөлд тусгаад байна. Гэхдээ ингэж гэнэт өсгөх нь ямар нөлөөлөл үзүүлж болох талаар хуулийн төсөл санаачлагчид , бизнес эрхлэгчид, судлаачид харилцан адилгүй байр суурьтай байна. Бизнесменүүд 6-10 дахин нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол ихэнх судлаачид гэнэт ингэж өсгөх нь эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна.
ЖДҮҮ эрхлэгчид, борлуулалтын орлогоор. Эх сурвалж: 1212.mn
Ер нь 400 сая гэдэг тоо ер нь хаанаас гараад ирэв гэж асуух нь зүйтэй болов уу. НӨАТ-ын босгыг нэмэхдээ инфляц, худалдан авах чадвар, нэг хүнд ДНБ-ийг харгалзаж үздэг. 2015 онд одоогийн хуулийг хэлэлцэж байхад 100 сая, 200 сая, 250 сая гэсэн хувилбарууд бас яригдаж байжээ.
Гэхдээ хуулийн зарим заалтын хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлангуудаас харахад 2015 онд сонгосон “50 сая”, энэ удаагийн хуулийн төсөлд тусгасан “400” сая ч тэр аль аль нь ОУВС, Торонтогийн их сургуулийн судлаач Майкл Кеен, Жак Минтз нарын 2002 онд боловсруулсан “НӨАТ-ын оновчтой босго тогтоох загвар”-т суурилсан байдаг аж. Товчхондоо, энэхүү аргачлалын дагуу 10 жилийн өмнөх 50 сая төгрөгийн үнэ цэн өнөөдөр 400 саятай тэнцэж байна. Түүнчлэн, олон тооны хэлэлцүүлэг явуулж, 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс, санал авахад НӨАТ-ын босгыг 300-500 сая болгох санал зонхилжээ.
Үндсэндээ НӨАТ-ын босго нь хэд байхаас үл хамаарч байнга маргаан дагуулдаг бөгөөд тухайн улсын эдийн засгийн хөгжлөөс хамаарч үр дагавар нь янз бүрээр илэрдэг. Ялангуяа, эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжиж чадаагүй, татварын бааз суурь хангалтгүй хөгжсөн Монгол шиг улсад хувьсагч олон. Товчхондоо хоёр зүйл дээр маргадаг:
Босго тогтоох хэрэгтэй. НӨАТ-ын босгыг хэд хэдэн зорилгоор тогтоодог. Нэгдүгээрт, жижиг ААН-үүд болон хувиараа бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг багасгах, татварын харилцааг нь хялбарчлах, бизнесээ тэлэх орон зай олгохын тулд. Хоёрдугаарт, татварын албаны ачааллыг багасгаж, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлэгч томоохон ААН-үүд дээр төвлөрч ажиллах бололцоог олгох зорилготой.
Гэхдээ бодит амьдрал дээр бизнесийн эзэд НӨАТ-ын босго доогуур орж, мөн ААНОАТ-ыг бага хувь хэмжээгээр төлөхийн тулд бизнесээ жижиглэх, ААН-үүд холдинг болж задрах, зарим бизнес далд эдийн засгийн хэлбэр лүү шилжих зэрэг хандлага гардаг. Татварын багц хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ярьснаар 2023 оны байдлаар ААНОАТ-ыг нэг хувиар төлдөг 59 000 гаруй ААНБ-ын 54 000 мянга нь 1280 хүний эзэмшилд байдаг аж. Өөрөөр хэлбэл, бизнес нь өргөжөөд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтад хүрэхээс өмнө татвар бага төлөхийн тулд компаниа хувааж жижиглэдэг. Мөн төсөв дэх ААНОАТ-ын орлогын 87.4 хувь буюу 3.9 их наяд гаруй төгрөгийг ердөө 906 том ААН бүрдүүлжээ. Гэхдээ тэд нийт татвар төлөгчдийн ердөө 0.3 хувийг бүрдүүлж байна.
Нөгөө талаар, НӨАТ-ын босгоны нэг сөрөг үр дагавар нь жижиг бизнес баримт өгдөггүйтэйгээ холбоотойгоор НӨАТ төлөгч том ААН-үүд буцаан олголтоо авч чадалгүй хохирдог учраас тэд жижгүүдээс бараа, ажил, үйлчилгээ авахаас цааргалдаг. Энэ нь жижиг бизнесүүдийг эцсийн хэрэглэгчтэй шууд харилцдаг бизнес хийх эсвэл өөр хоорондоо бизнес хийх гэсэн сонголттой тулгаж, улмаар зах зээл нь хумигдаж, орлого буурахад нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал, өнөөдөр яригдаж буй 400 саяын босго батлагдвал том борлуулалттай уул уурхайн компани жилийн борлуулалт нь 400 саяас бага компаниас ханган нийлүүлэлт авахаас татгалзана гэсэн үг.
Босго тогтоох хэрэггүй. Энэ тохиолдолд бүх ААН-ийг НӨАТ төлөгч болгох маш том ажил гарч, татварын алба ачааллаа дийлэхгүй болно. Түүнчлэн төлөвшиж амжаагүй шинэ бизнесүүд татвараа зөв төлөвлөж чадалгүй татварын том эрсдэлүүдтэй тулгарна, бүртгэл, тайлагналтай холбоотой хүндрэлүүд гарна.
Хуулийн ажлын хэсгийн мэдээлж буйгаар НӨАТ-ын хууль шинэчлэгдсэн 2016 онд НӨАТ суутган төлөгчийн тоо 22 700 орчим байсан бол 2024 оны байдлаар 62 900 гаруй болжээ. Гэвч энэ нь НӨАТ-ын хамрагдалтын 70 орчим хувийг л бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, цаана нь 30 хувийн далд эдийн засаг байна гэсэн үг.
НӨАТ-ын хамрагдалтыг дэмжих өөр нэг механизм хуульд суусан байдаг нь сайн дураар НӨАТ төлөгч болох босго юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд энэ босго 10 сая байгаа бол шинэчилсэн хуулийн төсөлд 80 сая гэж заажээ. Гэхдээ өнгөрсөн 10-аад жилд сайн дураараа НӨАТ төлөгч болсон газар хэд байгаа, тэд татварын орлогод ямар хувь нэмэр оруулсан, далд эдийн засгийг хэдэн хувиар бууруулсан талаар тодорхой тоон судалгаа, мэдээлэл олдсонгүй.
Ийнхүү НӨАТ-ын босго гол зорилгодоо хүрч чадахгүй байгаа учраас босго тогтоолгүй, харин том, жижиггүй, төр, хувийн хэвшил гэж ялгалгүй бүгдээрээ НӨАТ-аа төлөөд, ялгаатай хувиар буцаан авбал НӨАТ төлдөг, төлдөггүй гэсэн хиймэл хана алга болж, татварын хамрагдалт өснө гэж үзэх судлаачид цөөнгүй байна. Тодруулбал, бүгдээрээ төлдөг тогтолцоо бий болоогүй байхад босгыг өөрчлөх нь үр дүнгүй гэсэн үг юм.
Улсын төсөв дэх НӨАТ-ын орлого Ковидоос хойш тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2020 онд 2.2 их наяд байсан бол 2024 онд 5.8 их наяд болсон. Өөрөөр хэлбэл, НӨАТ нь нийт татварын орлогын 21.4 хувийг бүрдүүлж, өмнөх жилээсээ 1.1 их наядаар буюу бараг 23 хувиар өссөн. Харин НӨАТ-ын буцаан олголтын тухайд 2023 онд 396 орчим тэрбум төгрөг байсан бол 2024 онд 470 тэрбум болж 19 хувиар өсжээ.
Хуулийн төсөлд НӨАТ-ын буцаан олголтыг шаталсан байдлаар оруулж өгсөн бөгөөд 0-500 мянган төгрөгт 100 хувь, 500-800 мянган төгрөгт 50 хувь, 800 мянга болон түүнээс дээш дүнд 20 хувийн буцаан олголтыг шууд өгөх саналыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 15-наас өмнө буюу 2026 оны төсвийн төсөөлөл гарахаас өмнө батлах учиртай. Эс бөгөөс хуулийн шинэчлэл дахин нэг жилээр хойшилно.